| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0168/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/193 |
| Огноо | 2021-09-09 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж, шүүгч Э.Энэрэл, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Г.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.*******т холбогдох эрүүгийн 2015000000138 дугаартай, 163/2021/0168/Э индекстэй хэргийг 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.*******ийг хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* өгсөн мэдүүлэгтээ: Би найзынхаа амь насыг хороосондоо маш их харамсаж байна. 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр айлд талийгаачтай хамт архи уусан. Нилээн их согтоод дахин архи авч уухаар дэлгүүр орсон. Дэлгүүр ороод найзыгаа төмрөөр цохисон. Найзыгаа цохиж амь насыг нь хороосондоо маш их харамсаж байна. Талийгаачийн ар гэрийнхэнд 24.500.000 төгрөг төлсөн байгаа. Цаашид мөнгө өгөх боломжтой эсэхийг сайн мэдэхгүй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.******* өгсөн мэдүүлэгтээ: Нэхэмжилсэн мөнгөн дүнг гаргуулах саналтай байна. 8.915.936 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа. Шүүгдэгчээс 24.500.000 төгрөгийг авсан байгаа. Гурван хүүхэд бид нар сэтгэл санааны хувьд хэцүү байдалтай байна. Харамсалтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах талын нотлох баримтыг шинжлэн судласнаар шүүгдэгч Д.*******ийг 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* сумын нутагт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Э.*******ын толгойн тус газарт нь төмрөөр цохиж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь шүүгдэгч Д.*******ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хорих ялаар шийтгэх улсын яллагчийн саналыг дэмжиж, хохирлыг бүрэн хэмжээгээр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Д.*******ийг уг гэмт хэргийг үйлдсэн байх тул гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгч Д.*******ийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү гэжээ.
Эрүүгийн 2115000000138 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах “Хадагт хошуу” гэх хүнсний дэлгүүрт амь хохирогч Э.*******ын толгойн тус газарт төмрөөр цохиж түүний биед суурь ясны шугаман хугарал, баруун чамархайн цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, хуйх цус хуралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун шанаанд зулгаралт бүхий шууд үхэлд хүргэх гэмтлийг учруулж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-16 тал/,
Шүүгдэгч Д.*******ийн согтуурлын зэргийг шалгаж, түүний биеээс авсан гэх цусанд спиртийн зүйл 1.0 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 52 дугаартай дүгнэлт /1хх-105-106 тал/,
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19-26 тал/,
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-29 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.*******ын өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр талийгаач нөхрийгөө сумын төвд орж ирсэн гэдгийг өдрийн 15 цаг орчимд хүнээс олж мэдсэн. эгч 15 цаг 28 минутанд өөрийнхөө 88184403 дугаарын утаснаас залгаад ******* буюу *******гийн дэлгүүр дээр хурдан хүрээд ир гэж хэлсэн. Би шууд гэрээсээ гараад *******гийн дэлгүүр дээр очсон. Намайг очиход ******* сумын цагдаа, эмнэлэг ирсэн байсан. Намайг дотогш оруулахгүй байсан. Тэгсэн эмч нар гарч ирээд найдваргүй, нас барсан байна гэж хэлсэн. Тухайн үед л би нөхрийгөө нас барсан талаар мэдсэн юм. ...Миний зүгээс гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /хх-45-46 тал/,
Гэрч А.*******ын өгсөн: “... эгчийн дэлгүүрийн үүдэн хэсэгт дээшээ харчихсан хэвтэж байсан. Очоод бид 2 зүрхний цохилт судасны лугшилт, амьсгал зэргийг нь үзэхэд мэдэгдэх зүйл байгаагүй. Тэгээд хүүхэн харааг нь гэрэл тусгаж үзэхэд гэрлийн урвалд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Амьсгалын замыг нь чөлөөлж толгойг нь бага зэрэг хажуу тийш нь болгоод амыг нь ангайлгаж үзэхэд хэлээ хазаад хэлний урд үзүүрт цус хураад хүрэн өнгөтэй болчихсон байсан. Тэгээд нас барсан байна гэдгийг мэдсэн. ...Баруун талын шанааны дээд хэсэг хавьд шарх үүссэн түүнээс нь цус гараад духны дундуур хэсгээр нарийхан урсаад хатчихсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-48-50 тал/,
Гэрч Ц.*******гийн өгсөн: “...Баруун талын шанааны дээд хэсэг хавьд юманд цохиод шарх үүссэн. Түүнээс нь цус гараад духны дундуур хэсгээр нарийхан урсаад хатчихсан байдалтай байсан. Тэр хэсэгт нь гараараа бол хүрч үзээгүй. Өөр ил харагдах шарх сорви гэх зүйл байгаагүй. Бид нарыг очиход талийгаач дээшээ харчихсан дээлийнх нь энгэрийг ярчихсан хэвтэж байсан. Гантулга цагдаа талийгаач доошоо хараад хэвтэж байсан юм. Би дээш нь харуулсан гэж хэлсэн. …” гэх мэдүүлэг /хх-52-54 тал/,
Гэрч П.ын өгсөн: “...Би дэлгүүрт ороод тэнд байсан хүмүүстэй мэнд мэдээд юм авах гээд хараад зогсож байтал *******ийн дэлгүүрийн гонх хэсэгт дэлгүүрийн хаалга нь хальт онгойгоод хүн унах шиг болсон. Энэ үед эгч “юу болов” гэж хэлсэн. Тэгээд эгч шууд гонхны зүг явсан. Би эгчийн ард зогсож байсан ба харахад дэлгүүрийн гонхны хажууд шалан дээр хар хөх өнгийн дээлтэй хүн доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Харин цаад талд нь ******* ах нилээн согтуу зогсож байсан. Тэгээд эгч намайг “түргэн дуудаад өгөөч” гээд би өөрийнхөө 88037398 дугаарын утаснаас ******* сумын эмнэлэг рүү ярьж түргэн дуудсан. Сүүлд нь цагдаа орж ирээд газарт байсан хүнийг дээш нь харуулж анхан шатны тусламж үзүүлэх гэж оролдсон. Энэ үед тэр хүнийг ******* ах байна гэдгийг мэдсэн. …” гэх мэдүүлэг /хх-57-59 тал/,
Гэрч Б.ийн өгсөн: “...Тэгээд байж байхад манай дэлгүүрийн хаалга хагас онгойгоод хүн газарт унасан. Би тухайн үед юу болов гээд гүйгээд очиход манай дэлгүүрийн гонхны тэнд шалан дээр ******* унасан байсан ба чамархай хэсгээс нь цус гарсан байсан. Тухайн үед манай нөхөр ******* дэлгүүрийн үүдэнд гонхны тэнд зогсож байсан. …” гэх мэдүүлэг /хх-62-64 тал/,
Гэрч Ц.Бадамхандын өгсөн “...Намайг дэлгүүр явж байхад ийн “мини маркет” дэлгүүрийн хойд талаар хоёр тийшээгээ гуйвсан 2 согтуу хүн явж байсан. Тэгээд *******ийн дэлгүүрт ороод юм авах гээд лангууны хажууд зогсож байхад дэлгүүрийн гонх хэсэгт чимээ гарсан. Энэ үед эргээд харахад намайг дэлгүүр явж байхад замд таарсан 2 согтуу хүн буюу талийгаач ******* дэлгүүрийн урд талын гонхны тэнд унасан, харин цаад талд нь дэлгүүрийн эзэн ******* зогсож байсан. ...” гэх мэдүүлэг /хх-72-74/,
Гэрч Д.ын өгсөн “...2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 15 цаг орчимд би ******* сумын төвд байх ийн дэлгүүрт юм авах гээд зогсож байхад дэлгүүрийн гонх хэсэгт юм унах шиг чимээ гарсан. Тэгтэл , ******* төмрөөр хүн цохиод алчихлаа, г дуудаач гэх зэргээр орилоод байсан. Тэгэхээр нь би үүдэн хэсэгт очоод харахад ногоон дээлтэй эрэгтэй хүн толгойгоо дэлгүүрийн үүдэнд байх галын булангийн хэсэгт харуулаад хөлөө дэлгүүрийн заал хэсэгт харуулаад хэвтсэн байсан. Харин ******* дэлгүүрийн гадаа хаалганы цаана зогсож байсан. “чи хүн алчихлаа шүү дээ” гээд цохиж байгаа харагдсан. Сумын цагдааг ороод ирчихээд байхад “Гантулгаа ******* ах чинь хүн цохиод алчихлаа, би одоо яах юм бэ?” гээд орилоод байсан. *******ын толгойг нь цагдаа жоохон эргүүлэхэд баруун талын шанаа хэсэгт нь цус шүүрээд нарийхан урсчихсан байсан. Ямар ч хөдөлгөөн байгаагүй. ...” гэх мэдүүлэг” /хх-77-79 тал/
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаартай: “Талийгаач Э.*******ын цогцост суурь ясны шугаман хугарал, баруун чамархайн цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун шанааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь цаг хугацааны хувьд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гавал тархины гэмтлүүд хүнд зэрэгт, бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг хамаарагдахгүй. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэх дүгнэлт /хх-209-213 тал/, эд мөрийн баримт, камерийн бичлэгт үзлэг хийж, хуулбарлан авсан бичлэг бүхий улаан, хар алаг өнгийн флаш зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн цогцост тогтоогдсон суурь ясны шугаман хугарал, баруун чамархайн цөмөрсөн хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун шанааны зулгаралт бүхий үхэлд шууд хүргэх гэмтэл нь шүүгдэгч Д.*******ийн амь хохирогчийн толгойн тус газарт нь төмрөөр цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.******* нь хүйтэн зэвсэг /төмөр лоом/ хэрэглэж амь хохирогчийн толгойн тус газарт цохиж амь хохирогчийн бие махбодод тархинд гэмтэл учруулсан, үхэлд хүргэх гэмтэл учирна гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн учир шалтгаан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн үйлдэл оролцоо, гэмт хэргийн сэдэлт шалтгаан, хохирол, хор уршгийн шалтгаант холбоо зэргийг хангалттай шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.******* нь Э.*******ын амь насыг хохироосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан хүний амьд явах эрхэд хууль бусаар халдсан үйлдэл бөгөөд гэм буруугийн “санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан “нийгэмд аюултай” үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******ийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах “Хадагт хошуу” гэх хүнсний дэлгүүрт амь хохирогч Э.*******ын толгойн тус газарт төмрөөр цохиж амь насыг нь хохироосон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд талийгаачийн оршуулгын зардалд 18.236.037 төгрөг, сэтгэл санааны хохиролд 40.000.000 төгрөг, талийгаач Э.*******ын Төрийн банкнаас авсан малчны зээлийн үлдэгдэл 7.000.000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 7.578.447 төгрөг, группийн тэтгэвэр болох сарын 350.000 төгрөг болон охин Х.ийн 18 нас хүртэл тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус нотлох баримтын хамт гаргажээ.
Түүнчлэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.******* нь шүүх хуралдаанд талийгаачийн 21, 49 хоногийн буяны ажилд зарцуулсан гэх 7.415.036 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын хамт нэмж гаргасан.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хянаж үзээд шүүгдэгч Д.*******оос мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжилсэн талийгаачийн оршуулгын зардал болох 18.236.037 төгрөгийг,
шүүх хуралдаанд талийгаачийн 21, 49 хоногийн буяны ажилд зарцуулсан гэх 7.415.036 төгрөгөөс 265.690 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул хасаж 7.149.346 төгрөгийг, нийт 25.385.383 төгрөгийг тус тус гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.*******ад олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.*******ад талийгаачийн оршуулгын болон буяны ажилд зориулж 24.500.000 төгрөгийг төлсөн байна.
Тиймээс шүүгдэгч Д.*******оос гаргуулах 25.385.383 төгрөгөөс 24.500.000 төгрөгийг төлсөн гэж үзэн үлдэгдэл 885.383 төгрөгийг гаргуулахаар гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн боловч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулж, хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.
Харин охин Х.ийн 18 нас хүртэл тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, сэтгэл санааны хохиролд 40.000.000 төгрөг, талийгаач Э.*******ын Төрийн банкнаас авсан малчны зээлийн үлдэгдэл 7.000.000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 7.578.447 төгрөг, группийн тэтгэвэр болох сарын 350.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Д.*******ийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухай:
Шүүгдэгч Д.*******ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлтээр шүүгдэгч Д.******* нь хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.*******ийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан болон 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл яллагдагчаар цагдан хоригдсон 107 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг төмөр лоом, цэнхэр өнгийн дээрээ олон тооны цэцэг мэт дүрслэлтэй хар, хөх, цагаан өнгө алагласан даавуун дотортой дээл 1 ширхэг, саарал өнгийн урдаа цахилгаантай, босоо захтай “Adidas” гэсэн бичиглэлтэй урт ханцуйтай цамц 1 ширхэг, улбар шар өнгийн 3 метр урттай дурдан бүс 1 ширхэг, саарал өнгийн босоо захтай “WH” гэсэн бичиглэлтэй фудволк 1 ширхэг, хар өнгийн ар хэсэг нь онгорхой саравчтай малгай 1 ширхэг, хар өнгийн урт түрийтэй гутал 1 хос, хар өнгийн оймс 1 хос, хар өнгийн “Nike” гэсэн бичиглэлтэй даавуун өмд 1 ширхэг, талийгаач Э.*******ын өмсөж байсан гэх цэнхэр өнгийн нударгатай дээл 1 ширхэг, улбар шар, хар саарал, өнгө хосолсон урт ханцуйтай цамц 1 ширхэг, дээд хэсэгтээ саарал өнгөтэй, “Adidas” гэсэн бичиглэлтэй, урт ханцуйтай хар өнгийн цамц 1 ширхэг, хар ногоон, бор, өнгө алагласан эрээн даавуун өмд 1 ширхэг, хүрэн өнгийн өлзий хээ дүрсэлсэн, сийлбэртэй аралтай суран тэлээ 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, саарал өнгийн босоо захтай “JMK jeans” гэсэн бичиглэлтэй богино ханцуйтай цамц 1 ширхэг, шар өнгийн 5.5 метрийн урттай бүс 1 ширхэг, хар өнгийн урт түрүүтэй хос гутал 1 ширхэг, саарал өнгийн хөлийн даавуун ороолт 2 ширхэг, хөх өнгийн оймс 1 хос, хөх өнгийн дээрээ олон тоо, үсэг бүхий дүрслэлтэй дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Мөн камерийн бичлэгт үзлэг хийж хуулбарлан авсан бичлэг бүхий улаан, хар алаг өнгийн флаш 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ийн цагдан хоригдсон 107 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
7. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.*******аас гаргасан сэтгэл санааны хохиролд 40.000.000 төгрөг, талийгаач Э.*******ын Төрийн банкнаас авсан малчны зээлийн үлдэгдэл 7.000.000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 7.578.447 төгрөг, группийн тэтгэвэр болох сарын 350.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, охин Х.ийн 18 нас хүртэл тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн камерийн бичлэгт үзлэг хийж хуулбарлан авсан бичлэг бүхий улаан, хар алаг өнгийн флаш 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг төмөр лоом, цэнхэр өнгийн дээрээ олон тооны цэцэг мэт дүрслэлтэй хар, хөх, цагаан өнгө алагласан даавуун дотортой дээл 1 ширхэг, саарал өнгийн урдаа цахилгаантай, босоо захтай “Adidas” гэсэн бичиглэлтэй урт ханцуйтай цамц 1 ширхэг, улбар шар өнгийн 3 метр урттай дурдан бүс 1 ширхэг, саарал өнгийн босоо захтай “WH” гэсэн бичиглэлтэй фудволк 1 ширхэг, хар өнгийн ар хэсэг нь онгорхой саравчтай малгай 1 ширхэг, хар өнгийн урт түрийтэй гутал 1 хос, хар өнгийн оймс 1 хос, хар өнгийн “Nike” гэсэн бичиглэлтэй даавуун өмд 1 ширхэг, талийгаач Э.*******ын өмсөж байсан гэх цэнхэр өнгийн нударгатай дээл 1 ширхэг, улбар шар, хар саарал, өнгө хосолсон урт ханцуйтай цамц 1 ширхэг, дээд хэсэгтээ саарал өнгөтэй “Adidas” гэсэн бичиглэлтэй, урт ханцуйтай хар өнгийн цамц 1 ширхэг, хар ногоон, бор, өнгө алагласан эрээн даавуун өмд 1 ширхэг, хүрэн өнгийн өлзий хээ дүрсэлсэн, сийлбэртэй аралтай суран тэлээ 1 ширхэг, саарал өнгийн дотуур өмд 1 ширхэг, саарал өнгийн босоо захтай “JMK jeans” гэсэн бичиглэлтэй богино ханцуйтай цамц 1 ширхэг, шар өнгийн 5.5 метрийн урттай бүс 1 ширхэг, хар өнгийн урт түрүүтэй хос гутал 1 ширхэг, саарал өнгийн хөлийн даавуун ороолт 2 ширхэг, хөх өнгийн оймс 1 хос, хөх өнгийн дээрээ олон тоо, үсэг бүхий дүрслэлтэй дотоож 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭРЭЛ
Г.ЭНХТУНГАЛАГ