| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0180/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/181 |
| Огноо | 2019-10-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Өмгө*******ч Э.Алтан-Уяа,
Шүүгдэгч Б.А******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А*******т холбогдох эрүүгийн 1915002730199 дугаартай, 163/2019/0180/Э индекстэй хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын ..... багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ө******* овогт Б******* А******* /
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.А******* нь Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутаг “Ар хайлааст” гэх газарт 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас О.М*******, Б.Н******* нартай маргалдах явцдаа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А*******ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлнө гэх мэдүүлэг,
Эрүүгийн 1915002730199 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч О.М*******гийн өгсөн "...2019 оны 06 дугаар сарын 10-ны өдер манайх хониндоо вакцин хийсэн юм, тэгээд хонь тарилцахад байсан хүмүүст архи гаргаж өгсөн. Би тэр архинаас уугаад халах маягтай болсон. Би мотоциклио унаад хүү Анхбаярыг дагуулаад хонь руугаа явах замд манай өвөлжөөний доод талд айл бууж байхаар нь яваад очиход Ч эхнэр Б******* урдаас ирэхээр нь “энд битгий буу, дээшээ буучих” гэхэд Б******* “чамд ямар хамаатай юм, манайх урд нь бууж байсан” гээд хэл ам нь дийлдэхгүй болохоор миний уур хүрээд Б*******г хацар луу нь нэг удаа алгадчихаад гэр барьж байсан хүмүүс рүү очиход Ч миний хоёр гарыг зөрүүлж бариад авахаар нь би барьцыг тавиулсан. Тэгэхэд подволкны захаар хоолой боогоод авсан. Тэгэхэд би ухаан алдсан ...хамраас цус гараад тогтохгүй байсан цус нилээд их гоожсон. Намайг боогоод ухаан алдах үед А******* миний нүүр лүү гараараа цохьсон. Түүнийг манай хүүхэд надад хэлсэн. Ч намайг боож унагасан. Түүнээс бол цохиж зодоогүй. А*******аа бол толгой руу гараараа зөндөө цохиж зодсон. Харин хамар луу цохисныг манай хүүхэд харсан байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-н 10-11 тал/,
Хохирогч Б.Н*******ын өгсөн: 2019 оны 06 дугаар сарын 10-ны 17 цагийн үед манай дүү М*******гийн өвөлжөөний доор А******* гэдэг айл бууж байхаар нь явж очоод “дээшээ шахаад буучих, энд талбай зөндөө байна. Чи айлын өвөлжөө чөлөөлөөд өг” гэхэд А******* миний хамар луу нэг удаа мөргөхөд би ухаан алдаад унасан. ...Би босоод шууд зугтаад гэртээ харьсан. ...Хамраа тэгшлүүлэх, 2 шүд хийлгэх, дуудагдаж орж ирэхдээ мотоцикльд хийсэн шатахууны үнийг нэхэмжилнэ. Надад учруулсан хохирлоо барагдуулаагүй тул гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-14-15 тал/,
Гэрч Д.Ч өгсөн: 2019 оны 06 дугаар сарын 10-ны 16 цагийн үед Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар баг “Ар хайлааст” гэх газар гэр бариад байж байтал манай багийн М******* гэх ах ирээд “наад гэрээ буулга, яах гэж наанаа гэр бариад байгаа юм” гэтэл манай эхнэр Б******* урдаас нь хэрэлдээд очтол М******* ах манай эхнэр Б*******гийн нүүр лүү алгадсан. Тэгээд М******* ах бид нар луу гүйгээд ирэхээр нь би бариад заамдаж авсан чинь хажуу талаас А*******, Н, Б******* нар орж ирээд бөөн ноцолдоон болсон. А******* гараараа М******* ахын толгой руу нь 2-3 удаа цохисон гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,
Гэрч С.Б*******гийн өгсөн: 2019 оны 06 дугаар сарын 10-ны 16 цагийн үед Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар баг “Ар хайлааст” гэх газар зуслан дээрээ гэр бариад байж байтал манай багийн М******* гэх ах ирээд “наад гэрээ буулга, яах гэж наанаа гэр бариад байгаа юм” гэхээр би урдаас нь “зуслан дээрээ бууж байна, танд хамаагүй” гээд урдаас нь очиход миний нүүр лүү алгадсан. Намайг нүүрээ дараад эргэтэл манай нөхөр Г М*******г заамдаад авсан байсан. Н эгч, А******* бид гурав хажуунаас нь ороод салгах гэж зууралдаад ноцолдсон. Би салаад босоод ирэхээр нь М*******гийн араас хоёр удаа униар баруун гарын булчин руу нь цохисон. Тэгтэл М******* босож ирээд мотоциклио унаад хүүхдээ суулгаад явсан. Араас нь Ч, Н, А******* бид дөрөв М******* гэх залууд хэрүүл зодоон хийсэн учраа олъё гэтэл хэл амаа олж чадаагүй бид дөрөв гэр рүүгээ харьсан. ...Цамцных нь захаар боосон, өөр цохиж зодсоныг хараагүй гэх мэдүүлэг /хх-25-26 тал/,
Насанд хүрээгүй гэрч М.А өгсөн: ...Би аав М*******н хамт хонинд явж байсан чинь манай өвөлжөөний доод талд айл бууж байхаар нь аав М*******д тэнд айл бууж байна гэхэд юм хэлээгүй хонио гэрлүүгээ чиглүүлчихээд айл руу очсон. Очоод аав мотоциклиосоо буугаад “өвөлжөөний доор яагаад буугаад байна” гэхэд Б эгч гүйж ирээд аавын үснээс зулгааж, барьж авахаар нь гараараа гарыг нь цохиж тавиулсан. ...Н******* ахыг А*******аа ах гутлаар нүүр болон хамар, ам руу нь олон удаа цохиод байсан. Ч ах, Б эгч, Н эгч нар бол цохиж зодоогүй, бид хоёрыг явсны дараа хойноос хөдлөөд гэрлүүгээ явсан. Аав М*******г А*******аа ах гараараа хамар нүүр лүү цохиод байсан. ...гэх мэдүүлэг /хх-28 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 169 дугаартай: 1. Магадлуулагч Б.Н*******ын биед баруун дээд 4 дүгээр, дээд 3 дугаар шүдний булгарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт 10% алдагдуулна гэх дүгнэлт /хх-32 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 170 дугаартай: 1. Магадлуулагч О.М*******н биед хамрын нуруунд оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-23-24 тал/,
Шүүгдэгч Б.А*******ын яллагдагчаар татагдаж өгсөн: 2019 оны 06 дугаар сарын 10- ны өдөр манай дүү Чх зусландаа бууж байсан. Тэгэхэд гэр барихаар манай эхнэр Н, эхнэрийн дүү Ч, түүний эхнэр Б бид нар байсан. Тэгсэн манай эхнэрийн хамаатай М******* согтуу, мотоцикльтой хүүгээ сундалчихсан ирээд “энд буулгахгүй” гээд орилж хашгираад байсан. Тэгээд бууж ирээд жирэмсэн, давхар биетэй манай бэр Б*******г алгадаж унгахаар нь ... би давхар барьж аваад хамар луу нь 2 удаа цохьсон чинь хамрынх нь гол язарчихсан. Ингээд байж байтал Н******* бас согтуу ирээд гэр дайрчих гэж зогсоод, буугаад ирэхээр нь би түүнийг барьж аваад нүүр лүү нь 1 удаа мөргөчихсөн юмаа. Ийм л үйл явдал болсон гэх мэдүүлэг /хх-45-46 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 1-2 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи баримтууд /хх 31-33, 35 тал/, хэргийн материал танилцуулсан баримт /хх 36-37 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирогч Б.Н*******ын иргэний нэхэмжлэлийн баримтууд зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутаг “Ар хайлааст” гэх зуслангийн газарт “Д.Чхыг буулаа” гэх шалтгаанаар нутгийн иргэд О.М*******, Б.Н******* Д.Ч, С.Б******* нарын хооронд үүссэн маргааны явцад Б.А******* нь О.М*******г нүүр лүү нь 2-3 удаа цохиж, Б.Н*******ыг нүүр лүү нь нэг удаа мөргөсний улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч нарын өгсөн мэдүүлгийн эх сурвалж мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.Ч, С.Б*******, насанд хүрээгүй гэрч М.Анхбаяр нарын хэргийн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгааны талаар өгсөн мэдүүлэг, хохирогч О.М*******, Б.Н******* нарын биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 169, 170 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Б.А*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх учир шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. Шүүгдэгч Б.А*******ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.А*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн бусдын мал маллаж олсон цалин орлогоор амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт хохирогч О.М******* нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж, хохирогч Б.Н******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг явуулж, түүний шүүхэд ирүүлсэн иргэний нэхэмжлэлийг дараахь байдлаар шийдвэрлэв. Хохирогч Б.Н******* нь гэм хорын хохиролд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар, төлбөр төлсөн баримт болон “Ш” ХХК-ний зарлагын баримтаар нийт 560000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/, мөн журмын 2.4.2-т “Хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15 хувь/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлмйн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл гэмтлийн хөнгөн зэрэг нь эрүүл мэндийг 28 хүртэл хоногийн хугацаагаар түр сарниулах шинжтэй болохыг “Гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д заажээ. Иймд хохирогч Б.Н*******ын эрүүл мэндэд 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хөнгөн хохирол учирч, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 10 хувиар алдагдсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул “Бадархундага рашаан” ХХК-ний эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гарсан талаарх баримт, эмчилгээний төлбөрт 400000 төгрөгийг тушаасан бэлэн мөнгөний орлогын баримт зэргийг үндэслэн эмчилгээний зардлыг гаргуулахаар шийдвэрлэв. Харин “Ш” ХХК-ний зарлагын баримтаар нэхэмжилсэн 160000 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хамтатган шийдвэрлэхэд нотлох баримтын шаардлага хангаагүй, огноо засвартай, худалдан авагчийн нэр тодорхойгүй, шинжээчийн дүгнэлтээр дээд хоёр шүд булгарсан гэх боловч найман шүдний үнэ 120000 төгрөгийн зарлагын баримт бичигдсэн зэргээс үзэхэд нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна. Энэ хэрэгт шүүгдэгч Б.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө******* овогт Б******* А*******ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.А*******т оногдуулсан 450000 төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 90000 /ерин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, биелүүлэх хугацааг 5 /тав/ сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А*******т сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А*******аас 400000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Н*******т олгож, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгө*******ч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.А*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД