Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2020/0306

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А Б” ХХК /РД:**/

Хариуцагч:  МХЕГ ЭХХУАБ Б.М.

Нэхэмжлэлийн шаардлага: “... Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн гаргасан 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Дулаан хангамжийн тухай” 01-07-110/173 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.С, хариуцагч МХЕГ ЭХХУАБ Б.М, нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А Б” ХХК-ийн төлөөлөгч П.Б , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... МХЕГ ЭХХУАБ Б.М 2019 оны 5 сарын 16-ны өдрийн 01-07-110/173 тоот “Дулаан хангамжийн тухай” дүгнэлтэд 2019 оны 5 сарын 15-ны өдөр ирүүлсэн өргөдлийг хүлээн авч 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дүгнэлт гаргаснаас үзэхэд тодорхой үйл ажиллагаа явуулдаг манай байгууллагатай холбоотой асуудалд хэт хайнга, хайхрамжгүй ханджээ гэж үзэхээр байна. Улсын ахлах байцаагч нь 2013, 2014 оны мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг судалж үзээгүй бөгөөд үндэслэл болгож удаа дараа хөлдөлт үүссэн гэх нь үндэстэй дүгнэлт болж чадаагүй байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч нь “А Б”ХХК-ийн дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулсан үйл ажиллагаанд хийсэн эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 18-07- 25/111 дугаартай дүгнэлт, 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18-07-25U28 дугаартай дүгнэлтүүдийг үндэслэн “С******* аймгийн А******* сумын 64 айлын 1,2,3,4,5,6-р байрнуудын оршин суугч иргэдтэй дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулж зөвшилцөхгүйгээр иргэдийн орон сууцны байруудыг дулаанаар хангах үйл ажиллагааг дур мэдэн явуулж стандартын шаардлагад нийцээгүй дулааны эрчим хүчээр хангаж байснаас үүдэн иргэдийн барилга, объект, шугам сүлжээ, халаалтын системд удаа дараа хөлдөлт үүссэн байна” гэжээ.

“А Б”ХХК нь С******* аймгийн А******* сумын төр, захиргааны байгууллагууд, сургууль, цэцэрлэг, орон сууцны бүх байруудыг халуун дулаанаар хангаж өдий хүртэл тодорхой үүрэг ажил гүйцэтгэсээр ирсэн бөгөөд 2017 оноос  “С******* Э*******” ХХК гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байна.

Иргэн Ц.Б нь нөхөр С.О хамт манай байгууллагын нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг унагах ажиллагааг зогсолтгүй хийсээр ирсэн. А******* сумын төрийн болон нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллага дулаанаар хангаж өгөхийг хүссэн хүсэлтийн дагуу гэрээ байгуулан Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тухайн үед манай компанид өгсөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч “А Б” ХХК дур мэдэн бусдын байрыг дулаан хангамжаар хангасан мэтээр баримтыг шалгаж, судлалгүйгээр хариуцлагагүй дүгнэлт хийсэн байна.

Улсын ахлах байцаагч дүгнэлтдээ “... стандартын шаардлагад нийцээгүй дулааны эрчим хүчээр хангаж байснаас үүдэн ...” гэх нь үндэслэлгүй бөгөөд улсын байцаагч А.О дүгнэлтэд зааснаар “...Ц.Б өргөтгөлийн барилгын заалны кафены үйлчилгээний танхим радиатор хөлдсөн үндсэн шалтгаан тусгай зөвшөөрөл эзэмшигч “А Б”ХХК нь тухайн өдөр зуухны галлагааны горимыг мөрдөөгүй стандартын түвшинг хангасан дулааны эрчим хүч үйлдвэрлэн түгээгүй гэж дүгнэж байна” гэсэн нь зөвхөн тухайн өдөртэй холбоотой дүгнэлт байна.

Түүнчлэн “... иргэдийн барилга, объект, шугам сүлжээ, халаалтын системд удаа дараа хөлдөлт үүссэн байна” гэх нь үндэслэлгүй, баримтгүй, ямар нэг эх сурвалжгүй, нотолгоогүй дүгнэлт гэж үзэж байна.

С******* аймгийн эрчим хүчний улсын байцаагч А.О 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 128 дугаар дүгнэлт нь “Дулаан хангамж доголдсон” тухай дүгнэлт юм. Тус дүгнэлтээр “дулаан хангамж доголдоход хүргэсэн“ шалтгааныг 2-р байрны өргөтгөл буюу дэлгүүр, кафены үйлчилгээний танхим, “Ш з”-ийн газрууд байрлаж буй өргөтгөлийн хэсэг 230 м.кв талбайтай нь 2-р халаалтын шугамаас авч ямар ч тооцоололгүй салбарлуулан холбож, төгсгөлийн цэгүүдэд даралт, зарцуулалт хүрэлцэхгүй өргөтгөл хөлдөх нөхцөл бүрдсэн, мөн үндсэн байрны дулаан хангамж доголдоход хүргэсэн гэжээ. Энэ нь Дулаан, эрчим хүч хэрэглэх дүрмийн тодорхой заалт зөрчсөн талаар  дүгнэсэн.

Энд дурдсан 2-р байрны өргөтгөл, дэлгүүр, кафе, “Ш*******“ гэх газар нь иргэн Ц.Б нарын гэр, түүнийг өргөтгөн 230 м.кв болгож барьсан объект юм.

Түүнчлэн “дотор халаалтын системийн төгсгөлийн хий авагчтай өрөөний түлхүүр байгаагүйгээс дэлгүүрийн радиатор хөлдсөн ...” гэх ба дэлгүүр нь иргэн Ц.Б дэлгүүр бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 30.1.8-д заасныг зөрчигдсөн гэдэг нь “хэрэглэгч өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” заалт зөрчигдсөн гэж дүгнэсэн байна.

Тухайн үед улсын байцаагч А.О гаргасан дүгнэлтийн дагуу иргэн С.Б шүүхэд хандаж, хохирол нэхэмжилснийг С******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 26 дугаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. С******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Халаалтын зуухны тухай” дүгнэлтээр тус сумын 64 айлын орон сууцны дулаан хангамжийг “А Б” ХХК хариуцан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд иргэн С.О шинээр барьсан үйлчилгээний төвийн барилгыг төвлөрсөн дулаан хангамжид холбуулах тухай техникийн нөхцөл хүссэн хүсэлт, саналаа тус компанид гаргаагүй байна гэжээ. Иргэн С.О нь өөрийн хөрөнгөөр барьсан дээрх барилгын дулаан хангамжийн асуудлыг бага хүчин чадлын халаалтын зуух барьж болох эсэх талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан боловч төвийн халаалт, дулааныг хэрэглэсэн хэвээр байгаа.

2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18-07-25\66 дугаар улсын байцаагчийн “Инженерийн шугам сүлжээний холболтын тухай” иргэн Ц.Б 2-р байранд залгаж барьсан объектын шугам сүлжээний холболт хууль зөрчсөн дүгнэлт гарсан нь энэ актыг хүчингүй болгоход нотлох баримт болно гэж үзэж байна. 110\173 дугаар дүгнэлт нь 2013, 2014 оны улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн боловч 2019 он хүртэл хугацаанд нилээдгүй дүгнэлт, арга хэмжээ, тодорхой ажлууд, хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд 2014 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн С******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 18-07-21\81 дүгээр “Орон сууцны барилгын тухай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07\103\306 дугаар “Орон сууцны барилгын ашиглалтын төлөв байдлын тухай“ барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч, эрчим хүчний улсын ахлах байцаагчийн хамтарсан дүгнэлт гарсан нь “А Б” ХХК-ийн эрх ашигт нөлөөтэй гэж үзнэ.

Манай компани тодорхой арга хэмжээ авсны үндсэн дээр 2017 оноос үйл ажиллагаагаа явуулаагүй, “С Э” ХХК дулааны үйлчилгээ, үйлдвэрлэлийг гэрээний дагуу гүйцэтгэж байгаа билээ.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний улсын ахлах байцаагчийн гаргасан 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01-07-110/173 дугаар “Дулаан хангамжийн тухай” дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ц.Б гэх хүний өргөдлийг хүлээж аваад нэг хоногийн дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Дулаан хангамжийн тухай” 173 дүгнэлт нь А.О гэдэг улсын байцаагчийн 2013-2014 онд хяналт шалгалт хийж гаргасан 25111 тоот дүгнэлт, 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 25128 дугаар дүгнэлтүүдийг үндэслэж гаргасан. Эдгээр дүгнэлтээс үзэхэд дулаан хангамжийн хэвийн горимыг барьж ажилладаггүй, стандартын шаардлагад нийцээгүй дулааны эрчим хүчээр хангаж байсан гэдэг дүгнэлтийг үндэслэж эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч дүгнэхдээ эрчим хүчээр шаардлагад нийцээгүй дулаанаар хангаж байснаас үүдэн иргэдийн барилга объект, шугам сүлжээ, халаалтын системд удаа дараа хөлдөлт үүссэн байна гэж дүгнэсэн.

Нотлох баримтаас харахад удаа дараа хөлдөлт үүссэн гэдэг нь тодорхойгүй, иргэдийн барилга объект гэдэг нь хэн гэдэг хаана байдаг иргэдийн барилга объект нь хөлдсөн, шугам сүлжээ халаалтын системд нь хэзээ, хэдийд хөлдөлт үүссэн бэ гэдэг дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Дээрх дүгнэлтийг нэхэмжлэгч компанид нэг хувийг өгөх ёстой байсан. Гэтэл энэ дүгнэлт нь иргэн Ц.Б, С.О нарт гэсэн дүгнэлт байсан. “А Б” ХХК иргэдийн шугам сүлжээ, халаалтын систем удаа дараа хөлдөлт үүсгэсэн бол нэхэмжлэгч компанийг шалгаж байх ёстой. Нэхэмжлэгч компани шалгуулагч компани учраас Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд зааснаар мэдэгдэх ёстой. Удирдамж, шалгалтын төсөв, төлөвлөгөөг танилцуулж, мэдэгдэх ёстой. Гэтэл Ц.Б, С.О нар дүгнэлтийг гудамжинд тараагаад явж байсан. Ц.Б, С.Ор нар нь 64 айлын орон сууцыг энэ хүн төлөөлөх эрхтэй хүн биш. Тухайн үед А.О гэх хүний дүгнэлтээс үүдэн 10 сая төгрөг нэхэмжилсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч компани нь энэ талаар огт мэдээгүй. Энэ компанид мэдэгдэх ёстой хуулиар олгогдсон эрхээс гадна үүргээ биелүүлээгүй. Хариуцагчийн тайлбараас  болон иргэдийн барилга объектод шугам, сүлжээ, халаалтын систем гэж бичсэн атлаа үүнийгээ нотолж чадахгүй байна. С******* аймгийн Мэргэжлийн хяналтын газар тухай бүрт очиж үзээд, дүгнэлт гаргаад авах ёстой арга хэмжээг аваад явдаг.

Дур мэдэн халаалтын үйл ажиллагаа явуулах үндэслэл байхгүй. А******* суманд ганцхан уурын зуух байдаг. Үүнийг “А Б” ХХК ажиллаж байгаа. Дур мэдэн нэхэмжлэгч компани үйл ажиллагаа явуулсан гэхээс илүү, Ц.Б, С.О нар дур мэдэн санаатайгаар авах ёсгүй дулаанаа дураараа авсан гэсэн дүгнэлт байгаа.

Улсын байцаагчийн гаргасан 2019 оны 173 дугаар дүгнэлт бол А.О гэдэг хүний дүгнэлтийг үндэслэсэн. Энэ хоёр дүгнэлтэд Ц.Б нь 64 айлын орон сууцны өөрийн 2 өрөө байрыг эзэмшдэг. Тухайн байраа 230 м.кв-аар өргөтгөж байгаа. Өргөтгөсөн байрандаа зоогийн газар ажиллуулаад, ус дулаанаа өөрөө дураараа авч, инженерийн шугам сүлжээгээр дураараа холбосон үндсэн байрны дулаан хангамж доголдсон гэх дүгнэлт юм. Уг дүгнэлт нэхэмжлэгч компани удаа дараа хөлдөөсөн гэдэг дүгнэлттэй холбогдохгүй байна. “А Б” ХХК засвар хийх гэхээр хөрөнгө, мөнгө нь шийдэхгүй. Гаргасан дүгнэлтүүд нь С******* аймгийн Тамгын газар, А******* сумын Засаг даргын Тамгын газар, Эрчим хүчний зохицуулах хороо, С******* аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл зэрэг гээд хаяглаад өгч байгаа. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт нь хяналт шалгалт хийж шалгуулсан этгээдэд танилцуулж гарын үсэг зуруулж тэмдэглэл үйлдэнэ хуульд зааснаар хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах ёстой.  Өмнө нь дүгнэлт гарч байсан учир хөлдсөн байгаа гэж дүгнэлт гаргах нь шударга бус байна. Хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт хяналт шалгалтыг давхардуулахгүй гэсэн өгүүлбэр байгаа. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10 дахь хэсэгт хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй гэсэн заалт байгаа, улсын байцаагч хийсэн шалгалт, дүгнэлт бичиж байгаа зүйл болон нотолгооны үндэслэлийг хариуцна гэсэн байгаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гарсан дүгнэлтээ нотолж чадахгүй байна. Эрх бүхий байгууллага шалгаж буй асуудлаараа тухайн этгээдийн үйл ажиллагаанд нь дүгнэлт, үнэлэлт өгнө, илэрсэн зөрчлийн шалтгааныг тогтооно, бичсэн дүгнэлтээ хуулийн шаардлага дотор гаргана. Нийтлэг үндэслэл журмаа биелүүлээгүй, нөхөн гаргаж болно гэж байгаа нь үндэслэлгүй байна. Ц.Б хүүхдүүдийнхээ нэрийг бариад 2013 оноос хойш ингэж явах болсон шалтгаан нь өргөтгөлтэй холбоотой. Энэ нь тухай үед гарсан өөрсдөө дураараа дулааны эрчим хүчийг авсан гэдэгтэй холбоотой дүгнэлт гарсан. Ц.Б, С.О нар өөрсдийн хууль бус ажиллагааг бусдаар хүлээн зөвшөөрүүлэх гэсэн зорилготой. Сууц өмчлөгчдийн холбооны тэргүүн гэж байгаа боловч тэргүүн нь ч биш, Захиргааны шүүх дээр үүнтэй холбоотой маргаан орж байсан ба тийм сууц өмчлөгчдийн холбоо байдаггүй. Энэ хүн сууц өмчлөгчдийн холбоо нэрийг ашигладаг. Бусдын орон сууцны асуудлыг эдгээр хүн төлөөлж явахгүй. Зөвхөн өөрийнхөө төлөө явж байгаа. Эдгээрийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2019 оны 173 тоот дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хариуцагч улсын ахлах байцаагч Б.М шүүхэд бичгээр гаргасан  тайлбартаа:  

“... Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг гаргахдаа нэг өдрийн дотор гаргасан шалтгаан нь урьд нь уг асуудлаар 2012-2017 онуудад “А Б” ХХК болон С******* аймгийн орон сууцны барилгуудад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон С******* аймгийн Мэргэжлийн хяналтын газруудаас хяналт шалгалт хийж байсан бөгөөд уг асуудалтай холбоотой баримт материалууд хадгалагдаж байсан тул хурдан хугацаанд гаргасан болно.

Дүгнэлтийг гаргахдаа С******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч А.О 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 18-07-25/111 дугаартай дүгнэлт, 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18-07-25/128 дугаартай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчдын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07/103/306 дугаартай дүгнэлтүүдэд үндэслэн гаргасан бөгөөд уг дүгнэлтүүдээс үзэхэд “А Б” ХХК нь дулаан хангамжийн хэвийн горимыг барьж ажилладаггүй, стандартын шаардлагад нийцээгүй дулааны эрчим хүчээр хангаж байсан нь барилгын шугам сүлжээнд хөлдөлт үүсэх үндсэн шалтгаан болсон талаар дүгнэлтэд тодорхой тусган оруулсан байсан тул дээрх дүгнэлтүүдэд үндэслэсэн болно.

Мөн манай байгууллагаас 2017 онд газар дээр нь хяналт шалгалт хийхэд С******* аймгийн А******* сумын 3, 4, 6-р байрнуудад хөлдөлт үүссэн байсан тул 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07/103/306 дугаартай дүгнэлтүүдэд тусгасан байсан. Иймд дээрх байдлуудыг үндэслэн “удаа дараа хөлдөлт үүссэн” гэж дүгнэлтийг гаргахдаа тусгаж оруулсан.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2017 онд хийсэн хяналт шалгалт хийхэд “А Б” ХХК нь хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан дулааны эрчим хүчээр хангаж ажилладаггүй, дулаан хангамжийн батлагдсан горим тооцоо, график байхгүй, зуух, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа алдагдсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрч улсын ахлах байцаагчдын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07/110/198 дугаартай 23 заалт бүхий хугацаатай албан шаардлагыг хүргүүлэн ажилласан боловч албан шаардлагыг хариуг ирүүлээгүй, зөрчил дутагдлыг арилгуулах талаар холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй байна...” гэжээ.

Хариуцагч улсын ахлах байцаагч Б.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...С******* аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2014-2017 онд хүмүүсийн санал хүсэлтийн дагуу шалгалт хийсэн. Тухайн үед зургаан байрны ашиглалтын байдал маш хүнд болсон байсан. Бид хэсэгчлэн 10 гаран айлаар явсан. Оршин суугчдын байдал сэтгэл эмзэглэмээр, бүх радиатор зэрэг хөлдсөн, агааржуулалтын системээрээ нүүрсний зуух тавьсан нөхцөл байдал хүнд байсан. Дээрх байдлыг үндэслэж дүгнэлт гаргасан дүгнэлтэд барилга объектод шалгалт хийхэд ихэнх барилга объектын халаалтын систем хөлдсөн талаар байгаа.

Цаг агаар хүйтрэх тусам халаалтын температурыг нэмж байдаг халаалтын горим байдаг. Гэтэл ийм горим ажиллагааг батлуулсан зүйл байхгүй, жишиг халаалтын температур барьдаггүй гэх мэт олон зөрчил илэрсэн ба газар дээр нь очиж үзэхэд мэргэжлийн, халаалтын дулааны инженер байхгүй, мэргэжлийн бус слесерь, гагнуурчин халаалтын зуухны үйл ажиллагааг авч явдаг. Зуух нь ашиглалтын шаардлага, техникийн бүрэн байдал, температурын горим, халаалтын зуух зэрэг нь шаардлага хангахгүй байсан. Энэ нь нэхэмжлэгч компанийн хариуцлагагүй үйл ажиллагаа юм. 2017 онд шалгалтаар очиход “А Б” ХХК-ийн үйл ажиллагааг шалгаж өгнө үү гэж Сууц өмчлөгчдийн холбооны дарга Ц.Б******* бичиг өгсөн. Үүний дагуу барилгын байцаагч, Эрчим хүчний зохицуулах хорооны хэрэглэгчдийн орон нутгийн дулаан хангагч зэрэгтэй хамтран шалгалт хийсэн. Дүгнэлтийг газар дээр нь шалгалт хийж гаргасан. 2017 онд нэхэмжлэгч компанийн үйл ажиллагааг Эрчим хүчний зохицуулах хороонд мэдэгдэж үйл ажиллагааг нь зогсоосон. Нэхэмжлэгч компани үйл ажиллагаагаа зогсоогоод “С Э” ХХК-д хариуцуулан өгсөн. 2017 онд шилжсэн нь манай хяналт шалгалтын хүрээнд авагдсан арга хэмжээ юм.

Одоо харьцангуй сайжирсан гэх мэдээлэл ирж байгаа. Яагаад нэг хоногийн дотор хайхрамжгүй хандсан гэхээр 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр энэ хүмүүс өргөдөл өгч, уулзаж, манай дарга нартай  уулзсан. Бид үзээд өмнө нь гаргасан А.О байцаагчийн хийсэн дүгнэлт болон бидний газар дээр нь хийсэн үзлэг байсан учир дахин хяналт шалгалт хийх шаардлагагүй, 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй учир дахин газар дээр очих шаардлагагүй гэж үзэн өмнөх зүйлүүдийг үндэслээд дүгнэлтээ гаргасан. Нэг хоногийн дотор дүгнэлт гаргаж болохгүй гэсэн зүйл байхгүй. Өмнө нь олон удаа шалгасан учир нэг хоногийн дотор дүгнэлт гаргасан ба хайхрамжгүй хандсан зүйл байхгүй. Удаа дараа хөлдөлт үүссэн гэдэг нь Ц.Б өргөдөлд гаргасан А.Обайцаагчийн дүгнэлт хэсэгчилж хөлдсөн, айлууд нь халаалтын систем хөлдсөн, таслагдсан айл өрхүүдийн гэж байгаа айлуудын халаалтын систем хөлдсөн байна гэсэн. Бид 2017 онд очиход айлуудын 45-50 хувь нь халаалтын систем нь хөлдсөн байсан. Цонхоороо зуух гаргасан өрөвдөлтэй байсан. Ингэж ард иргэдийг хохироосон байсан. Тэгэхээр үүнийг удаа дараа хөлдөөсөн гэж үзсэн. Зөвхөн Ц.Б өргөдлөөр гэхгүй дүгнэлт, журам дээрээс харахад олон айлын паар, радиатор хөлдсөн байсан учир заавал Ц.Б цайны газар хөлдсөн гэдэг асуудлыг хөндөөгүй, асуудлыг тоймоор нь авч үзсэн. Хэний барилга, шугам, сүлжээ хөлдсөн гэдгийг мэдэж байгаа. Олон айлууд хөлдсөн түүнийг одоо үзвэл, одоо ч айлууд зуухтайгаа байгаа. Газар дээр нь очоод үзэхэд нотлогдоно. “А Б” ХХК-д мэдэгдэхийн тулд холбогдох гэж олон удаа оролдсон. Иргэдийг олон жил хохироосон учир нэхэмжлэгчийн үйл ажиллагааг явуулахгүй байх талаар Эрчим хүчний зохицуулах хороо уруу бичиг өгч хамтарсан шалгалт хийж тусгай зөвшөөрлийг сунгуулахгүй үлдээсэн.

Одоо хөлдөлтийн асуудлын талаар тайлбарлахад А.О байцаагчийн дүгнэлтийг харахад халаалтын систем хөлдсөн, таслагдсан айл өрхүүдийн засвар үйлчилгээг халаалтын бус улиралд хийх шаардлагатай гээд бүх дүгнэлт дээр байгаа. Бидний дүгнэлт дээр ч мөн байгаа. Иргэдтэй дулааны эрчим хүч ашиглах дүгнэлт гэж байдаг. Уг дүрмээр хангагч, хэрэглэгчийн харилцааны гэрээ байгуулах ёстой. Нэхэмжлэгч компани иргэдтэй гэрээ өгч байгуулаагүй. Гэрээ байгуулаагүй учир хангагч хэрэглэгчийн харилцаа үүсээгүй. Үүнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос удаа дараа албан бичиг өгч байсан. Хангагч, хэрэглэгчийн харилцаа үүсэхгүй учир бид шууд шалгаж чадахгүй байна. Ийм харилцаа үүсгээгүй учир “А Б” ХХК дур мэдэн хэрэглэгчдийг стандартын шаардлага нийцээгүй дулаанаар хангасан зөрчил байна гэж үзсэн...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Нэхэмжлэгч “А Б” ХХК нь тус шүүхэд хандан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Дулаан хангамжийн тухай” 01-07-110/173 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.[1]

“А Б” ХХК нь 2015 онд дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх чиглэлээр анх үүсгэн байгуулагдсан байна.[2]

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Б.М******* 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01-07-110/173 дугаар дүгнэлтийг гаргахдаа иргэн Ц.Б, С.О нараас 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу өмнөх онуудын буюу С******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 18-07-25/111 дугаартай дүгнэлт, 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18-07-25/128 дугаар дүгнэлтүүдэд тулгуурлан “А Б” ХХК нь С******* аймгийн А******* сумын 64 айлын 1,2,3,4,5,6 дугаар байрнуудын оршин суугч иргэдтэй дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, зөвшилцөлгүйгээр иргэдийн орон сууцны байруудыг дулаанаар хангах үйл ажиллагааг дур мэдэн явуулж байсан бөгөөд стандартын шаардлагад нийцээгүй дулааны эрчим хүчээр хангаж байснаас үүдэн иргэдийн барилга обьект, шугам сүлжээ, халаалтын системд удаа дараа хөлдөлт үүссэн байна” гэсэн дүгнэлт гаргажээ.

  С******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч А.О 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 18-07-25/111 дугаар дүгнэлтийг шүүхээс шаардсан боловч уг дүгнэлт нь архиваас олдоогүй гэсэн хариуг С******* аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирүүлж байсан[3] авч нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр нотлох баримтаар гаргаж өгчээ.

С******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18-07-25/128 дугаар дүгнэлтийг иргэн Ц.Б гаргасан гомдлыг үндэслэн гаргасан байх бөгөөд дүгнэлтэд: “... Ц.Б өргөтгөлийн барилгын заалны /кафены үйлчилгээний танхим/ радиатар хөлдсөн үндсэн шалтгаан нь тусгай зөвшөөрөл эзэмшигч “А Б” ХХК нь тухайн өдөр зуухны галлагааны горимыг мөрдөөгүй, стандартын түвшинг хангасан дулааны эрчим хүч үйлдвэрлэж, түгээгээгүй гэж дүгнэж байна. Хяналт шалгалтын үед өргөтгөлийн заалны 2 хэсэг радиатар /2 багц/ болон дэлгүүр, гоо сайхны тасгийн “ хэсэг радиатарууд хөлдөж цоорон ус алдсан байсанд хангагч, хэрэглэгчид хамтарсан акт үйлдэж гарын үсэг зурцгаасан тул сумын үнэ тогтоох комиссын тогтоосон үнэлгээний дагуу “А Б” ХХК хохирлыг 1 сарын хугацаанд барагдуулах нь зүйтэй” гэжээ[4].   

Хариуцагчаас шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа төлөвлөгөөт бус шалгалтыг хийсэн гэх бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.2. “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:” гэж зааснаар улсын байцаагч хяналт шалгалтыг удирдамжгүйгээр явуулсан байна.

Мөн хариуцагч уг асуудлаар өмнө нь дүгнэлт гаргаж байсан тул дахин шалгах шаардлагагүй байсан гэж тайлбарлаж байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4: “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн төдийгүй хяналт шалгалтыг хийхдээ мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6: “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ”, 5.9: “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана” гэж заасан хуульд заасан үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн 9.3.3 дахь заалтад зааснаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/67 дугаар тушаалаар “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ыг / цаашид стандарт гэх/ баталжээ.

Уг стандартаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хяналт шалгалтын үйл ажиллагааны нарийвчилсан горим, үндсэн шаардлагыг тогтоож өгчээ.

Уг стандартын 13-ын 13.1-д Хяналт шалгалтыг шалгуулагч этгээдийн эрх бүхий албан тушаалтан эсхүл төлөөлөх эрх бүхий албан тушаалтныг байлцуулан удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд тогтоосон хугацаанд бүрэн гүйцэд хийнэ., 13.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан асуудлаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхдээ гомдол гаргагч болон эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын санал тайлбарыг авч, хариуг хуулийн хугацаанд холбогдох талуудад хүргүүлнэ” гэж заасныг хариуцагч мөрдөж ажиллаагүй, мөн журмын 15-ын 15.8-д заасан барилга байгууламж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдал нь хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тодорхойлоход үйлдэх баримт бичиг болох дүгнэлтийг дээрх хуульд заасан журмын дагуу гаргаагүй байна.

Хариуцагч МХЕГ ЭХХУАБ Б.М нь хяналт шалгалт хийж гүйцэтгэхэд удирдлага болгох баримт бичиггүйгээр, “А Б” ХХК-д мэдэгдэх хуудас өгөлгүй, хяналт шалгалтыг биечлэн хийж гүйцэтгэлгүй, олон жилийн өмнө гаргасан өөр байцаагчийн дүгнэлтийг үндэслэн дүгнэлт гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1: “хуульд үндэслэх”, 4.2.3: “хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх”, 4.2.5: “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6: “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг мөрдөж ажиллаагүй байна.

Түүнчлэн хариуцагч Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад заасан эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засвар, ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлагыг хэрэгжүүлэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчид хяналт тавих гэсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дээр дурдсан Төрийн хяналт шалгалтын тухай хууль, холбогдох стандартын олон зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчаас дээрх захиргааны актыг гаргахдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07/103/306 дугаар дүгнэлтийг үндэслэсэн гэж тайлбарлаж байх боловч дүгнэлтэд зөвхөн 2 актыг дурдсан, түүнчлэн байцаагч дүгнэлт гаргахдаа өмнө гаргасан дүгнэлтийг үндэслэж бус Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон дээр дурдсан журмын дагуу дүгнэлтээ гаргах ёстой байх тул 07/103/306 дугаар дүгнэлт болон  “А Б” ХХК-д холбогдуулан гаргасан С******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 18-07-21/81, мөн аймгийн эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 45/11/01 дугаар дүгнэлт, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 18-07-25/66 тоот дүгнэлт, 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 18-07-15/11 дугаар дүгнэлтийг[5] шүүхээс үнэлээгүй болно.

Түүнчлэн С******* аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолоор А******* сумын халаалтын төвийн үйл ажиллагаа “С Э” ОНӨААТҮГ-т шилжин 2017-2019 оны халаалтын улиралд сумын дулаан хангамжийг бүрэн хариуцан дулааны эрчим хүчээр ханган ажилласан, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс С******* аймгийн “У у” ХХК хариуцан ажиллахаар болжээ.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “А Б” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний улсын ахлах байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01-07-110/173 дугаар дүгнэлтийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.3,  4.2.5, 4.2.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.2, 5.4, 5.6, 5.9, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн 9.3.3, 14 дүгээр зүйлийн 14.2, Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А Б” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний улсын ахлах байцаагчийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Дулаан хангамжийн тухай” 01-07-110/173 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1  дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МХЕГ Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                У.Б

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 52-53-р хуудас

[2] Хавтаст хэргийн 115-р хуудас

[3] Хавтаст хэргийн 112-р хуудас

[4] Хавтаст хэргийн 61-63-р хуудас

[5] Хавтаст хэргийн 64-70, 76-80-р хуудас