Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1572

 

 

 

2018          11           20                                      2018/ШЦТ/1572

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа, Улсын яллагч А.Сайнбаяр, Хохирогч С.З,

Шүүгдэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Дд холбогдох эрүүгийн 1806 07106 1791 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Д нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 24  дүгээр хороо Хоршооллын 2-1  тоотод байрлаж байхдаа иргэн С.Зийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлсан гэмт хэрэгт   холбогджээ.                                                                                                    /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Ч.Д нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч С.Зийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Манай дүү Эрдэнэт хотоос Дг авч ирсэн юм. 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр би эмнэлгээс гарсан. Тэр өдөр манай охин Анагаахын шинжлэх ухааны их сургуульд сурч байгаа болохоор надаас миний нөүтбүүк хаана байна, би

 

бие даалтаа хийх гэсэн юм гээд гэр дотроос нөүтбүүкээ хайгаад олоогүй. Тэгтэл манай ээж Ишхүүгийн Ланзмаа нь 8 дугаар сарын 17-ны өдөр Д гэх залуу согтуу орж ирээд удалгүй гараад явсан гэж хэлсэн. Тэгээд холбогдох гээд огт чадахгүй байсаар өдийг хүрлээ гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

 

Гэрч И.Лханзмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 8 дугаар сарын 16-ны орой 8-9 цагийн хооронд Ч.Д гэх залуу нь согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Төд удалгүй 30 минутын дараа өөрийн эд зүйлээ бөөгнүүлж аваад гарах шиг болсон. Миний хараа муу болохоор яг юу авч гарсныг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх- ийн 8/,

 

"Дамно" ХХК-ийн хохирлын үнэлгээ тогтоосон 2018 оны 09 дүгээр сарын 21- ний өдрийн Б31-18-1098 дугаартай:

“Acer” брэндийн зөөврийн комьпютер 2018 оны 08 сарын 17-ны өдрийн байдлаар 960.000 төгрөгийн үнэтэй гэх үнэлгээний тайлан /хх-ийн 17-18/,

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3/ Шүүгдэгч Ч.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Ээжээс нь Түдэвдагва хэзээ ирэх, мөнгө олсон эсэх талаар асуухад ээж нь

би мэдэхгүй байна. Холбогдоогүй байна гэж хэлэхээр нь миний уур хүрээд өөрийн цүнхтэй хувцасаа аваад гарах гэж байтал миний цүнхний хажууд хар өнгийн цүнхтэй нөүтбүүк байсан. Тэгэхээр нь би нөүтбүүкийг нь авч гараад замд тааралдсан танихгүй хүнд 180.000 төгрөгөөр зарсан. Тэр орой нь хямдхан буудалд орж унтчихаад маргааш өдөр нь 13 цагийн үед хот хооронд явдаг автобусны вокзал дээрээс автобусанд суугаад явсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэх мэдүүлэг /хх-ийн 12/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Ч.Дгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, хорооны тодорхойлолт /хх-ийн 15, 36/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Д нь 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Хоршооллын 2-1 тоотод байрлаж байхдаа иргэн С.Зийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын

 

мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Ч.Д нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Ч.Дг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх шүүгдэгч Ч.Дд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Шүүгдэгч Ч.Д нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлж барагдуулаагүй байх учир хөрөнгийн үнэлгээний тайланд заасан үнээр хохиролыг тооцон шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8,

36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

  1. Шүүгдэгч Б овогт Чын Дг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дг гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Дд оногдуулсан гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.
 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Ч.Д нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дгаас 960.000 төгрөг гаргуулж хохирогч С.З /РД:ФМ72040301, Баянзүрх дүүрэг, 24-р хороо, Хоршооллын 2-1 тоот/- д олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ