Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2018/00016

 

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2018/00016

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... хороолол, ... тоот хаягт оршин суух Б.Э /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамж .., өөрийн байранд байрлах, Т.З /РД: .../-т холбогдох,

 

Тушаал хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Эийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Б.Э нь анх 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Т.Зийн даргын Б-1-100 тоот тушаалаар тус нийгэмлэгийн авто баазын даргын албан тушаалд томилогдсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулж, идэвхи чармайлттай 2 жил уг албан тушаал дээр ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэг сахилгын шийтгэл авч байгаагүй. Гэтэл гэнэт 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт хийж байгаа тул ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгч, улмаар 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын Б-1-306 тоот тушаалаар Б.Э намайг тус нийгэмлэгийн Авто баазын даргын албан тушаалаас чөлөөлсөн. Албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, эсхүл түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн; гэх заалтыг үндэслэсэн байна.

 

Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны А-216 тоот тушаалаар батлагдсан Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай тушаалаар миний ажиллаж байсан Авто бааз гэдэг байгууллагыг Авто тээврийн үйлчилгээний төв болгож өөрчилснөөр бүтцийн өөрчлөлт хийгдсэн гэж үзэж намайг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн алдаа юм. Байгууллагын нэрийг л өөрчилснөөр аж ахуйн нэгж болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, бүтцийн өөрчлөлт хийгдсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Миний хийж гүйцэтгэж байсан ажил, үүрэг хэвээр хадгалагдсан бөгөөд тэр албан тушаалд одоогоор өөр хүнийг томилсон байна.

 

Авто бааз нь нийт 71 албан хаагчтай, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн нэг нэгж юм. Одоо ажилчдын тоо хэмжээ өөрчлөгдөөгүй, зөвхөн бүтцийг нь өөрчилснөөр аж ахуй нэгж өөрчлөгдөхгүй, Энхтөрийн ажиллаж байсан аж ахуйн нэгжид өөрчлөлт зохион байгуулалт орсон боловч хуучин ажлын орон тоо хэвээрээ байгаа, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасны дагуу байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулдаг. Гэтэл ажлаас халагдсан Энхтөрийн гүйцэтгэж байсан ажлын байрны нэршил өөрчлөгдөж, ажил үүрэг хэвээр үлдэж оронд нь өөр хүн авсан байдаг. Иймд Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Б-1-306 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Эийг хуучин эрхэлж байсан ажилд нь эгүүлж томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалангийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Иргэн Б.Этэй хөдөлмөрийн эрх зүйн харилцааг бодитоор үүсгээгүй бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 12-нд ажилд авсан тушаал байгаа боловч ажлын байрны тодорхойлолт гэж танилцуулаагүй байна. Тухайн албан тушаалтан нь улс төрийн шахалтаар ирсэн бөгөөд ямар нэгэн мэргэжлийн болон ур чадварын сонгон шалгаруулалтад ороогүй. Иргэн Б.Эийг ажлын байраар хангах зорилгоор Авто тээврийн үйлчилгээний төв-ийг Авто бааз болгон өөрчилсөн. Энэ нөхцөлд тус нийгэмлэг нь өөрийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Авто тээврийн үйлчилгээний төвийн дарга Ц.Хажидсүрэнг ажлаас чөлөөлж, авто техникийн зөвлөх гэсэн орон тоон дээр ажиллуулж байсан болно гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь Улаанбаатар Төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б-I-306 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна. Хариуцагч Улаанбаатар Төмөр зам нийгэмлэг нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Б.Э нь улс төрийн шахалтаар томилогдсон, ямар нэгэн сонгон шалгаруулалт өгөөгүй гэж маргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасантай харшлахгүй гэж үзлээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Э нь Т.Зийн Авто баазын даргын албан тушаалд 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тус нийгэмлэгийн даргын мөн өдрийн Б-I-100 тоот тушаалаар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Улаанбаатар төмөр зам нийгэмлгийн даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б-II-306 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 43 дугаар зүйлийн 43.1, тус нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, з заалтууд, Улаанбаатар төмөр зам нийгмлэг болон МТЗ-дын ҮЭ-ийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.4 дэх заалт, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны А-216 тоот Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тушаалыг тус тус үндэслэн Б.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн цуцалсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, Б.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал зэргээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно., 40.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцулахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана. гэжээ.

 

Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А-216 тоот Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай тушаалын 1 дүгээр заалтад УБТЗ-ын Авто баазыг 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс татан буулгаж, мөн өдрөөс Авто тээврийн үйлчилгээний төвийг байгуулсугай., мөн тушаалын 2 дугаар заалтад Авто тээврийн үйлчилгээний төвийн бүтцийг хавсралтаар баталж, 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс мөрдсүгэй. гэжээ. Уг тушаалын хавсралтад Авто тээврийн үйлчилгээний төвийг 71 орон тоотой байгуулсан бөгөөд 1 даргын орон тоог баталжээ.

 

Авто тээврийн үйлчилгээний төвийн даргын ажлын байрны тодорхойлолт, Авто баазын даргын ажлын байрны тодорхойлолтоос харвал тухайн ажлын байруудыг шууд харьяалан удирдах албан тушаалтан нь замын дарга, удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга, мөн ажлын байруудын шууд харьяалан удирдах албан тушаалд инженер-механик, ерөнхий нягтлан бодогч, албан хаагчид, жолооч, засварчид, ажлын байрны зорилго авто тээвэр, үйлчилгээний төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага зохион байгуулалтын зөв менежментээр удирдан чиглүүлж, санхүүгийн сахилга хяналтыг сайжруулан, байгууллагын хэтийн төлөвийг оновчтой зөв тодорхойлон хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, парк шинэчлэлийг шат дараатай хийх замаар ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай эдийн засгийн хувьд бие даан өрсөлдөх чадвартай болох гэжээ.

 

Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны А-216 дугаар тушаалаар Авто баазыг татан буулгаж, Авто тээврийн үйлчилгээний төвийг шинээр байгуулсан гэх боловч шинээр байгуулагдсан төв нь орон тоо, төвийн даргын харьяалагдан ажиллах албан тушаалтан, харьяалан ажллах албан тушаалтнууд, гүйцэтгэх үйл ажиллагааны чиг үүрэг өөрчлөгдөөгүй бөгөөд Авто баазыг татан буулгасан гэх нэрээр халхавчлан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг ноцтойгоор зөрчиж, Б.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан байна гэж шүүх үзлээ. Улаанбаатар төмөр замын Авто тээврийн үйлчилгээний төвөөс гаргасан цалингийн тооцооноос үзвэл Б.Эийн нэг өдрийн дундаж цалинг 58,618 төгрөг гэж тодорхойлжээ.

 

Иймд нэхэмжлэгч Б.Эийг урьд эрхэлж байсан Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Авто баазын даргын албан тушаалд эгүүлэн томилж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 126 ажлын өдрийн цалинд 7,385,868 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б-I-306 дугаар тушаалыг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн шаардлага биш нэхэмжлэл гаргах үндэслэл болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Эийг урьд эрхэлж байсан буюу Т.Зийн Авто баазын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалин олговорт хариуцагч Т.Зээс 7,385,868 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР