| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2017/0081/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/46 |
| Огноо | 2017-02-01 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2017/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Н.О- нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Н.О-од холбогдох эрүүгийн 201622000745 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.О-,
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/ Шүүгдэгч Н.О- нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний орой согтуугаар эгч Д.Б-ийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.О- нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний орой согтуугаар эгч Д.Б-ийг зодож бие махбодид тархи доргилт, баруун зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Н.О-ын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: … 2016 оны 12 дугаар сарын 04-ний орой 19 цагийн орчим болов уу сайн санахгүй байна. Би аавын төрсөн эгч Д-ынд согтуу унтах гэж очиход Д- эгчийн охин Д.Б- намайг согтуу ирлээ архи уулаа гэж загнахаар нь би урдаас нь хэрэлдэж маргалдсан. Тухайн өдөр нь би найз нартайгаа архи ууж согтсон болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Нэг ухаан ороход миний толгойноос цус гарчихсан хүргэн ах М- гартаа чулуу барьчихсан зогсож байсан. Миний төрсөн ах Б- энэ үеэр ирээд намайг салгаж айлд аваачаад унтуулсан. Би Д.Б- эгчийг сандлаар цохисноо мэдэхгүй байна. Өөрөө болохоор намайг цохисон гээд хэлээд байгаа юм гэх мэдүүлэг /ххийн 20-24-р хуудас/,
Хохирогч Д.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: Би 2016 оны 12 дугаар сарын 04-ний орой 19 цагийн орчим сумын төвд би гэртээ хүүхдүүдийн хамт байхад ээжийг дүүгийн хүүхэд Н.О- согтуу орж ирэхээр нь Н.О-ыг загнаж чи гэр оронд согтуу ирлээ байнга согтуу байдаг юм гэж загнахад Н.О- сандал авч миний толгой руу 1 удаа цохиж, энгэрээс заамдаж цохих гэж занал хийлсэн, нөхрийг гаднаас орж ирэхэд ална шүү гэж хутга барьж дайрсан. Би гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 668 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Д-ын Д.Б-ийн биед гэмтэл тогтоогдлоо. Д-ын Д.Б-ийн биед тархи доргилт, баруун зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Н.О-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.О-ыг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болно гэх ба улсын яллагч шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн заалт байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.О- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24-р хуудас/-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 201622000745 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294- 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н.О-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Н.О-од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн 201622000745 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус, тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-од урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН