Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2015/0269

 

О нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, О нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.От холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч С.Оын 2014 оны 09 сарын 03-ны өдрийн 01 тоот албан шаардлагыг хүчингүй болгуулж өгнө үү. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх 13 дугаар зүйлийн 13.6.10-т заагдсан эрүүл мэндийн үйлчилгээ гэдэгт бид хүн төрөлхтөн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээ явуулдаг. Тухайлбал малаас хүнд дамжин халдварладаг бруцеллёз, боом, шүлхий, цэцэг зэрэг өвчнүүдээс эмчлэх сэргийлэх арга хэмжээ авч явуулсаны дүнд төсвөөс санхүүжсэн энэ заалт манай ажиллагаанд хамааран эрүүл мэндийн үйлчилгээ гэж ойлгож байгаа. Хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.12 дахь заалтын төрийн байгууллага яам агентлаг төсөв төрийн үйлчилгээ үзүүлж байгаа гэдэгт манай үйлчилгээ хамаарч байна гэж ойлгож, энэ тухай манайтай адил үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж бидний өмнөөс Улсын Дээд шүүхийн шүүгчид хандахад дээд шүүхээс хариу болгож шүүгч Ч.Тунгалаг 2012 оны 11 сарын 30-ны №4-2860 тоотдоо Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.6.12-д яам агентлагууд өөрийн чиг үүргээ аж ахуй нэгж төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлбэл төрийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээ гэж үзэн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэсэн хариу өгсөн юм. Энэ чиг үүргийг манай хоршоо төрийн төлөөлөл болох албан тушаалтантай гэрээ хийж гүйцэтгэдэг. Монгол улсын малын удмын сан, эрүүл мэндийн тухай хуулийн 4-р зүйлийн 4.2.1-д Монгол улсын засгийн газар малын эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого хууль тогтоомжийг биелүүлэх цогцолбор арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх, энэ хуульд заасан зардлыг санхүүжүүлэх гэсэн мөн энэ хуулийн 15.1, 15.1.1, 15.1.2 заалтуудад төсвөөс санхүүжиж төрийн болоод яам агентлагуудын чиг үүргийг гүйцэтгэхийг заасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6-р зүйлийн НӨАТ төлөгчийг бүртгэх, хасах гэсний 6.2 дахь заалт, Татварын ерөнхий газрын даргын НӨАТ төлөгчийг бүртгэх бүртгэлээс хасахад баримтлах журам, 2009 оны 13-р тушаал зэргүүдийг үндэслэн манай хоршоо НӨАТ төлөгч, төлөгчөөр бүртгүүлэх боломжгүй гэж үзэж байгаа гэжээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Сангийн сайдын 2011 оны 103 тоот тушаалаар баталсан ба мал эмнэлгийн үйлчилгээг N-75 ангилалд хамааруулсан ба эрүүл мэндийн үйлчилгээг 0-86 ангилалд хамааруулан авч үзсэн бөгөөд мал эмнэлгийн үйл ажиллагаа нь эрүүл мэндийн үйлчилгээнд хамааруулан авч үзээгүй байна. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1.34 "төсвийн байгууллага" гэж батлагдсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.3-т заасны дагуу санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ гэжээ.

Малын удмын сан, эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох заалтуудад холбогдох зардлыг төрөөс санхүүжүүлэхээр тусгасан байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ;

Үүнд: Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамааруулахаар хуульчилсан байна. Хуулийн заалтаас харахад төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг НӨАТ-с чөлөөлөхөөр заасан болохоос биш төрөөс санхүүжүүлж байгаа бүх үйлчилгээг НӨАТ-с чөлөөлнө гэж ойлгож болохгүй байна. Нөгөө талаас мал эмнэлэг, төрийн байгууллага нь 2 талын сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож ашиг олох зорилгоор гэрээг байгуулдаг.

НӨАТ-ын тухай хуулийн 6.1 дахь заалтыг зөрчин татвар төлөгчөөр өнөөдрийг хүртэл бүртгүүлэхгүй байгаа нь татварын алба татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд санаатайгаар эсэргүүцэл үзүүлж байгаа үйлдэл гэж үзэж байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.5.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.4, 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 13 дугаар зүйлийн 13.6.10-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын О нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот албан шаардлагыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Сүхбаатар аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.О давж заалдах гомдолдоо: Сүхбаатар аймгийн Татварын улсын байцаагч С.О нь 2320215 регистрийн дугаартай Ог НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх тухай 01 тоот албан шаардлагыг 2014 оны 09 сарын 03-ны өдөр хүргүүлсэн юм. Тус хоршоо нь Мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд 2013 оны 03 дугаар улирлын тайлангаар 14 сая төгрөгийн борлуулалтын орлоготой гэж тайлагнасан ба Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6.1.Энэ хуулийн 4.1.10-т заасан нөхцөл хангасан этгээд ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харъяалах татварын албанд гаргана гэсэн заалтыг зөрчиж НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхээс татгалзаж байгаа бөгөөд дараах тайлбарыг өгсөн. Мал эмнэлгийн үйл ажиллагааны чиглэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 13.6.10 эрүүл мэндийн үйлчилгээ, 13.6.12.төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ; Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарах тул бүртгүүлэх боломжгүй гэж үзэн Захиргааны хэргийн анхан шатны 14-р шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх 2015 оны 04 сарын 17-ны өдрийн 05 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж захиргааны акт хууль бус болохыг тогтоож 01 тоот шаардлагыг хүчингүй болгосон шийдвэрийг бүхэлд нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэг. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн

3.1.1.эрүүл мэнд гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг;

3.1.4."эрүүл мэндийн байгууллага" гэж хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг; хэлнэ гэжээ Эрүүл мэндийн үйлчилгээг эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэнэ гэж үзвэл мал эмнэлэгийн үйлчилгээ нь эрүүл мэндийн үйлчилгээ биш бөгөөд Малын удмын, сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4. "мал эмнэлгийн ажил, үйлчилгээ" гэж малын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хийж байгаа оношлогоо, шинжилгээ, тарилга, туулгалт, боловсруулалт, угаалга, эмчилгээ, мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлд хийж байгаа чанар, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгаажуулалт, орчны эрүүл ахуйн үнэлгээ болон мэргэжлийн зааварчилга, зөвлөгөө, мэдээ мэдээллээр хангах, малын эм, био бэлдмэл үйлдвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, эмийн сангийн болон бусад үйл ажиллагааг; гэжээ. Хуулийн заалтаас харахад нэг нь малэмнэлгийн ажил үйлчилгээ нөгөө нь эрүүл мэндийн үйлчилгээ гэж тусдаа бие даасан 2 ойлголтыг 1 ойлголтод хамааруулан чөлөөлөх үйлчилгээ гэж үзсэн.

Хоёр. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2. Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах, мөн хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг баримтална гэсэн ба уг ангилалын O Салбарын 8610, 8620, 8690 дэд салбар, ангид хамаарах эмнэлгийн үйл ажиллагаа, шүдний болон эмнэлгийн бусад үйл ажиллагаа, хүний эрүүл мэндийг бусад үйлчилгээг хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.10-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө. Харин мал эмнэлгийн үйл ажиллагаа нь N салбарын 7500 дэд салбар ангид хамаарч байгаа бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ нь зөвхөн хүний эрүүл мэндтэй холбоотой байхад малэмнэлгийн үйлчилгээг эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулан үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймээс захиргааны хэргийн 14 дүгээр шүүхийн 05 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэлийг хангаж татварын улсын байцаагчийн шаардлагыг хүчингүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, О нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Татварын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар шаардлагаар нэхэмжлэгч Ог Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхийг шаарджээ.

Нэхэмжлэгч нь ... манай хоршоо төсвийн санхүүжилтээр мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ явуулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.10-т заасан эрүүл мэндийн үйлчилгээ, 13.6.12-т заасан төрийн үйлчилгээнд хамаарч чөлөөлөгдөх тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үндэслэлгүй ... гэжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Иргэн, хуулийн этгээдийн ... гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ." гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.10-д нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар ... 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.1.4-д Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох-оор тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь 2013 оны 3 дугаар улирал хүртэл 14960.0 мянган төгрөгийн төсвийн санхүүжилтээр мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг явуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, санхүүгийн орлогын тайлан, малчидтай хийсэн гэрээ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг арга хэмжээ буюу үйл ажиллагаа нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээнд хамаарахаар байна. Нэхэмжлэгч нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлчилгээ гэж маргаж байгаагаас үзвэл нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээ гэдэгтэй маргаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ажил үйлчилгээ явуулсан этгээд уг татвараа чөлөөлөгдөх эрх эдэлнэ.

Татварын улсын байцаагчийн шаардлагаар нэхэмжлэгчийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээ явуулсан этгээдийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхийг шаардсан, харин нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөхийг шаардаагүй байна.

Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.3-д заасан татварын хууль тогтоомжийг зөрчихөд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах зорилгоор шаардлага бичих ... бүрэн эрхийн хүрээнд татварын улсын байцаагч нь нэхэмжлэгчийн хууль тогтоомжийн талаарх мэдлэг хангалтгүйгээс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй зөрчил гаргасныг арилгуулахаар шаардлага бичсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дээрх заалтуудад нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч О нь нэгэнт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох 10.0 саяас дээш төгрөгийн үйлчилгээ явуулсан байх тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэгтэй.

Харин Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тайлангаа гаргахдаа чөлөөлөгдөх, хасалт хийх зэргээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан, төсөвт төлөх татвараа тодорхойлох боломжтой.

Хэдийгээр нэхэмжлэгч, хариуцагч нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлчилгээ мөн эсэх талаар маргаж тайлбар гаргасан боловч маргаан бүхий акт буюу татварын улсын байцаагчийн шаардлага нь нэхэмжлэгчийн явуулсан үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй байх тул захиргааны хэргийн шүүх энэ талаар дүгнэх шаардлагагүй. Учир нь татвар төлөгч өөрөө татвараа тодорхойлж тайлагнасны дараа татварын улсын байцаагч нь татвараа үнэн зөв ногдуулсан эсэх, чөлөөлөгдөх татварыг тайландаа зөв тусгасан эсэхэд хяналт шалгалт явуулж, татвар нөхөн ногдуулах эсэхийг шийдвэрлэж акт гаргах эрхтэй бөгөөд үүнийг эс зөвшөөрвөл татвар төлөгч маргах эрхтэй.

Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт болох татварын улсын байцаагчийн шаардлагын хууль зүйн үндэслэл болсон Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.10, 6.1 дэх заалтуудыг хэрэглэлгүй, уг шаардлагаар шийдвэрлээгүй асуудлыг зохицуулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 13 дугаар зүйлийн 13.6.10, 13.6.12-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, татварын улсын байцаагчийн шаардлагыг хүчингүй болгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-т Шийдвэрийн үндэслэх хэсэгт захиргааны хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг тусгана. гэж заасныг зөрчжээ.

Иймд нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, О нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.3.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 14 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10, 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримтлан Татварын улсын байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр шаардлагыг хүчингүй болгуулах шаардлага бүхий О нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн 120000941 тоот данснаас буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ