| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/04267/И |
| Дугаар | 102/ШШ2018/00208 |
| Огноо | 2018-01-16 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2018/00208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: А.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Б-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.О, хариуцагч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны эхээр О.Бтай танилцаж, 2014 оны 7 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн бөгөөд бидний дундаас 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Ананд Сэлэнгэ аймгийн эмнэлэгт төрсөн. Хүүг төрөөд 20 хоногтой байхад О.Бгийн хойд эцэг нас барахад би хүүгийнхээ хамт Улаанбаатар хотод өөрийн гэртээ ирж амьдарсан. Үүнээс хойш би МҮОНРТелевизэд жинхэлсэн тул хүүтэйгээ хотод амьдаръя хүрээд ирээч гэхэд чи Сэлэнгэд ирж амьдар, нөхрөө дага гэдэг маргаан бидний дунд үүссэн. О.Б хүүгээ төрснөөс хойш 2016 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймагт хүүгээ нэг удаа дуудаж хувцас авч өгсөн. Түүнээс хойш нэг ч удаа хүүдээ сайн дураар дэмжлэг үзүүлж байгаагүй. Хүүгээ өвдөхөд би хааяа мөнгөгүй, аргагүйдээд өөрөө гуйж эм тарианы мөнгө 2 удаа авсан. Цаашид бид эргэн нийлж, хамт амьдрах боломжгүй тул О.Бгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төрсөн Б.Ананд нь миний төрсөн хүүхэд мөн. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. хуулийн дагуу тэтгэлэг төлье. А.О-ийн ярьсан зүйл дээр нэмж хэлэхэд би огт эргэж тойрохгүй, хүүхдээ анхаарахгүй явсан биш. Би өөрийн боломжоороо мөнгө төгрөг шилжүүлдэг байсан. Цаашид нийлээд хамт амьдрах боломжгүй тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ, бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.О нь хариуцагч О.Бд холбогдуулан 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Анандад хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргажээ..
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө гэсэн тайлбар гаргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Зохигчид 2014 оны эхээр танилцаж, 2014 оны 7 дугаар сараас хамтран амьдарсан ба 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Ананд төрсөн байна. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан ч хүүг эцгээр нь овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.
Хариуцагч нь Б.Анандын төрсөн эцэг нь болохоо хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Базаррагчаагийн Анандыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг О.Б-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас /Үндэсний Статистикийн хорооноос 2017 оны шинэчлэн тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн Улаанбаатар хотын хэмжээнээс 12 сарын хугацаанд тооцоход 185.300:2=92.650, 92.650х12=1.111.800 төгрөг болж байна/ 1.111.800 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 31.240 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг баримтлан 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Анандыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр, эцэг О.Бд тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 31.240 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ