Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 05

 

Г.Ш, Н.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч М.Нямбаяр, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгч Г.Ш, Н.Х, шүүгдэгч Г.Ш-гийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүдэгч Н.Х-гийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дүгээр сарын 10-ны өдрийн 198 дугаар цагаатгах тогтоолтой,Г.Ш, Н.Х нарт холбогдох эрүүгийн 1835001730167 дугаартай хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нгийн гаргасан давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн, 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1989 оны 1 дүгээр сарын 01-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 33в тоотод оршин суух, регистрийн дугаар:ОЭ89010115, Б ургийн овогт Г-ын Ш.

Монгол улсын иргэн, 1994 оны 1 дүгээр сарын 16-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, одоо Увс аймгийн Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгч ажилтай, ам бүл-4, аав, ээж, ах нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн 08-06 тоотод оршин суух, регистрийн дугаар:ОЮ94011617, Х ургийн овогт Н-гийн Х.

2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч, яллагдагч Н-гийн Х, тус сумын цагдаагаар ажиллаж байсан яллагдагч Г-ын Ш нар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаартай тушаалаар батлагдсан “Саатуулах байрныы дэглэм, журам”-ын 2 дахь хэсэгт заасан ахуй нөхцөл хангагдаагүй, цагдаагийн хэсгийн байранд хохирогч О.Б-ыг “согтуугаар зөрчил үйлдсэн” гэх үндэслэлээр саатуулахдаа мөн журмын 3.4-д заасан “...саатуулах өрөөнд бүс, тэлээ, хөлийн ороолт, гутлын үдээс, хумсны хутга, хурц үзүүртэй болон хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эд зүйлс авч орох, утаат тамхи нэвтрүүлэх, татахыг хориглоно” гэх, 4.6.7-д заасан “саатуулагдсан хүнд үзлэг хийх, түүний эд зүйлийг хураан авах ажиллагааг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч О.Б нь цагдаагийн хэсгийн байранд өөрийгөө боомилж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бутангууд ургийн овогт Г-ын Ш, Х ургийн овогт Н-гийн Х нарт прокуророос Эрүүгийн хэргийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1835001730167 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Ш, Н.Х нарыг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Г.Ш, Н.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нгийн нэхэмжилсэн оршуулгын зардал, сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж тус тус шийдвэрлэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар 10-ны өдрийн 198 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Учир нь: Анхан шатны шүүх цагдаагийн албан хаагчдыг хүний эрхийг ноцтой зөрчсөн иргэн хүнийг эрүүдэн шүүсэн тарчлаан зовоосон. Ажил үүрэгтээ илт хайнга хандсан байхад тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр талийгаачийн хань үр хүүхэд, аав, ээж, ах дүү нарыг үгүйсгэсэнд гомдолтой байна.

Шүүх хурлын хэлэлцүүлэгт цагдаа, хэсгийн төлөөлөгч хоёрын мэдүүлгийн цагийн зөрүү илт зөрүүтэй байхад анхан шатны шүүх анхаарч тодруулалгүй хурлын хэлэлцүүлгээр мөн цагдааагийн албан хаагчийн илт эрүүгийн гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь хариуцлага хүлээлгэхгүйгээр өмнө нь цагдаагийн байгуулага арга хэмжээ авсан гэж дүгнэлт хийж байгаа нь хэргийн бодит нөхцөлтэй нийцэхгүй байна.

Тухайн үед хууль бусаар цахилгааны шонгийн модонд 3 цаг гаруй хугацаанд гавласан нь Н.Х-гийн мэдүүлгээс 16 цаг 40 минутын үед авч ирээд 20 цагийн үед цагдаагийн кобанд байдаг сараалжин төмрөөс гарыг нь гадна талд нь гаргаж гавласан гэх мэдүүлгээр тогтоогдсон. Мөн малгайтай цамцны зах нь дээлэн дотор нь байсан би хараагүй гэж Г.Ш шүүх хурал дээр мэдүүлсэн.

Гэтэл эд мөрийн баримт шинжлэн судлахад дээлний захны гадна талд цамцны малгай илт харагддаг. Ингэж өөрсдийгөө өмөөрч худал мэдүүлэг өгч байсанд нь гомдолтой байна. Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгч Н.Х, цагдаа Г.Ш нар нь тухайн цагдаагийн кобан нь түр саатуулах байр биш, мөн зөвшөөрөлгүй байр гэдгийг мэдсээр байж илт эрх мэдлээ хэтрүүлж зөвшөөрөлгүй байранд хууль бусаар саатуулж, улмаар үзлэг дутуу хийсний улмаас 2018 оны 5 дугаар сарын 04-нд хүний амь нас эрсдсэн үйл явдал болсонд талийгаачийн үр хүүхэд, гэр бүл хамаатан садан бид гомдолтой байна.

Анхан шатны шүүх хурлын дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 31-нд өглөөний 11 цагийн үед Өндөрхангай сумын цагдаагийн хэсгийн даргын албан тушаалтай Түвшинбаяр гэгч нь Ц.Н миний эзэмшлийн 96870702 дугаар луу яаралтай ир гэж залгасан. Би айж сандраад яваад очиход аймгийн Цагдаагаас надруу залгалаа хоёр цагдаад гомдол байна уу яагаад гомдолтой байгаа талаар мэдүүлэг авах гэсэн юм гэж асуусан юм.

Би гомдолтой байна. Яагаад гэвэл эрдэнэт хүний амь эрсдсэн явдалд маш их гомдолтой байна гэж хэлсэн. Түвшинбаярын дэргэд өмгөөлөгч рүү залгаад миний гомдлыг шүүхэд өгсөн үү гэхэд өмгөөлөгч Ө.Нарантуяа нь тогтоолыг гардан авч байж дугаарыг бичээд өгнө, ах дүү нарын чинь гаргасан өргөдөл болохгүй зөвхөн хэргийн оролцогч та болон өмгөөлөгч миний бие гомдол гаргах эрхтэй эсвэл та бид 2 хамтарч давж заалдах гомдол гаргаж болно гэж хэлсэн. Мөн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны 17 цаг 30 минутын үед 263088 гэсэн дугаараас Ц.Н миний 96870702 дугаар луу залгахад би ажилтай байгаад аваагүй. Дахиад 98850085 дугаар луу залгасан.

Би шаардлагатай хүн залгаж байна гэж бодоод авсан. Гэтэл Улаанбаатар хотоос ярьж байна. Н.Хгийн талаар мэдүүлэг авах гэсэн юм гэхэд нь би завгүй ярих боломжгүй байна гэж хэлсэн. Танайх гомдол гаргасан уу яагаад гаргаж байгаа юм бэ гэхэд юу яриад байна та хэн бэ гэсэн чинь Би албаны дугаараас ярьж байна маргааш өөрийнхөө дугаараас ярина гэсэн. Хэрэг шүүхийн шатанд байхад яагаад сумын цагдаа болон энд тэндээс бид нарыг дарамталж асуугаад байгаа, гомдол гаргахад яагаад айгаад байгаа энэ бүхэн хохирогч бидний сэтгэл санаа хямарч бидэнд хүндээр тусаж байна. Иймд Н.Х, Г.Ш нарт маш их гомдолтой байна.

Иргэний эрхийг ноцтой зөрчсөн, эрүүдэн тарчлаасан, цагдаагийн албан хаагч ажилдаа хайнга хандсаны улмаас Монгол улсын нэгэн иргэний амьд явах эрх нь ноцтой зөрчигдсөн. Энэ үйл явдалд давж заалдах шатны шүүх хуулийн дагуу зөв дүгнэлт хийж, уг хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү”гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Ш, Н.Х нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл гаргаж байна.

Хохирогч О.Б-ыг шүүгдэгч Н.Х зөрчилд холбогдуулан хэсгийн байранд авч ирээгүй, түүнийг удаан хугацаагаар гавлаж эрх чөлөөнд хууль бусаар халдсан үйлдэл гаргаагүй, мөн үзлэг хийхдээ журамд заасны дагуу бүрэн гүйцэт үзлэг хийж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болзошгүй эд зүйлсийг хураан авсан бол хохирогч тус хэсгийн байранд өөрийгөө боомилох нөхцөл бүрдэхгүй байх ба хохирогчийг хэсгийн байранд авч ирж удаан хугацаагаар гавласан, улмаар үргэлжлүүлэн хэсгийн байранд биед нь бүрэн гүйцэт үзлэг хийхгүйгээр төмөр сараалжинд оруулан гавлаж, төмөр сараалжинд оруулж гавласан хүнээ хараа хяналтгүй орхиж буй яллагдагч Н.Х, Г.Ш нар нь үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлэхгүй байгаа үйлдэл бөгөөд дээрх үйлдэл нь хохирогч О.Б өөрийгөө боомилоход хүргэж буй шалтгаант холбоо бий болсон гэж үзэхээр байхад хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүгдэгч Н.Х, Г.Ш нарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаартай тушаалаар батлагдсан /Саатуулах байрны дэглэм, журам"-ын 2 дахь хэсэгт заасан ахуй нөхцөл хангагдаагүй, цагдаагийн байранд иргэн О.Б "согтуугаар зөрчил үйлдсэн" гэх үндэслэлээр саатуулахдаа мөн журмын 3.4-д заасан "Саатуулах өрөөнд бүс, тэлээ, хөлийн ороолт, гутлын үдээс, хумсны хутга, хурц үзүүртэй болон хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эд зүйлс авч орох, утаат тамхи нэвтрүүлэх, татахыг хориглоно", 4.6.7-д заасан "Саатуулагдсан хүнд үзлэг хийх, түүний эд зүйлийг хураан авах ажиллагааг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах" гэж заасныг тус тус зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч М, Ц.Б, Д.Т нарын мэдүүлгүүдээр нотлогддог.

Гэтэл анхан шатны шүүх хохирогч цагдаагийн хэсгийн байранд өөрийгөө боомилж нас барсан үйл баримт нотлогдож байгаа боловч шүүгдэгч Н.Х, Г.Ш нар албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм буруугаас шалтгаалсан гэх нөхцөл байдлыг нотлохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хэсгийн төлөөлөгч Н.Х, Г.Ш нар нь хүнийг саатуулах ёсгүй газар саатуулсан үйлдэл нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаартай тушаалаар батлагдсан "Саатуулах байрны дэглэм, журам"-ын зөрчиж буй идэвхтэй үйлдэл юм

Хэсгийн төлөөлөгч Н.Х, хэсгийн цагдаа Г.Ш нар нь талийгаач О.Б саатуулах байранд оруулахдаа эд зүйлийг нь хураан авсан байх боловч үзлэгийг дутуу хийж, юүдэнтэй малгайны үдээс буюу бүч оосорыг хураан аваагүй байна.

Энэ нь хэсгийн төлөөлөгч Н.Х, хэсгийн цагдаа Г.Ш нар хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

Албан үүргээ биелүүлээгүй гэдэгт өөрийн хийх ёстой ажил үүргийг цаг хугацаанд хийхгүй орхих, залхуурах зэрэг хайнга хандсан бусад эс үйлдэхүйгээр  илэрнэ.  Мөн албан үүргээ зохих ёсоор нь биелүүлээгүй гэдэгт албан тушаалтанд хуулиар болон түүний дагуу гарсан дүрэм журмаар тодорхойлогдсон үүргээ биелүүлэхдээ хагас дутуу биелүүлэх, оромдох, дүр эсгэх, чанаргүй гүйцэтгэх зэрэг хайнга хандсан эс үйдэхүйг хамааруулан ойлгодог.

Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хэсгийн төлөөлөгч Н.Х, хэсгийн цагдаа Г.Ш нар нь талийгаач О.Б-д хийх үзлэгийг хангалттай хийгээгүй, хийсэн үзлэг нь оромдох, дүр эсгэсэн үйлдэл байх ба хийсэн үзлэг нь чанартай хийгдсэн бол цагдаагийн хэсгийн байранд О.Б нь өөрийгөө боомилж, амь насаа хохироох нөхцөл бүрдэхгүй юм.

Гэтэл цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт ...Өндөрхангай сумын цагдаагийн хэсгийн байранд хүнийг саатуулах, албадан эрүүлжүүлэх үйл ажиллагааны зөвшөөрөл олгогдоогүй учир шүүгдэгч нараас тухайн харилцаатай холбоотой саатуулах байрны дэглэм журмыг хэрэгжүүлж ажиллах журмыг шаардах боломжгүй юм.

Мөн тус сумын цагдаагийн хэсгийн байр саатуулах эрүүлжүүлэх байрны зөвшөөрөлгүй, ахуй нөхцөл хангагдаагүй байгаа нь шүүгдэгч нарын үйлдлээс үл хамаарах асуудал, холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр шийдвэрлэгдэх асуудал тул саатуулах байрны ахуй нөхцөл хангагдаагүй байранд хүн саатуулсан гэж тэдгээрийг буруутгах боломжгүй юм гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд хууль тогтоомжид зааснаар зөвшөөрөл олгогдоогүй саатуулах байранд хүнийг саатуулж, түүнээс үүсэх хохирол, гэм хорын асуудалд тухайн албан тушаалтан хуулийн ямар нэгэн хариуцлага хүлээлгэн, буруутгаж болохгүй гэдэг нөхцөл байдлыг гаргаж дүгнэсэн нь илүүц болжээ.

Хэсгийн төлөөлөгч Н.Х, хэсгийн цагдаа Г.Ш нар нь ажил албан тушаалдаа хайнга хандсан үйлдлийн улмаас цагдаагийн хэсгийн байранд О.Батболд нь өөрийн амь насанд аюул учруулж болох эд зүйлтэй нэвтрэн орж, өөрийнхөө амь насыг хохироосон байна.

Талийгаач О.Батболд нь өөрийнхөө амь насыг өөр газарт хохироож байгаа асуудал биш бөгөөд харуул хамгаалалт, хяналт шалгалтын дор байдаг цагдаагийн хэсгийн байранд өөрийнхөө амь насыг хохироож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан "Хайнга хандах" гэмт хэргийн шинжтэй юм.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс болон шүүхийн зүгээс саатуулах байрны зөвшөөрөлгүй газар хүнийг саатуулсан тохиолдолд тухайн албан тушаалтныг буруутгаж болохгүй. Зөвхөн саатуулах байрны зөвшөөрөлтэй газарт хүнийг саатуулсны улмаас хүний эрх эрх, чөлөө, эрүүл мэнд, амь нас хохирсон тохиолдолд тухайн албан тушаалтныг буруутгаж болох юм гэдэг санааг гаргаж дүгнэлт хийсэн нь нэг талаас хэргийн бодит байдалтай нийцээгүй, нөгөө талаас хууль зүйн талаас нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, үндэслэлгүйгээр шүүгдэгч нарт ял завшуулсан байна.

Хэргийн 1-р хавтасны 33-34, 65-66, 39-40, 41-42, 43, 44-45, 48, 49. 52, 53, 55 дахь талуудад авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н, Г.М, Т.Ө, Ц.Б, М.Л, О.Э, О.Э, М.Ц, М.Г, Х.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд нь хохирогч О.Б 2013 онд авто осолд өртөн, тархиндаа гэмтэл авсан, үүнээс шалтгаалан архи, согтууруулах ундааны хамааралтай болсон, улмаар гэр бүлийн гишүүдийнхээ эрх чөлөө, эрүүл мэндэд халдсан хууль бус үйлдлүүд гаргаж, гэр бүлийн хувьд зөрчилтэй байсан талаарх хохирогчийн хувийн байдлыг тодруулсан нотлох баримт байна гэж үзсэн байх боловч энэ нь хохирогч О.Б урьд гэр бүлийн гишүүний эрх чөлөөнд халдаж байсан асуудал нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж шийтгэх тогтоол гарсан байхад үүнийг хамаатуулан цагаатгах тогтоолд дурдсан, мөн хохирогч О.Б архи согтууруулах ундааны хамааралтай гэж шүүх гэрчүүдийн мэдүүлгийг дурдсан байх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хохирогч О.Б архины хамааралтай, байнга архи уудаг гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг хохирогчийн хувийн байдлыг харгалзан үзэж дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон учир дутагдалтай, шүүгчдэгч нарын гаргасан хууль бус үйлдэлд хууль зүйн талаас оновчтой дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 198 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д "шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй", хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгч Г.Ш-гийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Н.Х-гийн өмгөөлөгч Ц.Алтанзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь үнэн зөв, бодиттой шийдвэрлэсэн тул уг цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н-гийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 198 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч миний үйлчлүүлэгчийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус дэмжиж байна” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н-гийн гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус үндэслэн Г.Ш, Н.Х нарт  холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Увс аймгийн прокурорын газраас Н.Х-г Увс аймгийн Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгчөөр, Г.Ш-г тус сумын цагдаагаар ажиллаж байхдаа Хууль зүй ,дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаартай тушаалаар батлагдсан “Саатуулах байрны дэглэм, журам”-ын 2 дахь хэсэгт заасан ахуй нөхцөл хангагдаагүй, цагдаагийн байранд иргэн О.Б “согтуугаар зөрчил үйлдсэн“ гэх үндэслэлээр саатуулахдаа мөн журмын 3.4-д заасан “..саатуулах өрөөнд бүс, тэлээ, хөлийн ороолт, гутлын үдээс, хумсны хутга, хурц үзүүртэй болон хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эд зүйлс авч орох, утаат тамхи нэвтрүүлэх, татахыг хориглоно” гэх , 4.6.7-д заасан “Саатуулагдсан хүнд үзлэг хийх, түүний эд зүйлийг хураан авах ажиллагааг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч О.Батболд нь цагдаагийн хэсгийн байранд өөрийгөө боомилж нас барсан  гэж үзэн тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Г.Ш, Н.Х нарт прокуророос Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1835001730167 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Ш, Н.Х нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.

Шүүхийн дээрхи цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “..албаны ажилтан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон ...” гэмт хэргийн тухайд албан тушаалтан албан үүргээ биелүүлээгүй үйлдэл, учирсан хор уршгийн хооронд “ шууд шалтгаант холбоо” тогтоогдсон байхыг шаарддаг.

Хавтаст хэрэгт  хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 27 минутын үед иргэн Т.Ө-гаас Увс аймгийн Өндөрхангай сумын цагдаа Г.Ш-д “ О.Б согтуу ирээд агсам тавиад байна” гэх дуудлага өгсөн, дуудлагын дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч Н.Х О.Б Цагдаагийн хэсгийн байранд авч ирсэн байх ба “тавьсан шаардлага эсэргүүцэн согтуугаар тээврийн хэрэгсэл буюу мотоцикль жолоодож явах гээд байсан гэх үндэслэлээр О.Б 17-19 цагийн хооронд цагдаагийн байрны хашаан дотор байх шонгийн модноос гавласан, улмаар цагдаагийн байранд оруулж биед нь үзлэг хийж, бүс, тэлээ, малгай, калибрь бууны сум, тамхи, асаагуур зэргийг хураан цагдаагийн хэсгийн байран доторх төмөр сараалжин ханаар тусгаарласан өрөөний төмөр сараалж хэсгээс гавлаж үлдээсэн үед хохирогч нь өөрийнхөө цамцны малгайн уяагаар өөрийгөө боомилж нас барсан болох нь тогтоогджээ.

Харин прокурорын яллаж буй дүрэм, журмаар тодорхойлогдсон албаны үүргээ  зохих ёсоор биелүүлээгүй гэх Г.Ш, Н.Х нарын эс үйлдэхүй нь хохирогч О.Б-ын амиа хорлох шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болж байгаа нотлох баримт, яллах үндэслэл болж байгаа нотлох баримтуудыг үгүйсгэн тодорхой, үндэслэлтэй  дүгнэлт хийсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц. Нямсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 198 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц. Н-гийн давж заалдсан гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                           М.НЯМБАЯР

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ