| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2019/0464/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/471 |
| Огноо | 2019-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2019/0464/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж овогт Ц.Ц-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1955 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 64 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, химийн лаборант мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, ... дүүрэг, бага нарангийн ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Ц.Ц,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 02-наас 03-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн ... сумын .. дүгээр баг, .. дугаар байрны .. тоотод Д.М маргалдан улмаар сандал шидэж духан тус газар нь шарх гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Д.М “...Ц сандал дээр сууж байхад алгадаад авахад нь зүүн тийшээ унасан. Тэгээд яаж байна аа гэж босч ирээд зурагтны урд зассан байсан гудас дээр хөлөө жийгээд суусан. Тэгсэн миний сууж байсан ягаан тавцантай цагаан хөлтэй хуванцар сандлыг над руу шидэж миний духыг оносон. Би сандалд цохиулаад духнаас маш их хэмжээний цус гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,
Гэрч А.Х “...манай ээж надад юу болсон талаар асуухад Ц сандал шидсэн гэхээр нь ямар сандал гэхэд цагаан өнгөтэй тавцан хэсэг нь ягаан өнгөтэй сандал байсан. Тэр сандалны хөл орчим нь цус болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Гэрч Б.Б “...Үүрэг гүйцэтгэх хугацаанд ...нэг эмэгтэй нь байрных нь эзэн гэсэн бөгөөд тухайн эмэгтэйн нүүр нь цус болчихсон байдалтай байсан. ...түүний хажууд сууж байсан цагаан толгойтой эмэгтэй би зодчихсон юм аа гээд босоод ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1021 дугаартай “...Д.М биед духанд шарх бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/ хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, хохирогч шүүгдэгч нар эвлэрсэн байна.
Иймд шүүгдэгч Ц.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 450 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шүүгдэгчийн тэтгэвэр, орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Д.М нь хохирол төлбөр, эмчилгээний зардал нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн хөлтэй ягаан өнгийн тавцантай хуванцар сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Ц.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж овогт Ц.Ц-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн хөлтэй ягаан өнгийн тавцантай хуванцар сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД