Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 29

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч П.Долгормаа, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

            Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 143/ШШ2017/00097 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргад хариуцагдах

            “Өмнөговь аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн б/92 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Номгон сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Н.Нарангарав, нарийн бичгийн даргаар Э.Дөлгөөн оролцов.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өмнөговь аймгийн Номгон сумын иргэн Б.Адьяабат миний бие 2012 оноос Номгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа алдаа, зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Харин 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болсон орон нутгийн сонгуульд нэр дэвшихтэй холбоотойгоор Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасны дагуу үүргээ биелүүлж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу миний бие төрийн үйлчилгээний албан хаагч нь заавал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх буюу хөдөлмөрийн харилцааг бүрэн дуусгахыг хуульчлаагүй. Зөвхөн сонгуульд нэр дэвших болсон, түүнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн мэдэгдэл, шалгуур үзүүлэлт гэж ойлгоно. Мөн сонгуулийн хугацаанд ажлаа гүйцэтгээгүй байхыг л шаардсан хуулийн зохицуулалт билээ. Гэтэл Засаг дарга нь энэ хуулийн заалтыг буруу ойлгож намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн захирамж гаргасаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1. дэх хэсэгт заасны ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэнээс хойш 30 хоногийн дараа ажлаа орхиж явах эрхтэй бөгөөд тухайн цаг хугацаанаас хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсонд тооцогддог. Гэтэл би мэдэгдэлээ 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан байхад 10 дугаар сарын 10-ны өдөр тус өргөдлийг үндэслэн ажлаас чөлөөлсөн бөгөөд намайг өөрийн хүсэлтээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хуулийн үндэслэлгүй байна. Мөн миний бие аймгийн Засаг даргын захирамжаар 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан. Гэтэл ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтойгоор зөрчиж байна. Би Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэж орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хэрэгжүүлснийхээ төлөө үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөндөө гомдолтой байна. Иймд аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6/92 тоот захирамжийг хүчингүй болгож, намайг сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Буурал овогтой Батбаатарын Адьяабатын Номгон сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь хуулиар эрх олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдлэж орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн бөгөөд Сонгуулийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хэрэгжүүлсэний төлөө үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөндөө гомдолтой гэсэн байна. Б.******* нь 2012 оноос Номгон сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж, хөдөлмөрийн гэрээг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаатай байгуулан төрийн үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байсан байна. Ажиллаж байх хугацаандаа 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг аймгийн Засаг даргын ажлыг хийж байсан Б.Бадраад гаргасан байна. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлснээс 19-ний өдөр болохоос 55 хоногийн өмнө нэр дэвшигч нь бүртгүүлэх бөгөөд үүрэгт ажлаа гүйцэтгээгүй байх ёстой юм. Нэхэмжлэгч нь сонгуульд нэр дэвшсэн боловч үүрэгт ажлаас чөлөөлөгдөөгүй байсан тул түүний хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэж ажлаас чөлөөлөх 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/92 дугаартай захирамжийг гаргасан байна. Энэхүү захирамжийг гаргасан үндэслэл нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн байна. Номгон сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажилд өөр хүнийг томилон ажлуулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Адьяабат миний бие аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн б/92 дугаар захирамжаар Номгон сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Би энэхүү захирамжийг хууль бус хэмээн үзэж хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар Өмнөговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа одоог хүртэл үргэлжилж байна. Би уг захирамжийн улмаас одоог хүртэл эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа бөгөөд энэ хугацааны цалин 1.899.497 төгрөг болж байна. Иймээс шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, Б.******* миний нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Номгон сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан иргэн Б.*******ын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх өдөр хүртэлх цалин, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хүлээн авч танилцав. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн б/92 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.*******ыг Өмнөговь аймгийн Номгон сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговор буюу 4.047.886 /дөрвөн сая дөчин долоон мянга найман зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******ад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.******* болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.324 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Өмнөговь аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Б.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн цуцлахдаа 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг зөрчиж ажлаас чөлөөлсөн гэж дурьдсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн аймгийн Архивын тасгаас ирүүлсэн нэхэмжлэгч нь сонгуульд оролцохоор бүрдүүлсэн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохын тулд ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан юм. Ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д “... төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан ... орон нутгийн сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэсэн заалтыг үндэслэн гаргасан байна.

Хуульд заасны дагуу тухайн жилийн дөрөвдүгээр сарын нэгний дотор ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн өргөдөлд ажил олгогч 30 хоногийн дотор шийдвэр гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх ажилтны эрхийг зөрчөөгүй байна. Тухайн хуулийн заалт нь ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтээ өгөөд түүнийг 30 хоногийн дотор шийдвэрлээгүй бол ажлын байраа орхих ажилтны эрхтэйг зохицуулсан тул шүүхийн шийдвэрт энэ хуулийг үндэслэл болгож хариуцагч түүнийг зөрчсөн гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаснаас хойш тухайн ажлын байранд ажиллаж байсан боловч Сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн, нэр дэвшиж оролцсон үйлдэлд нь шүүх дүгнэлт өгөөгүй байна. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгүүлснээр ажлаас чөлөөлөгдсөн байх шаардлагыг хангаж 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Орон нутгийн сонгуульд оролцсон нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн б/92 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм. Сонгуульд оролцоход ажлаас чөлөөлөгдсөн байх хуулийн шаардлагыг хангаж түүнд оролцож байсан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгснөөр нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан өргөдлийн агуулгыг хүлээн зөвшөөрсөн байсныг нотлож байна. Ажлаас чөлөөлөгдөх тушаалыг гаргаагүй байсан бол Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр сонгуульд оролцох боломжгүй байсан юм. Иймд анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “”Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэж заасан бөгөөд хэрэгт нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлагыг хангаагүй Өмнөговь аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн б/92 тоот  захирамж авагдсан байхад шүүх мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “...Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй...” гэж заасан эрхээ хэрэгжүүлж уг бичмэл нотлох баримтын жинхэнэ эхийг хэргийн оролцогчоос шаардан авалгүйгээр, дээрх хуулбар хувийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан “Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэсэнтэй нийцээгүй байна. /Хэргийн 04, 73 дугаар тал/

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй нотлох баримтыг үнэлж хэргийн үйл баримтыг дүгнэсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч баримт байж болохгүй” гэж заасныг  зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Б.*******ын нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Л.Угтахбаярыг томилсон Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны  02 дугаар сарын 21-ний өдрийн 143/ШЕ2017/00075 тоот захирамжийг шүүгч А.Энхтөр гаргаж албажуулахдаа Шүүхийн тухай хуульд заасан бүх шатны болон анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхэд хамаарах 13, 24 дүгээр зүйлийг баримтласан байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны даргалагчийг урьдчилан тогтоосон Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын захирамжид дурдаагүй, шүүгч А.Энхтөр нь Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-д заасан “хуульд заасан бусад эрх” болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.9-т заасан “...хуульд зааснаар Ерөнхий шүүгчийг орлох” тухай шүүгчийн бүрэн эрхийн дагуу гаргасан гэх нөхцөл байдал захирамжаас харагдахгүй байна. Мөн захирамж нь Ерөнхий шүүгч бусад шүүгчтэй адил хэрэг хянан шийдвэрлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.4-т заасныг баримталсан нь ойлгомжгүй байна.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн томилсон шүүгч шүүх хуралдаан даргалсан гэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан зөрчлийг давж заалдах шатны шүүхэд залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх шийдвэрийг заавал хүчингүй болгох үндэслэлд хамаарч  байх тул  мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргийн хүрээнд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 143/ШШ2017/00097 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болж байгаа тул маргааны үйл баримтын талаарх давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн талаар шийдвэрлээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

167 дугаар зүйлийн  167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг

удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 143/ШШ2017/00097 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Засаг дарга нь давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал магадлалыг танилцуулан сонсгосон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй  бөгөөд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.НАСАНЖАРГАЛ

                                 ШҮҮГЧИД                                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

П.ДОЛГОРМАА