Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2018/00084

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б.Д-гийнн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: С.З-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагч С.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д, С.З нар нь 2005 онд танилцаж, улмаар 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамт амьдрах хугацаанд 2009 оны 8 дугаар сарын 21-ний өдөр охин З.Н төрсөн. Б.Д нь 2010 онд Европын Холбооны улсыг зорьж, охин З.Н нь ээжийнхээ аав, ээж дээр өдийг хүртэл өсөн торниж байна. 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд эвлэрээд хамт амьдрах боломжгүй. Гэрлэлтээ цуцлуулж, охиныг эхийн асрамжид үлдээхээр, хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй байхаар ярилцсан. Дундын хөрөнгийн маргаан байхгүй гэв.

   Хариуцагч С.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  С.З миний бие 2005 онд Б.Дтай танилцаж, улмаар 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Охин З.Н 2009 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. Б.Д нь 2010 онд Европын Холбооны улсыг зорьж, охин З.Н нь ээжийнхээ аав, ээж дээр үлдсэн. Одоог хүртэл нагац өвөө эмээ дээрээ өсч байна. Бид 2011 оноос хойш тусдаа амьдарч байгаа, эвлэрээд хамт амьдрах боломжгүй. Гэрлэлтээ цуцлуулж, охин маань ээж рүүгээ явах гэж байгаа тул эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Дундын хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч С.Зт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   Хариуцагч нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна.

   Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт “Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлал дуусгавар болж, шүүхэд нэхэмжлэл гаргасан бол энэ хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ”, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэсний дагуу гэрлэлт цуцлуулахаар шаарджээ.

   Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

   Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч С.З нар 2006 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсноо 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 571 дугаарт бүртгүүлсэн нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, охин З.Н нь 2009 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн болох нь 0000529288          Г-2624 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

   Гэрлэгчид нь 2010 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэж тайлбарласан, нэхэмжлэгч нь Испани улсад байнга амьдардаг тул шүүхээс эвлэрэх хугацаа олгоход эвлэрэх ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэж шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

   Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тусдаа амьдарсан үеэс охин З.Н нь эхийн болон нагац өвөө, эмээгийн асрамжид байсан, хүүхдээ эхийн асрамжид үлдээхийг хариуцагч зөвшөөрсөн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан охин З.Нг эх Б.Дгийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

   Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлгийн гаргуулахгүй, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

   Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь заалтыг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б.Д, хариуцагч С.З нарын гэрлэлтийг цуцалсугай.

           

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2009 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин З.Нг эх Б.Дгийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй  гэснийг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Зоос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.Дд олгосугай.

           

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.МӨНХЦЭЦЭГ