Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 00002

 

 

2017 оны 12 сарын 25 өдөр

         Дугаар 102/ШШ2018/00002

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.Д /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б /РД:/-д холбогдох,

 

42,501,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э /0261/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул оролцов.

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Бтай 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр анх зээлийн гэрээ байгуулж 45,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр барьцаагүй зээлдүүлсэн. Энэ зээлийн гэрээний дагуу Б.Б нь зээлийн хүүнд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр  2,250,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 2,250,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2,250,000 төгрөг төлөх ёстой байснаас 500,000 төгрөгийг төлж 1,750,000 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэлтэй болсон. Үүнээс хойш нэг ч төгрөг төлөхгүй байж байгаад Б.Б нь зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар зээлийн гэрээг сунгасан. Б.Б нь 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар үндсэн зээл 45,000,000 төгрөг, түүний хуримтлагдсан хүү 27,550,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны алданги 675,000 төгрөг нийт 28,225,000 төгрөгийн зээлийн хүү, алдангийн үлдэгдэлтэй болсон. Хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 30,000,000 төгрөг төлсөн. Энэ мөнгө нь хуримтлагдсан хүүгээс хасагдаж 43,225,000 төгрөгийн үндсэн зээл үлдсэн. Б.Б нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 114 хоногийн дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөг төлсөн. Энэ мөнгийг зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоногийн алданги 23,773,750 төгрөг болсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 21,612,500 төгрөг болгон түүнээс хасаж тооцон алдангийн үлдэгдэл 6,612,500 төгрөг дээр 2017 оны 4 дүгээр сарын 24-ны өдрөөс хойш 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн хоногийн алданги 4,538,625 төгрөг, үндсэн зээл 43,225,000 төгрөгийг нэмж тооцон нийт 54,376,125 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Иймд Б.Баас зээлийн гэрээний үүргийн үндсэн төлбөр болох 43,225,000 төгрөг, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоногийн нийт алданги 26,151,374 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 21,612,500 төгрөг, нийт 54,376,125 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Нэхэмжлэгч шүүхэд зээлийн хүү алданги 43,875,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хүүнд 33,750,000 төгрөг, алдангид 16,875,000 төгрөг, Иргэний хуулийн 232.4-т заасныг үндэслэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож нийт 50,625,000 төгрөг болгон нэмэгдүүлж байна. Хариуцагч Б.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 30,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөгийг нэхэмжпэгч надад өгсөн. Зээлийн гэрээний 2.4-т заасаны дагуу зээлдэгч Б.Б сар бүрийн 5 хувийн хүү төлөх байсан боловч 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 15 сарын хугацааны 33,750,000 төгрөгийн хүү байсан боловч төлөөгүй өнөөдрийг хүрч 210 хоног хугацаа хэтрүүлсэн байгаа тул зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу алдаги тооцож Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 16,875,000 төгрөгийн алданги, нийт 50,625,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 6,750,000 төгрөгөөр нэмэгдүүлэн өөрчилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ичинхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч анх 54,376,125 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие нэхэмжлэгчид эрх зүйн туслалцаа үзүүлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож эхэлсэн. Ингээд нэхэмжлэлийг дахин хянаж үзэхэд зээлийн хүү, алданги зэргийг буруу тооцоолсон байсныг тодруулж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Бид “нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх” гэж буруу тодорхойлсон байна. Харин өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийг дараах байдлаар тодруулж, үнийн дүнг бууруулж байна. Нэхэмжлэгч Б.Б нь гэрээний үүрэгт дараах зүйлийг хариуцагч Б.Баас нэхэмжилж байна. Үүнд: Хариуцагч зээлийн гэрээний 2.4-д зааснаар сар бүр хүүг төлөх үүрэг хүлээсэн. Тэрээр гэрээний хугацаанд 31,500,000 төгрөгийн хүү төлөх ёстой байсан боловч 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2,250,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,250,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2,250,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг буюу нийт 7,250,000 төгрөгийн хүү төлсөн. Харин хариуцагч Б.Б нь гэрээний үндсэн үүрэг буюу зээлсэн 45,000,000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 04-нд 30,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 24-нд 15,000,000 төгрөгөөр төлсөн байна. Зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу хариуцагч Б.Б нь 24,250,000 төгрөгийн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд үндсэн зээлийг зээлийн гэрээнд заасан хугацаа болох 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төлөх байсан боловч 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зээлийг төлж дуусгасан боловч гэрээнд заасан хугацаанаас 93 хоног хугацаа хэтрүүлэн зээлийг төлсөн байна. Иймд хариуцагчаас төлөгдөөгүй хүүгийн үлдэгдэл төлбөрт 24,250,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд төлөгдөөгүй байсан 15,000,000 төгрөг болон 24,250,000 төгрөг, нийт 39,250,000 төгрөгөөс тооцсон 93 хоногийн алданги 18,251,250 төгрөг, бүгд 42,501,250 төгрөгийг Иргэний хуулийн  282.1, 282.3, 232.6-д заасныг үндэслэн хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Дэлгэрмаад олгуулах үндэстэй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хамгийн анх Б.Б 2015 оны 4 дүгээр сард 13,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Улмаар сарын хугацаанд хүүгээ төлж явж байгаад 2017 оны 8 дугаар сард анх зээлсэн мөнгөн дээр нэмж 32,000,000 төгрөгийг зээлэх хүсэлт тавьсан боловч мөнгө хүрэхгүй байна гээд 24,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн. Ингээд 37,000,000 төгрөгийн хүү болох 1,850,000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төлсний дараа тэрээр “...8,000,000 төгрөгөө нэмж авах юм уу” гэхэд нь би “тэгвэл сайн л байна эгчид нь мөнгө хэрэгтэй байна” гэсэн. Мөн өөрөө би одоогоор ажилгүй нялх хүүхдээ хараад гэртээ байгаа тул танд зээлүүлсэн мөнгөний хүүгээр нь ойр зуурын хэрэгцээгээ хангана, харин та хүүгээ л найдвартай төлж байгаарай гэж хэлсэн. Миний хувьд ч мөнгө хэрэгтэй үед тус болсон болохоор хүүгээ аль болох хугацаанд нь өгч байсан. Тэгээд 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр таны урьд зээлсэн 37,000,000 төгрөгөө одоо зээлэх гэж байгаа 8,000,000 төгрөгөө нийлүүлж бодоод нийт 45,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулмаар байна гэж хэлсэн. Тэр үед нь би тэгж нөхөж гэрээ хийж болдог бол яахав дээ гэж хэлээд нотариатаар батлуулсан. Эхний 13,000,000 төгрөг болон дараагийн 24,000,000 төгрөгийг зээлэхдээ бид ямар ч зээлийн гэрээ байгуулаагүй. Учир нь Б.Б нь намайг тогтвортой орлого олдог, ямар үйл ажиллагаа эрхэлдэг талаар манай дүүгээр дамжуулан сайн судалсан байсан тул их хэмжээний мөнгийг барьцаа болон гэрээгүй зээлдүүлсэн. Харин 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэг жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлийн гэрээг нөхөж байгуулсан. Зээлийн гэрээ байгуулсан өдрөө би 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлөх ёстой хүү 2,250,000 төгрөгийг урьдчилан төлсөн бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын өдрийг хүртэл 7,250,000 төгрөгийн хүү, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 500,000 төгрөгийн хүүгээ нийт 7,750,000 төгрөгийн хүү төлсөн. Монгол улсын хэмжээнд эдийн засгийн хямралтай байдал бий болсноос манай компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж бараа бүтээгдэхүүний борлуулалт эрс муудаж санхүүгийн хүнд байдалд орсон. Энэ талаараа Б.Бд учирлан хэлж ойлгуулж байсан. Ингээд хүүгээ төлж чадахгүй явсаар 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 2 сар 13 хоногийн хугацаагаар зээлийн гэрээгээ сунгасан. Гэрээг сунгаснаас хойш эрүүл мэндийн байдал муудаж хагалгаанд орох хэмжээний асуудал үүссэн. Мөн миний бие муу гэмтэлтэй байгаа талаар төрсөн дүү н.Бадамбаяраас мэдээд надтай уулзаад үндсэн төлбөрөө төлчих гэсэн шаардлага тавьсан. Ингээд миний зүгээс дараах саналыг нь хүлээн зөвшөөрөөд хагалгаанд орохоос өмнө төлөөд дуусгах гээд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дүүгийнхээ танил гэх н.Б30,000,000 төгрөг зээлээд тэр өдөртөө Б.Б данс руу нь шилжүүлсэн. Үлдэгдэл 15,000,000 төгрөгийг эд зүйлээ ломарбардаад хүрэхгүй байсан тул бэрийн дүүгийн тавилга авна гэж хадгалуулсан мөнгөнөөс 10,000,000 төгрөгийг нь бэрээсээ аваад 15,000,000 төгрөг болгоод 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр мөн Б.Б руу шилжүүлсэн. Түүнээс хойш Б.Б бид хоёр зээлтэй холбоотой асуудлаар ямар нэгэн маргаан гаргаагүй ба би 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Солонгос улсаар дамжаад Австрали улс руу охин н.А дээр очсон. Учир нь охин маань төрөх дөхсөн ба анхны төрөлт нь байсан болохоор явсан. Ингээд охиноо эсэн мэнд төрүүлж, тэнхэртэл нь дэргэд нь асарч байгаад 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Монголд ирсэн. Мөн намайг Авсрали улсад байхад шүүхээс таныг дуудсан гэж хэлж байсан ба манай дүү гадаад байгаа талаар хил хамгаалах ерөнхий газраас тодорхойлолт авч өгсөн байсан. Ирээд Б.Б уулзах гээд ярихад тантай ярих юм байхгүй гээд утсаа салгасан. Улмаар 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Миний хувьд Б.Б нэхэмжилсэн 54,376,125 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Б.Б 2015 оны 10 дугаар сарын 17-ний өдрийн зээлийн гэрээг байгуулахдаа өмнө нь зээлсэн 37,000,000 төгрөг дээр 8,000,000 төгрөгийг оруулан нийт 45,000,000 төгрөг зээлсэн мэтээр гэрээг нөхөж байгуулсан. Иймд шүүх Б.Бгийн гаргасан нэхэмжлэлийг бодитойгоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн анх 2015 оны 5 дугаар сард 13,000,000 төгрөг,8 дугаар сард нь 24,000,000 төгрөг, 10 дугаар сард 8,000,000 төгрөгийг ямар нэг бичгийн гэрээ байгуулалгүй Б.Б зээлж авсан. Эдгээр зээлийн хүүнд 3,800,000 төгрөг төлсөн. Ингээд Б.Бгийн хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өмнө авсан зээлүүдийн хэмжээнд буюу нийт 45,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээгээ 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сунгаж гэрээ дуусах хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан. Зээлийн мөнгийг авсан, бичгээр гэрээ байгуулж, гарын үсгээ зурсан эсэх тал дээрээ маргаан байхгүй. 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гэрээ байгуулснаас хойш би нийтдээ 7,250,000 төгрөгийг зээлийн хүүнд буцаан төлсөн. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 30,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг буюу үндсэн зээлийг төлж дуусгасан. Иймд үндсэн төлбөрөө 100 хувь төлж барагдуулсан байдал, миний биеийн байдал, улс орны эдийн засгийн байдлыг харгалзан үзэж зээлийн гэрээгээр тохирсон 5 хувийн хүүг 2.5 болгож өгнө үү. Мөн зээлээ хугацаандаа төлж байсан, үндсэн зээлийг төлж дуусгасан нөхцөлийг харгалзаж алдангийг бууруулж өгөхийг шүүхээс хүсч байна.  Уг нь миний биеийн байдлыг харгалзан үзэж Б.Б нь надад “...үлдсэн 15,000,000 төгрөгөө төлчих, тэгээд гэрээг дуусгая” гэж хэлж байсан. Миний тооцоолсноор 93 хоногийн алданги гэж 6-7 орчим сая төгрөг болж байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид зээлийн алданги дээр маргаж байна. 45,000,000 төгрөгөөс 7,250,000 төгрөгийн хүү төлсөн байдаг. Мөн 2015 оны 4 дүгээр сард зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй атлаа хүүг төлж байсан. Өмнө нь авсан зээл дээр сүүлд бичгээр гэрээ хийсэн бол алдангаа нэхэмжлэх эрхтэй. Гэтэл гэрээ хийгээгүй зээлийн алданги нэхэмжлэх эрх байхгүй, гэрээ байгуулаагүй зээл дээр хүртэл  3,800,000 төгрөгийг хүү төлсөн, 2017 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн хүртэл зээлийн гэрээг сунгасан, нийт төлбөл зохих хүүгийн үлдэгдэл 24,250,000 төгрөг дээр талууд маргаагүй. Тухайн үед нийгэм эдийн засгийн байдал хүнд байсан, хариуцагч барилга дэрээ санхүүжилт хийж байсан, барилгаа зараад мөнгийг нь буцааж өгөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл барилгыг бэлэн мөнгөөр авах боломжтой худалдан авагч гарч ирээгүй учраас төлбөр төлөгч маань хүнд нөхцөл байдалд орсон энэ талаараа нэхэмжлэгчид хэлж байсан. Мөн хариуцагчийн эрүүл мэнд хүнд байсан. Харин нэхэмжлэгч үндсэн төлбөрөө төлчих гэсэн шаардлагыг тавьсан үүний дагуу 45,000,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс төлсөн байдаг. 93 хоногийг хэтрүүлсэн гэж байгаа нь нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 216.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч  нь үндсэн зээлээ төлсөн байдаг, үндсэн өрийг нэн тэргүүнд төлнө гэсний дагуу үндсэн төлбөрөө төлсөн гэдэг нь нотлох баримтаас харагдаж байна. Зээлийн хүү 24,250,000 төгрөг дээр маргаагүй ч гэсэн хариуцагчид үүсээд байгаа хүндэтгэн үзэх шалтгааныг шүүх харгалзаж үзээд Иргэний хуулийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүүг бууруулж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Б 2015 оны 5 дугаар сард 13,000,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сард нь 24,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сард 8,000,000 төгрөгийг ямар нэг бичгийн гэрээ хийлгүй Б.Б зээлж авсан ба нэхэмжлэгч болон хариуцагч талууд харилцан тохирсны үндсэн дээр урьд зээлсэн мөнгөний нийт үнийн дүн болох 45,000,000 төгрөгийн хэмжээнд 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “зээлийн гэрээ” байгуулсан үйл баримтын талаар маргаагүй байна. 

 

Дээрх 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “зээлийн гэрээ”-гээр Б.Б нь 45,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй Б.Бад зээлдүүлэхээр тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б.Б болон хариуцагч Б.Б нар 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “зээлийн гэрээ”-г 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан байна. 

 

Гэрээний хугацаанд Б.Бын зүгээс 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2,250,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,250,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2,250,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг буюу нийт 7,250,000 төгрөгийг төлсөн талаар зохигчид маргаагүй.

 

Дээр дурдсан эргэн төлөлтүүдийн дараа Б.Б 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 30,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн нь хэрэгт авагдсан Б.Бгийн Төрийн болон Голомт банкууд дахь дансны хуулга болон зохигчийн тайлбаруудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Бад холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт нийт 54,376,125 төгрөг гаргуулахаар анх шүүхэд хандсан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн үнийн дүнг 42,501,250 төгрөг болгон багасгасан. Тэрээр “...хариуцагч Б.Б зээлийн гэрээний хүүгийн үлдэгдэлд 24,250,000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үлдэгдэл 15,000,000 төгрөгийг төлсөн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 93 хоногийн алданги 18,251,250 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй” гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан. 

 

Шүүхээс талуудын хооронд үүссэн маргааныг дор дурдсан байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

1/ Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 14 сар 14 хоног байх бөгөөд 1 сарын хүү 2,250,000 төгрөг, нэг өдрийн хүү 75,000 төгрөг байна.

 

Хэдийгээр 14 сар 14 хоногийн хүү 32,550,000 төгрөг болж байх боловч нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу нийт төлөгдөх ёстой хүүг 31,500,000 төгрөг гэж тодорхойлсон. Үүнээс хариуцагч 7,250,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлснөөс үзэхэд хариуцагч Б.Б нэхэмжлэгчид 24,250,000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “зээлийн гэрээ”-ний үүрэгт буюу төлөгдөөгүй үлдсэн хүүд 24,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

2/ Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан ба гэрээг дуусах үед хариуцагч үндсэн зээлд 45,000,000 төгрөг, хүүнд 24,250,000 төгрөг, нийт 69,250,000 төгрөгийг төлөх ёстой байжээ.

 

Дээр дурдсанчлан Б.Б 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 30,000,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн. 

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.

 

Дээрх хуулийн зохицуулалтын “...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн...” гэдэгт төлөгдөөгүй зээл, гэрээний хугацааны хүү хамаарах тул нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөг төлөгдөх хүртэл хугацааны алдангийг үлдэгдэл хүү болох 24,250,000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөг, нийт 39,250,000 төгрөгөөс тооцож хариуцагчаас 18,251,250 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.7 дахь заалтуудтай нийцсэн байна. 

 

Харин гэрээний үүргээ зөрчсөн хариуцагчийн гэм буруу болон гэрээний үүргийг биелүүлж байсан хэмжээ, хугацаа, хариуцагчийн “...алдангийн хэмжээ их байгаа” талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харгалзан үзэж алдангийн хэмжээг тал хувиар  бууруулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.Баас 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу гэрээгээр тохирсон хүүний үлдэгдэл 24,250,000 төгрөг, алданги 9,125,625 төгрөг, нийт 33,375,625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Баас  33,375,625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,125,625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 429,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 19 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Баас 324,828 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                 Н.ХАНГАЛ