| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0188/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/184 |
| Огноо | 2019-10-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Д.Сүрэнхор,
шүүгдэгч А.С******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.С*******д холбогдох эрүүгийн 163/2019/0188/Э индекстэй, 1915003610197 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага, маркетингийн менежер мэргэжилтэй, “.......ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын ...........тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х******* овогт А******* С*******
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.С******* нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг..... УНЭ улсын дугаартай, “Toyota SAI” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Б******* эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С******* өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт 450,000 төгрөг төлсөн гэжээ.
Эрүүгийн 1915003610197 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Д.Б******* өгсөн: “...Би найз А.С*******ы хамтаар 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн үүрээр 07 цагийн үед Улаанбаатар хотоос Архангай аймгийн Өгийнуур луу явсан. Тухайн үед А.С*******ы “SIA” маркийн саарал өнгийн суудлын тээврийн хэрэгслээр явсан. Тухайн үед жолооч А.С******* жолоодож явсан. Тэгээд Булган аймгийн Сансар сумаас баруун тийш асфальтан замаар ойролцоогоор 60 км гаран явж байхад асфальтан замын урд талруу гарч байсан. Тэгээд машин дотроо ойж бууж байгаад шороо мөргөж зогссон.Тэгээд би тухайн үед цээж өвдөөд хөдлөж чадахгүй байсан. Харин С******* чөлөөтэй хөдлөж байсан ба миний суудлын бүсийг тайлаад намайг машинаас гаргаж түргэн тусламж дуудсан...” ...А.С******* нь эмчилгээ хийлгэхэд гарсан зардлыг бүрэн барагдуулсан тул миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 29-32 тал/,
Шүүгдэгч А.С******* яллагдагчаар татагдаж өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 26-ны шөнө Улаанбаатар хотоос Архангай аймгийн Өгийнуур сумын чиглэл рүү 00 цагийн үед найз Б******* хамт явж байгаад Төв аймгийн Лүн суманд ирээд тэнд машин дотроо амраад өглөө 08 цагийн үед хоол идчихээд Архангай аймгийн Өгийнуур сум руу хөдөлсөн. Явж байгаад нэг мэдэхэд замын хажуу руу орсон байсан. Тэгээд Батболдыг зүгээр үү гэж асуугаад би бүсээ тайлаад машинаас буугаад Батболдыг гаргасан юм. Тэгээд цагдаа дуудахад Архангай аймгийн Өгийнуур сумын цагдаа ирээд ...намайг үлээлгэж үзээд 0.00 гарч байна гэж надад харуулаад миний зургийг дараад “удахгүй Булганаас цагдаа ирнэ, манай нутаг биш байна” гээд яваад өгсөн. Булганаас цагдаа ирээд Батболдыг түргэн тусламжийн машинд суулгаад Улаанбаатар хот руу явуулаад хэргийн газрын үзлэг хийсэн ...” гэх мэдүүлэг /хх 84-85 тал/,
Булган аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаартай дүгнэлт: 1. Жолооч А.С*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангилалын 651440 дугаарын үнэмлэх хүчинтэй байна. 2. Жолооч А.С******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 3. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. 4. Зам тээврийн осол гарах болсон шатгаан нь жолооч А.С******* нь осол гарах шалтгааныг бүрдүүлсэн байна гэх дүгнэлт /хх 20 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 226 дугаартай: 1. Магадлуулагч Д.Б******* биед баруун, зүүн плеврийн хөндий дэх хий шингэн хуралдалт, баруун уушигны бүрэн бус уналт, цээжний 8-р нугалмын их биеийн, баруун 6,7,8-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн цохих цохигдох үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Дээрхи гэмтэл нь цаг хугацааны хувьд хэрэг учрал болсон гэх өдөр үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт эмчилгээ эдгэрлээс хамаарна гэх дүгнэлт /хх 16 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 81/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-11/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 17-18, 22-23/, “Ашид билгүүн” ХХКний шинжээчийн дүгнэлт /хх-38-44 тал/, хохирогчийн өвчний түүх /хх-48-56 тал/, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 64-65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 66/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /78-79/, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 651440 дугаартай үнэмлэх зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.С******* нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн “Өгий нуур”-ын чиглэлд 30-04 УНЭ улсын дугаартай “Тоyota SAI” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутагт зам тээврийн осол гаргаж зорчигч Д.Б******* эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хууль зүйн факт, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үйл баримт нотлогдож тогтоогдсон байна. Хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар хохирогчийн өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, хэргийн болон зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд нь нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтууд бөгөөд хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна. Хэрэгт хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтүүдийг тусгай мэдлэгийн хүрээнд эрх бүхий шинжээчид гаргасан, хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. Шүүгдэгч А.С*******ы хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөны дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх бөгөөд автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд шүүгдэгч А.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.С******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Д.Б******* эмчилгээтэй холбоотой гарсан хохирлыг төлсөнөөр хохирогч нь санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүгдэгч А.С*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.С*******д холбогдох эрүүгийн хэрэг нь хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарч байгаа, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч А.С*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.С******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт хавсаргасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн ....... дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х******* овогт А******* С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүгдэгч А.С*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуульд заасны дагуу ял оногдуулахыг шүүгдэгч А.С*******д сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч А.С******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурьдаж, хэрэгт хавсаргасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 651440 дугаартай үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг шүүгчийн туслах Д.Түшигбаярт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.С*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД