Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 0648

 

2020 оны 10 сарын 12 өдөр         Дугаар 128/ШШ2020/0648             Улаанбаатар хот

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал, иргэдийн төлөөлөгч Х.Х, нэхэмжлэгч “ББ” ХХК, “СБ” ХХК, “С” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.У, Т.А нарыг оролцуулан,

Нэхэмжлэгч: Б-А ХХК /РД:.../

Нэхэмжлэгч: Б ХХК /РД:.../

Нэхэмжлэгч: ББ ХХК /РД:.../,

Нэхэмжлэгч: СБ ХХК /РД:.../,

Нэхэмжлэгч: С ХХК /РД:2.../

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргыг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр захирамжийн “Б-А” ХХК /РД:... /, “Б” ХХК /РД:.../, “ББ” ХХК /РД:.../, “СБ” ХХК /РД:.../, “С” ХХК /РД:.../-иудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”[1]-аар тодруулж, өөрчилсөн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэр бүхий 5 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, захирал Д.Ч, Э.А, Б.Нр, Д.Ч нар шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ[2]: “Хууль болон тэдгээрт нийцүүлж гаргасан дүрэм, журмуудад үндэслэн, нэхэмжлэгч нэр бүхий компаниуд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус авч эзэмшин, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны 08 сарын 21-ний өдөр Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон энэ захирамжийн 1 дүгээр хавсралтад заасан 63 аж ахуйн нэгж байгууллагын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсугай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй энэ захирамжийн 2 дугаар хавсралтад заасан 33 аж ахуйн нэгж байгууллагын газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосугай" гэсэн заалт бүхий А/******* дүгээр захирамж гаргаж нийт нэхэмжлэгч компаниудын ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож компаниудын субьектив эрхэнд халдсан, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан байна.

Дээрх А/******* дүгээр захирамж, захиргааны актыг гаргасан процессын хувьд, Нийслэлийн Засаг дарга, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргах ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоно, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ" гэж заасан заалтууд, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-27.7-д заасан сонсох ажиллагаа явуулах талаарх заалтууд, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан Аймаг, Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд үүнд тусгай зөвшөөрөл цуцлах болсон үндэслэлийг заана" гэсэн заалтуудыг огт хэрэгжүүлээгүй, хууль ёсны эрх, ашиг нь хөндөгдсөн этгээдүүдийн санал, дүгнэлтийг аваагүй, сонсгох ажиллагааг явуулалгүй дээрх А/******* дүгээр захирамжийг шууд гаргасан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа явуулж байсан манай компаниудын хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчсөн бусармаг үйлдэл болохоос гадна уг захиргааны актыг хууль ёсны дагуу гаргаагүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Түүнчлэн, захиргааны акт гаргаснаас хойш Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд "захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага захиргааны акт хаяглагдсан этгээд болон эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ", мөн хуулийн 43.4-т захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно" гэж хуульчилсаар байхад Нийслэлийн Засаг дарга, нэр бүхий нэхэмжлэгч компаниудын нэгэнд ч хуульд заасан журмын дагуу огт мэдэгдээгүйг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтлаагүй хууль бус үйл ажиллагаа гэж үзнэ. Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа нь ийнхүү хуулийн заалт, зарчмуудыг ноцтой зөрчсөн тул Нийслэлийн Засаг даргын А/******* дүгээр захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 46.1-д заасан Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэсэн заалтыг мөн Нийслэлийн Засаг дарга өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй, бидэнд захирамжийг хуульд заасан журмын дагуу огт мэдэгдээгүй тул захирамжийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Захиргааны актын агуулга, хэлбэрийн хувьд, Захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын А/******* дүгээр захирамжийг дараах үндэслэлээр агуулга, хэлбэрийн хувьд илэрхий алдаатай гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байхаас гадна, бичгээр гаргасан захиргааны акт нь мөн хуулийн 40.1, 40.2-т заасан шаардлагыг хангасан байх ёстой. Гэтэл Нийслэлийн Засаг даргын А/******* дүгээр захирамж нь "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах", "захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах" гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр 40.2.3, 40.2.5-т заасан үндсэн шаардлагуудыг хангаагүй байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь хамгаалалтын бүсэд орсон бол цуцална" гэж хуульчилсан байхад Нийслэлийн Засаг даргын А/******* дүгээр захирамжийн 1 дэх заалтаар Байгаль орчноо нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон" гэх хуульд заагаагүй үндэслэлээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нь цуцалж олон аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж хохироолоо. Байгаль орчноо нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэх эдгээр үндэслэлийг аж ахуйн нэгж тус бүрээр хэзээ, хэн, хэрхэн нотолж тогтоосон нь ойлгомжгүй байна. Тусгай зөвшөөрөл бүхий компаниудын үйл ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх, төлбөр төлөх, байгаль орчны нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлсэн эсэх, хуульд заасан хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлж явуулж буй эсэх, тусгай зөвшөөрөл бүхий талбай нь ундны усны хамгаалалтын бүсэд орсон талбайтай хир хэмжээтэй давхцаж байгаа талаар тус бүрд нь шалгаж тогтоож, дүгнэлт гаргалгүйгээр, зааглаж эрэмбэлэлгүйгээр тусгай зөвшөөрлийг шууд цуцалсныг захиргааны үйл ажиллагааны хуульд үндэслэх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасанчлан тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдож тогтоогдсон тохиолдолд энэ талаарх нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргаж уг дүгнэлт, санал, үндэслэлийг захирамжид тодорхой тусгаж үндэслэсэн байх ёстой ба ийм дүгнэлт, саналыг дээрх байгууллагууд огт гаргаагүй, захирамжид ч тусгаагүй байна...

Ийнхүү дээрх үндэслэлүүдээр, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай" А/******* дүгээр захирамжийн нэхэмжлэгч компаниудад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Цэнгэл шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний Нийслэлийн Засаг даргын А/******* дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтын дагуу тухайн нэхэмжлэл гаргаж байгаа компаниуд болох ББ ХХК,  СБ ХХК, С ХХК, Б ХХК, Б-А ХХК-иудад албан шаардлага өгсөн. Албан шаардлагыг үндэслэж тусгай зөвшөөрлийг цуцалсан. Уг албан шаардлагад 720.000 төгрөгөөр торгоно гэсэн. “ББ ” ХХК, “СБ ” ХХК, “С ” ХХК, “Б ” ХХК-иудыг торгож 720.000 төгрөгийг гаргуулж авсан. “ББ ” ХХК-ийг торгоно гэсэн шийдвэр гаргасан боловч 720.000 төгрөгийг төлөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс арга хэмжээг давхардуулан авсан гэж үзэж байна. Хоёрдугаарт, сонсох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй учир сонсох ажиллагаа явуулах процессыг зөрчсөн учир захирамж хүчингүй болох ёстой. Дөрөвдүгээр хавтаст хэргийн 250 дугаар талд байгаа Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг дарга компаниуд тус бүр ямар зөрчил гаргасан талаар тодруулж ирүүл гэсэн албан бичиг явуулсан, тавдугаар хавтаст хэргийн 1, 2 дугаар тал дээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1/6055 дугаартай албан бичиг хавсралтын хамт ирүүлсэн байна. Хавсралтын хүснэгтэд тухайн байгууллагуудын зөрчлийн талаарх тэмдэглэлийг тусгасан ба үүнд нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль орчны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, өмнө нь өгсөн албан шаардлага дээр бичигдсэн 9 зөрчлийг бичсэн байсан. Гэтэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт хяналт шалгалт хийж байгаа байгууллага нь тэмдэглэл хөтлөх үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгч компаниудад хийсэн шалгалтын тэмдэглэлийг гаргуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 5 компанийн зөрчлийн тэмдэглэл, албан шаардлагыг ирүүлсэн байна. “С ” ХХК-ийн албан шаардлагыг хавсаргаж ирүүлсэн тэмдэглэлд талбайн нөхөн сэргээлт шаардлагатай гэсэн дүгнэлттэй, бусад зөрчлийн талаар тэмдэглэлд тусгагдаагүй байна. “Б-А ” ХХК-ийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийсэн тэмдэглэлд нөхөн сэргээлт хийсэн шүүхийн маргаантай гэсэн тэмдэглэлтэй, Дөрөвдүгээр хавтаст хэргийн 42-73 дугаар хуудсанд 5 компанийн зөрчлийн тэмдэглэл, албан шаардлага зэргийг ирүүлсэн байна. “С ” ХХК, “Б-А ” ХХК-иудын шалгалтын тэмдэглэл байгаа харин бусад хоёр компанийн шалгалтын тэмдэглэл үйлдэгдээгүй. Гуравдугаарт, 2016 оны Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолтой давхцалтай гэдэг үндэслэлээр үйл ажиллагааг зогсоож тусгай зөвшөөрлийг цуцалсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг үндэслэн бүс тогтоосон. Үүний дараа 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор мөн усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг хэрхэн тогтоох талаар Засгийн газраас шийдсэн. Уг тогтоолд усан бүхий газрын эргээс 50 метр газарт онцгой хамгаалалтын бүс, 200 метрт энгийн хамгаалалтын бүс байхаар тогтооно. Тэмдэгжүүлэх ажлыг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай гэсэн тогтоол гарсан. Иймд бүх аж ахуй нэгжүүд онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай хэсгийг хасуулж, цаашид үйл ажиллагаа явуулах эрхээ авч ажиллаж эхэлсэн. 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Гол мөрний урсац бүрэлдэх усны сан бүхий хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд мөн гарсан. Усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасны дагуу усан сан бүхий газрын эргээс 200 метрээр тогтооно гэж хуульчилсан. Гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид хуулиар заасан болон Засгийн газрын тогтоолуудаар тогтоосон бүсийн хэмжээнээс хэтэрхий ихээр давуулан энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг тогтоосон.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 50 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргахдаа хууль зөрчсөн, хууль бус тогтоолыг үндэслэхгүйгээр шийдвэр гаргах эрх хуульд байгаа. Гэтэл хууль зөрчиж энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээс илүү тогтоосон тогтоолыг баримтлан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Дөрөвдүгээрт, Нийслэлийн Засаг даргын А/******* дүгээр захирамжийн 1 дүгээрт заасныг харвал ундны усны хамгаалалтын бүстэй давхцалтай аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Геодези зураг зүйн газар, Байгаль орчны яамнаас ирсэн нэхэмжлэгч 5 компанийн мэдээлэлд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 50 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтад усан сан бүхий энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна гэж ирсэн. Бид маргахдаа хэрэв Нийслэлийн Засаг дарга 50 дугаар тогтоолыг хүчинтэй, хууль зөрчөөгүй гэж баримталсан, ундны усны хамгаалалтын газартай давхцалтай хэсгийг цуцалж байгаа бол үндэслэлгүй юм. Тавдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх ёстой. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсгийг үндэслэж цуцалсан ба Байгаль орчныг нөхөн сэргээх үүргийг биелүүлээгүй талаар Хотын захиргааны байгууллагын саналыг харгалзан Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргасан бол цуцална гэдэг заалттай. Нэхэмжлэгч 5 компанийн хувьд нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэдэгтэй холбоотой зөрчил байхгүй. Хоёрдугаарт, нутгийн захиргааны байгууллагаас ирсэн тухайн компаниуд ямар зөрчил гаргасан, нөхөн сэргээлт хийгээгүй, газрын төлбөр төлөөгүй гэдэг талаар нутгийн захиргааны байгууллагын санал ирээгүй. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргана гэсэн. Нийслэлийн Байгаль орчны газраас 5 дүгнэлтийг ирүүлсэн. Тухайн дүгнэлтэд ямар компани ямар зөрчил гаргасан гэдэг талаар болон нөхөн сэргээлт хийгээгүй гэдэг дүгнэлтүүд байхгүй. Иймд энэ захирамж нь хуульд заасан үндэслэлүүдийг огт хэрэгжүүлээгүй захирамж учир холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чилхаажав шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын А/******* тоот захирамж хүчингүй болох үндэслэл нь захирамж гарах процесс буруу явагдсан. Албан шаардлага гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалт эхлээгүй байхад туслах процесс эхэлсэн байсан. Хан-Уул дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргын санал 4 дүгээр сарын 07-ны өдөр Байгаль орчны газарт ирсэн байдаг. Гэтэл шалгалт нь 4 дүгээр сарын 17-ны өдрөөс удирдамж нь эхэлсэн. Шалгалт хийгдээгүй байхад дүүргүүд рүү Засаг дарга нар саналаа явуулсан. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 50 дугаар тогтоол гарахдаа ундны усны хамгаалалтын бүсэд орохгүй гэж заасан атал уг тогтоолын 5-10 дугаар хавсралт нь энгийн хамгаалалтын бүс юм. Ундны усны хамгаалалтын бүсээс давхцалтай гэж хэлсэн атлаа жагсаалтад энгийн хамгаалалтын бүстэй давхацсан 96 аж ахуй нэгжийг жагсаасан. Засгийн газрын 289 дүгээр тогтоолтой давхцалгүй гэж Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн. 289 дүгээр тогтоолтой эдгээр компани давхцалгүй гэж үзсэн. Үүний нэгдүгээр заалтад 194 дүгээр тогтоолд гурван заалтыг тусгаж өгсөн ба эхний заалтаар энгийн хамгаалалтын бүс 200 м, онцгой хамгаалалтын бүс 50 м гэж заасан. Хоёрдугаар заалтаар солбилцлуудыг заасан. Гэтэл энэ солбилцлууд нь амьдралд нийцэхгүй маргаантай ба усан биш газар солбилцолууд нь таарсан. “СБ ” ХХК нь Байгаль орчны яамтай хилэм загас үйлдвэрлэх Хилэн мост гэдэг компани байгуул, үүссэн хиймэл нууранд загас үржүүлнэ гэж тусгай зөвшөөрөл авсан байхад Байгаль орчны яамны хийсэн ажлыг үгүйсгэсэн юм шиг Байгаль орчин төлөвлөсөн үүргээ биелүүлээгүй. Одоо очоод үзэхэд ч хилэм загас үржүүлж байгаа. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулиар энгийн хамгаалалтай бүсэд гурвалсан гэрээ байгуулсан бол олборлолт явуулж болно гэж заасан. Миний төлөөлж буй гурван компани нь Хан-Уул дүүргийн Засаг даргатай гуравласан гэрээ байгуулсан. Захиргааны байгууллагаас тавьсан шаардлагыг тухайн гурван компани биелүүлж ажилласан. Үүнд төлбөр төлсөн баримт, засмал замын төлбөр төлсөн баримтууд байхад авч үзээгүй. 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. Компаниудыг үйл ажиллагаа явуулаагүй. Гуравдугаарт шалгуулж байгаа аж ахуй нэгжүүдийг байцуулж шалгалт хийх ёстой байтал ихэнх компанид шалгалт хийхдээ байлцуулаагүй. Өөр хэлбэл шалгалт хийгээгүй албан шаардлага бичсэн. Эдгээр үндэслэлээр хууль бус байгаа учир маргаан бүхий захиргааны акт нь бүхэлдээ хууль бус юм. Иймд уг захиргааны актыг цуцалж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр батлагдан гарснаар Нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ байрших түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрхтэй болсон. Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байрших түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн хувийн хэргийг шилжүүлж, тухайн тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой хуулиар хүлээсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхийг мөн шилжүүлсэн байна. Ингэснээр нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг тус хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу цуцлах хууль зүйн боломж бүрдсэн байна. Нийслэлийн Засаг дарга Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай 2017 оны А/******* дүгээр захирамжийг гаргахдаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Байгаль орчны газрын хамтарсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай удирдамжийг батлан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Уг шалгалтаар эдгээр аж ахуйн нэгжүүд нь бичиг баримтын бүрдэл дутуу, хэрэгжилт хангалтгүй, уурхайн ашиглалт явуулж эвдрэлд оруулсан газарт нөхөн сэргээлт хийгээгүй, байгаль хамгаалах үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчилд Улсын байцаагчийн акт, албан шаардлагыг хүргүүлсэн боловч шаардлагын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, ундны усны хамгаалалтын бүстэй тусгай зөвшөөрөлтэй талбай нь давхцалтай, мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Мөн Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооноос голын бохирдлын асуудлаар 5846 иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу, мөн олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллах талаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоол болон эдгээр тогтоолуудыг хэрэгжүүлэн удирдлага болгон ажиллахыг Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас тус тус чиглэл ирүүлсний дагуу хяналт шалгалтыг ажлын хийж гүйцэтгэсэн.

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн Байнгын Хороонд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой иргэдээс ирсэн өргөдөл гомдлоос гадна ундны усны хамгаалалтын бүс, түүний ойр орчимд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо улам ихэссэн нь Улаанбаатар хотын нийт оршин суугч иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байгаа талаар өргөдөл гомдол ч мөн Нийслэлийн Засаг даргад ирсний дагуу Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3 дах заалтад заасан сонсох ажиллагааг хийхгүй байх үндэслэл болсон гэж үзэж байна. Гэсэн хэдий боловч Нийслэлийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хэвлэлийн бага хурлаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох талаар мэдэгдэл хийсэн нь хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд огт мэдээгүй болон сонсоогүй гэх тайлбар болохгүй юм. Тусгай зөвшөөрлийг цуцлахаас 4 сарын өмнөөс анхааруулж олон нийтийн хэвлэлээр сонсгох ажиллагаа хийсэн гэж үзэж байна.

Дээрх удаа дараагийн үе шаттай арга хэмжээ авсны эцэст тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/******* дүгээр захирамжийн “Гэрэлт шинэчлэл" ХХК нарын 26 аж ахуйн нэгжид холбогдох хэсэг нь хууль тогтоомж болон нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа[3]: “Нэр бүхий компаниудын түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусгай зөвшөөрлийг цуцалсан үндэслэл, түүнийг хэрхэн шалгаж тогтоосон талаарх тайлбарыг Нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дүгнэлтээр[4]  “Б-А ” ХХК, “Б ” ХХК, “ББ ” ХХК, “СБ ” ХХК, “С ” ХХК-иудын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан, Улсын байцаагчийн албан шаардлага биелүүлээгүй гэсэн үндэслэлээр цуцалсан болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалж газрын хэвлий ашиглах дуусгавар болгохдоо 2017 оны Нийслэлийн Засаг даргын А/******* дүгээр захирамжаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэж өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Нийслэлийн Засаг дарга өөрийн хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн мэргэжлийн хяналт болон Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн Байгаль орчин менежментийн төлөвлөгөөнд хяналт шалгалт хийх тухай 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн тоотын дагуу хяналт шалгалтаас тухайн аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор тогтоосон Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэртэй давхцалтай байгаа бөгөөд Барилга хот байгуулалтын яамны Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн. Улсын Их хурлын Байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоолыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас хэрэгжүүлэх чиглэл ирүүлсний дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын А/******* дүгээр албан бичгээр ундны устай давхацсан гэдэгт нэгдүгээр хавсралт хамаарч байгаа. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн эрх үүргийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэгт заасны дагуу өмнөх зөрчлүүдээ арилгах хугацаатай шаардлага хүргүүлсэн. Торгуулийг хяналт шалгалт хийх үед илэрсэн зөрчлийн хувьд арга хэмжээ юм. Эдгээр хоёр нь өөр санкцууд юм. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа уулын ажлын тайлан төлөвлөгөөг батлуулаагүй гэж байна. Энэ нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасны дагуу Уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж нь уурхай дээр зайлшгүй байх ёстой бичиг баримтын бүрдүүлбэр байдаг. Үүн дээр үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь тухай компанийг уулын ажлын төлөвлөгөө, тайлан болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчныг хамгаалаах төлөвлөгөө, менежментийн тайлан мэдээнээс чөлөөлнө гэсэн ойлголт биш. Нөхөн сэргээлт хийсэн байхад хийгээгүй гэж үзэж байна хэмээн тайлбарлаж байна. Тухайн аж ахуйн нэгжийн хийсэн нөхөн сэргээлтийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж, нөхөн сэргээлтийг хүлээж авснаар тооцдог. Нэр бүхий 5 аж ахуй нэгж нь 2011, 2017 онуудад хийсэн комиссын акт дүгнэлт байхгүй, тэр дунд ороогүй учир нөхөн сэргээлт хийснээ хүлээлгэж өгөөгүй. “СБ ” ХХК-д Хилэн мост гэдэг компани байгуулан загас үржүүлэг хийж байгаа гэж тайлбарлаж байна. Энэ хоёр нь өөр компаниуд юм. Хилэн мост гэж компани нь “СБ ” ХХК-ийн талбай дээр хиймэл нуур үүссэнийг загас үржүүлж ашиглаж байгаа. Нийслэлийн Засаг даргад энэ газрыг хувааж авах талаар хүсэлтээ өгч байсан. Иймд “СБ ” ХХК-ийн үйл ажиллагаанд хамраалгүй компани юм” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 50 дугаар тогтоолыг гаргахдаа хүчингүй тогтоолыг үндэслэсэн гэж байна. Ундны усны хамгаалалтын бүсэд гэдэг талаас тайлбарлаж байна. Энэ тогтоолыг гаргасан зорилго нь Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн ундны усны нөөцийг нэмэгдүүлэх, хомсдохоос сэргийлэх зорилгоор гаргасан учир ундны усны хамгаалалтын бүс гэж хэлж байгаа боловч дотроо ямар бүсийг тогтоосон нь байгаа. Мөн Ялгуусан нарын нэхэмжлэлтэй хэрэг дээр захиргааны хэм хэмжээний актууд бүртгэлгүй талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тус шүүхийн шийдвэрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уг тогтоолыг гаргах бүрэн эрхтэй байна. Нийтийн эрх ашигт эерэгээр нөлөөлөхөөр акт байна гэж дүгнэсэн. Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тогтоосон тогтоол нь хүчин төгөлдөр юм. Нийслэлийн Засаг дарга хүчин төгөлдөр актыг үндэслэж шийдвэрээ гаргасан. 2017 онд цуцалсан хэдий ч 2016 оны 12 дугаар сараас эхлэн Байнгын хорооны зөвлөмж ирсний дагуу ажиллагаа явагдаж 2018 оны 3 дугаар сард Нийслэлийн Засаг дарга өөрийн биеэр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан сонсох ажиллагаа хийсэн гэх мэт шат дараалсан ажиллагаа хийсэн байгаа. 8 дугаар сарын 21-ний өдөр Засаг дарга цуцалсан ажил биш юм.

Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “ Нэхэмжлэлийн шаардлагыг үнэн шударга шийдвэрлэнэ гэж дүгнэлээ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар нь “Нийсл=элийн Засаг даргыг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр захирамжийн “Б-А ” ХХК /РД:..../, “Б ” ХХК /РД:../, “ББ ” ХХК /РД:.../, “СБ ” ХХК /РД:.../, “С ” ХХК /РД:.../-иудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болсон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд зэрэгт дүгнэлт өгч, нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газар хамтарч Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын хэвлийн тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиуд, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам болон бусад норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хууль журам зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай” удирдамжийг батлан хяналт, шалгалтыг гүйцэтгэж, шалгалтын ажлын хэсгээс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай танилцуулгыг бичжээ[5].

Нийслэлийн Засаг дарга дээрх шалгалтаар илэрсэн зөрчлүүдтэй холбоотойгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/******* дүгээр захирамжийн[6] 1 дэх заалтаар Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлээр нийт 62 аж ахуй нэгжид олгосон тусгай зөвшөөрлийг цуцалсны дотор Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр 2005 онд “Б-А ” ХХК-д олгосон MV-*******, 2005 онд “Б ” ХХК-д олгосон MV-*******, 2008 онд “ББ ” ХХК-д олгосон MV-*******, 1996 онд “СБ ” ХХК-д олгосон MV-*******, 2008 онд “С ” ХХК-д олгосон MV-******* дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон байна.

Шүүх хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/******* дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Б-А ” ХХК, “Б ” ХХК, “ББ ” ХХК, “СБ ” ХХК, “С ” ХХК-иудын тусгай зөвшөөрлөөр ашиглаж байсан талбайнууд нь Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, улсын байцаагчийн алба шаардлага биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэсэн үндэслэлээр цуцалсан үндэслэлд дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэв.

I. Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлийн тухайд;

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт, Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах заалт, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх заалт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын Сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-******* дугаартай хамтарсан тушаалыг үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоожээ.

Уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар Туул голын урсац бүрэлдэх эх, түүний цутгал голуудын урсцыг тогтвортой хэмжээнд барих, хуримтлуулах, ундны усны эх ундарга, нөөцийг нэмэгдүүлэх, зүй зохистой ашиглах зорилгоор Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийн зургийг, 2 дугаар хавсралтаар эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг, 3 дугаар хавсралтаар Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийн зургийг, 4 дүгээр хавсралтаар эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг, 5 дугаар хавсралтаар Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсийн зургийг, 6 дугаар хавсралтаар эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг, 7 дугаар хавсралтаар Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн зургийг, 8 дугаар хавсралтаар эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг, 9 дүгээр хавсралтаар Газрын доорх усны эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн зургийг, 10 дугаар хавсралтаар эргэлтийн цэгийн солбицлын жагсаалтыг тус тус баталжээ.

Дээрх тогтоолын 7 дугаар хавсралтаар тогтоосон Улаанбаатар хотын усны “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс”-тэй нэхэмжлэгч “Б-А ” ХХК-ийн MV-******* дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглаж 30.95 гектар талбай нь 30.95 гектар талбайгаар буюу 100 хувиар, “Б ” ХХК-ийн MV-******* дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглаж 38.1 гектар талбай нь 28.45 гектар талбайгаар буюу 74.7 хувиар, “ББ ” ХХК-ийн MV-******* дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглаж 59.14 гектар талбай нь 59.14 гектар талбайгаар буюу 100 хувиар, “СБ ” ХХК-ийн MV-******* дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглаж 30.54 гектар талбай нь 30.54 гектар талбайгаар буюу 100 хувиар, “С ” ХХК-ийн MV-******* дугаартай тусгай зөвшөөрлөөр ашиглаж 60.72 гектар талбай нь 60.72 гектар талбайгаар буюу 100 хувиар тус тус давхацжээ[7].

Нэхэмжлэгч нараас дээрх Улаанбаатар хотын усны “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс”-тэй давхацсан хэмжээтэй маргаагүй бөгөөд зөвхөн уг тогтоолоор Улаанбаатар хотын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоохдоо хэтэрхий өргөн хүрээгээр тогтоосон нь үндэслэлгүй гэж маргаж байгаа болно.    

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” 50 дугаар тогтоол нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаагаас гадна тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор тус хэргийн нэхэмжлэгч “С ” ХХК болон нэр бүхий 9 компаниудаас гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр[8] бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тухайн нэхэмжлэгчдийг “…Туул, Бөхөг голын усны энгийн, онцгой хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж  байсан, мөн  компаниудын ашиглалтын  тусгайзөвшөөрөл  бүхий  талбай  нь  усны хамгаалалтын бүсэд багтсан нь тогтоогдсон …” талаар  дүгнэснээс гадна дээрх тогтоол нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, холбогдох төрийн захиргааны байгууллагуудын санал, зөвлөмж, дүгнэлтийг үндэслэж гарсан, нийтийн ашиг сонирхолд  эерэг  нөлөөлөл  бүхий захиргааны акт гэж үзжээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т зааснаар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг холбогдох төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т зааснаар хот, тосгон, бусад суурин болон амралт, сувиллын газар, гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн орчинг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах тусгай бүсийн заагийг тогтоох бүрэн эрхтэй, энэ ч хүрээнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоол гарсан байх бөгөөд энэхүү тогтоолоор баталсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай нэр бүхий 5 компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгожээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйл. “Тусгай зөвшөөрлийг цуцлах”, 37.1. “Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг доор дурдсан үндэслэлээр цуцална:”, 37.1.3. “тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудын агуулгаас үзвэл Аймаг, нийслэлийн Засаг дарга нь тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилжээ.

Гэхдээ Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд “тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ, эсхүл хэсэгчлэн давхацсан” гэсэн зохицуулалт байхгүй ч, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг ойлгохоор, харин “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах” нь уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар нь нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарахаар байна.

Иймд усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

II. Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, улсын байцаагчийн алба шаардлага биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд;

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Нийслэлийн Байгаль орчны газар хамтарч Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Ашигт малтмалын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын хэвлийн тухай, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиуд, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам болон бусад норм, стандартын хэрэгжилтийг шалгаж, хууль журам зөрчсөн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх тухай” удирдамжийг батлан хяналт, шалгалтыг 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэж, ажлыг хэсгээс 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай танилцуулгыг бичжээ[9].

Уг шалгалтын дүнг үндэслэн Мэргэжлийн хянатын улсын байцаагч нар тус хэргийн нэхэмжлэгч компаниудыг бичиг баримтын бүрдэл дутуу, байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “Б-А ” ХХК-д шалгалтаар илэрсэн 9 зөрчил дутагдлыг арилгах талаар 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 02-04-194/743 дугаартай[10], нэхэмжлэгч “Б ” ХХК-д шалгалтаар илэрсэн 9 зөрчил дутагдлыг арилгах талаар 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-201/764 дугаартай[11], нэхэмжлэгч ББ ” ХХК- шалгалтаар илэрсэн 9 зөрчил дутагдлыг арилгах талаар 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 02-05-369/1035 дугаартай[12], нэхэмжлэгч “СБ ” ХХК- шалгалтаар илэрсэн 9 зөрчил дутагдлыг арилгах талаар 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай[13], нэхэмжлэгч “С ” ХХК- шалгалтаар илэрсэн 9 зөрчил дутагдлыг арилгах талаар 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 02-05-369/756 дугаартай[14] албан шаардлагуудыг хүргүүлж, албан шаардлагын дагуу тодорхой ажил зохион байгуулж биелэлтийг 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт албан бичгээр ирүүлэхийг мэдэгджээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйл. “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, түүний нийтлэг бүрэн эрх”, 10 дугаар зүйлийн 10.9. “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 10.9.8. “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар нь хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах эрхтэй байх бөгөөд маргаан бүхий тохиодолд улсын байцаагч нар нь шалгалтаар илэрсэн  зөрчлүүдтэй холбоотой нэхэмжлэгч компаниудад албан шаардлага хүргүүлсэн нь ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцжээ.

Улсын байцаагч нар албан шаардлагыг үндэслэлгүй гэж үзвэл Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар дээд шатны байгууллага албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй талаар албан шаардлагадаа дурдсан байх боловч тус хэргийн нэхэмжлэгч компаниудын зүгээс гомдол гаргаагүй байх тул албан шаардлагад дурдагдсан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “Б ” ХХК, “С ” ХХК-иудаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт албан шаардлагад заасан зөрчлийг арилгах хугацаанд багтаан албан бичгүүдийг хүргүүлсэн байх боловч улсын байцаагч нарын албан шаардлагад дурдагдсан 9 төрлийн зөрчлийн хэрхэн арилгасан талаар тайлбар, нотлох баримтуудыг хангалттай байдлаар ирүүлээгүй байх тул нэхэмжлэгч компаниудыг улсын байцаагч нарын албан шаардлагуудыг биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч “Б-А ” ХХК, “Б ” ХХК, “ББ ” ХХК, “СБ ” ХХК, “С ” ХХК-иудын түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсэд орсон гэх үндэслэлүүдээр цуцалсан хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/******* дүгээр захирамжийн тус компаниудад холбогдох хэсэг нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Мөн хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх сонсгох үүргээ ... маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдээллийг ulaanbaatar.mn цахим хуудсаар 2017 оны 3 сарын 29-ний өдөр мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж үзэх боломжгүй боловч дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч нар нь анх 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хамтран нийт 26 компаний нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг нэг л удаа төлсөн байх бөгөөд “Суурь хана” ХХК-ийн нэрээр төлсөн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим нэхэмжлэгч нарын хэргийг нэгтгэж, тусгаарлах явцад улсын тэмдэгтийн хураамж төлсөн “Суурь хана” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг тусгаарлагдаж, тусдаа шийдвэрлэгдсэн байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, тус хэргийн нэхэмжлэгч “Б-А ” ХХК, “Б ” ХХК, “ББ ” ХХК, “СБ ” ХХК, “С ” ХХК-иудад холбогдох хэсгийг улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх ...” гэж зааснаар нэхэмжлэгч нэр бүхий 5 компаниар улсын тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг нөхөн төлүүлж, нөхөн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/******* дүгээр захирамжийн “Б-А ” ХХК, “Б ” ХХК, “ББ ” ХХК, “СБ ” ХХК, “С ” ХХК-иудад холбогдох хэсгийн хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 12 дугаар зүйлийн 12.1.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг тус тус баримтлан “Б-А ” ХХК, “Б ” ХХК, “ББ ” ХХК, “СБ ” ХХК, “С ” ХХК-иудаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/******* дүгээр захирамжийн “Б-А ” ХХК, “Б ” ХХК, “ББ ” ХХК, “СБ ” ХХК, “С ” ХХК-иудад холбогдох хэсгийн хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараар улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг нөхөн төлүүлж, төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ГАНБАТ

 ШҮҮГЧ                                Б.АДЪЯАСҮРЭН

 ШҮҮГЧ                                Ц.ОДМАА

 

 

 


[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 208 дугаар хуудас.

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 2-7 дугаар хуудас.

[3] Хавтаст хэргийн 4 дүгээр хавтас, 69-70 дугаар хуудас,

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 122-123 дугаар хуудас,

[5] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 151-185 дугаар хуудас

[6] Хавтас хэргийн 2 дугаар хавтас, 181-186,   дугаар хуудас.

[7] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 112-113 дугаар хуудас

[8] Хавтас хэргийн 2 дугаар хавтас, 25-36 дугаар хуудас.

[9] Хавтаст хэргийн 2 дугаар хавтас, 151-185 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 4 дүгээр хавтас, 43-47 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 4 дүгээр хавтас, 69-73 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 4 дүгээр хавтас, 64-68 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 4 дүгээр хавтас, 59-63 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 4 дүгээр хавтас, 54-58 дугаар хуудас