Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2017/ШЦТ/29

 

 

    

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.ГанД, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй

Улсын яллагч: Н.Цогтбаяр,

Хохирогч: Ө.Э, Ө.Э,

Хохирогч нарын өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ,

Иргэдийн төлөөлөгч: Д.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр, М.Алтанчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дын Дт холбогдох 201503000387 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Дын Д. /РД: ../

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Д нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Даш Овоо гэх газарт өөрийн хүргэн Ө.Атэй “өөрийн охин Д.Тыг зодлоо” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газар нь сүхний иш модоор цохиж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Дын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Намайг хүрзээр цохиод байхаар нь аргагүй хамгаалалт хийж, сүхний иш модоор ганц удаа цохисон. Залуу хүүхдийг санамсаргүй цохиж алсандаа маш их харамсаж, гэмшиж байна гэв.

Хохирогч Ө.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Энэ хэргийн гол зодооны эх үүсвэр бол хүний мотоцикль гуйгаад адуундаа яваад ирэхэд нь унаганых нь ногтыг нуучихсан байсан. Унаганых нь ногтыг аваад ирээч гэхэд нь гүүг нь бариулахгүй. Хүний муу үзье гээд түүн дээрээс болж бөөн маргалдаан болсон. Тэр ногтыг тухайн үед олоогүй. Унага гүүгээ барьж чадаагүй байсан. Тэгээд хадлан өвсөө хийе гээд машинтай гараад явахдаа нэг даавуу орхисон байсан. Тухайн үед тэр даавуугаар ч яах гэж байсан юм. Даавуу аваагүй шууд цаашаа явсан байсан бол миний дүү амь насаа алдахгүй байсан болов уу. Энэ хэргийн улмаас Улаанбаатар хотоос наашаа цаашаа хоёр удаа ирсэн. Түүний шатахууны зардал, миний дүү Ө.Эгийн ажлын гурван өдрийн чөлөөний мөнгө нийт 633.460 төгрөгийг нэхэмжилж байна гэв. 

Хохирогч Ө.Э шүүхийн хэлэлцүлэгт мэдүүлсэн: Энэ хэрэг чухам юунаас болж үүссэн талаар нүдээр хараагүй учраас шүүх эмнэлгийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэг болох үед Д.Д гуай согтуу байсан учраас талийгаачтай харилцан зодоон болсонд гомдолтой байна. Талийгаачийг гэртээ сууж байхад нь Д.Д гуай гаднаас орж ирээд хоёр удаа цохьсон байсан. Анх хоёр удаа цохих үед миний дүүд үхлийн шалтгаан болсон байхыг үгүйсгэхгүй. Айлын бага хүүхэд ямар байдаг вэ яг л тийм хүүхэд байсан. Миний дүү эхнэр, хүүхдээ зодож, зовоох хүн биш. Гэнэн томоогүй зантай хүүхэд байсан гэв.

            Иргэн Д.Баас тус аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан “Төвшрүүлэх сумаас хүнд зодуулсан байдалтай тархиндаа хүнд гэмтэлтэй ухаангүй эрэгтэй хүн хүргэгдэж ирлээ” гэх гомдол /хх-ийн 3 дугаар хуудас/

 

            Хохирогч Ө.Эын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би Архангай аймгийн Төвшрүүлэх суманд гэртээ байж байтал орой 21 цагийн орчимд Б гэдэг залуу надруу утсаар яриад А ах хадам аавдаа толгой руугаа юмаар цохиулчихаад унтаад байна та хүрээд ир гэж хэлэхээр нь би орой 22 цагийн үед Аийн байдаг газар буюу Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт байдаг Даш Овооны өвөр гэдэг газарт иртэл А орон дээрээ хэвтчихсэн нүүр нь хөхөрчихсөн байдалтай байсан. Тухайн үед Төвшрүүлэх сумын эмнэлгийн ажилчид ирчихсэн тархиндаа хүнд гэмтэл авсан байна гээд тархины хаван хөөх эмчилгээ хийж байна гэж хэлсэн. А өөрийн гэсэн мэдрэлгүй болчихсон өмдөндөө шээчихсэн, амнаас нь цагаан хөөс гарчихсан байсан. Тэгээд шингэн хийж дуусахаар нь аймгийн эмнэлэгт авч ирээд эмнэлэгт хэвтүүлсэн. Талийгаач Архангай аймгийн эмнэлэгт 1 хоноод 2015 оны 08 дугаар сарын 12-ны 23 цаг 50 минутанд нас барсан. Талийгаачийг хадам аав нь болох Д нь сүхний ишээр толгой руу нь цохисон гэж ярьж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 17-18 дугаар хуудас/

 

            Хохирогч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би 2015 оны 08 дугаар сарын 11-ний өглөө аймгийн төв рүү ажлаар явчихаад орой Цэнхэр сумын Буйлан багийн Даш-Овоо гэх газар гэртээ очсон. Эхнэр надад хүргэн намайг зодчихлоо. Эхнэртэйгээ маргалдаад зодоод байна. Чи ороод нэг юм хэлээдэхээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүргэнийдээ ороод чи одоо юу болоод байгаа юм бэ, яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд намайг өөдөөс элдэв хоёроор хэлээд хөлрүү өшиглөөд байхаар нь би түүнийг духан тус газар гараа атгаж байгаад 2 удаа цохьчихоод гэрээс нь гараад явсан. Тэгтэл араас гарч ирээд дахиад намайг элдэв хоёроор дуудсан. Тэгээд над руу хүрз барьж ирээд шууд цохихоор нь би баруун гараараа хаасан. Миний сарвуун дээр цохисон дахиад миний баруун мөр орчим цохисон. Тэгэхээр нь би уурлаад түүнийг сүхний ишээр цохисон. Талийгаач өөрөөр намайг дахиж цохиж зодоогүй. Миний баруун мөр зүсэгдэж хөхөрсөн. Баруун гарын сарвууны ар хөхөрч хавдсан, хоёр гуяанд жижиг хөхрөлт үүссэн байсан. Яагаад намайг зодох болсныг мэдэхгүй. Согтуудаа намайг элдэв хоёроор дуудаад байсан. Согтуурхаж л ийм зан гаргасан байх. Эрүүлдээ хөөрхөн ааштай тийм зан гаргадаггүй юм. Хавтгай улаан өнгийн хүрз байсан. Би өмнөх мэдүүлэгтээ хонины хашаа малтдаг хүрз гээд буруу мэдүүлсэн байсан. Уг улаан хүрз манай хүрз байгаа юм гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

            Хохирогч Ц.Эийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай хүргэн А нь адуундаа явж ирээд надаас унаганы ногт хаана байна пизда минь гэж хэлээд асуусан. Би яаж мэдэх билээ цаагуур чинь байгаа байлгүй гэж хэлээд би хүүхдээ том гэртээ орхичихоод бага гэрлүү орж унаганы ногт хайлцсан чинь чи мэдэхгүй байхдаа яадаг юм бэ гэж хэлээд миний үснээс зулгааж шанаа руу цохисон. Тэгэхээр нь би гэрээсээ гарсан. Бага гэрээс гартал А миний үснээс зулгааж татаж унагаж байгаад миний зүүн гарын дал орчим руу нэг удаа өшиглөсөн. Хөл дээр гишгэсэн хөлийн хуруу хөхөрчихсөн хөндүүрлээд өвдөөд байсан. Өөр цохиж зодоогүй. Унаганыхаа ногтыг олохгүй болонгуутаа уурлаад зодсон юм. Тухайн үед манай хажуу айлын Вгийн Банди харсан. Банди нь гүүн зэлэн дээрээс ирж байсан. Би ерөөсөө гар хүрээгүй, юм уусан нь мэдэгдээгүй. Харин сүүлд нь архи уучихсан байсан. Би гэрт ороод унаганы ногт хайж байхдаа ундааны савтай архи байхаар нь цааш нь тавих гэтэл талийгаач надад наадахаа яаж гэж байна, нуух гэж байна уу гэхээр нь би яавал гэж надад ямар хамаа байдаг юм гээд түүн рүү шидсэн. Талийгаачийг тэр архи оносон эсэхийг мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 24-25 дугаар хуудас/

 

            Хохирогч Ц.Эийг дахин байцаасан тэмдэглэл: Миний зүүн дал орчим хөндүүрлэж хөхөрсөн. Хөлийн чигчий хуруу хөхөрч хавдсан. Хоёр гуянд жижиг хөхрөлт үүссэн байсан. Мөн үснээсээ зулгаалгаснаас хуйх өвдөж байсан. Шүүх эмнэлгийн №317 тоот дүгнэлттэй танилцлаа. Санал хүсэлтгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 26 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Вгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Тэр орой талийгаачийг хадамдаа зодуулаад ухаан алдчихлаа гэж манай эхнэр надад хэлсэн. Тэгээд эмнэлэг дуудчихлаа гэж хэлсэн. Манай гэрийн хаяаг сөхчихсөн байсан сүхний иш модоор цохисон гэж байсан. Манайх тэр модоор гэрийнхээ хаяаг байнга шуудаг юм. Тэр модоор гэрийнхээ баруун хаяаг шуучихсан байсан. Тэндээс ирж авсан байх гэж бодож байна. Тэр 2 гэртээ хэрэлдэж маргалдаад байдаг л байсан. Тэгэхдээ зодолцож, нүдэлцээд байдаггүй байсан байх. Намайг уг асуудал болохын урьд өдөр тэдний гэрт ороход талийгаач надад өөрийнхөө цээжин хэсгийг харуулаад эхнэрийгээ самардаж, маажсан гэж хэлсэн. Мөн шөнө орон дотроо хас, цавь орчмоор чимхэж базагдаад байдаг гэж хэлсэн. Талийгаачийн цээжийг харахад самардаж, маажсан бололтой улайсан байсан. Тэгэхээр нь би Тт яаж байгаа юм бэ гэхэд миний урдаас яадаг юм гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

 

Гэрч А.Дын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2015 оны 08 дугаар сард би тэр өдрийг нь мэдэхгүй байна. Орой намайг гэртээ байж байтал Э манайд гадаа зодоон болоод гэж хэлээд орж ирсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гартал талийгаачийн том гэр болон манай гэр хоёрын хооронд тэр хоёр нэг уурга 2 талаас нь барьчихсан дамнуулаад байж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрт та нар яах нь уу, бие биенийгээ сүлбүүлж алах нь уу гэж хэлээд нэг талаас нь чангааж хөлөө цохиулан байж арай хийж аваад уургыг гэрээс холдуулж тавьсан. Тэгээд буцаад гэрлүүгээ явтал талийгаач нэг улаан өнгийн хүрз барьчихсан байсан. Д гартаа сүхний иш барьчихсан байсан. Би гэрлүүгээ дөхөөд иртэл тэр хоёр салчихсан байсан. Би уурга авах гэж ноцолдсондоо өөрөө айж, хямарсан байсандаа шууд гэрлүүгээ орсон. Тэгээд буцаад гэрээсээ гартал гадаа тэр хоёр байхгүй байсан. Дараа нь чимээгүй байж байтал талийгаачийг хямраад байна, эмнэлэг дуудах уу яах уу гээд пижигнээд явчихсан. Уг асуудал болохын урд өдөр талийгаач манайд орж ирээд хажуу талын охинтой хамт гол руу усанд яваад ирсэн чинь авгай хардаад намайг ингээд урчихсан, маажсан гээд хувцсаа сөхөөд гэдсээ харуулсан. Хүйснийх нь ойролцоо мөн хоолойн дээр урчихсан хумсны ором байсан. Би яахаараа чи ингээд уруулчихдаг юм өөрийгөө хамгаалахгүй яасан юм бэ гэж хэлэхэд санаандгүй байж байгаад ингүүлчихлээ гэж хэлсэн мэдүүлэг. /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

Гэрч В.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Тугалаа аваад гүвээ даваад гараад иртэл талийгаачийн машин гэрийнхээ гадаа ирсэн байсан. Талийгаач миний өөдөөс алхаад байсан. Талийгаач толгойгоо 2 гараараа 2 талаас нь бариад сонин алхаад байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь морьтой давхиад очтол талийгаачийн дух нь цус болчихсон, цамц нь цус болчихсон, баруун нүд нь доороо хөхөрчихсөн, баруун талын хөмсөгний дээд хэсэг нь их хавдартай байсан. Тэгээд надад уйлаад би их зовж байна ш дээ би яах ёстой юм бэ толгой их өвдөж байна, хадам намайг сүхний ишээр цохичихлоо ш дээ гэж хэлж байсан. Тэгээд би дагуулаад гэрийнхээ гадаа ирсэн. Би морио уяах гээд морины уяа луу явсан. Д гуай Жгэдэг айлаас дээгүүрээ нүцгэн гарч ирж байсан. Д гуай их аархуу маягийн алхаа явдалтай, хэлж ярьж байгааг нь сонсоход чам шиг муу бандийн хувь надад байна гэж ярьж байсан. Согтуу байсан. Би талийгаачийг гэрт нь оруулж хэвтүүлсэн. Удалгүй талийгаач унтаад хурхираад эхэлсэн. Би Э ах руу гар утсаар ярьж дуудсан. Эхнэр эмч дуудсан гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33 дугаар хуудас/

 

Гэрч Э.Хгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Манай хоёрын гэр зайтай болохоор юунаас болж шуугиад байгааг нь би мэдээгүй. Би гэрээсээ гарч хартал Д гуайн гэрийн үүдэн дээр талийгаачийг Д гуай доороо хийгээд дарчихсан байж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35 дугаар хуудас/

 

            Гэрч Цэ.Эийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Тэр орой би гэртээ хоолоо хийгээд байж байтал манай хотонд хүн орилж, хашгираад байгаа чимээ гарсан. Би гэрээсээ гараад хартал манай хотны баруун талын айлууд болох Д, талийгаач А хоёрын гэрийн урд талийгаач газар уначихсан Д гуай гартаа мод барьчихсан толгой руу нь нэг удаа цохиж харагдсан. Д гуайн эхнэр нь гэрлүүгээ цаашаа нэг хүрз барьчихсан явж байсан. Талийгаач залуу босч ирээд манай гэрийн үүдэнд духнаас нь цус гоожчихсон хүрээд ирсэн. Тэгэхээр нь ус хийж өгөөд нүүрийг нь угаалгасан. Талийгаач надад би яаж амьдрах юм бэ, би хоёр хүүхдэдээ хорогдоод байна, би хадам аавдаа зодуулчихлаа гэж хэлсэн. Тэр асуудал болохоос 2-3 хоногийн өмнө талийгаач машинаараа усанд явж ирээд усаа буулгаж байхад авгай нь гэрээсээ гарч ирээд түүнийг гарнаас нь самардаад, нүүрнээс нь самардаад байсан. Нэг гараас нь цус гарч байгаа харагдсан гэх мэдүүлэг. /хх-ийн 36-37 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Эийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Д гуай нэг мод барьчихсан байгаа харагдсан, би очиж чадаагүй айж сандарч эргэж буцаж гүйгээд байсан юу болсон хэн хэнийгээ яаж цохисон талаар сайн мэдэхгүй байна. Тэгтэл цус нөжтэйгээ холилдоод салцгааж байгаа бололтой байсан. Тэгээд толгой дух орчим нь хавдаад цус гарсан. Талийгаач солиотой юм яриад учир нь олдохгүй янз бүрийн юм яриад байсан. Тэгээд би гэртээ 2 хүүхэд уйлаад болохгүй болохоор нь аваад орсон удалгүй түргэн дуудаж үзүүлээд аваад явсан ийм асуудал болсон. Дыг талийгаач баруун мөрөн дээр нь хүрзээр цохисон гээд цус гарсан байсан. Харин талийгаачийг Д нэг мод бариад цохих гээд далайж байсан, хаана цохисоныг бол мэдээгүй болиоч гээд буруу харчихсан гэх мэдүүлэг. /хх-ийн 38-40 дугаар хуудас/

 

            Гэрч Д.Тийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Миний аав Д.Д нь 1953 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд зургаан хүүхэдтэй айлын хамгийн бага хүүхэд болж төрсөн. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 8-н жилийн сургуулийг төгсөөд ээж дүү нарынхаа хамт мал маллаж байгаад Зүүнбаянд цэргийн ангид 1973 оноос 1976 оны хооронд 3-н жил цэргийн алба хаасан. 1976 онд цэргээс халагдаж ирээд 1977 онд Ц.Э гэдэг хүнтэй буюу миний ээжтэй гэр бүл болж Төвшрүүлэх сумын 2 дугаар багт айл болж мал маллаж амьдрах болсон. Миний аав Д 7-н хүүхэдтэй бөгөөд би хамгийн том охин нь юм. Миний аав насаараа хөдөө мал маллаж амьдарч байгаа бөгөөд ноён нуруутай тайван дөлгөөн зантай 63 нас хүрч байгаа хүн. Одоо аав Д нь хүний ярьж байгааг сонсохгүй чи их хатуу болсон. Миний аав Д сум, аймгийн аварга, сайн малчин гээд олон удаа шагнагдаж байсан. Би яг хэдэн онд ямар шагнал авч байсныг нь санахгүй байна. Гэрт байгаа өргөмжлөл, дипломыг хуулбарлаж хэрэгт хавсаргах хүсэлтэй байна. Би хэрэг гарах үед Улаанбаатар хотод байсан болохоор хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ сая нас бардаг А нь манай хүргэн бөгөөд миний хамгийн бага дүү Тын нөхөр нь болох хүн байсан юм. А нь байнга шахам архи уудаг байсан бөгөөд эхнэр Т, аав Д, ээж Э нарыг байнга шахам зоддог хүчирхийлэл хийдэг хүн байсан. Би Аэд аав, ээж, дүү нарыг зодуулж байсныг нүдээр хараагүй ч өөрсдийнх нь амнаас зодуулчихсан гэж ярьж байхыг сонсож байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 41-42 дугаар хуудас/

 

            Гэрч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Манай аав Д гаднаас орж ирээд манай нөхөр Аийн толгой орчим нь гараараа нэг удаа цохиж гэр дотор зуухны зүүн хэсэгт тэр хоёр хоорондоо барилцаж аваад зууралдаад гэрээс гарсан би ч хойноос нь гарч хажуу айл руу орж эрэгтэй хүн байвал дуудаж тэр хоёрыг салгуулах гэсэн, тэгсэн эрэгтэй хүн ч байхгүй байсан. Намайг хажуу айлд орчихоод гарч ирэхэд манай нөхөр Аийн нүүр амнаас нь цус гарсан, аав бид 2 зодоон хийчихлээ гээд толгойгоо барьсан яваад байсан. Тэгээд А, аав 2 гэртээ орж ирж суугаад хоорондоо юм яриад эвлэрсэн байсан тэгээд 30 орчим минут болоод байж байтал А хэл ам нь ээдрээд ухаан алдсан. Манай нөхөр А аав намайг сүхний ишээр толгой руу цохчихлоо гэж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 51-53 дугаар хуудас/

 

            Гэрч Д.Эгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Манайх талийгаач А болон аав Д нарынхаас 4-5 км орчим зайтай амьдардаг. Талийгаач А болон аав Д нарынх хамт нэг газар зусдаг юм. 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай аав Д, манай дүү охин М, манай нөхөр Чнар хамт Архангай аймгийн төв рүү яваад 17 цагийн үед эргээд ирсэн. Аав манайд орж ирээд ээж Эийг аваад явах гэхээр нь хоол идээд яв гэсээр байгаад хоол хийж өгөөд манайхаас тэр хоёр 19 цагийн үед явсан. Би үнээгээ саачихаад гэртээ 20 цагийн үед орж ирэхэд манай ээж Э намайг гэртээ хүрээд ирээч гэж хэлсэн. Би яах гэж байгаа юм гэхэд зүгээрээ хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би та нар болсон хойно хэрүүлээ л хийж байгаа биз та нарын хэрүүл надад хамаагүй гээд утсаа тасдсан. 22 цагийн үед ээж дахин залгаад түргэн дуудах гэсэн юм эмнэлгийн утас хэд вэ гэж асуусан. Яах гэж байгаа юм гэхэд, эд нар хоорондоо зодоон хийгээд А нэг сонин болчихлоо түргэн дуудаж үзүүлэх гэж байгаа гэсэн. Би 23 цаг өнгөрч байхад хамт айл байдаг дүү Мын хамт аав Дын гэрт очсон. Намайг гэрийнх нь гадаа очиход сумын эмч талийгаачийг аваад Архангай аймгийн төв рүү эмнэлэгт хүргэж өгөхөөр хөдөлж байсан. Би аавындаа ороод юу болсон талаар асуухад талийгаач А манай аав, ээж хоёрыг очиход согтуу байсан гэсэн. Аав ээж хоёрыг ирэхэд талийгаач за хаа хүрээд ирж байгаа гуйлгачингууд вэ гэж хэлээд аавынхаас гараад гэртээ ороод эхнэрээ зодоод байхаар нь манай аав гэр ороод боль гээд 2 удаа цохьсон гэсэн. Тэгээд гэрээс нь гараад явж байтал араас нь талийгаач А гарч ирээд хүрзээр цохихоор аав гараараа хаатал гарлуу цохьсон, дахиад далайхаар нь булттал мөрөн дээр цохьсон гэсэн. Тэгэхээр нь аав энэ намайг хүрзээр цохиж байдаг, яахаараа би энэнд зодуулах ёстой юм бэ гэж бодоод эргэж хараад газраас мод аваад нэг удаа цохьчихсон гэсэн. Тэгтэл талийгаач газар уначихаад эргэж босож ирээд ааваа миний буруу уучлаарай гэж хэлээд гэртээ орсон гэсэн. Тэгээд удалгүй байж байгаад ухаан алдсан гэсэн. Тэгээд аав энэ хүүхэд болохоо байлаа гээд түргэн дудсан гэсэн. Би хамт байгаагүй, аавындаа очоод ааваасаа болсон явдлын талаар сонссон. Манай аав, ээж хоёр 1976 онд гэр бүл болоод 7 хүүхэдтэй болсон. Манай аав үр хүүхэддээ халамжтай, архи дарс уугаад байдаггүй, ээжтэй хэрүүл маргаан хийж байгаагүй, хүнтэй хэрүүл маргаан хийж байсан удаа байхгүй. Их тайван амгалан зантай ажилсаг хүн. Нутгийн ард олонд нэ хүнд сайтай хүн байгаа юм. Манай аав Монгол улсын Засгийн газрын болон Архангай аймгийн хүндэт жуух бичгээр шагнагдаж байсан. Өмнө нь ямар нэг гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Талийгаач манай дүү Ттой гэр бүл болоод 3 жил болж байгаа 2 хүүхэдтэй. Архи уухаараа л агсам тавьж эхнэрээ болон аав, ээжийг зодсон гэж сонсогдож байдаг. Манайх хол байдаг болохоор сайн мэдэхгүй байна. Архи уугаагүй эрүүл байх үедээ хүн чанар сайтай, ажилсаг, гэр бүлдээ анхаарал халамж сайтай сайн залуу байсан. Архи уухаараа л болохоо байдаг. Хүнтэй хэрүүл маргаан хийж, агсам тавьдаг. Талийгаач А ямар ч хүнтэй эвсэг найрсаг харьцдаг сайхан ааштай сайн залуу байсан юм гэх мэдүүлэг. /хх-ийн 55-56 дугаар хуудас/

 

Гэрч З.Гын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 22 цагийн үед хүн цусаар бөөлжөөд байна гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу Буйлан нуурын ард Дашийн овоо гэх газар ирсэн. Ирэхэд Ө.А нь ухаангүй, их архи үнэртүүлсэн, биеийн байдал хүндэвтэр, духны хэсгийг хамарсан хавантай, духны хэсэгт шалбархайтай, зүүн талын нүд хөхөрсөн, зүүн шанаа хавдсан, цээжний өвчүүний хэсэгт зулгарсан, доороо шээсэн, хурхирсан, артерийн даралт 110/70, пульс-73, уушги цулцангийн амьсгалтай, хүүхэн харааны рефлекс хариу өгөхгүй өргөн болсон, цочрол өгөхөд сэргэхгүй, дуудаж команд өгөхөд биелүүлэхгүй байсан. А нь ухаангүй байсан. Д гэдэг хүн өөрөө ах нь цохьчихсон юм гэж хэлж байсан. Д гэдэг хүн өөрөө архи үнэртүүлчихсэн юм шиг байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 61-62 дугаар хуудас/

 

            Гэрч Л.Жын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Д нь орон нутагтаа нэр хүндтэй, томоотой, тохитой хүний нэгэнд ордог. Дээр үед сангийн аж ахуйн мал маллаж байхдаа ажилсаг, ажилдаа сайн аймаг, сумын аварга болж байсан. Орон нутгийн /сумын/ депутатаар сонгогдож байсан. Д нь 7 охин хүүхэдтэй, бүгд тусдаа гарсан. Одоо гэртээ эхнэр Эийнхээ хамт байдаг. Архи дарсыг хэр хэмжээндээ өөртөө тааруулаад хэрэглэчихдэг. Уусан үедээ хэрүүл хараалгүй, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдаггүй уучихдаг байсан. Өнгөрсөн жилээс эхлэн архинаас гарч байгаа элэг дотор муудаад байгаа гэж байсан. Сайхан тайван хүн байгаа, орон нутгийн хүмүүс бол мэднэ гэх мэдүүлэг. /хх-ийн 63 дугаар худас/

 

            Гэрч Д.Надалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Дыг танина, ямар нэг төрөл садангийн холбоо байхгүй. Хаана л наадам болно надтай морь уядаг хүн байгаа юм. Тухайн үедээ бид 2 ч залуу байж, манай Д архинд дуртай, моринд дуртай л хүн байсан юм. Зэргэлдээ сумдын уяач нар бид хоёрыг андахгүй сайн мэднэ. 2015 оны наадмаар азарга нас ирсний дараа дараа уяач хүүхдүүд бид хоёрыг дуудаад архи задлаад өгөхөд Д сахарын өвчтэй гээд архи амсахгүй байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 64 дүгээр хуудас/

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хишигмаагийн 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн “Талийгаач Ө.Аийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээгээр, оношны 1-рт тусгагдсан гавал тархины битүү, хүнд, хавсарсан гэмтлийн шинж тэмдгүүд болон 2-рт тусгагдсан түүний хүндрэлүүд, З.А-д тусгагдсан шинэ, З.Б-д хуучин гэмтлүүд З.В-д тусгагдсан нас барсны дараа үүссэн гэмтэл тогтоогдсон.

            - Гавал тархины битүү, хүнд, хавсарсан гэмтэл болох гавал ясны цөмөрсөн хугарал, тархины зөөлөн бүрхүүл хальсны цус харвалт, тархи няцралт гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа нь зүүн чамархай, зулайн ясны цөмөрсөн хугарлын улмаас үүсч тархийг даржээ.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-1-2, 3-1-3-р заалтаар гавлын хүнхрээ ясны хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан дээрх цусан хураа, тархины эд няцарсан гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад шинэ зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. З.Б-д тусгагдсан хуучин гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.        

            - З.А-д тусгагдсан гэмтлүүд нь шинж байдлаараа шинэ гэмтлүүд бөгөөд нас барахаас 1-3 хоногийн өмнө үүссэн, З.Б-д тусгагдсан хуучин гэмтлүүд нь шинж байдлаараа үүсээд 3-8 хоносон, З.В-д тусгагдсан гэмтлүүд нь шинж байдлаараа нас барсаны дараа үүссэн байна.

            - Талийгаач нь гавлын тархины битүү, хүнд, хавсарсан гэмтлүүд, тэдгээрийн хүндрэл болох тархи дарагдалт, уртавтар тархины шаантаглалтын улмаас амьдралын чухал эрхтний төвүүд дарагдан нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 67-72 дугаар хуудас/

 

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/

            Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 176-180 дугаар хуудас/

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14 дугаар хуудас/

            Шүүх, сэтгэц гэм судлалын 17 дугаартай магадлагаа /хх-ийн 99 дүгээр хуудас/

            Шинжээчийн 2015 оныы 08 дугаар сарын 13-ны өдрийн 316, 317 тоот дүгнэлтүүд /хх-ийн 104, 107 дугаар хуудас/

            Гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-ийн 125 дугаар хуудас/

            Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2015 оын 08 дугаар сарын 19-ний өдрийн 290 тоот тодорхойлолт /хх-ийн 137 дугаар хуудас/

            Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 290 тоот тодорхойлолт /хх-ийн 138 дугаар хуудас/

            Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 319 тоот тодорхойлолт /хх-ийн 139 дугаар хуудас/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144 дүгээр хуудас/

            Тракторч-машинчийн үнэмлэх, цэргийн батлах, авто сургуулийн үнэмлэх, гэрлэлтийн батлах, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 146-150 дугаар хуудас/

            Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 1237 тоот лавлагаа /хх-ийн 162-163 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 169 дүгээр хуудас/

            Хохирогч Ө.Эт бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 175 дугаар хуудас/

           

            Сэжигтэн Д.Дын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би Цэнхэр сумын Буйлан багийн Даш-Овоо гэх газар байх гэрээсээ мотоциклио янзлуулахаар аймгийн төв орж ирсэн. Тэгээд би мотоциклио янзлуулчихаад буцаад гэртээ очсон. Гэртээ очоод байж байтал манай хүргэн А нь согтуу гэртээ агсан тавиад байсан. Манай эхнэр Э гэртээ орж ирээд надад цаадах чинь авгай хүүхдээ зодоод байна, намайг зодчихлоо, чи ороодохооч гэж хэлсэн. Тэгээд би хүргэнийхээ гэрт орсон. Аийнх манайхтай хамт нэг дор байдаг юм. Би ороод хүргэндээ чи яагаад ингээд байдаг юм бэ гэж хэлэхэд А миний урдаас муу араам, муу шээс минь чаддаг юм бол чи намайг зодчихооч гэж хэлээд урдаас пээдийгээд байсан. Тэгээд би маш их уур хүрээд түүнийг гараараа 2 удаа дух руу нь цохисон. Тэгээд би шууд гараад өөрийнхөө гэрлүү явтал араас А гарч ирээд дахиад муу араам, шээс минь чи юу чаддаг юм гэж орилоод хүрз бариад ирсэн. Би түүнийг намайг арай цохичихгүй байх гэж бодтол шууд миний баруун мөрөн дээр хүрзээрээ цохичихсон. Тэгээд дахиад цохих гээд далайхаар нь би хүрзийг нь булаагаад авсан. Тэгээд намайг цохих гээд над руу дайрахаар нь газраас ойр байсан зүйлийг аваад цохисон. Уурандаа би хаана нь цохисоноо мэдээгүй. Надад цохиулаад шууд газар ойчсон. Тэгэхээр нь би хүн алчихлаа, болохоо байлаа шүү гэж орилсон. Манай хотны айлын хүмүүс гараад ирсэн. Тэр даруйдаа би Төвшрүүлэх сумын эмнэлэг дуудсан. Эмнэлэг ирэхэд хүргэн ухаангүй байсан. Тэгээд сумын эмнэлэг аваад явсан. Би Аийг гэрт нь байхад дух руу гараараа 2 удаа цохисон, гадаа сүхний иш модоор 1 удаа цохисон. Тухайн үед биеийн аль хэсэгт цохисноо мэдэхгүй байна. Намайг хүрзээр цохиод дахиад цохих гээд дайраад байхаар нь би их уурлаж түүнийг цохих болсон. Тэр мод одоо манай гадаа байгаа байх. Өмнө би хүргэнтэйгээ муудалцаж маргаж зодолдож байсан зүйл байхгүй. Сая эхнэрийг зодсон, дараа нь намайг хүрзэдчихээр нь их уур хүрсэн. Хүргэнээ би охинтой гэр дотроо муудалцаж байхад нь юм хэлж байгаагүй. Манай хүргэн архи уугаагүй үедээ хөөрхөн ааштай, архи уучихаараа жаахан агсан зантай. Миний баруун мөр хавдаж хөхөрсөн, хүрзээр цохиулснаас болж хавдаж хөхөрсөн газраа зүсэгдсэн байна лээ. Баруун гарын сарвууны ар хавдаж хөхөрсөн, өөр гэмтэл байхгүй. Би архи уугаагүй эрүүл байсан. А архи уучихсан согтуу байсан. Хэр зэрэг согтуу байсныг нь мэдэхгүй. Согтуу байснаас л ийм юм боллоо. Эрүүл байсан бол юу гэж ийм юм болох билээ. Хажууд хэн байсныг мэдэхгүй байна. Байсан бол манай эхнэр л байсан байх. Хот айлын хүмүүс харсан эсэхийг мэдэхгүй байна. Манайх хотондоо 5-н айл байдаг гэх мэдүүлэг. /хх-ийн 130 дугаар хуудас/

 

            Яллагдагч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би ял сонсгож байгаа зүйл ангийг ойлгож байна. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Би хүргэнээ алъя гэсэн санаа зорилго байгаагүй. Гэр бүлээ манай эхнэр, намайг зодоод байхаар нь тухайн үедээ гэнэт уур хүрээд цохисон нь үнэн. Би духанд нь гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Ингэж цохиход халцарч шалбарсан асуудал болсныг анзаараагүй. Сүүлд гэрийн гадаа сүхний ишээр хэд хэд цохисон байх. Хаана яаж цохисоноо мэдэхгүй. Надад ингэж зодуулснаасаа болж тэр хүний биеийн байдал муудаж ухаан алдсан. Дээрх гэмтлүүд нь миний учруулсан гэмтэл байх гэж бодож байна гэх мэдүүлэг. /хх-ийн 131-132 дугаар хуудас/

 

Гэрч Н.Жы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Тэр өдрийн өглөө Д нь мотоциклио янзлуулахаар аймгийн төв рүү мотоциклио ачаад явсан байсан. Би тэр бдбр малд явсан байсан болохоор манай хот айлд юу болсон талаар мэдээгүй. Орой малд яваад уяан дээр бууж байхад Д аймгаас ирчихсэн байсан. Дээгүүрээ цээж нүцгэн гартаа сүхний иш мод барьчихсан манай гэрлүү ирээд гэрийн хаалгыг шагайж харж байсан. Би морио уяачихаад гэртээ орж цай уучихаад гараад иртэл талийгаач А хотноос хойд зүгт гарчихсан тугал тууж ирж байсан Б дээр оччихсон юм яриад зогсоод байсан. Тэгээд би үхэр хураачихаад иртэл Аийн бие нь муудаад хэвтчихлээ гэж байсан. Гэрт нь ороход зүүн талынхаа орон дээр ухаангүй, унтаж байгаа хүн шиг хэвтэж байсан. Би түүний биед байгаа гэмтэл шархыг хараагүй. Удалгүй түргэн ирээд авч явах гэтэл дороо шээсэн байсан. Би түргэн ирээд авч явтал нь гэрт нь хамт байсан. Манай хажуу айлын Э болон В ахын авгай Д эгч надад Д хүргэнтэйгээ хоорондоо зодоон хийгээд сүхний ишээр цохисон гэж ярьж байсан. Би өөрийн нүдээр хараагүй, талийгаач хүрз барьчихсан байсан гэж бас ярьсан гэх мэдүүлэг. /хх-ийн 183-184 дүгээр хуудас/

 

Шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1516 дугаартай дүгнэлт /хх-ийн 188-191 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Д нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Даш Овоо гэх газарт хүргэн Ө.Атэй “Өөрийн охин Д.Тыг зодлоо” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газар нь сүхний иш модоор цохиж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан болох нь хохирогч Ө.Эын “...Б гэдэг залуу надруу утсаар яриад А ах хадам аавдаа толгой руугаа юмаар цохиулчихаад унтаад байна та хүрээд ир гэж хэлэхээр нь би орой 22 цагийн үед Аийн байдаг газар буюу Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт байдаг Даш Овооны өвөр гэдэг газарт иртэл А орон дээрээ хэвтчихсэн нүүр нь хөхөрчихсөн байдалтай байсан. Тухайн үед Төвшрүүлэх сумын эмнэлгийн ажилчид ирчихсэн тархиндаа хүнд гэмтэл авсан гээд тархины хаван хөөх эмчилгээ хийж байна гэж хэлсэн. А өөрийн гэсэн мэдрэлгүй болчихсон өмдөндөө шээчихсэн, амнаас нь цагаан хөөс гарчихсан байсан. Тэгээд шингэн хийж дуусахаар нь аймгийн эмнэлэгт авч ирээд эмнэлэгт хэвтүүлсэн. Талийгаач Архангай аймгийн эмнэлэгт 1 хоноод 2015 оны 08 дугаар сарын 12-ны 23 цаг 50 минутанд нас барсан...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Дын “...би хүргэнийдээ ороод чи одоо юу болоод байгаа юм бэ, яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд намайг өөдөөс элдэв хоёроор хэлээд хөлрүү өшиглөөд байхаар нь би түүнийг духан тус газар гараа атгаж байгаад 2 удаа цохичихоод гэрээс нь гараад явсан. Тэгтэл араас гарч ирээд дахиад намайг элдэв хоёроор дуудсан. Тэгээд над руу хүрз барьж ирээд шууд цохихоор нь би баруун гараараа хаасан. Миний сарвуун дээр цохисон дахиад миний баруун мөр орчим цохисон. Тэгэхээр нь би уурлаад түүнийг сүхний ишээр цохисон. Талийгаач өөрөөр намайг дахиж цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг, хохирогч Ц.Эийн “...Бага гэрээс гартал А миний үснээс зулгааж татаж унагаж байгаад миний зүүн гарын дал орчим руу нэг удаа өшиглөсөн. Хөл дээр гишгэсэн хөлийн хуруу хөхөрчихсөн хөндүүрлээд өвдөөд байсан. Өөр цохиж зодоогүй. Унаганыхаа ногтыг олохгүй болонгуутаа уурлаад зодсон юм...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Вгийн “...Манай гэрийн хаяаг сөхчихсөн байсан сүхний иш модоор цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Дын “...Тэгээд буцаад гэрлүүгээ явтал талийгаач нэг улаан өнгийн хүрз барьчихсан байсан. Д гартаа сүхний иш барьчихсан байсан. Би гэрлүүгээ дөхөөд иртэл тэр хоёр салчихсан байсан. Би уурга авах гэж ноцолдсондоо өөрөө айж, хямарсан байсандаа шууд гэрлүүгээ орсон...” гэх мэдүүлэг, гэрч В.Бийн “...би өөдөөс нь морьтой давхиад очтол талийгаачийн дух нь цус болчихсон, цамц нь цус болчихсон, баруун нүд нь доороо хөхөрчихсөн, баруун талын хөмсөгний дээд хэсэг нь их хавдартай байсан. Тэгээд надад уйлаад би их зовж байна яах ёстой юм бэ толгой их өвдөж байна, хадам намайг сүхний ишээр цохичихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Хгийн “...Би гэрээсээ гарч хартал Д гуайн гэрийн үүдэн дээр талийгаачийг Д гуай доороо хийгээд дарчихсан байж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Цэ.Эийн “...Д гуай гартаа мод барьчихсан толгой руу нь нэг удаа цохиж харагдсан. Д гуайн эхнэр нь гэрлүүгээ цаашаа нэг хүрз барьчихсан явж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Тийн “...А нь манай хүргэн бөгөөд миний хамгийн бага дүү Тын нөхөр нь болох хүн байсан юм. А нь байнга шахам архи уудаг байсан бөгөөд эхнэр Т, аав Д, ээж Э нарыг байнга шахам зоддог хүчирхийлэл хийдэг хүн байсан. Би Аэд аав, ээж, дүү нарыг зодуулж байсныг нүдээр хараагүй ч өөрсдийнх нь амнаас зодуулчихсан гэж ярьж байхыг сонсож байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Тын “...Намайг хажуу айлд орчихоод гарч ирэхэд манай нөхөр Аийн нүүр амнаас нь цус гарсан, аав бид 2 зодоон хийчихлээ гээд толгойгоо барьсан яваад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Эгийн “...Аав ээж хоёрыг ирэхэд талийгаач за хаа хүрээд ирж байгаа гуйлгачингууд вэ гэж хэлээд аавынхаас гараад гэртээ ороод эхнэрээ зодоод байхаар нь манай аав гэр ороод боль гээд 2 удаа цохьсон гэсэн. Тэгээд гэрээс нь гараад явж байтал араас нь талийгаач А гарч ирээд хүрзээр цохихоор аав гараараа хаатал гарлуу цохьсон, дахиад далайхаар нь булттал мөрөн дээр цохьсон гэсэн. Тэгэхээр нь аав энэ намайг хүрзээр цохиж байдаг, яахаараа би энэнд зодуулах ёстой юм бэ гэж бодоод эргэж хараад газраас мод аваад нэг удаа цохьчихсон гэсэн. Тэгтэл талийгаач газар уначихаад эргэж босож ирээд ааваа миний буруу уучлаарай гэж хэлээд гэртээ орсон гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч З.Гын “...Ө.А нь ухаангүй, их архи үнэртүүлсэн, биеийн байдал хүндэвтэр, духны хэсгийг хамарсан хавантай, духны хэсэгт шалбархайтай, зүүн талын нүд хөхөрсөн, зүүн шанаа хавдсан, цээжний өвчүүний хэсэгт зулгарсан, доороо шээсэн, хурхирсан, артерийн даралт 110/70, пульс-73, уушги цулцангийн амьсгалтай, хүүхэн харааны рефлекс хариу өгөхгүй өргөн болсон, цочрол өгөхөд сэргэхгүй, дуудаж команд өгөхөд биелүүлэхгүй байсан. А нь ухаангүй байсан. Д гэдэг хүн өөрөө ах нь цохьчихсон юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, Д.Дын цохилтын улмаас хохирогч Ө.Аэд “...гавлын тархины битүү, хүнд, хавсарсан гэмтлүүд, тэдгээрийн хүндрэл болох тархи дарагдалт, уртавтар тархины шаантаглалтын улмаас амьдралын чухал эрхтний төвүүд дарагдан нас барсан...” болохыг нотолсон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хишигмаагийн 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Энэ хэргийн мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул шүүх тэдгээр баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамаарал бүхий талаас нь дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Дын өмгөөлөгч Г.Энхбаяр “Д.Д нь хүргэн Ө.Аэд доромжлуулж, зодуулж, санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ түүнийг сүхний иш модоор цохисон” гэж, өмгөөлөгч М.Алтанчимэг “Д.Д нь өөрийн эрх, эрх чөлөө эрүүл мэндийг хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн” гэж тус тус дүгнэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шүүх хуралдаанд гаргаж байх боловч Д.Д нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өөрийн хүргэн Ө.Аэд хүрзээр цохиулсаны дараа уг хүрзийг эхнэр Ц.Э нь салгаж аваад явж байхад Ц.Вгийн хаяаг шууж байсан сүхний иш модоор талийгаачийн толгойн тус газарт 2 удаа, мөн үүнээс өмнө нь гэртээ байхад нь гараараа толгойн тус газар нь 2 удаа тус тус цохиж хохирогчид гавлын тархины битүү, хүнд хавсарсан гэмтлүүд учруулж амь насыг нь хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 66 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-72/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1516 тоот дүгнэлт, гэрч Ц.В /хх-ийн 28-29/, гэрч А.Д /хх-ийн 30-31/, гэрч Э.Х /хх-ийн 34-35/, гэрч Цэ.Э /хх-ийн 36-37/, гэрч Д.Т /хх-ийн 51-53/ нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдож, өмгөөлөгч нарын санал няцаагдаж байх ба тухайн үед шүүгдэгч Д.Д нь хохирогч Ө.Аэд хүчээр дарлагдсан, хүндээр доромжлогдсон, ойр дотны хүмүүст нь хүнд хор уршиг учирсан, учирч болох байснаас түүний санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчидаж, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон, нөгөө талаар аргагүй хамгаалалт зайлшгүй хийх халдлага тулгарсан, довтолгоон дуусаагүй байхад Д.Д нь өөрийгөө хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн гэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.

 

            Иймд шүүгдэгч  Д.Дыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Д.Дт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ялыг эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Дын цагдан хоригдсон 49 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн хүрз нэг ширхэг, сүхний иш нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Д.Даас хохирогч Ө.Эы шүүх хуралдааны өдрүүдэд ирж  буцахад зарцуулсан бензиний үнэ 402100 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Эд олгох нь үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ө.Э нь хохирогчоор тогтоогдож хэргийн материалтай танилцан, шүүх хуралдаанд оролцохоор Архангай аймагт ирэх үедээ ажлаасаа цалингүй чөлөө авсан талаарх баримт шүүхэд ирээгүй тул түүний нэхэмжлэлийг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжгүй гэж үзэв. 

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                    ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Б овогт Дын Дыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Д.Дыг 10 /арван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Дт оногдуулсан 10 /арван/ жил 01 /нэг/\ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Д.Дын цагдан хоригдсон 49 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Д.Даас 402100 /дөрвөн зуун хоёр мянга нэг зуун/ төгрөг гаргуулан хохирогч Ө.Эд олгосугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн хүрз нэг ширхэг, сүхний иш нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлбөр болмогц устгасугай.

 

            7. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нар нь бусад учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

            9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Р.АЛТАНЦЭЦЭГ

                                               

                                                  ШҮҮГЧИД                                    П.ГАНД

 

                                                                                                       Э.ОДХҮҮ