Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1575

 

 

2018        11           20                                      2018/ШЦТ/1575

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Баян халзан овогт Түмэнбаатарын Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 07603 1841 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Т.М нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу тус дүүрэг дэх цагдаагийн нэг дүгээр хэлтэс дотор Б.Быг цохиж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 07603 1841 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Т.М нь хохирогч Б.Бын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр би шөнийн 03 цагийн үед дүүргийн цагдаагийн хэлтэс дээр Галбаатар хошуучтай уулзах гэж очсон. Үүдний жижүүрийн өрөөний зааланд Галбаатар хошуучтай юм яриад зогсож байхад гаднаас хоёр цагдаагийн хамт нэг согтуу залуу орж ирж байсан. Тэгээд хөөе Галаа таньж байна уу би яармагийн Мэндээ байна гэж хэлэхээр нь Галбаатар хошууч танихгүй байна, цаашаа бай гэхэд тэр залуу чи яахаараа намайг таньдаггүй юм гэж дөхөөд ирэхээр нь би тэр залууг чи цаашаа бай л даа би энд хүнтэй юм ярьж байна гээд гараараа түлхэхэд тэр залуу миний нүүр рүү цохичихсон. Би газар унаад босоод ирэхэд миний үүдэн доод талын шүд унасан хоёр шүд хөдөлчихсөн байсан. Нүдний шил зурагдаад язарсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 11241 дугаартай

Б.Бын биед үүдэн баруун, зүүн доод 1,2 дугаар шүдний булгарал, баруун доод 3 дугаар шүдний сулрал, уруулд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дөрвөн шүдний булгарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 11.52.3-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 15% нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/,

 

Шүүгдэгч Т.Мы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Цагдаагийн хэлтсийн хаалгаар ороход таньдаг цагдаа Галаа зогсож байхаар нь сонин юу байна, таньж байна уу гэхэд хажууд нь зогсож байсан залуу чи муу юу гээд байна, цаашаа яв гэж хэлээд намайг түлхээд гараа далайхаар нь би тэр залууг шууд цохьчихсон. Тэр шүд үүдэн доод шүд унасан гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

 

Гэрч Н.Галбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Б цаашаа бай гэхээр нь эргээд харахад зүс таних залуу байсан. Тэр залуу Быг цохиод унагачихсан. Б унаад босоод ирэхэд нь үүдэн доод шүд уначихсан цус гарч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 30/

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх- ийн 3/, хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 4/ зэрэг нотлох

 

баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Т.Мы иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Т.Мы бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг төлж барагдуулгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хэргийн оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хохирогч Б.Б нь хохирол төлбөрийн талаар баримт гаргаж өгөөгүй байх ба мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтдээ “гомдол саналгүй болно” гэсэн учир шүүгдэгч Т.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.М нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд

 

хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8,

36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Тын Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн

11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн

4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн

2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан

 

сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ