Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 020/2014/0087/з |
Дугаар | 221/МА2015/0265 |
Огноо | 2015-06-18 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2015/0265
Б ххк-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 201 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Б ххк-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн татварын улсын байцаагч нарт нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ё.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч З.Ц, П.Х, магадлагч татварын улсын байцаагч Ж.Э нар худалдан авалт хийсэн анхан шатны баримтууд /зарлагын баримт, бэлэн мөнгөний кассын орлогын ордер/ болон нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг тамга тэмдэгтэй үнэн зөв, нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын тайланд хоёр талдаа шивэлттэй бүрэн тусгагдсан болохыг хүлээн зөвшөөрч байгаа мөртлөө цагдаагийн байгууллагаас 2 байгууллагын нэр ирсэн болон манай байгууллагыг бэлэн мөнгөөр тооцоо хийж нөгөө талд татвараас зугтах боломж олгосон гэсэн үндэслэлээр 15.698,6 мянган төгрөгийн нөхөн төлбөр, 4.709,6 мянган төгрөгийн торгууль, 1.202,7 мянган төгрөгийн алданги нийт 21.610,9 мянган төгрөгийн төлбөр ноогдуулсан юм.
Татварын Ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т зааснаар Албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардлыг хасч тооцно гэсэн заалт байгаа болохоос бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийхийг хориглосон болон бэлнээр тооцоо хийхэд үнийн дээд, доод хязгаарыг тогтоосон заалт байхгүй байгаа тул татварын улсын байцаагчийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 263876 тоот актыг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.
Хариуцагч Татварын улсын байцаагч П.Х, З.Ц нар шүүхэд ирүүлсэн хариутайлбартаа: ...Тус компани нь "Э" ХХК-иас 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 011435813 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын 81.818,2 мянган төгрөгийн падаан, 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдөр "Э" ХХК-иас 011785535 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын 42.804,0 мянган төгрөгийн падаан, 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн "Э" ХХК-иас 011979239 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын 32.364,0 мянган төгрөгийн падаан тус тус хуурамчаар бичүүлэн авч, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн "нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа" хэсэгт тусган нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогооос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан нь нотлогдсон тул илэрсэн зөрчилд 15.698,6 мянган төгрөгийн нөхөн татвар, 4.709,6 мянган төгрөгийн торгууль, 1.202,7 мянган төгрөгийн алданги ногдуулан хариуцлага тооцсон" гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 201 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.6, 7.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Брайт Пэйнт" ХХК-ийн "Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 263876 тоот актын тогтоох хэсгийн 1 .а заалтыг хүчингүй болгуулах"-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: БГД-ийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 06-р сарын 24-ний өдрийн 263876 тоот актын тогтоох хэсгийн 1.а заалтыг буюу манай байгууллагад ногдуулсан 15.698,6 мянган төгрөгийн нөхөн татвар, 4.709,6 мянган төгрөгийн торгууль, 1.202,7 мянган төгрөгийн алданги ногдуулан хариуцлага тооцсоныг хүчингүй болгуулах тухай Захиргааны хэргийн анхан шатны хорьдугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. 2015 оны 04-р сарын 16-ны өдрийн 201 дүгээр шийдвэрийн 7 дугаар хуудсанд гэсэн хэдий ч дээрх НӨАТ-ын падаануудаар "Брайт пэйнт" ХХК нь "Э" ХХК, "Э" ХХК-иудаас бодит худалдан авалт хийгээгүй, тус падаанууд нь хий бичилттэй болох нь гэрч "Э" ХХК, "Э" ХХК-иудын захирал Ш.Эгийн мэдүүлэг, Татварын ерөнхий газрын 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6/1769 дугаар албан бичгээр тус тус нотлогдож байна" гэсэн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11-р сарын 06-ны өдрийн 428 дугаарМагадлалын 6 дугаар хуудсанд "...хэдийгээр "Э" ХХК-ийн захирал Ш.Э болон нягтлан бодогч н.Хүдэрбаатар нарын б " ХХК-д өгсөн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь хий бичилттэй, манайхаас бараа материал худалдаж аваагүй гэх тайлбар хавтаст хэрэгт авагдсан байх боловч "Э" ХХК, "Э" ХХК-тай холбоотой хэргүүд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй талаархариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байгаа, түүнчлэн дээрх хуулийн этгээдүүд нь нэг талаас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болох магадлалтай байх тул гэрчийн мэдүүлэг, тайлбарууд нь дангаараа нотлох баримт болохгүйг дурдах нь зүйтэй" гэсэнтэй зөрчилдөж байгаад гомдолтой байгаа тул Захиргааны хэргийн анхан шатны хорьдугаар шүүхийн 201 дүгээр шийдвэрийг хянан нягтлуулж, хүчингүй болгуулах бидний гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэж өгч манай ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б ххк нь Э ХХК болон Э ХХК-иас бараа материал худалдан авсан тухай санхүүгийн анхан шатны зарим баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хэрэгт авагдсан боловч уг бараа материалыг дээрх компаниуд худалдаагүй, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд бичигдсэн үнэ болон нэмэгдсэн өртгийн албан татварыг уг компаниуд хүлээж аваагүй болох нь гэрч захирал Ш.Э, нягтлан бодогч Л.Хүдэрбаатар нарын мэдүүлэг, сэжигтнээр тооцсон тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, нэхэмжлэгч нь бараа материалыг Гурвалжингийн захаас бэлэн мөнгөөр авсан гэх тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.1-д Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно, 7.6-д Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн бүрдүүлсэн анхан шатны баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд тусгагдсан бараа материалыг худалдан авсныг үгүйсгэхгүй боловч гагцхүү баримтад тусгагдсан Э ХХК, Э ХХК-иас бараа материал худалдан авч, үнэ, нэмэгдсэн өртгийн албан татварыг хүлээлгэн өгсөн нь тогтоогдоогүй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Иргэн, хуулийн этгээд ... дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно: 14.1.1. үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн гэж заасан нь худалдагч буюу бэлтгэн нийлүүлэгчээс бараа материал худалдан авахдаа түүнд бараа материалын үнийг нэмэгдсэн өртгийн албан татварын хамт төлж уг бэлтгэн нийлүүлэгч нь хүлээн авсан нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх үүрэг хүлээх, харин худалдан авагч нь уг бараа материалыг үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээндээ зарцуулсан бол бэлтгэн нийлүүлэгчид төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа төсөвт төлөх татвараас хасч тооцохыг зөвшөөрсөн заалт юм. Гэтэл нэхэмжлэгч Б ххк-ний төлсөн гэх нэмэгдсэн өртгийн албан татвар, бараа материалын үнийг Э ХХК болон Э ХХК нь хүлээж аваагүй, бараа материал худалдаагүй гэж мэдүүлснийг анхан шатны баримт бүрдүүлж дээрх хуулийн дагуу хасалт хийх эрх олж авсан нэхэмжлэгч нь үгүйсгэн тухайн компаниудаас худалдан авснаа нотолж чадаагүй (давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасны дараа ч дээрх компаниудаас худалдан авсан нь тогтоогдоогүй) байх тул төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн ... Э, Хр нарын мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй ... гэсэн магадлалын заалттай зөрчилдсөн шийдвэр болсон гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь татварын албаны сайтад шивэгдсэн тул хуурамч гэж үзэхгүй, бид худалдагчийн өгсөн баримтыг л хүлээн авсан бидний буруу биш. Падаан тараасан компаний буруу. Татварын газар ч гэсэн хяналт тавих ёстой байсан гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан боловч тэдгээр компаниудын захирал, нягтлан бодогч нар нь нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан үйлдэлдээ эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байх бөгөөд энэ нь татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1, 87.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 201 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б ххк-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ