Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2020/00773

 

 Т.М- нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/01306 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1299 дүгээр магадлалтай,

Т.М-ийн нэхэмжлэлтэй,

Ц.Э-д холбогдох,

Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Д.Л оос Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, толгойт 18101, Москвагийн гудамж, 486 байрны 621 тоот хаягт байршилтай 20.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдаж авсан. Ингээд 2017 оны 12-р сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Тухайн үед Д.Л  нь байраа зарахдаа манай хамаатан байранд амьдарч байгаа дулаан орохоор гарчихна гэж хэлсэн. Гэтэл урин дулаан цаг ирсэн боловч тухайн байранд амьдарч байгаа хүмүүс уг байрыг Д.Л оос хувь лизингээр худалдаж авсан тул байрнаас гарахгүй гэснээр өдийг хүрлээ. Иймд миний өмчлөх эрхэд саад учруулж буй Ц.Э-ыг тухайн орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 03 сарын 28-ны өдөр Д.Л , М.Сарантуяа/эхнэр/ нараас Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж 48Б байр 621 тоотод байрлах 20.5 м.кв, 1 өрөө бүхий орон сууцыг бэлнээр 15.000.000 төгрөг өгөх, үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 33 сард төлөх нөхцөлтэйгээр 25.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон юм. Тэр үед уг байрны ордер нь Төрийн банкны барьцаанд байсан тул байр худалдах худалдан авах гэрээ хийх боломжгүй. Д.Л , М. Сарантуяа нар 6 сар гэхэд Төрийн банкнаас ордероо аваад таны нэр, дээр шилжүүлж өгнө гэж хэлсэн. Бид хоорондоо ярилцаад 1 жилийн хугацаатай Зээлийн гэрээ байгуулахаар тохиролцсон. Би М.Сарантуяа руу утастаад, би чамтай тохирсноороо мөнгөө хугацаанд нь өгч байгаа. Чи надтай байр худалдах, худалдан авах гэрээ хийхгүй бол би мөнгө төлөхгүй гэсэн. Тэгээд бид хоёр 2017 оны 01 сарын 20-ны өдөр уулзан, өмнө нь байгуулсан зээлийн гэрээгээ Орон сууц зээлээр худалдах гэрээ болгон өөрчлөн байгуулсан. Уг гэрээг байгуулах үед Төрийн банкны барьцаанд байсан байр маань Т. Мөнх-Эрдэнэ гэдэг хүний барьцаанд шилжсэнийг мэдсэн. 2018 оны 10 дугаар сард би М.Сарантуяа руу утастаад, би гэрээ ёсоор мөнгөө төлсөөр одоо 24.000.000 төгрөг төлөгдлөө. Үлдэгдэл 1.000.000 төгрөгийг байрны ордерийг миний нэр дээр шилжүүлсэн үед төлөхөөр тохироод М.Сарантуяа надад байрны ордерийг 2019 оны 01 дүгээр сард таны нэр шилжүүлж өгнө гэж хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын эхээр Т.М- эхнэрийнхээ хамт ирээд, манай байрыг Д.Л оос худалдан авсан гэж хэлсэн. Би тэр хоёрт Д.Л оос уг байрыг хувь лизингээр аваад мөнгөө төлөөд дууссанаа хэлсэн. Би тэд нарт мөнгөө төлөөд дууссан болохоор байраа л авмаар байна гэж хэлсэн. Т.М- надад байр хэрэггүй М.Сарантуяагаас мөнгөө авах хүсэлтэйгээ мөн хэлсэн. 2019 оны 03 сарын эхээр М.Сарантуяа, Т.М- нар дахин манайд ирээд, 10 дугаар сар гэхэд мөнгөө төлж дуусгаад надад байрыг маань өгөхөөр тохиролцоод явцгаасан. Асуудлыг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/01306 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугааар зүйлийн 106.1, 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Мөнх-Эрдэний холбогдох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101 Москвагийн гудамж, 48б байрны 621 тоот хаягт байршилтай 20.5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201040364 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ц.Э-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсыг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1299 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/01306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 08-ний өдрийн 1299 тоот дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх Д.Л ийг гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагатай гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч дээрх хэрэгт Д.Л ийн нь эрх нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулийн зохицуулалттай байна. Гэвч Д.Л ийн эрх зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал байхгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй түүнчлэн Д.Л  эрх зөрчигдсөн зүйл байхгүй гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй гэсэн хүсэлтээ шүүх хуралдааны явцад илэрхийлсэн байх атал давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Т.М- нь хариуцагч Ц.Э-ын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Д.Л ид  орон сууцны үнэд бэлнээр 15.000.000 төгрөг өгөх, үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 33 сарын хугацаанд зээлээр  төлөх нөхцөлтэйгээр 25.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан  байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...Д.Л ийн эрх зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал байхгүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй гэсэн хүсэлтээ шүүх хуралдааны явцад илэрхийлсэн..., ... шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй  болгох хуулийн үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн магадлалыг хүчингүй болгуулах гомдол хангагдаж байна.

Маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101 Москвагийн гудамж 48Б байр 621 тоот 20.5 м.кв 1 өрөө орон сууцыг “Н” ХХК-ийн захирал Д.Л , хариуцагч Ц.Э-тай 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “Орон сууц зээлээр худалдах гэрээ” байгуулж, нийт 25.000.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байна. Ц.Э- гэрээнд заасны дагуу 15.000.000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 10.000.000 төгрөгийг 33 сард төлж барагдуулан гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлжээ. /хх-12-14/

Талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Орон сууц зээлээр худалдах-худалдах авах” дээрх гэрээг байгуулснаас хойш  2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Д.Л , Т.М- нар Зээлийн гэрээ байгуулж, маргааны зүйл болох  Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101 Москвагийн гудамж 48Б байр 621 тоот 20.5 м.кв 1 өрөө орон сууцыг барьцаалан улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-42/

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Д.Л , Т.М- нар  орон  сууцыг барьцаанаас чөлөөлөн, нэхэмжлэгч Т.М- нь Д.Л той 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр 15.000.000 төгрөгөөр худалдан авч, мөн өдрөө улсын бүртгэлд бүртгүүлэн уг орон сууцны  өмчлөгчөөр Т.М- бүртгэгдсэн байна. /хх-27, 91/

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101 Москвагийн гудамж 48Б байр 621 тоот 20.5 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2014 оны 12 дугаар 18-ны өдөр “Н ” ХХК, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Д.Л  бүртгэгдсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ. /хх-62/

2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн  Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг хариуцагч Ц.Э-тай “Н ” ХХК-ийн захирал  Д.Л    тус хуулийн этгээдийг төлөөлөн байгуулсан мэт байгаа боловч, бодит байдалд Д.Л  нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн хууль ёсны өмчлөгч  мөн байх бөгөөд тэрээр нэхэмжлэгч Т.М-, хариуцагч Ц.Э- нартай үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан гэрээг давхар байгуулжээ.

 Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч  Ц.Э- орон сууцыг эзэмшилдээ байлгах давуу эрхтэй юм.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Т.М- нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 92, 106 зүйлийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг зөрчсөн магадлал хуулийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т.М- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр Д.Л ийг оролцуулах хүсэлтийг шүүх хангасан боловч нэхэмжлэгч уг хүсэлтээсээ татгалзсаныг хүлээн авч шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцсэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж үзнэ. Иймд гуравдагч этгээдийг оролцуулаагүйгээс зохигчдын хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болжээ.           

Дурдсан үндэслэлээр  магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1299 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/01306 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР