Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 03377

 

 

 

 

 

 

 

 

  2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/03377

               Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: 000000000000000 тоотод оршин суух, Гэхэрмид ургин овогтой Б.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 000000000000000 байранд байрлах, М ТБ/РД:/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, түүний өмгөөлөгч С.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.У миний бие анх 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Мийн Санхүү, орлого бүрдүүлэлтийн газрын захирлаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 2007 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр М -ийн дэд захирал бөгөөд Стратеги, санхүүгийн газрын захирлаар томилогдон ажиллаж байгаад 2015 оны 1 дүгээр сард бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Стратеги, санхүүгийн газрын захирлын албан тушаалаас чөлөөлөгдөж санхүү, орлого бүрдүүлэлтийн хэлтсийн даргаар томилогдсон. 2016 оны 4 дүгээр сараас бүтцийн өөрчлөлт дахин хийгдэж Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн даргын ажлаас намайг чөлөөлж, одоогийн Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн ерөнхий менежерээр томилсон. Энэхүү томилгоог хийхдээ надаас ямар нэгэн санал, зөвшөөрөл авч байгаагүй ч тухай бүрт ямар нэгэн асуудал гаргалгүйгээр дээд албан тушаалтныхаа гаргасан шийдвэрийг хүлээн авч чөлөөлсөн болон томилж байгаа ажил албан тушаалыг хариуцлагатайгаар хүлээлгэн өгч, хүлээн авч ажилласан. М -ийн Ерөнхий захирлын 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/46 дугаартай тушаалаар намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2017 оны 1 дүгээр сарын 26, 30-ны өдрүүдэд ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр миний үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргасан. Миний бие ажил таслаагүй ба энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/01300 дугаартай шүүхийн шийдвэрээр уг тушаал хүчингүй болсон. Гэтэл М -ийн ерөнхий захирлын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/234 дугаартай тушаалаар намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны хооронд ажлын 8 өдөр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр 2017 оны 4 дүгээр 24-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гаргасан. Үүнд миний бие гомдолтой байгаа бөгөөд уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оноос хойш М -ийн Ерөнхий захирлын тушаалаар миний албан тушаалыг ямарч үндэслэлгүйгээр удаа дараа өөрчилж, албан тушаал бууруулж байсан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу манай ажил олгогчийн зүгээс уг заалтыг огт хэрэгжүүлж байгаагүй ба надтай хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй. Миний бие үүрэгт ажлаа хариуцлагатай хийж гүйцэтгэж байсан бөгөөд тушаалд заасан ажил тасалсан гэх өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй, өвчтэй байсан ба энэ тухайгаа тухайн үеийн удирдлагуудад мэдэгдэж цагийн бүртгэлийн дагуу өвчтэй байх хугацааны цалинг бодуулж авч байгаагүй, 0875197 тоот эмнэлгийн хуудсаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг тухайн үедээ ажил олгогчоос бодуулж авч байсан болно. Иймд надад сахилгын шийтгэл хүлээлгэсэн дээрх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2006 оноос хойш 11 жилийн хугацаанд М -д гүйцэтгэх удирдлагын багт ажилласан. 2017 оны 01 сарын 31-ний өдөр Б46 тоот тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр намайг 01 сарын 26, 30-нд ажил тасалсан гэж үзсэн. Ингэж явсаар 2017 оны 04 сарын 24-ний өдөр Б234 тоот тушаалаар намайг 2016 оны 11 сарын 30-наас 12 сарын 10-ны өдөр хүртэл нийт 8 хоног ажил тасалсан, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өөрийгөө өвчтэй гэдгийг харьяалах албан тушаалтанд хэлж, баримтуудаа гаргаж өгч чөлөө авсан. 2017 оны 04 сарын 24-ний өдрийн Б234 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай тусдаа шаардлага биш зөвхөн үндэслэл болж байгаа. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно” гэжээ.

 

Хариуцагч Мшүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Б.Угийн нэхэмжлэлтэй М -ийн Ерөнхий захирлын 2017 оны 04 сарын 24-ны өдрийн Б/234 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгох, ажилгүй хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад, дараах тайлбарыг гаргаж байна. Б. У нь М -ийн Бодлого, төлөвлөлт маркетингийн хэлтэст Ерөнхий менежерийн ажлыг гүйцэтгэж байхдаа 2016 оны 11 сарын 30-ны өдрөөс 12 сарын 10-ны хооронд ажлын 8 өдөр шалтгаангүйгээр ажил тасалж ноцтой зөрчил гаргасан. М  маш олон ажилтан ажиллагсадтай, уран бүтээлчдийн зүгээс хөдөлмөрийн сахилга батыг чанд сахин ажиллаж байж байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдах боломжийг бүрдүүлдэг онцлогтой байгууллага. М -ийн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх зохицуулалт байх ба 5.3.1-т ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах бол Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38, 40, 131.1.3 дугаар зүйлүүдийг үндэслэхийн зэрэгцээ дор дурдсан зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар ямар нэгэн болзолгүйгээр шууд цуцална гэж заасан ба ноцтой зөрчилд тооцох зөрчлүүдийг заасан байна. Энэ зөрчлүүдийн нэг нь 5.3.1-ийн в хэсэгт заасан "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор нэг ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, эсхүл ажил тасалсан цагууд нийлбэрээрээ нэг өдрийн ажлын цагт хүрсэн / ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон шалтгаанаа нэгжийн даргадаа шалтгаантай хугацаандаа мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцох” гэсэн зөрчил байна. Б.У нь ажилдаа хүрэлцэн ирээгүй шалтгаанаа удирдлагад зохих ёсоор мэдэгдээгүй байна. Иймд Ерөнхий захирлын Б/234 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал хууль, журмын дагуу үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.У нь М -д бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа 2016 оны 11 сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 сарын 10-ны өдөр хүртэл нийт 8 хоног ажил тасалсан. Энэ нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасны дагуу ноцтой зөрчил юм. Иймд байгууллагын дотоод журмын 5.3, 5.3.1. 6.2.4-т заасны дагуу Б.Уг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн харилцааг зогсоож хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд энэ хүн хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан учир ажлаас халах тухай тушаал гарсан. Энэ тушаал нь хууль зүйн хувьд хүчинтэй, хууль ёсны учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Мд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

М Ерөнхий захирлын 2017 оны 04 сарын 21-ний өдрийн Б/234 дугаар “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Бодлого төлөвлөлт, маркетингийн хэлтсийн ерөнхий менежер Б.Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.2, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.3, 31.6.6, М -ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.3.1-ийн “в”, 7.1-ийн “в”-д заасныг үндэслэн цуцалсан байна.

 

Хариуцагч М нь нэхэмжлэгч Б.Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон шалтгааныг “...Б.У нь 2016 оны 11 сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 сарын 10-ны өдөр хүртэл ажлын 8 хоног өвчтэй гэж чөлөө авсан боловч энэ хугацаанд гадаад улс руу явсан байсан. Үүнийг ажил олгогч 2017 оны 04 сарын 13-ны өдөр мэдсэн бөгөөд Нийгмийн даатгалын байгууллагыг хуурч лист гаргуулан авч, ямар ч шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” гэж, нэхэмжлэгч Б.У нь тухайн үед гадаад байснаа үгүйсгээгүй бөгөөд эмчилгээ хийлгэхээр Солонгос улс руу явсан” гэж тус тус тайлбарлажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасын дагуу ажил олгогч нь ажилтанд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тусгайлан заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон бол нэг талын санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулна.

 

М -ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.3.1-ийн “в” заалт болон  Б.Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээний  6.2.4-т “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэг сарын дотор нэг ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, эсхүл ажил тасалсан цагууд нийлбэрээрээ нэг өдрийн ажлын цагт хүрсэн /ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон  хүндэтгэн үзэх шалтгаанаа шалтгаантай хугацаандаа мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцох/” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.У нь 2016 оны 11 сарын 30-ны өдрөөс 12 сарын 10-ны хооронд ажлын 8 өдөр ажилдаа өвчний улмаас ирэх боломжгүй талаар байгууллагадаа мэдэгдэж, эмнэлгийн хуудас өгсөн байх бөгөөд ажил олгогч эмнэлгийн хуудсанд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өвчтэй байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг тодорхойлж баталгаажуулж, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс эмнэлгийн хуудсыг хянаж тэтгэмжийн сангаас тэтгэмж олгосон байна. Энэ талаар зохигч маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 1025 дугаар алба бичиг, Баянзүрх эмнэлгийн 2017 оны 12 сарын 06-ны өдрийн 02/698 дугаар алба бичиг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

 

Харин нэхэмжлэгч Б.Уг ямар шалтгаанаар гадаад улс руу явсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болохыг ажил олгогч, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдоогүй байхад шалтгаангүй ажил тасалсан гэж үзэж хөдөлмөрийн гэрээ цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.У нь  байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тодорхойгүй байхад түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байх тул 2017 оны 04 сарын 24-ний өдрөөс 2017 оны 12 сарын 13-ны өдөр хүртэлх ажлын 162 хоногийн цалинг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу түүний нэхэмжлэгч Б.Угийн 081941 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтийг үндэслэн /2017 оны 01, 02, 03 дугаар сарын цалин 2,356932:3=785,641:21 хоног = 37,412х162=6,060,744/ тооцож 6,060,744 төгрөгийг М гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч Мэд нэхэмжлэгч Б.Угийн Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгав.

 

Нэхэмжлэгч нь М Ерөнхий захирлын 2017 оны 04 сарын 21-ний өдрийн Б/234 дугаар “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалыг эс зөвшөөрч  шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдаан зарласан боловч нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2017/09228 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж, зохигч шүүгчийн захирамжид 10 хоногт гомдол гаргаагүй байна. Энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн 2017 оны 07 сарын 24-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөдөлмөрийн маргааны талаар шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлээгүй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас 111,921 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Уг М Бодлого төлөвлөлт маркетингийн хэлтсийн ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч М 6,060,744 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Угийн ажилгүй байсан хугацааны Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Мэд даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.У нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М улсын тэмдэгтийн хураамжид 111,921 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР