Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга Д.Одончимэг, улсын яллагч П.Шижиртуяа, хохирогч Ж.Идэрзуу, хохирочийн өмгөөлөгч н.Сэргэлэн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарьбазар шүүгдэгч Н.Сувдаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Нямбуугийн Сувдаад холбогдох 132/2017/0078/Э индекстэй, эрүүгийн 201706000123 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймагт төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Булган аймгийн Бугат сумын  багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хонгот бөөтөн овогт Нямбуугийн Сувдаа /РД:ИЖ65101400/.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.Сувдаа нь 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт Б.Идэрзуутай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хүрзээр толгой тус газарт нь цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэм хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолоор/ Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Сувдаа мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сарын 07-ны орой 8 цагийн үед манай хариуцаж манадаг талбайд Идэрзуу өвс шатаагаад орхисон байсан. Тэгээд би 10 летр ус авчраад гал унтраачихаад явж байгаад эргээд хартал Идэрзуу нөгөө талын галыг дахиад асааж байсан. Тэгэхээр нь би “Осмааны үлдэгдэлээ” гэж 2 дахин хэлсэн. Тэгээд эргээд явж байтал араас сэрээ барьж ирээд “чи муу галзуу, балай авгай. Чиний мэддэг ажил биш” гээд миний цээж рүү цохисон. Би хувингаа шидсэн, тэгтэл намайг газар луу шааж унагаад сэрээгээр гэдэс рүү хатгасан. Тэгэхээр нь би “чи зэвсэгтэй бол би зэвсэг барина” гээд гэрлүүгээ гүйсэн. Тэгээд довжоон дээрээ гараад эргээд хартал Идэрзуу миний ард сэрээ барьсан зогсож байсан. Тэгээд би хүрзээрээ биеэ хамгаалах гэж цохисон. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү, би торгуулийн мөнгийг төлж чадахгүй гнх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Идэрзуугийн өгсөн: Тэр орой гэрийнхээ урьд усан сан хийх гээд нүх ухсан байсан, тэр нүхэндээ тармуураар хамсан жижигхэн өвсийг шатаасан. Энэ газар миний эзэмшлийн газар, энэ хүмүүс түр зуур амьдарч байгаа. Манай хүүхдүүд ирсэн, худууд маань ирсэн байсан. Сувдаа тэр хавьд явж байгаа харагдсан. Би өвс сэрээдээд сэрээ барьсан явж байсан. Тэгээд байж байтал Сувдаа “Осмааны үлдэгдэл, хулгайч луйварчин, энээ тэрээ” гээд хашгираад бүх хүмүүсийн анхаарлыг татсан. Би хүн амьтнаас санаа зовоод “чи ямар шалтгаанаар ингэж хашгираад байгаа юм” гээд очиход намайг шууд заамдаад авсан. Би тэр үед “энэ чинь ямар аймар хүүхэн бэ? эрэгтэй хүнийг шууд заамдаад авдаг жижиг биетэй 50 гарсан хүүхэн байж” гэж бодсон. Тэгээд би шууд цээж рүү нь түлхээд босоход Сувдаа 4 хөллөөд газар унасан. Хэрүүл хийж байгаад би нөгөө өвс шатаах гээд сэрээ барьсан байсан. Тэгсэн “чи юм барьж байгаа бол би юм барина” гээд цаашаа гүйгээд хүрз авсан. Энэ хүрз биш өөр хүрз байсан би зургийг нь авсан байгаа. Намайг цохих шиг болсон тэгээд би юу ч мэдээгүй. Тэгээд намайг ухаан алдаад хэвтэж байхад “хохь чинь” гэж хэлсэн байдаг. Тухайн үед 10 гаруй минут ухаангүй хэвтсэн гэсэн. Би энэ хүнд огт гар хүрээгүй. Миний чихийг сэт цохисон, 0.7 см гүн орсон байна гэсэн. Тэнд байсан бүх хүмүүс над дээр гүйж ирсэн байсан. Би энэ хүний хадам дүүтэй шүүх дээр асуудалтай байгаа газрын асуудлаар. Би эднийхэнтэй битгий харьцаарай гэж өмгөөлөгчид маань хэлсэн дахиж холбогдмооргүй байна. Тэнд байсан хүмүүс “хүн цохиж унагаачихаад орхиод явдаг” гэж хэлж байсан. “Хохино” гэдэг үгийг би өөрөө сонссон. Үүнээс үүдээд би “Медипас” эмнэлэгт тархи толгой өвдөөд шинжилгээ хийлгэсэн, боолт хийлгэж 7 хоног явсан. Ирж очих зардал, энэ хэргээс болж өмгөөлөгч хөлсөлсөн зардлуудыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа. 2017 оны 5 дугаар сарын 8-нд Медипаст эмнэлэгт хамрын зураг авахуулсан 150.000 төгрөг, боолт хийлгэсэн 12.000 төгрөг, “Мэд” гээд хувийн эмнэлэгт 1 удаа үзүүлсэн 15.000 төгрөг, Орхон аймаг руу явсан бинзений зардал 27.475 төгрөг, эмчийн бичиж өгсөн эмийг авахад 28.950 төгрөг, “Мажаа” эмнэлэгт толгойгоо бариулхад 41.750 төгрөг, Булган аймгийн цагдаагийн дуудлагаар 33.000 төгрөг, Пррокурорын дуудлагаар 16.500 төгрөг, өнөөдрийн шүүх хуралдаанд ирэхэд замын зардал 16.500 төгрөг нийт 341.175 төгрөг байна. Өмгөөлөгчийн тээврийн зардал 200.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1500.000 төгрөг, нийт 2.038.500 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хүрз бол биш өөр хүрз байсан. Монгол улсын иргэн өөрийн газар нутаг дээр амьдрах эрхтэй. Энэ хүмүүсээс болж өөрийн газар нутаг дээр тайван амгалан амьдарч чадахаа больсон. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг ойлгодоггүй, хуулийн доор амьдардаг гэдгээ мэддэггүй. Өөрийнхөө дураар, гэр орондоо гаргадаг муухай зан авираараа бусадтай харьцдаг. Тэр олон хүмүүс байж байхад ичиж зовох юм байхгүй хүнийг хэл амаар доромжилдог. Танай гэр орныг шатаана, хүйс тэмтрэнэ гэж орилж байгаа энэ хүний хийсэн энэ үйлдлээс үзэхэд яг гэр орон шатахаар байгаа. Иймд энэ хүнд хуулийг тайлбарлаж ойлгуулах сургалт явуулах шаардлагатай байгаа. Би одоо үр хүүхэд, ач, зээгээ ч гэртэй аваачиж чадахгүй байгаа. Эдгээр хүмүүс алчихаж магадгүй, яаж ч мэднэ. Ийм нөхцөл байдал үүсээд байна. Хамгийн гол нь намайг өөрийг зодсон гээд гүтгэж гүжирдээд байгаад маш их гомдож байна. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээг авч өгнө үү гэв. 201706000123 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд: Гэрч Э.Бишчагнаагийн өгсөн: “Би 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 08-20 цаг хүртэл чацарганы модны нүх ухаж байсан юм. Тухайн үед би гэрт орчихоод гарч ирээд довжоон дээр зогсож байтал Эрдэнэчимэг эгч “тэнд хүн зодолдоод байна очоорой” гэхээр нь гүйгээд очтол Ж.Идэрзуу ах нэг эмэгтэй хүнтэй маргалдаад байсан. Нэг нэгнийгээ юу гэж хэлээд байгаа нь ойлгогдохгүй маргалдаад байхаар нь Ж.Идэрзуу ахыг салгаад гэррүү аваад явах гэтэл нөгөө эгч “би ч гэсэн юм барина” гэж хэлээд гүйгээд явсан. Тэгээд Ж.Идэрзуу ах бид 2 цааш эргээд явж байтал Ж.Идэрзуу ах мииий гарыг тавиулаад эргээд хартал нөгөө маргалдаж байсан эгч Идэрзуу ахыг зүүн талын шанаан тус газарт нь хүрзээр цохиод унагасан. Тэгтэл Идэрзуу ах ухаан алдсан бололтой газарт уначихаар нь би талбай дээр ажиллаж байсан хүмүүс рүү “энд хүн ухаан алдчихлаа, нааш ир” гэж орилсон. Тэгтэл нөгөө эгч Идэрзуу ахыг цохингуутаа гүйгээд явчихаар нь араас нь гүйж очоод “та хүн ухаан алдтал цохьчихлоо ш дээ” гэтэл өөдөөс тоосон шинжгүй “би үхэр малаа хураах гэж байна" гэхээр нь би гарнаас татаад тэнд хүн ухаан алдчихаад байна, очиж үз гээд дагуулаад иртэл Идэрзуу ах сэргэсэн байсан” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/, Гэрч Б.Болдбаатарын өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 08-20 цаг хүртэл худынхаа чацарганы талбай дээр мод суулгах нүх ухаж байсан юм. ...манай эхнэр Эрдэнэчимэг “хүн амьтан барилцаад авлаа, очоорой” гэж орилохоор нь гүйгээд очтол манай худ Ж.Идэрзуу ухаан алдсан бололтой газарт унасан, зүүн шанаа, чихнээс нь цус гарсан байдалтай царай нь хөхөрчихсөн хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хх-22 тал/, Гэрч Т.Эрдэнэчимэгийн өгсөн: ...манай дүү Бишчагнаа “Идэрзуу ах уначихлаа хүмүүсээ хурдлаарай, ирээрэй гэж орилохоор нь гүйгээд очтол худ Ж.Идэрзуу газарт уначихсан царай нь хөхөрсөн, зүүн шанаа, чихнээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан ...гэх мэдүүлэг /хх-23 тал/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 09- ний өдрийн ¹134 тоот: 1. Ж.Идэрзуугийн биед зүүн чих, зүүн шанаанд шарх, зүүн чихэнд зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой байна. 4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 33 тал/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 09- ний өдрийн ¹135 тоот: 1. Н.Сувдаагийн биед баруун бугалага, баруун тохой, баруун шуу, зүүн бугалага, зүүн шуу, зүүн сарвуу, баруун гуянд цус хуралт, баруун тохойд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой байна. 4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нь нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 28 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх 1 тал/, гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2 тал/, хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-81-84 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-58, 62 тал/ зэрэг бичгийн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй хүрз зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч Н.Сувдаа нь 2017 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутагт Б.Идэрзуутай “хашааны өвс шатаасанаас” үүдэлтэй маргалдаж, түүний толгой тус газарт нь хүрзээр цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримт нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Ж.Идэрзуу, гэрч Я.Шагжсүрэн, Э.Бишчагнаа, Т.Эрдэнэчимэг, Б.Баатарцогт нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ¹134 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. Шүүгдэгч Н.Сувдаагийн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчид ашигтай, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. Иймд шүүгдэгч Н.Сувдааг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Н.Сувдаад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Н.Сувдаагийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Идэрзуугийн биед хөнгөн хохирол учирсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Идэрзуу нь эмчилгээний зардалд 338450 төгрөг, өмгөөлийн зардалд 1700000 төгрөг, нийт 2038450 төгрөгийг сэтгэл санааны хохирлын хамт гаргуулахаар нэхэмжилсэн байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлээд нотлох баримтын шаардлага хангасан компьютерт томографийн төлбөр 150000 төгрөг, боолт ажиллабарын төлбөр 27000 төгрөг, бариа заслын эмчилгээний төлбөр 41750 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шатахууны зардал 36500 /2017.7.20, 2017.5.26-ны өдрийн/ төгрөг буюу нийт 255250 төгрөгийг гаргуулж, нотлох баримтын шаардлага хангаагүй 83200 төгрөг, өмгөөллийн зардлын 1700000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 метрийн урттай модон иштэй, зэвэрсэн төмөр хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.3 дугаар зйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хонгот бөөтөн овогт Нямбуугийн Сувдааг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Сувдааг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Сувдаа нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсугэй. 5. Шүүгдэгч Н.Сувдаа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай. 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Сувдаагаас 255250 /хоёр зуун тавин таван мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Идэрзууд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1783200 /нэг сая долоон зуун наян гурван мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 21.5 дугаар зүйлийн 3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метрийн урттай модон иштэй, зэвэрсэн төмөр хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, устгасан тухай баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад тус тус даалгасугай. 8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Сувдаад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД