| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2020/0360/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/377 |
| Огноо | 2020-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/377
2020.10.16 377 11.6-1
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0360/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Хохирогч Л.Л.М-,
Хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,
Шүүгдэгч У.У.Б-,
Гэрч Б.Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Б-д холбогдох эрүүгийн 2018000000364 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, У.Б-, 1996 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд замчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч У.У.Б- нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Л.М-тай “тариалангийн талбай руу мал орууллаа” гэх шалтгаанаар маргалдаж, түүний эрүүл мэндэд нь “тархины доргилт, баруун хацар, дух, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч У.У.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Миний бие 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ажлаа тараагүй байж байтал хашаа руу мал орсон байсан. Тэгээд тараад очтол Л.М- ах хонио гаргах гээд байж байсан. Бид хоёр хоёулаа малаа хөөж гаргаад бага зэрэг маргалдсан. Намайг тайлбарлаж хэлэхэд ойлголцохгүй намайг болон манай хүүхдүүдийг ална шулна гээд байсан. Тэгээд би цагдаа дуудсан.
...цагдаа ирээд Л.М- ахтай уулзсан. Би цагдаад “би энэ хүнтэй зодолдож цохисон зүйл байхгүй” гэдгээ хэлсэн. Тэр цагдаа Л.М-д “чи үнэхээр зодуулсан бол одоо явж өргөдлөө өг” гэтэл Л.М- ах “тийм зүйл байхгүй” гээд явсан. Орой нь ээж нь над руу залгаад “за хүү минь, чи яахаараа гэр оронд цагдаа авчирдаг юм бэ?” гэхээр нь Л.М- ахтай жаахан маргалдаад ойлголцохгүй байхаар нь цагдаад хэлсэн юм гэтэл “за хүү минь чи өөртөө гомдоорой” гэсэн. Би тэр үед нэг ч удаа цохиж зодсон зүйл байхгүй, боож унагасан ч зүйл байхгүй. Эмнэлэгт хэвтэхэд нь би очиж уулзахдаа “бид хоёрын хооронд цохиж зодолдсон, боож унагаасан зүйл байхгүй, үнэхээр мөнгө хэрэгтэй байгаа бол би эмчилгээний төлбөр мөнгөнөөс чинь өгье, та харин мэдүүлгээ үнэн зөв өгөөд өгөөч” гэж хэлж байсан. Л.М- ах хавраас хойш хонь малдаа ч явахаа байсан, үс толгой нь халцарсан байсан. Гэмт хэрэг үйлдээгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг,
-Хохирогч Л.Л.М-ы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр малаа урд тал руугаа бэлчээрлүүлсэн. У.Б-ын талбай руу 5-6 цагийн үед мал ороод би хонио тууж гаргаж байхад У.Б- ирж уурлаад надтай маргалдаад миний өмсөж байсан цамцаар боож унагаагаад би газарт унаад ухаангүй болсон байсан. Газарт толгой мөргүүлээд “чамайг алчихъя, чи хэнд хэрэгтэй юм бэ?” гээд байсан. Тэгээд би босож ирээд У.Б-ын хажууд мориндоо мордоод хонио туугаад явсан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад ирээд “эмчилгээний зардлыг чинь төлье” гэж хэлж байсан. Гэтэл одоо болохоор зодоогүй гэж байгааг ойлгохгүй байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,
-Гэрч Б.Б.С-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2020 оны 8 сарын 13-ны өдөр 17 цагийн үед манай нөхөр ажлаасаа ирээд “хашаа руу мал орчихлоо” гээд гараад явахаар нь араас нь дурангаар хараад үлдсэн. Би нөхрийнхөө араас 15 минут орчим тасралтгүй дурангаар харсан бөгөөд нөхөр маань Л.М- ахтай хамт хашаанд орсон байсан хонийг тууж гаргаад хэсэг ярилцаж зогссон. 15 минутын дараа нөхөр маань орж ирсэн. Манай нөхөр Л.М- ахыг тухайн үед зодоогүй” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3/,
-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Л.Л.М-ы гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 2/,
-Гэрч Э.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би очсон, надад 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед 9505**** гэсэн дугаарын утаснаас “манай ногооны талбай руу айлын мал ороод байна, малын эзэнд хэлэхээр намайг ална” гээд байна гэсэн. Тэгэхээр нь би “надад унаа байхгүй” гэсэн чинь У.Б- гэх залуу өөрөө “таныг очоод би авах уу?” гэхээр нь “хүрээд ир” гээд цуг ,,,,,,,тоотод байдаг айлд очсон. Очиход Л.М- гэх хүн малын хашааны гадаа зогсож байсан, намайг орсон чинь өөдөөс хүрээд ирсэн. Ирээд “юун хүн юм бэ? яаж яваа юм бэ?” гээд асуухаар нь би “та малаа айлын тариалангийн хашаанд оруулаад байна гэж энэ хүн дуудлага өгөхөөр нь би ирж байна” гэсэн чинь Л.М- гэх хүн “тэгсэн, малаа оруулсан, намайг харин У.Б- зодсон, миний бие өвдөөд байна” гэсэн. Тэгэхээр нь би “та тэгвэл эмнэлэгт үзүүлээд Хонгор сумын хэсгийн төлөөлөгчид зодуулсан талаар өргөдлөө бичиж өг, та харин тэр газарт малаа оруулж болохгүй шүү” гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13/,
-Гэрч Б.Т- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Над дээр Л.Л.М- “би хүнд зодуулсан, толгой өвдөөд байна” гэж ирсэн. Тэгэхээр нь би даралт үзэж, зүрх чагнаж үзсэн чинь даралт нь жаахан өндөр, зүрх дэлссэн байсан. Тэгэхээр нь би тариа хийж өгөөд явуулсан. Дархан орж нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэж явуулсан.
...гадна талд нүүр нь шалбарсан, хүзүү нь зулгарсан байсан. Өөрөө их айсан байдалтай чичрээд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,
-Гэрч О.П- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...У.Б-, Л.М- гэж хоёр хүний зан ааш нь нэг их архи, тамхи хэрэглээд байдаггүй хүмүүс юм аа. Манай гэр Л.М-ыхтай ойр байдаг. Л.М-ы бие нь өвдөж байна гэж сонсож байгаагүй, зүгээр хонь малдаа явж байдаг хүн шүү дээ. Л.Л.М-, У.Б- хоёрыг хоорондоо мал тариан талбай руу оруулсан зодолдож байна гээд хүмүүс ярьж байсан, тэрнээс зодолдож байхыг нь бол харж байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17/,
-Гэрч Т.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тийм ээ, би Л.М-ы ахыг авч явж эмчид үзүүлсэн зүйл байгаа. 2020 оны 08 дугаар сарын 13-ны орой хотоос 22 цагийн үед Салхитад ирсэн чинь манай хадам ах Л.М- “хүнд зодуулсан, бие нь өвдөөд байна” гэхээр би авч явж Салхитад байдаг Д- гэх эмчид үзүүлсэн чинь “Дархан авч явж нарийн мэргэжлийн эмчид үзүүл” гэсэн. Тэгээд би Дархан руу цааш авч яваад эмнэлэг дээр ирж үзүүлсэн чинь хэвтэж эмчлүүлэх шаардлагатай юм байна гэж эмч нь гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Толгойны доргилт их байна, баруун нүд нь улайсан байна гээд эмнэлэгт шууд хэвтүүлсэн байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18/,
-Гэрч Л.Ч- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өглөө малд гараад Л.М- ах цуг гарсан, тэр үед 8 цаг өнгөрч байсан. Бие нь зүгээр байсан. Орой бид нарыг Дарханаас ирэхэд зодуулсан бие нь өвдсөн байна гэж хэлж байсан. Тэгээд эмнэлэгт авч явсан, одоо ч гэсэн манай ахын бие өвдөж байгаа. Өвдөж байгаагүй зүгээр байсан хүнд зодуулснаас хойш бие нь өвдөж байдаг болсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20/,
-“Л.Л.М-ы биед 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бусдад зодуулсны улмаас гэмтэл учирсан байна. Л.Л.М-ы биед тархины доргилт, баруун хацар, дух, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ,,,,ны өдрийн 656 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23/,
-Хохирогч Л.Л.М-д эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тухай хуудас /хавтаст хэргийн 24-25/,
-Шүүгдэгч У.У.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37/,
-Хохирогч Л.Л.М-ы хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 43-46, 68-71/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 53-54/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч У.У.Б- нь “би хохирогч Л.Л.М-ыг зодоогүй” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “гэрч Б.Б.С- нь нөхөр У.У.Б-ын араас 15 минутын хугацаанд тасралтгүй дурандаад харж байхад У.У.Б-, Л.Л.М- нарын хооронд ямар нэгэн зодоон болоогүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэж тус тус мэтгэлцэж байна.
Хэрэг учрал 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэрт болсон бөгөөд гэрч Б.Б.С- нь “би нөхрийнхөө араас 15 минутын хугацаанд тасралтгүй дурандаж байхад У.У.Б-, Л.Л.М- нарын хооронд ямар нэгэн зодоон болоогүй” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгчээ.
Гэрч Б.Б.С- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт хуульчлагдсан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” бөгөөд түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дээрх мэдүүлгийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Нөгөө талаас хэрэг учрал болсон тухайн цаг хугацааны дараахан буюу 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 00 цаг 40 минутад хохирогч Л.Л.М- нь эмнэлгийн тусламж авахад “баруун хацар, зовхи халцарч улайсан” зовуурьтай байсан болох нь яаралтай тусламжийн хуудас /хэргийн 24-25/, гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 13-ны орой хотоос 22 цагийн үед “С” ирсэн чинь манай хадам ах Л.М- хүнд зодуулсан бие нь өвдөөд байна гэхээр би авч явж Салхитад байдаг Дээгий гэх эмчид үзүүлсэн чинь Дархан авч явж нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэсэн тэгээд би Дархан руу цааш авч яваад эмнэлэг дээр ирж үзүүлсэн чинь хэвтэж эмчлүүлэх шаардлагатай юм байна гэж эмч нь гэмтлийн тасагт хэвтүүлсэн толгойны доргилт их байна, баруун нүд нь улайсан байна гээд эмнэлэгт шууд хэвтүүлсэн байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18/ зэргээр тус тус нотлогдож байна.
Хохирогч Л.Л.М-ы эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгч Ц.У.Б- учруулаагүй гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн хохирогч Л.Л.М-ы “У.У.Б- нь намайг зодсон” гэх мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт тус тус хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч У.У.Б- нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын ,,,,дугаар багийн нутагт дэвсгэрт иргэн Л.Л.М-тай “тариалангийн талбай руу мал орууллаа” гэх шалтгаанаар маргалдаж түүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “тархины доргилт, баруун хацар, дух, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч У.У.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Л.Л.М- нь хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байх бөгөөд /хавтаст хэргийн 43-46, 68-69/ хохирогч Л.Л.М-ы эмчилгээ хийлгэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 1255809 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч У.У.Б- хариуцан төлөх үүрэгтэй.
Харин нотлох баримт давхардсан болон У.Ж гэх хүний эмчилгээний зардлын нийт 210000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч У.У.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч У.У.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч У.У.Б-д анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч У.У.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Б-д Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар зам талбай цэвэрлэх нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч У.У.Б-д анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч У.У.Б-аас 1255809 /нэг сая хоёр зуун тавин таван мянга найман зуун ес/ төгрөг гаргуулж, Л.М-д олгож, 210000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.У.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ