Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2018/00078

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д.Э-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Г.Г-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э миний бие Г.Гтэй 1993 онд гэр бүл болж, 1994 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 450 дугаар баталгаагаар гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ хугацаанд 2 хүүтэй болсон. Том хүү Э.Т 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. Одоо 23 настай, эхнэр авч тусдаа гарсан. Бага хүү Э.М 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн. Одоо 9 настай. Г.Г бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2016 оны 6 дугаар сараас 1 жил 6 сарын хугацаанд тусдаа амьдарч байна. Хүү Э.М нь бид хоёрын дунд ирж очиж байдаг. Одоо бид эргээд хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Хүү Э.М-г эхийн асрамжид үлдээхээр тохиролцсон. Эд хөрөнгийн асуудлаа тохиролцоод шийдвэрлэсэн тул шүүхээр шийдвэрлүүлэх хөрөнгийн маргаан байхгүй. Би удаан хугацаагаар гадагшаа явж байгаа тул эвлэрэх хугацаа авахгүйгээр яаралтай гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэв.

   Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Д.Этэй ярилцаад гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Хүү Э.М-г өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Эцэг нь тэртээ тэргүй хүүхэддээ тусалж дэмждэг тул бид хоёр ярилцаад тэтгэлэг гаргуулахгүй гэж шийдсэн. Шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Г.Гд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   Хариуцагч нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийг өөрийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна.

   Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ”, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсний дагуу гэрлэлт цуцлуулахаар шаарджээ.

   Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

   Нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Г.Г нар нь 1993 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсноо 1994 оны 11 дүгээр арын 16-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 450 дугаарт бүртгүүлсэн нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Э.Т нь 1994 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн болох нь 1856 тоот хүүхдийн төрсний гэрчилгээ, хүү Э.М нь 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн болох нь 1105 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

   Гэрлэгчид нь 2016 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэж тайлбарласан, шүүхээс эвлэрэх хугацаа олгосон ч нэхэмжлэгч нь урт хугацаагаар гадаад явж байгаа тул эвлэрэх ажиллагаа явагдах боломжгүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэж шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

   Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, том хүү Э.Т насанд хүрсэн, бага хүү Э.М нь өдийг хүртэл эхийн асрамжид байсан, хүүгээ эхийн асрамжид үлдээхийг нэхэмжлэгч зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Э.М-г  эх Г.Ггийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

   Хариуцагч нь хүүхдийн тэтгэлгийн гаргуулахгүй, зохигчид нь эд хөрөнгийн асуудлаа эвлэрлийн журмаар шийдвэрлэсэн тул шүүхээр шийдвэрлүүлэх маргаан байхгүй гэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

   Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь заалтыг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Э, хариуцагч Г.Г/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

           

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Э.М-г эх Г.Ггийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, гэрлэгчид эд хөрөнгийн талаар шүүхээр шийдвэрлүүлэх мараангүй  гэснийг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ