Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1576

 

 

2018        11           20                                      2018/ШЦТ/1576

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа, улсын яллагч Э.Намуун,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г овогт Бы Зыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 07713 1820 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.З нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шөлөндөө” хоолны газарт иргэн Б.Бтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  дүгнэхэд:

Шүүгдэгч Б.З нь хохирогч Б.Бын бие махбодид

нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Бид нар хоол идээд сууж байхад бид нарын хажуу талын ширээн дээр

үл таних 3 залуу орж ирсэн. Тэр 3 залуу надад хандаж юм яриад байх шиг байсан. Яриаг нь сонссон чинь бүдүүн гүзээгээ унжуулсан пизда гэх мэтээр маш их доромжилсон. Тэр үед миний найз Батмөнх идэж байсан мантуугаа нөгөө хүмүүс рүү шидсэн. Би шидэх үед нь суудлаасаа яг босч таарсан ба нөгөө залуучууд мантуу шидсэний дараа үгийн зөрүүгүй шууд зодож эхэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 11542 дугаартай:

Б.Бын биед тархи доргилт, баруун хацар, дагз, дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд доод уруулын дотор салстад язарсан шарх, цус хуралт, 12 дугаар шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь 2018 оны 9 дүгээр сарын 22-ны шөнө үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15/

 

Гэрч А.Мөнгөншагайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тэр хоёр уурлаад хажуу талын буюу мантуу шидсэн хүмүүстэй маргалдаад, маргалдаж байхдаа Б.З мантуу шидсэн хүнтэй хамт явж байсан арай махлаг биетэй залуугийн нүүр рүү нэг удаа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 12/

 

Шүүгдэгч Б.Зын мөрдөн байцаалтад өгсөн:

Шөлөндөө хоолны газар найз Цолмонбаяр, Мөнгөншагай хоёрын хамт орсон ба бид 3 хоолны газар орохоос өмнө хүмүүстэй маргалдсан байсан. Маргалдсан талаар хоол идэхдээ ярилцаад сууж байхад манай ширээний хажууд сууж байсан 2 залуугийн нэг нь өөрсдийгөө ярьж байна гэж бодоод бид нар руу идэж байсан мантуу шидсэн. Тэр үед мантуу нь манай найзын идэж байсан хоолонд орсон. Үүнээс болоод хажуу ширээний хоёр залуутай эхэлсэн. Маргалдаж байгаад би уурандаа нэг залуугийн нүүр рүү нь гараараа цохьсон гэх мэдүүлэг /хх-ийн 11/

 

-гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3/, хохирол, нэхэмжлэлийн талаархи баримтууд /хх-ийн 33, 34/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Зын урьд ял шийтгэгдсэн эсэхийг

 

шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт

/хх-ийн 18-20/, Зэвсэгт хүчний 281 дүгээр ангийн тодорхойлолт /хх-ийн 21/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.З нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Зын иргэн Б.Бын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч нь 3.266.000 төгрөгийн хохирол нэхэмжлсэн байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэлийг нотлох баримт нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.

Учир нь хохирогч өөрийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан бодит зардалыг гэмт хэргийн улмаас учирсан шууд зардалд тооцох хууль зүйн зохицуулалттай.

Хэрэгт авагдсан хохиролын талаарх нотлох баримтад шаазан нүүрэвч хийлгэхэд 500.000 төгрөг, инплант шүд хийлгэхэд 2.500.000 төгрөг, шүдний эмчилгээ хийлгэхэд 266.000 төгрөг гэсэн байх ба хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгээр хохирогч Б.Б нь уг үйлчилгээг хийлгээгүй, тухайн байгууллагад төлбөр төлөөгүй болох нь нотлогдож байна. Харин уг үйлчилгээг ийм

 

зардалтайгаар тухайн байгууллагаас авна, шүүгдэгчээс уг мөнгийг гаргуулж аваад дээрх эмчилгээ, үйлчилгээг хийлгэнэ гэж байх тул ирээдүйд гарах зардалыг шүүх урьдчилан тооцох боломжгүй юм.

Ийм байхад Арга билэг тогтох ХХК-ийн Эдэлвэйс нэртэй байгууллага 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр кассын орлогын ордер гэх баримтаар Б.Б мөнгө тушаасан гэж харагдуулахаар үйлдсэн нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийг нотлох баримтаар хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Иймд хохирогчийн нэхэмжилсэн хохиролыг хэлэлцэхгүй орхиж, түүний хохиролын талаарх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.З нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8,

36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г овогт Бы Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу

600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн

11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу

600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1,

36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б нь хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Заас хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Зт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ