| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/01773/И |
| Дугаар | 03179 |
| Огноо | 2017-11-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 03179
| 2017 оны 11 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/03179 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, гааль 7 байр, 33 тоотод оршин суух, Дархан ургийн овогтой С М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 34 дүгээр байр, 65 тоотод байрлах, Н.З.Х ТББ-д холбогдох,
Н.З.Х Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай хурлын протокол, Үүсгэн байгуулагчдын 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, гэрч М.Мөнх-Очир, С.Ариунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн С.М нь С.Ариунцэцэг, Л.Отгонжаргал нартай хамтран Хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх түр сургалт явуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Н.З.Х гэсэн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, С.Мг удирдах зөвлөлийн даргаар томилж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн нийт гурван гишүүнтэйгээр 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэн Улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж эхэлсний дараа С.М нь Л.Отгонжаргал болон С.Ариунцэцэг нарт итгэн байгууллагын тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар үлдээж түр хугацаанд байгууллагын дотоод ажлаас хөндийрсөн. Гэтэл дээрх хугацаанд буюу 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Л.Отгонжаргал, С.Ариунцэцэг, мөн бусад гишүүд болох Д.Наранбаатар, М.Мөнх-Очир, Г.Соёлмаа нар нь С.Мд мэдэгдэлгүйгээр үгсэн хуйвалдаж, С.Мг байлцуулсан мэтээр хурлын протокол, тогтоол гаргаж, хуурамчаар гарын үсэг зурж, Н.З.Х ХҮТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлж Улсын бүртгэлд 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгүүлсэн байна. Дээрх 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай Н.З.Х НҮТББ-ын удирдах зөвлөлийн протокол, 01 дугаартай үүсгэн байгуулагчийн тогтоол зэрэгт зурагдсан С.Мгийн гарын үсэг нь уг өөрийн гарын үсэгтэй харьцуулахад өөр байгаа. Энэхүү хууль бус үйлдлийн талаар олж мэдээд Н.З.Х НҮТББ-ын Удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилохыг шаардаж Л.Отгонжаргал болон С.Ариунцэцэг нартай удаа дараа утсаар болон биечлэн уулзсан боловч тодорхой үр дүнд хүрэлгүй нилээдгүй хугацаа өнгөрлөө. Иймд зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар танай шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч С.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.М нь С.Ариунцэцэг, Л.Отгонжаргал нартай хамтран хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх түр сургалт явуулах, ЕБС-ийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Н.З.Х НҮТББ-ыг байгуулж С.Мг удирдах зөвлөлийн даргаар томилж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн нийт 3 гишүүнтэйгээр 2014 оны 07 сарын 01-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлэн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. Улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж эхэлсний дагуу С.М нь Л.Отгонжаргал болон С.Ариунцэцэг нарт итгэн байгууллагын тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь үлдээж түр хугацаанд байгууллагын дотоод ажлаас хөндийрсөн байдаг. Гэтэл дээрх хугацаанд буюу 2014 оны 09 сарын 29-ний өдөр Л.Отгонжаргал, С.Ариунцэцэг мөн бусад гишүүд болох Д.Наранбаатар, М.Мөнх-Очир, Г.Соёлмаа нар нь С.Мд мэдэгдэлгүйгээр үгсэн хуйвилдаж, С.Мг байлцуулсан мэтээр хурлын протокол, тогтоол гаргаж, хуурамчаар гарын үсэг зурж, Н.З.Х НҮТББ-ын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлж Улсын бүртгэлд 2014 оны 10 сарын 07-ны өдөр бүртгүүлсэн. 2014 оны 09 сарын 29-ний өдрийн 02 дугаартай Н.З.Х НҮТББ-ын удирдах зөвлөлийн протокол, мөн өдрийн 01 дугаартай үүсгэн байгуулагчийн тогтоол зэрэгт зурагдсан гарын үсэг нь С.Мгийн гарын үсэг биш байсан. Энэхүү хууль бус үйлдлийг С.М мэдээд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд 2014 оны 09 сарын 29-ний өдрийн 02 дугаартай Н.З.Х НҮТББ-ын удирдах зөвлөлийн протокол, 2014 оны 09 сарын 29-ний өдрийн 01 дугаартай үүсгэн байгуулагчдын тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.З.Х ТББшүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг нь шүүхэд илэрхий худал хэргийн бодит нөхцөл байдалтай огт нийцэхгүй тайлбарыг шүүхэд гаргасан байна. 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн удирдах зөвлөлийн хуралдаанд С.М нь оролцсон. Тус өдрийн хуралдаанд Н.З.Х НҮТББ-ын үүсгэн байгуулагчид /удирдах зөвлөл/-ийн хуралд гишүүн Л.Отгонжаргал, С.Ариунцэцэг, Д.Наранбаатар, М.Мөнх-Очир, Г.Соёлмаа, С.М нарын оролцож хуралдсан. Тус хуралдааны тэмдэглэл болон хурлын тогтоолыг гарын үсэг зуруулах болон улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхтэй холбоотой ажлыг С.М нь өөрөө биечлэн гүйцэтгэсэн болно. Гэтэл одоо ийм нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхлээд тус хуралд оролцсон гишүүдээр гарын үсэг зуруулж, тамга даруулсан. Мөн хожим нь өөрийн гарын үсэггүй хурлын тэмдэглэл болон тогтоолыг Н.З.Х НҮТББ-д өгсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.З.Х Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Энэхүү байгууллагыг сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Н.З.Х НҮТББ-ыг байгуулсан байдаг. С.Ариунцэцэг, С.М, Л.Отгонжаргал нар энэ байгууллагыг анх үүсгэн байгуулж удирдах зөвлөлийн гишүүдэд нь Д.Наранбаатар, М.Мөнх-Очир, Г.Соёлмаа нар байсан. Ингээд С.М нь би өөрөө удирдах зөвлөлөөс гарлаа, би өөр ажил эрхэлж байгаа учир давхар ажиллаж чадахгүй байна гээд 2014 оны 09 сарын 29-ний өдөр удирдах зөвлөл хуралдаж тогтоол гарч С.Мг ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгч талаас 2014 оны 09 сарын 29-ний өдрийн 02 дугаартай Н.З.Х НҮТББ-ын удирдах зөвлөлийн протокол, 2014 оны 09 сарын 29-ний өдрийн 01 дугаартай үүсгэн байгуулагчдын тогтоолыг хүчингүй болгуулах гэсэн 2 шаардлага гаргасан. Нэгт хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Мөн 2 нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бол 140,400 төгрөг төлөх буюу нэхэмжлэлийн шаардлага бүрт улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байсан. Гэвч нэхэмжлэгч талаас 70,200 төгрөг буюу нэг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлсөн байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийн шаардлага бүрт тэмдэгтийн хураамж төлөхийг шаардаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Н.З.Х Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдуулан Н.З.Х Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай хурлын протокол, Үүсгэн байгуулагчдын 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч С.М нь С.Ариунцэцэг, Л.Отгонжаргал нарын хамт Н.З.Х Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, С.Мг удирдах зөвлөлийн даргаар С.Ариунцэцэг, Л.Отгонжаргал нарыг гишүүнээр томилж, 2014 оны 07 сарын 01-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авчээ.
Н.З.Х Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчдын 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Нэгэн зүгт хамтдаа хүүхэд хөгжлийн төв”-ийн тэргүүн С.Мг тэргүүний үүрэгт ажлаас чөлөөлж, С.Ариунцэцэгийг тэргүүнээр томилж, гүйцэтгэх захирал С.Ариунцэцэгийг захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Л.Отгонжаргалыг томилж, удирдах зөвлөлийн гишүүнээс С.Мг чөлөөлж, гишүүнээр Г.Соёлмааг бүртгэж, байгууллагын хаягт өөрчлөлт оруулж, үүсгэн байгуулагчаас С.Мг хасч шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Л.Отгонжаргал, С.Ариунцэцэг, мөн бусад гишүүд болох Д.Наранбаатар, М.Мөнх-Очир, Г.Соёлмаа нар нь С.Мд мэдэгдэлгүйгээр үгсэн хуйвалдаж, С.Мг байлцуулсан мэтээр хурлын протокол, тогтоол гаргаж, хуурамчаар гарын үсэг зурж, Н.З.Х ХҮТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлж, Улсын бүртгэлд 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгүүлсэн байна” гэж тайлбарлажээ.
Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т “Гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын дүрэмд өөрөөр заагаагүй бол түүний эрх барих байгууллага нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрх бүхий удирдах зөвлөл байна” гэж, Н.З.Х НҮТББ-ын дүрмийн 9.1-т “Удирдах зөвлөлийн гишүүнийг үүсгэн байгуулагчийн шийдвэрээр сонгож батална”, 10.1-т “Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бөгөөд бүрэн эрхээ хурлаар хэрэгжүүлнэ”, 11 дүгээр зүйлийн 11.1-т “удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 хувь хуралд оролцсоноор хуралдааны ирцийг хүчинтэй тооцно”, 12 дугаар зүйлийн 12.1-т удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол байна. Удирдах зөвлөлийн тогтоолд дарга, гишүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, 12.4-т “Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байна.
2014 оны 09 сарын 29-ний өдрийн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, үүсгэн байгуулагчдын тогтоолд С.М, Л.Отгонжаргал, С.Ариунцэцэг, М.Мөнх-Очир, Д.Наранбаатар, Г.Соёлмаа нар оролцсоноор тэмдэглэж, тэдний гарын үсэг зурагдсан байх боловч нь тухайн үед байгууллагын үүсгэн байгуулагчаар С.М, Л.Отгонжаргал, С.Ариунцэцэг нар, удирдах зөвлөлийн гишүүнээр С.М, Л.Отгонжаргал, С.Ариунцэцэг, Д.Наранбаатар, М.Мөнх-Очир нар байсан болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим лавлагаа, зохигчдын тайлбар, шүүх хуралдаанд гэрч С.Ариунцэцэг, Мөнх-Очир нарын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. /хх-ийн 7 дугаар тал/
Дээрх тэмдэглэл, тогтоолд нэхэмжлэгч С.М гарын үсэг зураагүй нь шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа хэдий ч шүүх хуралдаанд гэрч С.Аринцэцэг, М.Мөнх-Очир нар түүнийг хуралдаанд өөрийн биеэр оролцсон болохыг гэрчилсэн мэдүүлэг өгчээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан “...С.М нь би өөрөө удирдах зөвлөлөөс гарлаа, би өөр ажил эрхэлж байгаа учир давхар ажиллаж чадахгүй байна гэсэн тул 2014 оны 09 сарын 29-ний өдөр удирдах зөвлөл хуралдаж тогтоол гарч С.Мг чөлөөлсөн” гэх тайлбар нь гэрч С.Аринцэцэг, М.Мөнх-Очир нарын “...хуралдаанд өөрийн биер оролцож, чөлөөлөгдөх санал гаргасан” талаар өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн “...Л.Отгонжаргал болон С.Ариунцэцэг нарт итгэн байгууллагын тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь үлдээж түр хугацаанд байгууллагын дотоод ажлаас хөндийрсөн” гэх нэхэмжлэлд гаргасан тайлбар зэргээс үзэхэд 2014 оны 09 сарын 29-ний өдрийн хуралдааныг хууль, байгууллагын дүрэмд заасан журмын дагуу явуулж, шийдвэр гаргасан байна гэж үзэв.
Иймд хариуцагч Н.З.Х Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдох Н.З.Х Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай хурлын протокол, Үүсгэн байгуулагчдын 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.З.Х Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдох Н.З.Х Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай хурлын протокол, Үүсгэн байгуулагчдын 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Мгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР