| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0301/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/322 |
| Огноо | 2020-09-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0301/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч Г.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г- холбогдох эрүүгийн 2018003610328 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, овогт Г,. Г / /, 1997 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Г- нь 2020 оны 06 дугаар сарын 22-ноос 06 дугаар сарын 23-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 1в байрны гадна Ц.Б-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны цөмөрсөн битүү хугарал, баруун чамархайн хуйх, баруун, зүүн хацар, хамар, доод эрүү, хүзүүнд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, зүүн завжинд өнгөц язрал, дух, хамар, хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Г.Г- мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2020 оны 06 дугаар сарын 22-ны 23 цагийн орчим би 10 жилийн найз Б-утсаар ярьж холбогдоод Дархан сумын 16 дугаар баг 10 дугаар байрны подвальд очиж уулзсан. Тэр подваль нь Б- таньдаг ахынх нь подваль гэж байсан. Тэндээ 2 шил 0.75 гр архи хувааж уугаад шөнө /хэдэн цаг болж байсныг нь санахгүй байна/ Дархан сумын 10 дугаар баг 1в байранд Б- таньдаг ахынд очиж хонох гэж яваад 1в байрны гадаа очоод Б- надад “Дарханд намайг ямар том пизда гэдгийг мэдэх үү? хоёулаа нэг үзэх үү?” гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь миний уур хүрээд Б-н нүүр рүү нь баруун гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Тэгэхэд Б- газарт унахад хажуугаар Б.Ө- орж ирж салгасан.
...Б- надад цохиулаад газар унахдаа нүүрээрээ цементэн дээр унаад нүүр нь шалбарсан байдалтай, хамраас нь цус гарч байсан.
...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгөхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2/,
-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Ц.Б-гийн гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3/,
-Хохирогч Ц.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 22-ны орой арван жилд хамт сурч байсан Г-тай утсаар ярьж байгаад бид хоёр уулзахаар болсон юм. Бид хоёр хуучин хорооллын 10 дугаар байрны доод талд байдаг тавилгын цехэд уулзсан юм. Бид хоёр уулзаад Г- хөдөө явах гэж байгаа гээд би өөрийнхөө машинд байсан 2 шил архийг хувааж уусан юм. Найз Г- дээр очихдоо танил дүү болох Ө-н хамт очсон. Намайг Г- дээр очиход нэг залуугийн хамт байсан. Тэгээд бид нар хамт архи уусан. Шөнө 4 цагийн үед би гэр рүүгээ харих гээд Г-, Ө- нарын хамт явсан. Тэгээд явж байгаад Г- бид хоёр хоорондоо ялихгүй зүйлээс болж маргалдаад Г- миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиод авсан. Би цохиулаад хойшоо саваад унасан. Тэгсэн Б.Ө- бид хоёрыг салгаад намайг манай гэрт хүргэж өгсөн.
...миний нүүр рүү 3-4 цохисон, зүүн талын эрүү хавдаж дотор талын завж язарсан, хоёр нүд хөхөрч хавдсан, баруун талын шанаа, эрүү зулгарсан, Г-д цохиулаад дагзаараа савж унахдаа гэмтэж шархалсан шархтай.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7/,
-Гэрч Б.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...380 айлын хажуугаар явж байгаад 1в байрны гадаа очоод Б- ах Г- ах хоёр “бид хоёр жаахан юм яриадахъя, чи түр цаанаа байж бай” гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёроос зайтай зогсож байтал гэнэт Г- ах Б- ахыг цохиод унагаасан юм. Тэгэхээр нь гүйж очоод Б- ахыг босгоод хувцас хунарынх нь шороог гүвж байтал Г- ах Б- ах 2 хоорондоо хэрэлдэж маргалдсан. Тэгсэн Г- ах “Чи таньдаг хүн амьтан байвал дууд” гэж хэлсэн. Тэгснээ Г- ах Б- ахыг дахиад нүүр рүү нь цохиод авсан. Тэгсэн Б- ах газар унахаар нь босготол хамар амнаас нь цус гараад, нүүр нь халцраад цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8/
-“...Ц.Б-гийн биед хамар ясны цөмөрсөн битүү хугарал, баруун чамархайн хуйх, баруун, зүүн хацар, хамар, доод эрүү, хүзүүнд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, зүүн завжинд өнгөц язрал, дух, хамар, хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 525 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 12-13/,
-Шүүгдэгчийн хувийн мэдээлэлтэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 27-31/,
-Хохирогч Ц.Б-гийн 1 сарын хугацаанд ажил гүйцэтгээгүй тухай “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ийн албан тоот болон хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 35/,
-Шүүгдэгч Г.Г- хохирол төлбөрт 218000 төгрөгийг хохирогч Ц.Б-д шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 36, 63/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Г.Г- нь 2020 оны 06 дугаар сарын 22-ноос 06 дугаар сарын 23-нд шилжих шөнө 03 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 1в байрны гадна Ц.Б-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “хамар ясны цөмөрсөн битүү хугарал, баруун чамархайн хуйх, баруун, зүүн хацар, хамар, доод эрүү, хүзүүнд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, зүүн завжинд өнгөц язрал, дух, хамар, хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 525 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 12-13/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Г.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Ц.Б- нь хохирол төлбөртэй холбоотой баримтыг /хавтаст хэргийн 35/ хэрэгт хавсаргасан байх бөгөөд шүүгдэгч Г.Г-с мөрдөн байцаалтын шатанд 190000 төгрөг, шүүхийн шатанд 28500 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Хохирогч нь 1 сарын хугацаанд ажил гүйцэтгээгүй тухай албан тоотыг хэрэгт хавсаргасан байх боловч цалин хөлс, орлогын талаар тодорхой баримтыг ирүүлээгүй байх тул хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны тэтгэмжийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Г- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Г.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 6 сарын хугацаанд сард 75000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Г.Г-д анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овогт Г.Г-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Г.Г-д үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Г.Г-д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны тэтгэмжийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ