| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2018/00132/И |
| Дугаар | 102/ШШ2018/00302 |
| Огноо | 2018-01-25 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2018/00302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.О
Хариуцагч: А.М
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.О
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 19.. оны .. сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, одоо ..8 настай, эмэгтэй, хүүгийн хамт дээрх хаягтаа амьдарч байгаа. Би хүүгийнхээ аав А.Мтай 2015 онд анх танилцаад гэр бүлийн харилцаатай болсон. Тухайн үед найз залуугаа гадуур өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай байсныг мэдээгүй, өөрөө ч энэ талаар надад хэлээгүй, би жирэмсэн болсноо хэлсэн, ингээд бидний хооронд асуудал гарсан. 2016 оны 6 сарын 21-нд хүү Н маань төрсөн. Одоогийн байдлаар би хүүгээ ганцаараа өсгөн хүмүүжүүлж байна. Иймд би хүүгээ асран хамгаалах, өсгөж хүмүүжүүлэх амьдралын шаардлагаар иргэн А.Мыг хүү Нгийн эцэг мөн болохыг тогтоолгох, улмаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Хариуцагч А.М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Хүүхдийн эцэг мөн болохыг зөвшөөрч байгаа тул хүүхдийн тэтгэлэг төлнө. Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг шийдэж өгнө үү.
Шүүх нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, эмнэлэгийн тодорхойлолт, О.Нгийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:
1. Б.О, А.М нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаанд 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүү О.Нг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Б.Оийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү О.Нгийн эцэг мөн болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Мыг хүү О.Нгийн эцгээр тогтоов.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч А.Мас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан, хүү О.Нг сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно. О.Н нь Улаанбаатар хотод амьдарч байх тул түүнд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамаарч тэтгэлэг тогтоогдоно.
4. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эмнэлгийн болон хорооны тодорхойлолтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнээс хамааран тодорхой хувиар тооцдог бөгөөд хүүхдийн тэтгэлгийн нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлно. Тэжээн тэтгүүлэгч хүү О.Н 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, одоо 1 ой 7 сартай тул хариуцагчаас гаргуулах 1 хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тогтоогдоно. Улаанбаатар хотод амьжиргааны доод түвшингийн хэмжээ 185300 төгрөгөөр тогтоогдсон байна. Иймд хариуцагч А.Мас гаргуулах 1 хүүхдийн тэтгэлгийн хэмжээ сар бүр 92650 төгрөг болох бөгөөд нэхэмжлэлийн үнийг уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тогтооно. Хариуцагч А.М нь нэг жилийн хугацаанд хүү О.Нд 1111800 төгрөгийн тэтгэлэг төлөхөөр байна. Үүнээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тооцвол нэхэмжлэгч 31233 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид нөхөн төлөхөөр байна. Нэхэмжлэгч нь эцэг тогтоолгох шаардлагад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар 70200 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулах нь хуульд нийцнэ. Иймд эцэг тогтоолгох шаардлагад 70200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад 31233 төгрөг нийт 101433 төгрөгийг хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлнө.
6. Хариуцагч А.М шүүх хуралдаанд оролцохгүй талаарх хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А. Мыг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Оийн Нгийн эцгээр тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А. Мас 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү О.Нг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.М нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Оэс улсын тэмдэгтийн хураамжид 31233 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч А.Мас улсын тэмдэгтийн хураамжид 101433 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Од олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА