Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/95

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нарийн бичгийн дарга Б.Ц

          Улсын яллагч Б.О

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц

          Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 2122000000131 тоот  хэргийг 2021 оны  9 дүгээр сарын 28-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн ... оны ..дүгээр сарын 14-ний өдөр, .. аймгийн ... суманд төрсөн, 27 настай , эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 2, аавын хамт, ... аймаг ...сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2010 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ... аймгийн Сум дундын шүүхийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн .. дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай гэх С овогт Б-ийн Отгонням регистрийн дугаар: ЗИ93111412.

 

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.Онь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө тус аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт, иргэн Э.Раднаабазартай маргалдах явцдаа суран ногтоор хоолойг нь боож дугтран “ хүзүүний 5,6 дугаар дискний цүлхийлт арын цагаригт мөгөөрсний урагдалт” гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

          Шүүгдэгч Б.Ошүүхийн хэлэлцүүлэгт “Дахиж ийм алдаа гаргахгүй, хамгийн доод  хэмжээгээр торгох ял оноож өгнө үү” гэв.

          Шүүгдэгч Б.Омөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Би хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 08 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө би Долгормаагийнд ороод шилэн аягаар 3-4 удаа архи уусан. Тэгээд гадаа гарч тамхи татаж байтал Раднаабазар араас гарч ирээд “үхсэн шүдлэн хуулдаг гуйлгачин, юм гуйх болохоороо энд ирдэг” гэж хэлээд намайг түрүүлж заамдаж авсан. Бид хоёр заамдалцаж  байх зуур миний цээжинд хэгэлдэрлэсэн байсан суран ногтонд толгой нь орж ирээд орооцолдоод. Раднаабазар гэдэргээ болохоор нь би ногтоо татаж санаандгүй хоолойг нь боосон” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дахь тал/

Хохирогч Э.Раднаабазарын: “...Манайх Өлзийт сумын 6 дугаар баг багш нарын байранд байдаг юм. 2021 оны 08 дугаар сарын 27-ны орой 22 цаг өнгөрч байх үед гэрээсээ гартал манай сумын Б.Отгонням, И.Есүхэй нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай айлын хаалга татаад явж байсан. Тухайн үед манай эхнэрийн төрсөн дүү Долгормаагийнд /манай өөдөөс харсан хаалганы хойд талынх байгаа юм/ эмэгтэйчүүд инээлдээд байсан. Тэгэхээр нь би Долгормаагийнд ортол тэнд байрны Лхагвасүрэн, Э.Сайхантуяа, Б.Буянжаргал нар “EDEN” нэртэй 0.75 литрийн савлагаатай архи дээрээс нь жаахан л уусан байсан. Би ороод дөнгөж сууж байтал миний араас Б.Отгонням, И.Есүхэй нар орж ирсэн юм. Тэр хоёрыг орж ирсний дараа би Долгормаагийнхаас гарч байрны үүдэнд тамхи татаад сууж байтал мөн миний араас Б.Отгонням, И.Есүхэй нар гарч ирээд Б.Онамайг ганц нэг юм олоод өгчих эсвэл энэ ууж байгаа /Долгормаагийнд байгаа архийг хэлж байгаа юм/ архийг чинь мөнгөөр нь худалдаж авъя, нэг бол ороод уучихъя  гэж хэлсэн. Тэгэхээр нь би архи олдох газар байхгүй, Долгормаагийнд ороод уухгүй юу даа би ямар эзэн нь биш гэж хэлээд энэ орой айл амьтны хаалга татаад, аягүй бол хүмүүс амгалан тайван байдал алдагдууллаа гэх вий дээ гэж хэлсэн юм. Тэгэхэд Отгонням нь уцаарлангуй байхаар нь би Есүхэйд хандан гүү малаа барьж байна уу? манай Есүхэй адуунд эрэмгий шүү гэж хэлэхэд Отгонням би юугаараа дутсан юм, намайг адуунд ямар гэдгийг Есүхэйгээс асуухгүй юу? гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамайг яаж мэдэхэв дээ. Би Есүхэйг адуутай ноцолдож байхыг нь харсан болохоор энэ хүнийг хүндэлдэг юм гэж хэлэхэд, Отгонням нь чи ямар том болчихсон цагаач хулгайч вэ? Чи хэзээ ийм том болчихсон юм гэхэд нь би байгаагаараа л байна гэж хэлэхэд, Отгонням чи муу архи, янхан хоёр харамлаад, чи үнэн том болжээ “Ган-Илч”-ийн үнсэнд хутгалдаад байж байхдаа таарсан пизда вэ? гэж хэлсэн. Тухайн үед тэр хоёр нэг мотоциклтой, Есүхэй нь мотоциклоо жолоодож Отгонням нь ард нь суусан байсан юм. Отгонням надтай хэрэлдэх үедээ мотоциклоосоо бууж ирээд болихоороо мотоцикл дээрээ суугаад л байсан. Отгонням намайг “Ган-Илчийн үнсэнд хутгалдаад байж байхдаа таарсан пизда вэ?” гэж хэлэхэд нь миний уур хүрч “би чамайг гуйж амьдраагүй шүү дээ” гэж хэлэхэд Отгонням чи их том болжээ гэж хэлээд намайг заамдаад авсан юм. Тэгэхдээ Отгонням миний хүзүүндээ зүүсэн байсан эрхээр хоолойг маань боохоор нь би чи наад эрх тасалчихав, наадах чинь намайг мэдээ орсон цагаас хүзүүнд минь байсан эд шүү гэж хэлэхэд, Отгонням би энэ эрхийг чинь тасалчихвал “хараах уу, ерөөх үү” гэж хэлсэн. Би тухайн үед “чи наад эрхээ тасалчихав” гэж хэлсэн. Би бас О-ыг заамдсан. Тэгэхэд Отгонням намайг тавь гэхээр нь чи бас тавь гэж хэлээд заамдсан байсныг тавиулаад эргээд байр руугаа алхтал Отгонням нь мотоциклын дух “гэрэл, хянахын хамгаалалт төмөр” хэсэгт зүүсэн бугуйлаар миний хүзүү хэсгээр нэг ороогоод бугуйлаа дугтарсан. Тэгэхэд нь би хоолойгоо боолгохгүйн тулд бугуйлны  дотуур 2 гараа оруулсан. Тэгэхэд Отгонням бугуйлаараа дахин миний эрүү, ам хэсгээр 2-3 удаа миний гартай хамт ороосон. Тухайн үед Отгонням нь янз бүрийн юм яриад л байсан. Би тухайн үед ярьж байгаа зүйлийг нь ойлгоогүй. Тэр үед би Отгоннямд “Одоо болно шүү дээ” гэж хэлээд Есүхэйд найзыгаа авалдаа” гэхэд Есүхэй тоохгүй тамхи татаад суугаад байсан. Тэгж байгаад би ухаан алдсан байсан. Нэг сэртэл гэрээс зүүн тийш байх сургуулийн хүүхдийн дотуур байрны булангийн шатны хамгийн доод талынх нь шат дээр хойшоо налсан байдалтай сууж байсан. Би тэр хоёрт “тэр архийг чинь олоод өгье” гэж хэлэхэд Есүхэй мотоциклоо унаж намайг голдоо суулгаад Наранхүүгийн дэлгүүр /Улаан дэлгүүр/-т очсон юм. Тэгэхэд Наранхүүгийн дэлгүүр хаалттай, хашааных нь хаалга цоожтой байхаар нь Отгонням бид хоёр хашааг нь давж ороод Наранхүүгийн гэрийн хаалгыг цохиод нээж өгөөгүй юм. Тэгээд бид 3 буцаж багш нарын байр орж Долгормаагийнд би ороод нөгөө архийг нь асуухад байгаа гээд надад гаргаж өгсөн. Тэр архи нь талаасаа дээгүүр үлдсэн байсан. Би архийг Долгормаагаас авч, мөн нэг аяга аваад гарч байрны үүдэнд сууж байгаад тэр хоёрт нэг, нэг аягалаад өгөөд байж байтал манай хүүхэд уйлсан юм /би тухайн үед хоёр хүүхдийн хамт байсан/ тэгэхээр нь би хүүхэд уйлаад байна гэр лүүгээ орлоо гэхэд, Отгонням орчихоод гараад ирэхдээ хутгаа аваад гараад ирээрэй гэж хэлсэн. Би гэрт ороод хүүхдээ унтуулчихаад буцаад гарахад Есүхэй, Отгонням хоёр явсан байсан. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдсэн юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13 дахь тал/

        Гэрч Есүхэйгийн: “... 2021 оны 08 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед миний мотоцикл эвдэрсэн хээр байж байтал Отгонням ирээд “Намайг гэр рүү дөхүүлээд өгөөч” гэтэл тэгье гээд хамт сумын төв рүү  явсан. Би Отгоннямтай уулзахаасаа өмнө 2-3 өдөр дараалж архи уусан болохоор 27-ны өдөр ямар хүмүүстэй архи ууснаа санахгүй байна. Сумын төв рүү 22 цагийн үед ороод Отгонням бензиний мөнгө олно гээд нэг айлд очсон “Ямар айл, хэн гэдэг хүний гэр болохыг нь  мэдэхгүй байна” айл руу ороход Жааяа, Раднаа, Гантогтох, Раднаагийн дүү Долгор хамт байсан. Тэр айлд бид нар нэмж архи уугаад, би их согтсон. Раднаа Отгонням нар гадаа гарч тамхи татах гээд явсан. Би удалгүй тамхи татах гээд гарч суутал салхинд цохиулаад босож чадахгүй байсан. Миний сууж байсан газраас 4, 5 метрийн зайд Раднаа, Отгонням хоёр муудаад байх шиг байсан. Би босож очиж чадаагүй. Би яг юу болсныг сайн санахгүй байна. Дахин мэдүүлсэн нь: “... Отгоннямтай анх хөдөө таарахад суран ногт сугалдаргалсан байсан. Харин Өлзийт сумын төвд ирээд нийтийн байр руу орохдоо Отгонням мотоциклын хянах дээр өлгөж орхиод айлд орсон” гэх мэдүүлэг, /хх-ийн 20,23 дахь тал/

Гэрч Долгормаагийн: “... 2021 оны 08 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед би Гантогтох, Жааяа /Лхагвасүрэн/ нартай хамт гэртээ “eden” нэртэй 0.75 литрийн архи задлаад ууж байсан. Тэгээд удалгүй манай хүргэн ах Раднаабазарын хажуу хаалганд байдаг гэрээсээ орж ирээд ойр зуурын зүйл яриад сууж байсан. Ойролцоогоор 5-10 минутын дараа Отгонням халамцуу, Есүхэй нэлээн согтуу байдалтай хоёулаа манай гэрт орж ирээд юм ярихгүй чимээгүй суусан. Би хүүтэйгээ хамт амьдардаг болохоор гэрт цугларсан хүмүүсээ гэрээсээ гаргаад хүүтэйгээ хамт унтахаар үлдсэн. Өмнө нь хэд, хэдэн удаа Отгонням сумын төв дээр ирэхдээ манай гэрийн хаалгыг балбаад, нээж өгөхгүй бол намайг янхан гичийгээр дуудаад байдаг. Тийм болохоор би гэртээ байсан хүмүүсийг бүгдийг нь гаргасан. Тэгээд би хүүтэйгээ унтаж байхад шөнө 12 цаг өнгөрч байхад Раднаабазар, Отгонням хоёр хамт ирж манай гэрийн хаалгыг балбаад задлаад орхисон “eden” нэртэй 0.75 литрийн архийг аваад явсан. Тэр үед Раднаабазар ахын уруулаас цус гарсан, учиргүй аахилсан байсан. Би тэр үедээ гайхаад л өнгөрсөн. Дараа нь дахиад шөнө 1 цаг өнгөрч байхад Отгонням манай гэрийн хаалгыг балбаад байтал хүргэн ах Раднаабазар “чи болиоч, шөнө орой айлын хаалга балбаад байх юм, гэтэл “янхан, гичийгээ өмөөрөөд байна уу?” гээд байрнаас гарах шиг болсон. Дахиад шөнө 4 цагийн үед Отгонням манай гэрийн цонхыг хагалах шахам тогшиж байгаад цаашаа яваад өгсөн. Манай эгч Отгонмаа /Раднаабазарын эхнэр/ 2021 оны 08 дугаар сарын 28-ны үүрээр /цагийг нь сайн мэдэхгүй байна./ Улаанбаатар хотоос гэртээ ирсэн чинь нөхөр Раднаабазарын хувцас цагаан хөөс, цус болсон, хүзүү цээж нь бас цус болсон байсан гэж надад ярьсан. 2021 оны 08 дугаар сарын 28-ны өглөө Раднаабазар хоол унд идэх гэсэн боловч юм залгиж болохгүй байна гээд манай эгч Отгонмаа хүргэн ахыг эмнэлэг аваад явсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 25 дахь тал/

Гэрч С.Отгонмаагийн: “...Би Улаанбаатар хот руу 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр явсан. Манай нөхөр Раднаабазар 2 хүүхдээ хараад Өлзийт суманд гэртээ үлдсэн. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 4 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос гэртээ иртэл манай нөхөр Раднаабазарын хувцас нь цус болсон, нүүр ам нь цус болоод хүзүү нь тойроод улаан нялга болсон байсан. Тэгээд би нөхрөөсөө асуутал айлын хаалга балбаад байсан хүнд битгий айлын хаалга балбаад бай гар гэж хэлчихээд гартал Отгонням, Есүхэй хоёр араас нь гарч ирээд муудалцсан гэж ярьсан. Манай нөхөр өглөө очиход архи уугаагүй эрүүл байсан. Ер нь архи уудаггүй хүн” гэх мэдүүлэг, /хх-ийн 29 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 7 дахь тал/

Шинжээч эмч М.Баттүвшингийн: “... Э.Раднаабазарын биед үзлэг хийхэд хүзүүг тойрсон дарагдал, боолтын ором тогтоогдоогүй. Харин хүзүүний баруун доод хэсэгт хөндлөн 4.5:1.7 см зулгаралт, хүзүүний 5, 6 дугаар нугалмын дискний цүлхийлт цагирган мөгөөрсний урагдалт гэмтэл тогтоогдсон. Дискний цүлхийлт урагдалт нь хүзүүгээр уяа, дээсээр дугтарсантай холбоотой байх боломжтой” гэх мэдүүлэг, /хх-ийн 53 дахь тал/

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 190 дугаартай шинжээчийн:

1. Э.Раднаабазарын биед хүзүүний 5, 6 дугаар нугалмын дискний цүлхийлт арын цагаригт мөгөөрсний урагдалт, хүзүү, нуруунд зулгаралт гэмтэл  тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүний 5, 6 дугаар нугаламын дискний цүлхийлт арын цагирагт мөгөөрсний урагдалт нь гэмтлийн хөнгөн зэрэгт, хүзүү, нурууны зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

          4.Гэмтэл нь бусдад зодуулсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 37-39 дэх тал/

Э.Раднаабазарын амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар, сээр нурууны рентген зураг, цээжний рентген зураг, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн 40-49 дэх тал/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Б.Онь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Дундговь аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах багш нарын байрны гадна иргэн Э.Раднаабазартай маргалдах явцдаа суран ногтоор хоолойг нь боож дугтран “хүзүүний 5, 6 дугаар дискний цүлхийлт арын цагаригт мөгөөрсний урагдалт” гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. 

 Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүгдэгч Б.Онь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө тус аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах багш нарын байрны гадна иргэн Э.Раднаабазартай маргалдах явцдаа суран ногтоор хоолойг нь боож дугтран “ хүзүүний 5,6 дугаар дискний цүлхийлт арын цагаригт мөгөөрсний урагдалт” бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Дахиж ийм алдаа гаргахгүй” гэм мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн “Отгонням намайг тавь гэхээр нь чи бас тавь гэж хэлээд заамдсан байсныг тавиулаад эргээд байр руугаа алхтал Отгонням нь мотоциклын дух “гэрэл, хянахын хамгаалалт төмөр” хэсэгт зүүсэн бугуйлаар миний хүзүү хэсгээр нэг ороогоод бугуйлаа дугтарсан. Тэгэхэд нь би хоолойгоо боолгохгүйн тулд бугуйлны  дотуур 2 гараа оруулсан. Тэгэхэд Отгонням бугуйлаараа дахин миний эрүү, ам хэсгээр 2-3 удаа миний гартай хамт ороосон. Тухайн үед Отгонням нь янз бүрийн юм яриад л байсан. Би тухайн үед ярьж байгаа зүйлийг нь ойлгоогүй. Тэр үед би Отгоннямд “Одоо болно шүү дээ” гэж хэлээд Есүхэйд найзыгаа авалдаа” гэхэд Есүхэй тоохгүй тамхи татаад суугаад байсан. Тэгж байгаад би ухаан алдсан байсан. Нэг сэртэл гэрээс зүүн тийш байх сургуулийн хүүхдийн дотуур байрны булангийн шатны хамгийн доод талынх нь шат дээр хойшоо налсан байдалтай сууж байсан” гэх, гэрч И.Есүхэй, С.Долгормаа, С.Отгонмаа, шинжээч М.Баттүвшин нарын мэдүүлгүүд, 2021 оны 09 сарын 06-ны өдрийн 190 дугаартай шинжээчийн дүгнэлт, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Э.Раднаабазарын амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар, сээр нурууны рентген зураг, цээжний рентген зураг, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, дүрс оношилгооны шинжилгээний хариу зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Отгоннямын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.О-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохиролд 867.7000 төгрөгийг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Онь өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэжээ. Прокуророос шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлжээ.

            Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байх тул улсын яллагч болон өмгөөлөгчийн санал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.О-д торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх боломжтой гэж үзлээ.

            Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

             Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь 867.700 төгрөгийн хохирол төлсөн. Хохирогч Э.Раднаабазар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. Иймд шүүгдэгч Б.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Б.Онь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

     1. Шүүгдэгч С овгийн Б-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С овгийн Б-ийн О-ыг 450 /дөрвөн зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгчид анхааруулсугай.

           5. Шүүгдэгч Б.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.У