| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/03785/И |
| Дугаар | 102/ШШ2017/03413 |
| Огноо | 2017-12-15 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2017/03413
| 2017 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2017/03413 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... тоотод оршин суух, Их хойд овогт Т.Б/РД: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... байрны подвальд оршин суух, Боржигон овогт Н.Ц /РД: .../-д холбогдох,
150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-ын 164б тоот галалгаатай, гражтай, гүний худагтай хувийн байшиндаа Н.Ц, түүний нөхөр Баяр нартай харилцан тохиролцож, сарын 80,000 төгрөгөөр 2016 оны 10 дугаар сарын 20-ноос 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээслэхээс болсон. Он гартал төлбөрөө төлж явж байгаад холбоо тасарсан тул байшиндаа очтол цоожлоод гараад явсан байсан. Ингээд дүүргийн цагдаад өргөдөл гаргасны эцэст 2017 оны 2 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн хорооны цагдаа дэслэгч Баясгалан, хошууч Очирхуяг нарын оролцоотой хүүхдүүдээр нь дамжуулан түлхүүрээ олж аван байшиндаа ороход шинэвтэр хөргөгч маань ус гоожиж эвдэрсэн, ус зөөдөг тэрэг байхгүй, 50 метрийн дамартай утас ажилгүй болсон байсан. Иймд хариуцагч Н.Цгоос 1 сарын түрээсийн дутуу төлбөр 80,000 төгрөг, цахилгааны дутуу төлсөн 16,000 төгрөг, хөргөгч, усны тэрэгний төлбөр 14,000 төгрөг, дамартай утасны засварын 40,000 төгрөг, нийт 150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Н.Цд холбогдуулж 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан бөгөөд шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Н.Цд шүүх хуралдааны товыг 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч Т.Б хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.
Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан боловч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.Б нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-ын 164б тоот галалгаатай, гражтай, гүний худагтай хувийн байшиндаа Н.Ц, түүний нөхөр Баяр нартай харилцан тохиролцож, сарын 80,000 төгрөгөөр 2016 оны 10 дугаар сарын 20-ноос 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээслүүлэхээр харилцан тохиролцжээ.
Хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-ын 164б тоот галалгаатай, гражтай, гүний худагтай хувийн байшинг 2017 оны 1 дүгээр сарыг хүртэл хугацаанд түрээслэн сууж байгаад нэхэмжлэгчид хүлээлгэн өгөлгүйгээр орхиж явсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбараар тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохиролд цахилгааны төлбөр, усны тэрэгний төлбөр, засварын зардалд 70,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч маргаагүй байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн боловч мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ., мөн 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэжээ. Зохигчид түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул гэрээ хүчин төгөлдөр бус байна.
Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэжээ. Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээний байгуулагдсан цагаасаа хойш хүчин төгөлдөр бус болсон тул хариуцагч Н.Цг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэж хариуцагчаас 150,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Цгоос 150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Бт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Н.Цгоос 5,810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Цд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР