Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 10

 

­

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгмйн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нэхэмжлэгч: “Монтрак групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:- Д.Э, Ш.Б, Э.Б, Д.Б, С.А, Э.М-нарт холбогдох

            47,620,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК-ийн захирал Н.Уранчимэг, хариуцагч, хариуцагч Д.Э, Ш.Б, Э.Б, Д.Б, С.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Э.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бямба-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай компани Хятад улсын “Дегун” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж 2 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулж Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уул уурхайн машин тоног төхөөрөмжийн худалдаа, засвар, сэлбэг, авто тосны үйлчилгээний нэгдсэн төв нээж ажиллуулах төлөвлөгөөтэй байсан. Дээрх автомашин, тоног төхөөрөмжийн нэгдсэн төв барьж, байгуулах зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах 2500 м.кв газрыг 2014.07.04-ний өдөр иргэн Д.Эгаас 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, №08 дугаартай газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний үндсэн дээр урьдчилгаа 47,000,000 төгрөгийг автомашин оролцуулан газрын нэг эзэмшигч Э.Мод шилжүүлэн өгсөн.

Гэрээний зүйл болох 2500 м.кв газар нь угтаа бүхэлдээ Д.Эгийн эзэмшлийн газар байгаагүй. Ш.Б, Э.Б, Э.М, Д.Б, С.А нарын эзэмшлийн газар байсан. Уг Газар худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56.1.8 дахь заалтад “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Д.Э нь бусад газар эзэмшигчдээс зөвшөөрөл аваагүй, итгэмжлэлгүй хийгдсэн гэрээ байна.

Мөн уг гэрээний зорилго хэрэгжээгүй. Гэрээ ёсоор газрын эрхийг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлэхээр тохиролцсон байсан боловч Д.Э, Э.М нар нь манай компанид уг газрыг шилжүүлэн өгөөгүй. Газар худалдах, худалдан авах гэрээний 1.3, 2.2 дахь хэсгүүдийг зөрчсөн. Уг гэрээний үүргээ зөрчсөний улмаас хөрөнгө оруулагч “Дегун” компани манай компанитай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх гэрээгээ цуцалсан. Үүний улмаас манай компанид багагүй хэмжээний хохирол учирсан.

Д.Э, Э.М нар нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр гэрээний төлбөр 47,000,000 төгрөгөөр хөрөнгөжсөн байна.

Хөрөнгө оруулагч компанийн шаардлагаар компанийн ажилтан Б.Болдбаатар, У.Оюунболд нарт итгэмжлэл өгч газраа шилжүүлэн авахаар уг газрын байршил дахь нотариатаар нэр шилжүүлэх үйлдэл хийлгэх хуулийн шаардлагын дагуу 3 удаа, мөн захирал Н.Уранчимэг 2 удаа Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очиход Э.М нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр утсаа аваагүй, ирээгүй, газрыг шилжүүлэн өгөөгүй болно. Ингэж очиход нийт 620,000 төгрөгийн зардал гарсныг нэмж нэхэмжилж байна” гэжээ.

Нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлага тодруулж гаргахдаа: “..Манай компани Хятад улсын “Дегун” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж 2 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулж Өмнөговь аймгийн Цогтцэций суманд уул уурхайн машин тоног төхөөрөмжийн худалдаа, засвар, сэлбэг, авто тосны үйлчилгээний нэгдсэн төв нээж ажиллуулах төлөвлөгөөтэй байсан. Дээрх автомашин, тоног төхөөрөмжийн нэгдсэн төв барьж, байгуулах зорилгоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд газар авах анхны яриа, манга шилжүүлсэн асуудал 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөгийг хүлээлгэн өгснөөр эхэлсэн. Хавтаст хэргээс харахад Бтой газар зарах авах асуудал ярьж байх үед буюу 2012 оны 12 сард зөвхөн 2 айлын газар буюу Д.Эд 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр олгогдсон гэрчилгээ, Ш.Бод 2012 оны 11 дүгээр сарын 25 өдөр олгогдсон гэрчилгээ байжээ. С.А, Э.Б, мөнгө авсан Б, М нарын нэр дээр газрын гэрчилгээ гараагүй байжээ. Тэгэхээр дээрх хүмүүс газар эзэмших эрхгүй байж газар зарах талаар ярилцаж байжээ гэдэг нь тодорхой байна. Газар авах асуудал үргэлжилсээр 2014 оны 07дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.Этай нэр бүхий 6 иргэний газрыг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, №08 дугаартай Газар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахаас өмнө Б М нарт өгсөн 8.000.000 төгрөг дээр нэмж 17,000,000 төгрөгийг Мын дансруу шилжүүлсэн, 7,000,000 төгрөгийг бэлнээр, 15,000,000 төгрөгт автомашин оролцуулан газрын нэг эзэмшигч Э.Мод шилжүүлэн өгсөн. Нийт 47,000,000 төгрөгийн тооцоо хийсэн. Үлдэгдэл 3,000,000 төгрөгийг гэрчилгээ гарсны дараа өгөхөөр тохиролцсон.

Гэрээний зүйл болох 3000 м.кв газар нь угтаа бүхэлдээ Д.Эгийн эзэмшлийн газар байгаагүй. Ш.Б, Э.Б, Э.М, Д.Б, С.А нарын эзэмшлийн газар байсан. 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад “... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Д.Э нь бусад газар эзэмшигчдээс зөвшөөрөл аваагүй, итгэмжлэлгүй хийгдсэн гэрээ байна.

Гэрээ ёсоор газрын эрхийг 2014 оны 07 сарын 31-ний өдрийн дотор шилжүүлэхээр тохиролцсон байсан боловч Д.Э, Э.М, Д.Б, С.А, Э.Б, Ш.Б нар нь манай компанид уг газрыг шилжүүлэн өгөөгүй. Газар эзэмших өмчлөх эрх шилжүүлэх талаар ямар нэг идэвхтэй үйлдэл хийгээгүй.

Компанийн ажилтан Б.Болдбаатар, У.Оюунболор нарт итгэмжлэл өгөн газраа шилжүүлэн авахаар уг газрын байршил очин “Гэрээг хууль ёсны болгох, нэр шилжүүлэх үйлдэл хийх гэж хуулийн 3 удаа, мөн захирал Н.Уранчимэг 2 удаа Өмнөговь аймгийн Цогтцэций суманд очиход Э.М нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр утасаа аваагүй, ирээгүй, газрыг шилжүүлэн өгөөгүй болно. Ингэж очиход нийт 620 000 төгрөгийн зардал гарсан тул ИХ-ийн 56.6аар нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Иймд 1. 2014 оны 07 сарын 04-ний өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан ”Хүчин төгөлдөр бус хэлцэл тул Хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өгсөн 47.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг нь төлөх үүрэгтэй дэх хэсэгт заасны дагуу Д.Э, Э.М, Д.Б, С.А, Э.Б, Ш.Б нараас гаргуулж өгнө үү.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар Уг хүчин төгөлдөр хэлцлийн улмаас манай талаас гарсан зардал болох 620.000 төгрөгийг хариуцагч нараас гаргаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК-ийн захирал Н.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажлын байр бий болгох, гадаадын хөрөнгө оруулалтыг хийж, ажил болгохоор анх гадаадын компанийн санаачлагаар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд газар авахаар газар хайсан. Ингээд өөрийн нэгэн танилаар дамжуулан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэст дарга ажилтай Б гэдэг хүнтэй уулзаад газар худалдан авах саналаа хэлсэн. Б гэдэг хүн бидэнд газар олж өгье өө, энэ талаар бүтээж өгч болно гэж ярьсан. Б гуай газар олж өгнө, бидэнд газар зарна гэсэн учраас бид нар 2012 оны сүүлээр гадаадын компанитай “...газрыг нь манай компани олъё, танай компани хөрөнгө оруулалтыг хий...” гэж харилцан тохиролцож, 2013 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингээд Б гуайтай 50,000,000 төгрөгөөр газар худалдаж авахаар ярилцсан учраас баталгаа  болгож, 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөгийг өгсөн. Гэрээний дагуу Б гуайгаас удаа дараалан газрын гэрчилгээ, бусад бичиг баримтуудыг шаардаж, олон удаа ярьж, уулзаж байсан. Тэгэхэд Б гуай “би удахгүй гаргуулаад өгнө, тэрэнд бүү санаа зов, би энэ газрын цагдаагийн даргын хувьд надад тийм эрх мэдэл байгаа” гэж хэлсэн. Б гуайтай Улаанбаатар хотод манай компани дээр уулзаж байсан нь манай камерийн бичлэгт ч байгаа. Ингээд газрын гэрчилгээ гарсан гэдгийг Б гуай хэлсэн. 2014 оны 07 дугаар сард дахин уулзахад “..би төрийн байгууллагад ажилтай хүн учраас тэр болгон бизнес, мөнгө төгрөгийн асуудалд оролцоод явж болохгүй байна. Эхнэр болон хүргэн гэж хэлж байсан шиг санаж байна Э, М нарыг явуулъя” гэсэн. 2014 оны 07 дугаар сард компанийн төв оффист Э ирж уулзсан. Газрын гэрчилгээнүүдийг үзүүлээд 60,000,000 төгрөгөөр зармаар байна гэсэн. Бид 60,000,000 төгрөгөөр худалдан авах боломжгүй Б гуайтай 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байсан тул  50,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж Этай гэрээ байгуулсан. Гэтэл Э нь бусад газар эзэмшигч нараас итгэмжлэл аваагүй байсан тул нотариатчийн зөвлөснөөр газар эзэмшигч нараар итгэмжлэлүүдийг хийлгэн Мтой Газар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Дээрх гэрээг байгуулахаас өмнө манай компаниас 3,000,000, 5,000,000 төгрөг өгсөн байсан тул Мтой гэрээ байгуулсан өдрөө буюу 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Мын голомт банкны 1505017420 тоот дансанд 17,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Ингээд 17,000,000 төгрөг өгөөд өмнө нь өгсөн 8,000,000 төгрөгтэй нийлээд гэрээгээр тохирсон 50,000,000 төгрөгийн чинь 50% нь болж байна гэж хэлсэн. Удалгүй Б гуай аав, ээж хоёрын нэг нь нас барсан гэж ирж уулзсан. Би өөрт нь буяны ажилд зориулж 200,000 төгрөгийг өгсөн. Б гуай хариуд нь “..газар шилжилт болоогүй байна, үлдэгдэл 50%-аа надад өгөх боломж байна уу, намайг бас харилцан ойлгооч ээ, та нар цаашид тэнд үйл ажиллагаа явуулах юм чинь ер нь би цагдаагийн хэрэг маргаан янз бүрийн асуудлыг чинь хариуцаж, хамтарч ажиллаж болно. Би цаашид энэ бизнесийн ажилд оролцож, хүнд машин механизмын дугуй зармаар байна” гэсэн зүйлүүдийг ярьж байсан. Ингээд Б гуайг гуйгаад байхаар нь дөнгөж худалдаж авсан байсан Тоёото коралло маркийн машиныг 15,000,000 төгрөгт тооцож, 2014 оны 08 дугаар сарын 28-нд автомашин болон 7,000,000 төгрөгийг компанийн кассаас бэлнээр гаргаж Мод хүлээлгэж өгсөн. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан байгаа. Ингээд гэрээний дагуу шилжүүлсэн үнэ нийт 47,000,000 төгрөг болсон. Үүний дараа бид Б гуайтай уулзаж “Та хурдан яаралтай энэ газрын гэрчилгээг шилжүүлээд өгөөч ээ, бид гадаадын хөрөнгө оруулалт хийх гол учир нь газар өөрөө “Монтрак групп” ХХК-ийн нэр дээр байх ёстой юм. Монгол талаас газрыг гаргана. Хөрөнгө оруулалтыг Хятадын компаниас гаргах юм” гэсэн учир байдлаа хэлсэн. За удахгүй шилжүүлнэ гээд явсан. Үүнээс хойш удаа дараалан М руу маш олон удаа газраа шилжүүлээд өгөөч ээ гэж ярьж, хэлж байсан. Оюунболор гэдэг компанийн менежер ажилтай хүнд нотариатаар гэрээ хийгээд шилжүүлэх ажлыг даалгаад явуулж байсан. Мөн Цогтцэций суманд сэлбэгийн худалдаа хийдэг Болдбаатарт ч итгэмжлэл олгож явуулж байсан. Манай компани энэ газрыг шилжүүлж авахаар тухайн газрын хэмжилтийг хийсэн, газар дээр зураг гаргасан зэрэг зардлуудыг нэхэмжлээгүй. Ер нь Б гуайн төрийн албыг ашиглаж, хууль бус хийсэн үйлдлүүдийг яривал бид олон газар тухайлбал, ёс зүй хороонд нь хандвал хандах байсан. Бид харин хүн чанар гаргасан. Энэ мөнгө төгрөгөө нэхэмжилж явснаас хойш 5-6 жил явж байна. Хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж, манай хохирлыг барагдуулж, энэ хүмүүст бэлнээр өгсөн 47,000,000 төгрөг, түүн дээр зөвхөн нэг, хоёр удаагийн явсан зардал болох 620,000 төгрөг, нийтдээ 47,620,000 төгрөгийг Моос гаргуулж өгөөч ээ гэж хүсэж байна.

Э.Мтой 2014 оны 07 дугаар сарын 07-нд байгуулсан Газар худалдах, худалдан авах гэрээний 1.3, 2.2 дахь хэсэгт заасан заалтуудыг хариуцагч нар зөрчсөн учраас манай компани газар худалдан авахаа больсон. Гадаадын хөрөнгө оруулалт хийх компани хамтран ажиллах гэрээнээс татгалзсан учраас үүнтэй холбоотой хохирлууд гарсан. Тухайлбал, газрын зураг гаргасан, хэмжилт хийсэн, олон удаа явсан, олон өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч авсан, тэр болгонд хөлс төлсөн гээд хохирлууд бол маш их байгаа. Тэр бүгдийг тооцохгүй, үндсэн 47,000,000 төгрөг, түүн дээр миний замын зардал болон Оюунболорын явсан замын зардлууд нэмэгдээд нийт 47,620,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү” гэв.

          Хариуцагч, хариуцагч Д.Э, Ш.Б, Э.Б, Д.Б, С.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“...Монтрак групп” ХХК-ийн нэхэмжлэлд 1. Ш.Б, Д.Э нараас анх газар худалдан авах асуудал яригдаж байх үед С.А, Э.Б, Д.Б, Э.М нарын газрын гэрчилгээ гараагүй байсан гэж тайлбар өгсөн бөгөөд энэ 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр анх гэрээ хийх үед гэрчилгээ нь гарсан байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн батлагдаж байгаа. 2. Газар худалдах худалдан авах гэрээг Э.Мтой хийсэн баримтууд нь хавтаст хэргийн материалд бүх хүмүүсийн итгэмжлэлийн хамт нотлох баримтаар авагдсан байхад Д.Этай гэрээ хийгдсэн гэж худал гүтгэж байна. 3. Дээрх гэрээ нь 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Э.Мын нэр дээр хийгдсэн байхад Д.Этай гэрээ хийгдсэн гэж удаа дараа гүтгэж шүүхийн ажлыг илт санаатай удаашруулж байгаа нь харагдаж байна. Энэ хавтаст хэргийн материалд хавсаргасан байгаа. 4. Компанийн ажилтан Болдбаатар нь нэг удаа ирэхдээ өөрийнхөө нэрийг компанийн итгэмжилсэн төлөөлөгч болохоо нотариатаар баталгаажуулаагүй ирсэн бөгөөд өөрөө итгэмжлэлээ хийлгээд эргээд ирнэ гэж хэлээд явсан бөгөөд үүнээс хойш огт холбогдоогүй ирээгүй сураг тасарсан болно. 5. Мөн компанийн захирал Н.Уранчимэг нь газар шилжүүлэх гэж Цогтцэций суманд огт ирээгүй, харин өөрсдийнх нь ярьж байгаагаар Гашуун сухайт боомт орчим Цагаанхад, Цогтцэций сумыг судлахаар ирсэн, мөн бараа орж ирнэ түүнийгээ тосож авахаар ирж очиж явсан гэж байсан бөгөөд мөн газар шилжүүлэх талаар хэнтэй ч юу ч яриагүй явчхаад энэ асуудлыг хөөцөлдөж 2 удаа очсон 620.000 төгрөгийн зардал гарсан гэж худал ярьж байна. Захирал Уранчимэгтэй Э.М миний бие утсаар холбогдох гэж зөндөө удаа залгасан бөгөөд нэг бол утсаа авахгүй байдаг, нэг бол эргээд ярина залгана гэж хэлээд огт ярьдаггүй хүн юм. Мөн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаггүй зочид буудлын бичиг баримтыг бүрдүүлж хавтаст хэрэгт өгсөн зэргээс харахад хуурамч бичиг баримт бүрдүүлж гүтгэж байгаагийн хэлбэр гэж бид ойлгож байна.” гэжээ.

Хариуцагч, хариуцагч Д.Э, Ш.Б, Э.Б, Д.Б, С.А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч  Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хийсэн гэрээ хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байна. Иймд гэрээг хүчин төгөлдрөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Уг гэрээнд Хятад компанийг дурдаж, надад үүрэг, хариуцлага оногдуулаагүй байгаа. Гэрээнийхээ дагуу нотлох баримттай хэргийг шийдвэрлүүлмээр байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүхэд нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК нь Д.Этай байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар худалдах, худалдан авах гэрээ” /хүчин төгөлдөр бус хэлцэл/-ний дагуу өгсөн 47,000,000 төгрөг, ирж очих замын зардал 620,000 төгрөг, нийт 47,620,000 төгрөгийг хариуцагч Д.Э, Э.М, Д.Б, С.А, Э.Б, Ш.Б нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Харин хариуцагч Д.Э, Э.М, Д.Б, С.А, Э.Б, Ш.Б нар нь “Монтрак групп” ХХК, Э.М нарын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж буй татгалзлаа тус тус өөрөө нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй байна. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөвд тооцон үнэлж хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

“Монтрак групп” ХХК, хариуцагч Д.Э нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 08 дугаартай “Газар худалдах, худалдан авах гэрээ” /Ш.Б, Д.Э, Э.М, Д.Б, С.А, Э.Б нарын өмчлөлийн газрыг/-г байгуулж, нотариатаар баталгаажуулжээ. /1 дүгээр хх-ийн 5-6 дугаар хуудас/

Мөн “Монтрак групп” ХХК, хариуцагч Э.М нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 18 дугаартай “Газар худалдах, худалдан авах гэрээ” /Ш.Б, Д.Э, Э.М, Д.Б, С.А, Э.Б нарын өмчлөлийн газрыг/-г, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус гэрээний Хавсралт 1-ийг тус тус байгуулж, нотариатаар баталгаажуулсан баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байна. /1 дүгээр хх-ийн 9-10, 233-234 дүгээр хуудас/

 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус гэж заасны дагуу Д.Э нь 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 08 дугаартай “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулахдаа Ш.Б, Э.М, Д.Б, С.А, Э.Б нарын газар худалдан борлуулах зөвшөөрлийг аваагүй байхдаа хийсэн гэрээ тул анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан болохыг зохигч нар хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй байна.

“Монтрак групп” ХХК, хариуцагч Д.Э нарын хооронд байгуулагдсан  2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай “Газар худалдах, худалдан авах гэрээ” /Ш.Б, Д.Э, Э.М, Д.Б, С.А, Э.Б нарын өмчлөлийн газрыг/-г хүчин төгөлдөр бус болохыг талууд хүлээн зөвшөөрч, тус гэрээг хүчингүйд тооцон, 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Ш.Б, Д.Э, Д.Б, С.А, Э.Б нар нь өөрсдийн өмчлөлийн газрыг худалдан борлуулах итгэмжлэлийг тус бүр Э.Мод олгож /1 дүгээр хх-ийн 86-90 дүгээр хуудас/, дээрх итгэмжлэлийн дагуу “Монтрак групп” ХХК, хариуцагч Э.М нар нь 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 18 дугаартай “Газар худалдах, худалдан авах гэрээ” /Ш.Б, Д.Э, Э.М, Д.Б, С.А, Э.Б нарын өмчлөлийн газрыг/-г байгуулж, нотариатаар баталгаажуулсан талаар талууд шүүх хуралдаанд тайлбарлаж байна.  

Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай “Газар худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлаж, тус хэлцлийн улмаас өгсөн 47,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

“Монтрак групп” ХХК-иас бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн баримтад “Шарав овогтой Б /РД:НЭ63113096/-ын нэр дээрх Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв Цэцийн уул 19-17 тоотод байрлах /Гэрчилгээний дугаар:000181078, Г-1114001213/ түүний өмчлөлийн 500 м2 газрыг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба түүний урьдчилгаа төлбөрт 3,000,000 /гурван сая/ төгрөгийг Бын эхнэрийн төрсөн дүү болох Доржжанцан овогтой Бд хүлээлгэн өгсөн нь үнэн болно” гэж, 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн баримтад “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 4 айлын газар худалдах худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 5,000,000 сая төгрөгийг Э.Мод өгсөн болно” гэж бичиж тэмдэглэн тус тус нотариатаар баталгаажуулсан байна. /1 дүгээр хх-ийн 7-8 дугаар хуудас/

Зохигчид нь 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 18 дугаартай “Газар худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд өмнө нь шилжүүлэн өгсөн 8,000,000 төгрөгийг урьдчилгаанд /1 дүгээр хх-ийн 7-8 дугаар хуудас/, 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Э.Мын ХААН банкны 2022319811 тоот дансанд 17,000,000 төгрөг /1 дүгээр хх-ийн 80 дугаар хуудас/,  2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус гэрээний Хавсралт 1-ийн 2.1 дэх хэсэгт зааснаар 15,000,000 төгрөгөөр тохиролцон 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Тоёота маркийн 96-70 УНД улсын дугаартай автомашиныг, мөн бэлнээр 7,000,000 төгрөгийг /1 дүгээр хх-ийн 9-10 дугаар хуудас/ тус тус Э.Мод шилжүүлсэн талаар шүүх хуралдаан дээр хэн аль нь тайлбарлаж байна.

Дээрх баримт, тайлбараас харахад нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК нь Д.Этай байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай “Газар худалдах, худалдан авах гэрээ”-ний 4.3 дахь хэсэгт “Төлбөрийг худалдагч Д.Эгийн ХААН банкны 5022359059 тоот дансаар шилжүүлнэ” гэж төлбөр тооцоо хийх үүргийг зохицуулсан заалтын дагуу 47,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 118 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргаагүй шаардлага, үндэслэлийн талаар шүүх дүгнэлт хийх эрхгүйн зэрэгцээ шаардлагын үндэслэл, зүйлээс өөр үндэслэл, зүйлийг шийдвэрлэх, шаардлагын хэмжээнээс илүү хэмжээгээр шийдвэр гаргах эрх шүүхэд байхгүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан “Монтрак групп” ХХК, Д.Э нарын хооронд байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай “Газар худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт шилжүүлсэн 47,000,000 төгрөг, ирж очих замын зардал 620,000 төгрөг, нийт 47,620,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хариуцагч нар нь “Монтрак групп” ХХК, Э.М нарын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан 18 дугаартай “Газар худалдах, худалдан авах гэрээ”, тус гэрээний дагуу 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний хавсралт 1-г хүчин төгөлдөр гэрээ тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа хэдий ч тус гэрээний талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

“Монтрак групп” ХХК нь газар худалдах, худалдан авах гэрээтэй холбогдуулан хариуцагч нартай уулзахаар Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сум хүртэл ирж очих замын зардал 620,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн зочид буудалд байрласан хөлс 200,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шатахуун авсан 180,000 төгрөг, 200,000 төгрөгийн баримтуудыг хэрэгт хавсаргасан байна /1 дүгээр хх-ийн 75-77 дугаар хуудас/. Гэвч эдгээр баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаартай “Газар худалдах, худалдан авах гэрээ”-тэй холбогдон гарсан зардал болох нь нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан 47,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. “Монтрак групп” ХХК, Д.Э нарын байгуулсан 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Газар худалдах, худалдан авах гэрээ” /хүчин төгөлдөр бус хэлцэл/-ний дагуу өгсөн 47,000,000 төгрөг, ирж очих замын зардал 620,000 төгрөг, нийт 47,620,000 төгрөг гаргуулах тухай “Монтрак групп” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.4-д зааснаар нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 396,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ӨЛЗИЙ-ОТГОН