Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/389

 

 

 

 

 

 

 

 

2021      12         16                                                2021/ШЦТ/389

                                   

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч Ц.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөвшүүд овогт Ц.О  холбогдох эрүүгийн 2121000000449 дугаартай хэргийг 2021 оны  12 дугаар сарын 13-ны  өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, “.... ” ХХК-д оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг .......... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн  47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, Хөвшүүд овогт Ц.О  /РД: ЖВ /

           

Шүүгдэгч Ц.О  нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр согтуугаар  Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг ... тоотод орших гэртээ Л.Б той маргалдан улмаар толгойн тус газарт нь төмөр малтуураар цохиж Л.Б  биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

            Шүүгдэгч Ц.О  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хохирогч Л.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагийн орчимд сумын төвийн гудамжинд О  гэх ахтай таарсан... Тэгээд бид хэд О  ахын гэрт очиж архи ууцгаасан.  Архи ууж байгаад би архиндаа согтоод зарим зүйлийг нь сайн санахгүй байна.  ... дараа нь О  ах надад чи Батжавтай муудаж маргалдаад байсан гэж хэлсэн. Тэр үедээ би О ыг тонгорч унагаад дээрээс нь дарж байх үед нэг хүн ирж бид хоёрыг салгасан хэн гэдгийг нь санахгүй байна. ... би босоод байж байтал О  ах бид хоёр дахиж муудаж хоорондоо цохилцож байгаад тэр үед нь би унасан. ... О  ах намайг пийшингийн хажууд байсан үнс авдаг мултуураар толгой руу 3 удаа цохисон. 1 цохилт нь толгойд оносон. 2 цохилтыг нь би гараараа хаасан. ...миний толгойны ар хэсгээс цус гарч байсан. Толгой жаахан өвдсөнөөс өөр гэмтэл аваагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

 

Гэрч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...буцаж сумын төв ороод дэлгүүрээс 2 шил архи аваад О  ахын гэрт очсон. Гэрт нь очоод архиа ууж байтал Б  гэх залуу надтай О  ахын байшингийн үүдэнд юм ярьж байгаад муудсан. Бид 2 маргалдаж байгаад болиод би хэсэг гадаа байж байгаад гэрт орж гал тогооны өрөөнд ороход О  ах Б  2 хоорондоо зодолдсон байдалтай хэрэлдээд, О  ах үнс авдаг малтуур бариад зогсож байсан. Харин Б  сандал дээр суучихсан толгойны араас нь хүзүүг нь дагаад цус урсаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 574 тоот дүгнэлтэд:

1. Л.Б  биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Эмчлүүлэгчийн өвчний түүх ирүүлээгүй байна.

            5. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэжээ. /хх-ийн 34-35/

 

- Гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 06/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Эд зүйл, /эд мөрийн баримт/-ийг  хураан авсан тэмдэглэл  /хх-ийн 07/

- Гэрч Б.Бат-Эрдэний мэдүүлэг /хх-ийн 18-19/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх  тогтоолын хуулбар /хх-ийн 48-52/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Эд мөрийн баримтаар үнс авдаг төмөр малтуурыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.О  нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүгдэгч Хөвшүүд овогт Ц.О  нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр согтуугаар  Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр баг ... тоотод орших гэртээ Л.Б той маргалдан улмаар толгойн тус газарт нь төмөр малтуураар цохиж биед нь дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Б , гэрч Б.Б , Б.Бат-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйл, /эд мөрийн баримт/-ийг  хураан авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 574 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгчид дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч Ц.О ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс Хөвшүүд овогт Ц.О  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.О ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ц.О ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.О ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр малтуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.О ад буцаан олгож, битүүмжлэгдсэн  хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ЖВ  регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогттоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хөвшүүд овогт Ц.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн төмөр малтуурыг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.О ад буцаан олгож,  битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ЖВ  регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.О ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ         Г.НАМУУНТУЯА