Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 06

 

Х.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Я.Дина, шүүгдэгч Х.Б, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Б-д холбогдох эрүүгийн 1935000160003 дугаартай хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 08-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн 8-14 тоотод оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсгүүдэд зааснаар 5 сар баривчлах, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, регистрийн дугаар ОЮ92080813, Б овогт Х-ын Б.

Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 9 дүгээр сарын дундуур Улаангом сумын 10 дугаар багийн нутагт хохирогч Ч.Эрдэнэчимэгийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн согтуугаар 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Улаангом сумын 10 дугаар багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ч.Э-гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Х-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоол гарсныг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл гаргаж байна.

...Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолыг хэргийн оролцогч нарт гардуулахдаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй хэмээн бичиж хэргийн оролцогчдод болон талуудад шийтгэх тогтоолыг гардуулжээ.

Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд буюу 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр уншсан, гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтэй зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг, гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй буюу шүүгдэгч Х.Б-д 30 цаг илүү нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн шийтгэх тогтоол гаргаж, хэргийн оролцогчдод гардуулсан байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дэх хэсэгт заасан “...шүүх хуралдаанд уншиж, сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй”, 39.8 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэг “...анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгтэй зөрүүтэй бол” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна.

 

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Х.Б нь 2018 оны 9 дүгээр сарын дундуур болон 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр тус тус Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагч Ч.Э-т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Э, гэрч Ч.Н, А.О, Б.Х, П.С, Х.Б нарын мэдүүлэг, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 67, 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 105 дугаартай дүгнэлт зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Х.Б нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Ч.Э-гийг удаа дараа зодож, биед нь гэмтэл учруулж, байнгын шинжтэй бие махбодын хүчирхийлэл үйлдэж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ” гэмт хэрэг үйлдснээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн Х.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Прокурорын “Х.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүгч шийтгэх тогтоол уншиж сонсгохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Гэтэл хэргийн оролцогч нарт гардуулсан шийтгэх тогтоолд Х.Бд дөрвөн зуун наян цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тогтоол гардуулсан. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг нь хэргийн оролцогчдод гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй гарсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү“ гэх эсэргүүцлийг үндэслэн нотлох баримтуудыг шинжлэн судалвал:

Анхан шатны шүүх Х.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр прокурорын хүсэлтээр шинжлэн судалсан анхан шатны шүүхийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр нотлогдож байна.

Харин шүүхээс Х.Б-д холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг бичгээр үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснээр үйлдсэн, өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь бичгээр үйлдэж талууд, оролцогчдод гардуулсан шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй гарчээ.

Анхан шатны шүүх Х.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнд 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн шийтгэх тогтоолыг уншиж сонсгосон нь нотлогдож байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно” гэж зааснаар уг шийтгэх тогтоолыг хүчинтэй гэж үзнэ.   

Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосны дараа  өөрчлөх эрхгүй бөгөөд Х.Бд холбогдох хэргийн шүүх хуралдаанд уншиж сонгосон шийдвэрийн тогтоох хэсэг талууд, оролцогчдод гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудлыг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл  зөвтгөн өөрчлөхөөр хуульчилсан ба Х.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн гаргасан дээрхи алдааг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр  өөрчлөх үндэслэлтэй байна.

Иймд энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 04-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтын “дөрвөн зуун наян цаг нийтэд тустай ажил хийлгэх ял” гэснийг “дөрвөн зуун тавин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                           Л.АЛТАН

 

                                                                                    Н.МӨНХЖАРГАЛ