Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг, улсын яллагч Ц.Гэрэлбаатар, шүүгдэгч Б.Т******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хэлэлцүүлгээр

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т*******д холбогдох 1715001680047 дугаартай, 132/2017/0143/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 11 сарын 07-ны өдөр, Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт, Булган аймгийн Рашаант сумын “Хөгнө хан” * дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б******* овогт Б******* Т*******

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Т******* нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Рашаант сумын * дүгээр багийн нутагт иргэн Г.Б******* 1 үхрийг хулгайлан 450000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Т******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг, 1715001680047 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч Г.Б******* өгсөн: Манайх Булган аймгийн Рашаант сумын * дүгээр багт байдаг бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 09-ний шөнө 1 тооны хар зүсмийн үхэр алга болсон байсан.

Манхай хүргэн ах Н******* хэлэхдээ Баярмөнхий хаваржаан дээр үхэр нядалсан байна гэхээр нь үхрээ бүртгэхэд 1 үхэр алга болсон байсан. Тэгээд хашаан дээр очиход үхэр нядалсан байсан ба урд нүхэнд гэдсийг нь булсан байсан. Би цагдаад үзүүлээд явсан. Хашаан дотор жижиг саарал утас байсан бөгөөд Батсайхан гэдэг залуугийн утас байсан. Би түүнийг танихгүй. Манай үхрийг Т******* нядалсан гэдгийг тэр өдрөө мэдсэн.

Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх 20 тал/, Гэрч Б.О өгсөн: Манайх 60-70 тооны үхэртэй. 2017 оны 10 дугаар сарын 09-ний шөнө нэг үхэр алга болсон. Тэгээд хашаан дээр очиход үхэр нядалсан байсан ба урд нүхэнд гэдсийг нь булсан байсан гэх мэдүүлэг /хх 21 тал/, Гэрч А.Б өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 09-ний шөнө 23 цагийн үед намайг цайны газар дээрээ байхад Т******* ах орж ирээд цай уугаад утсаа цэнэглээд сууж байгаад ахын дүү хутга байвал өгөөч, мал хийчихээд аваад ирье гэсэн. Тэгэхээр нь би хурдан авч ирж өгөөрэй гээд төмөр иштэй урт хутга өгөөд явуулсан. Шөнө 4 цагийн үед Түмээ эгч надад хутга оруулж ирж өгсөн шүү гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 22 тал/,

Гэрч Т.Батсайханы өгсөн: Би Булган аймгийн Рашаант сумын * дугаар багийн нутагт мал маллаж амьдардаг бөгөөд 2017 оны 10 сарын 09-ний өдөр Мөнх-Оргил гэдэг ангийнхаа хүүхдийн хурим болоод хуриманд орой 21 цагийн үед ирсэн тэгээд хуриман дээр байхад манай Т******* гэдэг манай нөгөө ангийн хүүхэд над руу залгаад машинаа барьцаанд тавьсан байгаа маргааш хугацаа нь дуусах гээд мөнгөний хэрэг гараад байна найздаа нэг үхэр хийгээд өгөөч гэж ярьсан тэгэхээр нь би тэгье гэж хэлээд хутга байгаа юу гэсэн чинь хутга байхгүй гэхээр нь би тэгүүл хутгаа олчихоод надад хэл би найран дээр жоохон суугаадахъя гэж хэлсэн.

Тэгээд нэлээн орой 00 цагийн үед хутгаа олчихлоо хүрээд ир гэхээр нь би мотоцикльтой урд засмал зам дээр очоод тэндээ машинаа орхиод Т*******гийн цагаан өнгийн приус машинтай цааш нь яваад өөрийнх нь хаварждаг хаваржаан дээр очсон. Хаваржаан дээр нь очиход хашаан дотор нэг хар үхэр байсан хашааны гадуур зөндөө үхэрнүүд байсан. Тэг үед Т******* ганцаараа байсан бөгөөд бид хоёр хоёулахнаа нөгөө үхрийг нядалсан, үхэрнийхээ махыг нь арьс толгой шийртэй нь хамт машиндаа ачаад гэдсийг нь урдхан талд нь байсан нүхэнд аваачаад хийчихсэн юмаа.

Тэгээд махаа ачаад мотоцикль дээр ирээд би гэрлүүгээ харьсан Т******* шууд хот руу явсан машиныхаа зээлийг төлөөд маргааш эргэж ирнэ гэж байсан. Ийм л зүйл болсон. Нөгөөдөр нь цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хх 27-28 тал/ Шүүгдэгч Б.Т*******гийн яллагдагчаар өгсөн: Би Улаанбаатарт байхдаа машинтай мөргөлдөөд миний буруу болж таараад мөнгөний асуудалд орсон юмаа. Тэгээд надад 400 гаран мянган төгрөг хэрэг гараад би нэг найзаасаа зээлээд өгчихсөн юмаа. Тэгээд найздаа мөнгө олж өгөх гээд надад мөнгө олдохгүй болохоор Рашаант руу явж ахын үхэрнээс хулгай хийхээр болсон.

Тэгээд 2017 оны 10 сарын 09-ний өдөр Рашаант ороод аав ээжид хэлээгүй нэг найзыгаа гуйгаад ахын үхэрнээс хар өнгийн нэг тооны хязаалан үхэр нядалсан юмаа. 10 жилийн нөгөө ангийн Батсайхан гэдэг залуугаар үхэр нядлаад өгөөч өөрийнхөө үхэрнээс гаргах гэсэн юмаа гээд гуйж байгаад нядлуулсан юмаа. Би өөрийнхөө хаваржаан дээр аваачаад хашаанд хашиж байгаад нядлуулаад өөрийнхөө 3501 Уба улсын дугаартай цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгслээр махыг нь ачиж хот руу оруулж эмээлтийн мах авдаг ченжид 140 гаран кг мах болоод 565.000 төгрөг болсон би найзынхаа өрийг дараад үлдсэн мөнгөө үрээд дуусгасан.

Үхэрнийхээ арьсийг Төв аймгийн Лүн суманд ченжид 30.000 төгрөгөөр өгсөн санагдаж байна. Үхрийн толгой болон шийрнүүдийг нь замдаа Лүн сумын наахан талд замын хажууруу хаясан юмаа. Үхэр гаргах хутгаа гуанзны хүнээс гуйж аваад үхрээ нядалсан. Ийм л зүйл болсон.гэх мэдүүлэг /хх 39 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 3 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 4 тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5-7 тал/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх 8-10 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 10-13 тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-16 тал/, урьд ял шийтгэлийг шалгасан хуудас /хх 44 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 32 тал/, хохирогчийн гомдол саналгүй гэсэн бичиг /хх 49 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 33 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т******* нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Г.Б******* 1 үхрийг хулгайлан 450000 төгрөгийн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Г.Батжаргал, гэрч Б.О, А.Б, Г.Батсайхан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ. Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Т*******г мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Б.Т*******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Т*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Батжаргалд 450000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлж барагдуулсанаар хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Т******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг төмөр иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б******* овогт Б******* Т*******г мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Б.Т*******г мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж түүнд оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийнэ 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Т******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Т******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр иштэй, нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, устгасан тухай баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Энх-Амгаланд тус тус даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ