| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/03993/И |
| Дугаар | 374 |
| Огноо | 2018-01-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 374
| 2018 оны 01 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2018/00374 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.Э-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 23 242 500 төгрөг тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяр-Жавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Г.Эд 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 12 000 000 төгрөг, дараа нь 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 3 000 000 төгрөг нийтдээ 15 000 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэхээр гэрээ байгуулж баталгаажуулсан.Гэвч мөнгө авснаас хойш төлбөрөө хугацаанд нь төлөхгүй зугтааж, утсаа авахгүй, хаягаа хэлдэггүй байсан.Улмаар 2017 оны 8 дугаар сарын 2-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа оршин суудаггүй гэх шалтгаанаар буцаасан тул дахин эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж одоогийн хаягийг цагдаагийн байгууллага олж тогтоосон тул үүний дагуу дахин нэхэмжлэл гаргаж байна.Иймд Г.Ээс зээлийн үндсэн төлбөр 15 000 000 төгрөг, зээлийн хүү 495 000 төгрөг, алданги 7 747 500 төгрөг нийт 23 242 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Г.Эд 2015 оны 2 сарын 16 ны өдөр 12 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, мөн 2015 оны 3 сарын 03-ны өдөр нэмж 3 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй нийтдээ 15 000 000 төгрөгийг зээлдүүлсэн ба хугацаа нь 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дууссан ба 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 жилээр хугацаагаа сунгасан боловч дууссан.Би Г.Э-ийг зээлсэн мөнгөө төлөөч гэж олон удаа хэлж байсан бөгөөд сүүлдээ утсаа авахгүй, хаяг нь тодорхойгүй болсон.Би 2017 оны 8 сарын сарын 2-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч иргэний үнэмлэх дээрх хаягтаа байхгүй байсан тул эрэн сурвалжлах захирамж гаргуулан хаягийг нь тогтоогоод нэхэмжлэл гаргасан. Би Г.Э-с зээлийн хүүгийн төлбөрт 11,745,000 төгрөг авсан, одоо үндсэн зээл 15 000 000 төгрөг, зээлийн хүү 495 000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 7 747 500 төгрөг гийт 23 242 500 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан тайлбартаа:Бид 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн хугацаандаа барагдуулаагүй боловч талууд харилцан тохиролцож үндсэн зээлийг төлж дуустал хүүгээ төлж байхаар тохирсон, зээлийн гэрээ байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 2017 оны 7 сарын 16-ны өдрийг хүртэл 29 сар буюу сард 450 000 төгрөг нийт зээлийн хүүд 13 000 000 төгрөг төлсөн.Талууд харидцан тохиролцож үндсэн зээлийг төлтөлөө сар бүр хүүгээ төлж байхаар тохирч сар бүр хүү төлсөөр байтал алданг 7 747 500 төгрөгийг төлөх боломжгүй гэж үзэж байна.Иймд үндсэн зээл болох 15 000 000 төгрөгийг хугацаа тохирч төлөх бөгөөд алданги гэх 7 747 500 төгрөгийг төлөх боломжгүй гэжээ.
Хариуцагч Г.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2015 оны 2 сарын 16 ны өдөр 1 сарын хугацаатай Д.Б-эс 12 000 000 төгрөгийг сард 3 хувийн хүүтэй зээлсэн, 2015 оны 3 сарын 3-ны өдөр нэмж 3 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөгийг зээл авсан.Энэ хугацаанд тухайн төлбөрийг төлөх боломжгүй байсан учраас Д.Б-тэй хүүг харилцан тохироод 2017 оны 2 сарын 16-ны өдрөөс 2017 оны 5 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулхаар тухайн гэрээний ард нэмэлтээр зээлийн гэрээг хугацаа сунгах хэлцэл хийсэн.Үндсэн гэрээний хугацаа 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дууссан, 2015 оноос хойш үндсэн хүү болох сар бүл 450 000 төгрөгийг төлж явсаар нийт 11 745 000 төгрөгийг төлсөн.Би алга болж, зугтаасан зүйл байхгүй, үнсэн зээл, хүүг хүлээн зөвшөөрч байна, харин алданги болох 7 747 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Г.Эд холбогдуулан үндсэн зээлийн 15 000 000 төгрөг, зээлийн хүү 495 000 төгрөг, алданги 7 747 500 төгрөг нийт 23 242 500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Г.Э 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Д.Бэс 12 000 000 төгрөгийг, 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 3 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж авсан болох нь зохигчдийн хооронд 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ, 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хийгдсэн гэрээ болон талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэлд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Талуудын хооронд 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээний хугацаа сунгасан тухай хэлцэлд “2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр авсан 12 000 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр авсан 3 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг сунгав, зээлийн хүү сарын 3,0 хувь, үндсэн зээл, хүүг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна” гэжээ.
Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж талууд тохирсон байна.
Зээлдэгч Г.Э нь зээлийн гэрээний төлбөрөөс нийт 11 740 000 төгрөгийг Д.Бд төлсөн үйл баримтад талууд маргахгүй байх бөгөөд Г.Э үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг төлнө, алдангийг төлөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч Г.Э зээлийн гэрээг сунгасан хэлцэлд алдангийн талаар заагаагүй тул алданги төлөхгүй гэж маргаж байх боловч зохигчдын хооронд 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хийгдсэн хэлцэлд “2015 оны 2 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг сунгав” гэж бичигдсэн байхад энэхүү хэлцэлд тусгайлан алдангийн талаар дурдаагүй нь зээлдэгчийг алданги төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болохгүй байна.
Нэхэмжлэгч нь 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүртэлх хугацааны 15 хоногийн зээлийн хүү 180 000 төгрөгийг Г.Э-эс авсан гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч Г.Э нийт 12 234 000 төгрөгийн хүү төлөхөөс 11 740 000 төгрөгийн хүүг төлсөн ба одоо зээлийн хүүгийн үлдэгдэл 489 000 төгрөг байна.
Эргүүлэн төлөгдөөгүй үндсэн зээлийн 15 000 000 төгрөг дээр зээлийн хүүгийн үлдэгдэл 489 000 төгрөгийг нэмж 15 489 000 төгрөг болж байх ба үүнээс талуудын гэрээгээр тохирсон алданги болох 7 744 500 төгрөгийг нэмж нийт 23 233 500 төгрөгийг Г.Э төлөх үндэстэй байна.
Харин Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 9000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Г-Э-ээс 23 233 500 /хорин гурван сая хоёр зуун гучин гурван мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 9000 /есөн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274 163 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 274 617 /хоёр зуун далан дөрвөн мянга зургаан зуун арван долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН