| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/03646/И |
| Дугаар | 102/ШШ2018/00380 |
| Огноо | 2018-01-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2018/00380
| 2018 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2018/00380 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д.С,
Нэхэмжлэгч: Д.Ц нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Н,
Хариуцагч: Ц.Эн,
Хариуцагч: Ц.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 42 970 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, шударга барьцаалагч болохыг тогтоолгох, барьцааны орон сууцыг эрхийн хязгаарлалтгүйгээр шилжүүлэхийг даалгахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, Д.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.И /үнэмлэх 0155/, хариуцагч С.Н ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, өмгөөлөгч М.И /0487/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2010 оны 09-р сарын 20- ны өдөр Ц.Э-д 15 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд түүний өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр 5 тоотын 40 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-22050164463 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалж, зээлийг хугацаандаа төлөөгүй нөхцөлд 0,5 хувийн алданги төлөхөөр гэрээ хийсэн. Энэ гэрээг 2 удаа сунгаж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл Ц.Э2013 оны 10 сарын 25-ны өдөр нас барсан бөгөөд тэрээр зээл болон хүүг огт төлөөгүй байсан юм. Ц.Э-гийн төрсөн хүүхдүүд болох Ц.Э, Ц.Э, С.Н нар нь эх Ц.Э-гийн орон сууцыг хэн аль нь өвлөж аваагүй учраас зээл болон барьцааны гэрээний дагуу нас барагчийн үүргийг хариуцах этгээд тодорхой биш болж бид хохирсоор байгаа юм. Бидний хувьд зээл болон барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага үүссэн учраас нас барагч Ц.Э-гийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай болсон. Түүний хүүхдүүд нь хууль ёсоор хөрөнгийг нь өвлөн авахыг хүсэхгүй байгаа тул нас барагчийн бидний өмнө хүлээсэн үүргийг хариуцах этгээдийг тодруулах шаардлагатай болоод байна. Нэхэмжлэгч бидний хувьд хууль зүйн мэдлэг дутмагаас болж Ц.Э-гийн барьцаа хөрөнгө болох БГД-ийн 8-р хороо, 4 дүгээр хороолол 16 дугаар байр 5 тоот 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205016463 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээр явсан боловч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахын тулд нас барагчийн үүргийг хариуцах этгээдийг тодорхой болгох шаардлагатай, энэ асуудлаар нэхэмжлэлийн шаардлага байхгүй байна гэж дүгнэж нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Одоогийн байдлаар барьцааны хөрөнгө болох дээрхи орон сууцанд Нямхишиг амьдарч байгаа бөгөөд талийгаач Ц.Э-гийн төрсөн хүүхдүүд нь өв нээгдээд 4 жил болж байхад хэн нь ч өв залгамжлагчийн гэрчилгээ аваагүй байгаа нь /Иргэний хуулийн 528.2-т зааснаар өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг гаргаагүй байх тул/ тэднийг өвөөс татгалзсан гэж үзэх үндэстэй байгаа юм. Уг орон сууцанд одоо амьдарч байгаа С.Н болон төрсөн хүүхдүүдийг нь нас барагчийн бидний өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцах этгээд гэж үзэх үндэслэлтэй юм. Нэхэмжлэгчийн хувьд Ц.Э-тай хийсэн барьцааны гэрээний дагуу эд хөрөнгийн барьцаа нь эд хөрөнгийн эрх ба тухайн эд хөрөнгө хэний ч өмчлөлд шилжсэнээс үл хамааран хүчинтэй байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх Иргэний хуулийн 154.3-т зааснаар бидэнд байгаа болно. Гэхдээ хариуцагч нар нас барагчийн өвийг хүлээн аваагүй, өв залгамжлагчийн эрхийн гэрчилгээ аваагүй ч гэсэн тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа учраас хуулиас үүдэх үүргийг хариуцах этгээд гэж үзэж Иргэний хуулийн 92.1, 157.4, 193.1, 193.2, 194.1-д заасныг үндэслэн Ц.Э-гийн БГД-ийн 8-р хороо, 4 дүгээр хороолол 16 дугаар байр 5 тоот 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү- 2205016463 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалж 2010.09.20-ны өдөр 15 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, гэрээ хийж уг гэрээг 2013.10.20-ны өдөр хүртэл сунгаж зээлдүүлсэн зээлийн гэрээний дагуу зээл, хүү, алдангийг төлөх үүргийг хариуцах этгээдээр Ц.Э, Ц.Э, С.Н нарыг тогтоож, зээлийн барьцаа хөрөнгийг худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжилсэн 23 580 000 төгрөгөөс эхний удаа 5 580 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ: ...Одоогийн байдлаар барьцааны хөрөнгө болох орон сууцыг С.Н С.С, С.М, С.М нар өвлөн авч, өв залгамжлагчийн гэрчилгээ авсан бөгөөд уг орон сууцанд С.Н 2014 оноос амьдарч байгаа юм. Нэхэмжлэгчийн хувьд Ц.Э-тай хийсэн барьцааны гэрээний дагуу эд хөрөнгийн барьцаа хүчинтэй байгаа бөгөөд тухайн эд хөрөнгө хэний ч өмчлөлд шилжсэнээс үл хамааран хүчинтэй байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх Иргэний хуулийн 153.1, 154.3, 154.6-д зааснаар нэхэмжлэгч бидэнд байгаа гэж үзэж байна. Иймд ИХ-ийн 154.3-т зааснаар барьцааны зүйл болох дээрхи орон сууцнаас үүргийн гүйцэтгэлд зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй зээл 15 000 000 төгрөг төлөгдөөгүй хүүний 13 560 000 төгрөг алданги 7 420 000 төгрөг нийт 35 980 000 төгрөгийг гаргуулах, хариуцагч үүнийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол, 16-р байрны 5 тоот 40 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ИХ-ийн 281.1, 282.1, 157.4, 158.3, 169.1, 174.1, 175.-д заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн барьцаанд тавигдсан энэ байр нь Иргэний хуулийн 183.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсвэл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж хуульчлан заасан байдаг. Зээлдүүлэгч Д.С, Д.Ц бид нар барьцааны гэрээ байгуулахдаа барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Э байсан бөгөөд уг гэрчилгээ нь алдаатай, буруу эсэхийг мэдээгүй, буюу мэдэх боломжгүй байсан тул албан ёсны эрх бүхий үл хөдлөх хөрөнгийн газрын гэрчилгээг үнэн зөв гэж итгэж байсан тул Иргэний хуулийн 154.6-д бүрлээч Ц.Э-гийн өмчлөлийн БГД-ийн 8-р хороо,16-р байрны 5 тоот орон сууцны шударга барьцаалагч болохыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү. Иргэний хуулийн 159.5-д барьцааны зүйлийг шударгаар олж авсан этгээдэд барьцааны зүйл эрхийн хязгаарлалгүйгээр шилжинэ гэж хуульчлан заасны дагуу барьцааны зүйлийг шударгаар олж авсан барьцаалагч Д.С, Д.Ц нарын өмчлөлд Баянгол дүүргийн 8-р хороо, 16-р байрны 5 тоот Ү-2205016463 тоот улсын бүртгэлтэй орон сууцыг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр шилжүүлж өгөхийг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч С.Н Ц.Э, Ц.Э нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн өвлөгч С.Н болох нь тодорхой болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С.Н т холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнтэй холбогдуулан Ц.Э, Ц.Э нарыг энэ хэрэгт хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байна ...гэжээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: С.Н ээс 35 980 000 төгрөгийг нэхэмжилж байсан юм. Одоо нэхэмжлэлийн үнийн дүнгээ 6 990 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Нийт үнийн дүнгээ 42 970 000 төгрөг болгож нэхэмжилж байна. Энэ нь зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үнийн дүнгээс 6 990 000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2010 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр Ц.Э-д 15 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэйгээр, зээлийн барьцаанд Ц.Э-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 5 тоот 40 мк 3 өрөө байрыг барьцаалан зээлүүлсэн. 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Ц.Э нь 2011 оны 5 дугаар 19-ний өдөр “мөнгө хэрэгтэй боллоо” гээд дахин уг барьцаагаараа 12 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэй 10 000 000 төгрөгийг зээлсэн. 2010 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн 15 000 000 төгрөгийн зээлээсээ 2011 оны 2 дугаар сарын 24-нд 10 000 000 төгрөгийг төлж, 5 000 000 төгрөгийн зээл үлдсэн. Энэ 5 000 000 төгрөгийг 2011 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр өгөхөөр уг нөхцөлөөрөө зээлийн гэрээг сунгасан боловч дахин 2013 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүртэл зээл, барьцааны гэрээг сунгасан. Эдгээр зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Ц.Э нь эхний зээлийн хувьд 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийт 8 225 000 төгрөгийн хүү төлөхөөс 3 150 000 төгрөгийг төлж, бусад 5 075 000 төгрөгийн хүүг төлөөгүй. 2 дахь зээл болох 2011 оны 5 дугаар 19-ний өдрийн 10 000 000 төгрөгийн зээлээс Ц.Э нь бидэнд мөнгө төлөөгүй ба уг гэрээг 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл дээрх нөхцөлөөрөө сунгуулсан. Энэ гэрээгээр 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс 2013 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүртэл нийт 10 150 000 төгрөгийн хүү төлөхөөс 1 570 000 төгрөгийн хүү төлсөн, үлдэх 8 580 000 төгрөгийг төлөөгүй. Хоёр гэрээний нийт төлөгдөөгүй үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 13 655 000 төгрөг, алданги 14 315 000 төгрөг нийт 42 970 000 төгрөгийг хариуцагч Ц.Н-гээс нэхэмжилж байна. Ц.Н нь 2014 оноос энэ байранд амьдарч байгаа тул барьцааны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, шударга барьцаалагч болохыг тогтоолгох, барьцааны орон сууцыг эрхийн хязгаарлалтгүйгээр нэхэмжлэгч нарт шилжүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагч Ц.Э, Ц.Э нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан хэвээрээ байгаа гэв.
Хариуцагч Ц.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Эдгээр зээлийн гэрээ, барьцааны гэрээ нь Ц.Э болон Д.С, Д.Ц нарын хооронд байгуулагдсан. Гэрээний нэг тал болох Ц.Э нас барсан. Барьцааны гэрээ нь хүчингүй болсон. Үл хөдлөх хөрөнгийг С.Н өөрийн аав н.С-д оногдох хэсгээс бусад өвлөгч нарын хамт өвлөх эрхийн гэрчилгээ авсан, харин үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, С.Н ийн нэр дээр шилжээгүй байгаа. Ц.Э-д оногдох хэсэг нь тогтоогдоогүй, Ц.Э-гийн үүргийг эрх залгамжлагч нь шилжүүлж аваагүй, өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.10-д зааснаар зохигч болох хүн нас барсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй байх тул 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тэгэхээр Ц.Э-д оногдох хэсгийг С.Н өвлөж аваагүй тул түүний үүргийг хариуцахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С, Д.Ц нар нь Ц.Э-тай байгуулсан 2010 оны 09-р сарын 20-ны өдрийн 15 000 000 төгрөгийн зээл, хүү, алдангийг төлөх үүргийг хариуцах этгээдээр Ц.Э, Ц.Э, С.Н нарыг тогтоож, барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хорооллын 16-р байрны 5 тоот 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205016463 дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч нараас 5 580 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг /хх 1-22/ шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нар нь хариуцагч С.Н ээс зээлийн гэрээний үүрэгт 35 980 000 төгрөгийг гаргуулах, хариуцагч үүнийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол, 16-р байрны 5 тоот 40 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө болох орон сууцны шударга барьцаалагч болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгийг ямар нэгэн эрхийн хязгаарлалтгүйгээр нэхэмжлэгч нарт шилжүүлэхийг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэн /хх 99-100/, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан хариуцагч Ц.Э, Ц.Э нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзжээ. /хх 133/
Нэхэмжлэгч нар нь хариуцагч С.Н т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа 6 990 000 төгрөгөөр нэмэгдүүлж /хх 145/ зээлийн гэрээний үүрэгт нийт 42 970 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205016463 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хорооллын 16-р байрны 5 тоот 40 м.кв талбайтай сууцыг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгө болох орон сууцны шударга барьцаалагч болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр нэхэмжлэгч нарт шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ. Шүүх С.Н т холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Э, Ц.Э нарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Д.С, Д.Ц нар нь Ц.Э-тай 2010 оны 09-р сарын 20-ны өдөр Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлэх, улсын бүртгэлийн Ү-22050164463 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хорооллын 16-р байрны 5 тоот 40 м.кв талбай бүхий сууцыг барьцаалахаар тохирсон, 2011 оны 11-р сарын 21-ний өдөр зээлийн гэрээ /нэмэлт гэрээ/ хийж 5 000 000 төгрөгийг өмнөх гэрээний нөхцөлөөр, 2011 оны 05-р сарын 19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ /нэмэлт/ хийж 10 000 000 төгрөгийг өмнөх нөхцөлөөр, 2012 оны 9-р сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээний сунгалт, 2012 оны 6-р сарын 19-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээний сунгалтыг тус тус /хх 23-33/ хийжээ.
Зээлдэгч Ц.Э нь 2013 оны 10-р сарын 25-ны өдөр нас барснаар түүний гүйцэтгээгүй үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хооронд маргаан гарсан байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10-р сарын 31-ний өдрийн 5113 тоот шийдвэрээр С.Н ээс зээлийн гэрээний үүрэгт 42 754 000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.С-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 12-р сарын 22-ны өдрийн 1214 тоот магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн, шийдвэр, магадлал хүчинтэй /хх 120-124/ байна.
Энэ хэргийг шийдвэрлэх үед барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-22050164463 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хорооллын 16-р байрны 5 тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө сууц нь Ц.Э-гийн өмчлөлд бүртгэлтэй /хх 27/ байжээ.
Үүний дараа, нэхэмжлэгч нар нь С.Н С.С нарт холбогдох барьцааны зүйл болох орон сууцны өвлөгчийг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10-р сарын 17-ны өдрийн 05434 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02-р сарын 13-ны өдрийн 456 тоот магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5-р сарын 16-ны өдрийн 00021 тоот тогтоолоор хэвээр /хх 40-43/ үлдээсэн байна.
Ц.Э нь Сүхбаатар дүүргийн 5 дугаартай тойргийн нотариатч Б.Э-гийн олгосон 2009 оны 6-р сарын 9-ний өдрийн 16 дугаартай “Өв залгамжлах эрхийн гэрчилгээ”-ний үндсэн дээр Б.С-гийн өмчлөлийн /хх 88, 110-111/ / орон сууцыг өвлөн авч, улмаар өмчлөгчөөр бүртгэгдсэн байжээ.
Харин нотариатч Б.Э нь Ц.Э-д олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг хүссэн С.С, С.Н С.М, С.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2016 оны 1-р сарын 5-ны өдрийн 000264 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж /хх 38-40, 56-58/ гарсан, өвлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэл болсон Баянгол дүүргийн 8-р хорооны Засаг даргын 2006 оны 12-р сарын 15-ны өдрийн “Б.С нь ам бүл нэг”, 2009 оны 06-р сарын 08-ны өдрийн “гачигдал үнэн тул орон сууцыг Ц.Э-гийн нэр дээр бүртгэж өгөхийг уламжилъя” гэсэн тодорхойлолтуудыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09-р сарын 03-ны өдрийн 514 дүгээр шийдвэрээр хүчингүй /хх 116-117/ болгосон, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08-р сарын 19-ний 583 дугаар шийдвэрээр Ц.Э-гийн нэг хүний өмчөөр бүртгэгдсэн 000076247 тоот гэрчилгээний дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон /хх 44-52/ байна.
Эдгээр маргааныг шийдвэрлэгдсэний дараа Б.С-гийн өмчлөлийн дээрх орон сууцыг түүний хүүхдүүд болох С.С, С.М, С.М, С.Н нарт өвлүүлж 2017 оны 04-р сарын 04-ний өдрийн 005 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгогдсон /хх 87-97/, үүгээр өвлөгч нар Иргэний хуулийн 515-р зүйлийн 515.2, 535-р зүйлийн 535 дугаар зүйлд зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг, өөрөөр хэлбэл, Б.С-гийн гүйцэтгэх үүрэг байгаа тохиолдолд өвлөгч нар өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ.
Харин Ц.Э-гийн хувьд өвлөгдөх эд хөрөнгийн ногдох хэсэг хэн нэгэнд өвлөгдөөгүй, өвийг хүлээн авах талаар хүсэлт гаргасан эсэх, өвлөх эрхээс татгалзсан эсэх нь тодорхойгүй байх ба түүний гүйцэтгэх үүргийг С.Н хүлээхгүй болно.
Нөгөө талаас, өвлөгч С.С, С.М, С.М, С.Н нар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Эдгээрээс дүгнэвэл, нэхэмжлэгч нар нь барьцааны зүйл болох тухайн байрыг С.Н “эзэмшиж, ашиглаж байгаа” гэх үндэслэлээр талийгаач Ц.Э-гийн гүйцэтгэх үүргийг, өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүрэгт нийт 42 970 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205016463 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хорооллын 16-р байрны 5 тоот 40 м.кв талбайтай сууцыг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 154.4 дэх хэсэгт зааснаар Ц.Э-гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8-р хороо, 16-р байрны 5 тоот орон сууцны шударга барьцаалагч болох, 159.5 дахь хэсэгт зааснаар барьцааны сууцыг эрхийн хязгаарлалтгүйгээр шилжүүлж өгөхийг хүссэн шаардлагыг гаргажээ.
Иргэний хуулийн 154-р зүйлд Барьцааны зүйл, 159-р зүйлд Барьцааны зүйлийг худалдах журмыг зохицуулсан бөгөөд эдгээр зохицуулалт нь барьцааны нийтлэг зохицуулалтаас гадна хөдлөх эд хөрөнгийн барьцаатай холбоотой гэж үзнэ.
Харин үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг энэ хуулийн 165-181 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулсан байх ба үүрэг гүйцэтгүүлэгч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар үүргийг хэрхэн дуусгавар болгох, ипотек өмчлөгчид шилжих, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хэрхэн хангах, үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хамгаалах, худалдахыг шаардах, дуудлага худалдаагаар худалдах зэрэг бүхий л зохицуулалт нь үүрэг гүйцэтгүүлэгч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчтэй холбоотой.
Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн буюу Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хорооллын 16-р байрны 5 тоот сууцны өмчлөгч бүртгэгдсэнээр үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх нь тодорхойлогдоно. Шударга барьцаалагч болох, сууцыг эрхийн хязгаарлалтгүйгээр шилжүүлж өгөхийг хүссэн шаардлага үндэслэлгүй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 154-р зүйлийн 154.4, 159-р зүйлийн 159.5, 175-р зүйлийн 175.1, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Н-гээс зээлийн гэрээний үүрэгт 42 970 000 /дөчин хоёр сая есөн зуун далан мянга/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205016463 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хорооллын 16-р байрны 5 тоот 40 м.кв талбайтай сууцыг худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, орон сууцны шударга барьцаалагч болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгийг эрхийн хязгаарлалтгүйгээр шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэгч Д.С, Д.Ц нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь Ц.Э, Ц.Э нарт холбогдох Ц.Э-тай байгуулсан 2010 оны 9-р сарын 20-ны өдрийн 15 000 000 төгрөгийн зээл, хүү, алдангийг төлөх үүргийг хариуцах этгээдээр тогтоож, барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хорооллын 16-р байрны 5 тоот 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205016463 дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч нараас 5 580 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 534 840 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээсүгэй.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА