Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2018/00032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б.А-ын нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: О.М-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.А миний бие 1998 онд О.М-тай танилцаж, улмаар 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2006 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр охин А.Б төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2013 оноос сал тус тусдаа амьдрах болсон. Эхнэр О.М нь сурч, ажиллахаар 2013 онд АНУ руу явж тэрнээс хойш харилцаагүй байсаар байгаад хоёр тийш болохоор шийдсэн. Охин маань О.М-гийн аав, ээж дээр өсч, торнисон. Одоо хамт амьдрах боломжгүй, тус тусын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охиноо эхийн асрамжид үлдээнэ. Эд хөрөнгийн маргаан байхгүй, эвлэрэх боломжгүй гэв.

 

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Энэ хоёрын буцаад нийлэх байх гэж харсан ч салахаар шийдсэн гэж охин маань ярьсан. Иймд гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авна гэсэн. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Б.Ааас хүүхдийн тэтэглэг гаргуулахгүй гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

               Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч О.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна.

 

              Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ”, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсний дагуу гэрлэлт цуцлуулахаар шаарджээ.

 

              Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Б.А, хариуцагч О.М нар 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсноо 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 529 дугаарт бүртгүүлсэн нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин А.Б нь 2006 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн болох нь 0226208 Г-2000 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

            Гэрлэгчид нь 2013 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэж тайлбарласан, шүүхээс эвлэрэх хугацаа олгосон ч хариуцагч нь АНУ-д амьдардаг, эвлэрэх ажиллагаа явагдах боломжгүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэж шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

 

            Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тусдаа амьдарсан үеэс охин А.Б нь эхийн болон нагац өвөө, эмээгийн асрамжид байсан, охиноо эхийн асрамжид үлдээхийг нэхэмжлэгч зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан охин А.Б-г  эх О.М-гийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Хариуцагч нь хүүхдийн тэтгэлгийн гаргуулахгүй, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь заалтыг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч А.Б, хариуцагч О.М нарын гэрлэлтийг цуцалсугай.          

 

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2006 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин А.Б-г эх О.М-гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй  гэснийг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.           

 

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ