Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 282

 

                                                           

 

 

 

 

 

                                                Э.Цд холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Т.Отгонтөгс,

шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч Л.Батаа,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Цгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1708004530477 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Харчин овгийн Э.Ц, 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Гуулин суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 8-109 тоотод оршин суух бүртгэлтэй,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, /РД:/;

Э.Ц нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 347 дугаар гарамын орчим хохирогч А.Сгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн,

дээрх гэмт хэргийг үйлдэхдээ А.Сгийн 200.000 төгрөгийг хүч хэрэглэн довтолж авсан,

2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Саалийн амын 1-11 тоотод байрлах С.Оюунчимэгийн гэрээс түүний итгэмжлэн хариуцуулсан 3.8 кг ноолуурыг завшиж, бусдад 380.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Харчин овогт Эгийн Цг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 сарын хугацаагаар хорих ял, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 10 сарын хорих ял, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 60 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, Э.Цгийн биечлэн эдлэх хорих ялыг нийт 6 жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цд оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цгийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 228 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, хохирогч С.Оюунчимэг 380.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цгаас 200.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Сд олгож, хохирогч нь 100.000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Ц гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж, хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээсэн. Миний бие ам бүл тавуулаа амьдардаг. Том охин 74 дүгээр сургуулийн 2 дугаар ангид сурдаг, дунд хүү 4 дүгээр сургуулийн 1 дүгээр ангид сурдаг. Бага охин цэцэрлэгт явдаг. Ээж Байгалмаа хэвтэрт байдаг бөгөөд аав ээжийг сахидаг. Ар гэрийн байдал хүнд байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Э.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдол дээрээ нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Э.Цгийн өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Ц нь гэм буруу дээрээ маргаагүй, хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрсөн. Өмгөөлөгчийн хувьд хувийн байдлыг нь харгалзан үзэж хорих ялаас тодорхой хэмжээгээр багасгаж өгнө үү...” гэв.

 

Прокурор Т.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Цгийн “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдолтой танилцсан. Энэ хэргийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнд шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоол гаргасан. Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Ц нь хүчиндэх болон бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч дээрэмдэх гэмт хэргийн үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Хохирлыг мөн шүүх хуралдаанд нөхөн төлөөгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж байдлыг нь харгалзан үзэхээр хуульчилсан. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул шүүх хуралдаан 2 үе шаттай явагдсан. Мөн түүнчлэн хохирлын хувьд дээрэмдсэн гэх 200.000 төгрөгийг төлөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Э.Ц нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 347 дугаар гарамын орчим хохирогч А.Сгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ А.Сгийн бэлэн мөнгө 200.000 төгрөгийг хүч хэрэглэн довтолж авсан болох нь:

 

хохирогч А.Сгийн “...шууд намайг багалзуурдаж аваад ухаан алдуулсан. Би нэг сэрсэн ямар ч хувцасгүй бие их нойтон байсан. Харин тэр залуу миний дээр хоолой боосон чигтээ байсан. ...“чи энэ боов хөх, босгоотох” гэх мэтийн зүйл хэлж байгаад тэр бэлэг эрхтнээ миний ам руу хийсэн. Тэгээд байж байгаад миний үснээс зулгааж байгаад “чи дээр суугаадах, би тавих хэрэгтэй байна” гэж орилоод намайг хүчиндсэн. ...машины дунд хайрцаг дотор байсан 200.000 төгрөг авчихсан байсан...” /1хх 20-22/,

гэрч Э.Болдсүхийн “...үүрээр 04 цагийн үед гэртээ байж байхад Соёлмаа надруу залгаад “намайг хүчиндчихлээ, миний хоолойг боож би айлын гадаа очиж амь мултарч гарлаа” гэж хэлсэн. ...тэгтэл энэ хэргийн холбогдогч нь манай эхнэрийг боож хүчирхийлэх үедээ тэр мөнгө алга болсон байна...” /1хх 31-32/, шүүгдэгч Э.Цгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9181, 7108 дугаартай дүгнэлтүүд /1хх 34, 35, 36/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-11/, таньж олуурах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 15-16/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1хх 17, 2хх 53/ зэрэг баримтуудаар,

мөн тэрээр 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Саалийн амын 1-11 тоотод байрлах С.Оюунчимэгийн гэрээс түүний итгэмжлэн хариуцуулсан 3.8 кг ноолуурыг завшиж, бусдад 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.Оюунчимэгийн “...байшингийн ширээн доогуур байсан ногоон өнгийн шуудайтай ямааны ноолуур байхгүй болчихсон байсан. Цогжавхланг “үлдсэн ямаануудыг самнаж байгаарай” гэж хэлээд явсан. ...ямааны ноолуур алдагдсанаас хойш 4-5 хоногийн дараа чи Цогжавхлантай Жаргалант тосгоны төв дээр таарч “ноолуур яасан” гэж асуухад “би эмээлтэд зарчихсан, тэгж байгаад мөнгийг нь өгнө” гэж хэлээд явсан...” /1хх 102-103, 120-122, 2хх 131-132/,

гэрч П.Мөнхбаатарын “...Цогжавхлан “та хоёр явчихаад ирэхгүй юу даа, би үлдсэн ямааг чинь самнаад гэрийг чинь хараад байж байя” гэж хэлсэн. ...Цогжавхлан манай байшингийн ширээн доогуур байсан ногоон шуудайтай ноолуур, үлдэгдэл самнаагүй ямааг самнаад ноолуурыг нь аваад явчихсан байсан...” /1хх 123-124/, А.Намхайдагвын “...Цогжавхлан ахыг тэндээс ноолуурыг нь аваад явчихсан талаар ярьж байсан...” /2хх 6/ нарын мэдүүлэг болон шүүгдэгч Э.Цгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмлэглэл /1хх 89-92/, ““Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан” /1хх 126-127/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг тогоосон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Үүнээс гадна шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүх хуралдаанд прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хохирогч А.Сгийн 200.000 төгрөгийг хүч хэрэглэн довтолж авсан гэмт хэргийг зөвшөөрөхгүй хэмээн маргасан байна.

Хэрэгт авагдсан хохирогч А.Сгийн мэдүүлэг, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Э.Болдсүхийн мэдүүлгээс гадна шүүгдэгч Э.Цгийн “...200.000 төгрөгийн асуудал дээр ямар нэгэн байдлаар маргахгүй, ...би хохирогчийн мөнгийг авсан болоод хохирлыг төлөх хүсэлтэй байна...” /2хх-108, 175/ гэж шүүхэд мэдүүлсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн, бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан хэмээн тус тус дүгнэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Цогжавхлагийн “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Цд оногдуулсан ял шийтгэл тухайн гэмт хэргүүдэд оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Цгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: