Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2015/0484

 

Эм Си Пи Эл ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаЭ.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаяр, хариуцагч Ш.Бат нарыг оролцуулан хийж,Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 473 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Эм Си Пи Эл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Эм Си Пи Эл ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь улс хоорондын ачаа тээвэр, гаалийн бүрдүүлэгч, зуулчлагчийн болон тээврийн зөвлөх үйл ажиллагааны чиглэлээр 2010 онд байгуулагдсан. 2011 онд Авто тээврийн газраас Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн, Гаалийн ерөнхий газраас 2010 онд Гаалийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, Оюу толгой ХХК-ийн ачааг БНХАУ-ын Ганцмодны боомт хүртэл тээвэрлэдэг гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч юм.

Гаалийн ерөнхий газраас Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтыг манай компанийн 2010-2012 оны улсын хилээр нэвтрүүлсэн барааг санхүүгийн бичиг баримтад тулгуурлан хийсэн бөгөөд 2,366,579,722.69 төгрөгийн сэлбэг-ийн үнийг гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн гэж гаалийн болон НӨАТ нийт 366,819,857 төгрөг, торгууль 110,045,957 төгрөг, нийт 476,865,814 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан. Үүнийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Компанийн автомашинуудын ашиглалтын явцад хийгдэх засвар үйлчилгээг тэдгээрийг үйлдвэрлэсэн үйлдвэрээс тавигдах стандарт шаардлага хангасан, баталгаат засварын газраар хийлгэх шаардлага тавигддаг. Өмнөговь аймгийн Ханбогд суманд энэхүү шаардлагыг хангах баталгаат засварын газар байхгүйгээс автомашины засвар үйлчилгээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг БНХАУ-ын Ванли компанид хариуцуулсан. Ванли компанид шилжүүлсэн мөнгө нь машины хэвийн ажиллагааг хангах, ашиглалтын үед гардаг томлох материал, сэлбэг, багаж хэрэгслийн зардал буюу улс хоорондын тээврийн үйлчилгээний бараа тул Гаалийн тухай хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д Улс хоорондын тээврийн үйлчилгээний барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд гаалийн байгууллага гаалийн болон бусад татвар үл ногдуулна гэж заасны дагуу гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөгдөх бараа болно.

Монгол Улсын Засгийн Газар болон БНХАУ-ын хооронд 2011 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Авто тээврийн хэлэлцээр-ийг байгуулж, мөн оны 08 дугаар сарын 24-ний өдөр баталсан бөгөөд Хэлэлцээрийн 13 дугаар зүйлийн 1-д хоёр улсын хоорондын авто замын тээвэрлэлтийн явцад бүх төрлийн тээврийн автомашины хөдөлгүүрийг ажиллуулахад тохирох, түлшний савны багтаамжийн хэмжээгээр авч яваа шатахуун, тээвэрлэлтийн явцад зайлшгүй шаардагдах хэмжээний тосолгооны материал, тээврийн автомашины засвар үйлчилгээнд зайлшгүй шаардагдах сэлбэг, багаж хэрэгсэл барааг гаалийн татвараас харилцан чөлөөлнө гэж заасны дагуу манай компанийн тээврийн автомашинд зайлшгүй хийгдэх шаардлагатай байсан сэлбэг хэрэгсэл татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй юм.

Гаалийн улсын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн торгууль ногдуулжээ. Өөрөөр хэлбэл, хуулийн 74.1.1-д заасан биетээр нуун дарагдуулсан гэж үзсэн бололтой. Гэтэл манай компани сэлбэг засварын зардлыг санхүүгийн тайлан тооцоондоо тусгасан, бүртгэсэн байсан тул орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан гэж үзэхгүй юм.

1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд нуусан гэдгийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгаагүй орхигдуулсныг хэлнэ гэсэн байна. Манай компанийн хувьд санхүү, нягтлан бодох бүртгэлийн тайланд тайлагдсан байгаа. Биетээр нуун дарагдуулсан гэвэл ямар ямар сэлбэг хэрэгслийг хэдэн ширхэгийг нуусан талаар тоо, хэмжээ тодорхой байх ёстой.

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д гаалийн татвараас чөлөөлөх харилцааг гагцхүү энэ хуулиар зохицуулна, 38.1.13-т хууль, олон улсын гэрээнд заасан бусад бараа-г татвараас чөлөөлөхөөр тус тус заажээ. Иймд гаалийн байцаагч чөлөөлөгдсөн бараанд нөхөн татвар ногдуулах эрхгүй болно. Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх Хэлэлцээрийн 8 дугаар зүйлд заасан заалт нь гаалийн үнэлгээ хийхэд ашиглах залруулгын тухай бөгөөд энэ нь татвараас чөлөөлөгдөх улс хоорондын тээврийн үйлчилгээнд хамааралгүй. Гаалийн улсын байцаагч нь татварын байцаагчийн эрхгүй атлаа татварын акт тогтоосон нь Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь заалтыг зөрчсөн хууль бус үйлдэл болсон. Иймд, гаалийн улсын байцаагчийн 90/13 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Ш.Бат, Б.Ундармаа нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь 2010 оны 5 сард байгуулсан тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэх гэрээний дагуу тухайн тээврийн хэрэгсэлд хилийн чанадад гарсан өөрчлөлт, эвдрэл, гэмтэл, түүнтэй холбогдож гарсан сэлбэг болон ажил, үйлчилгээний өртөг 2,633,579,723 төгрөгийг гаалийн байгууллагад огт мэдүүлээгүй, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн зардал хэсэг суутган татвар ногдох орлогоос хасч тайлагнасан байсан.

Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ, 55.2-т Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг дараахь хэлбэрээр мэдүүлж болно: бичгээр мэдээллийн сүлжээгээр гм, 73 дугаар зүйлийн 73.1-д Гаалийн бүрдүүлэлтийн горимыг мэдүүлэгч сонгоно гэж зааснаар Эм Си Пи Эл ХХК нь хилийн чанадаас худалдан авсан автомашины эд анги, түүнтэй холбогдон гарсан засвар, үйлчилгээний зардлыг гаалийн байгууллагад мэдүүлэх боломжтой байсан.

Иймд, дутуу мэдүүлсэн барааны үнэд Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2 Энэ хуулийн 293.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсний дагуу Татварын ерөнхий хуулийн 74.1-д заасныг үндэслэн нөхөн татвар төлүүлж, төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан болно гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 473 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1, 293.2, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 90/13 дугаар актыг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 90/13 тоот улсын байцаагч нарын актад Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 293.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн гэж байгаа. 1.1 гэсн заалт байхгүй. 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 246 дугаар шийдвэр анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэхээс өмнө нэхэмжлэгч Эм Си Пи Эл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан итгэмжлэгдсэн төлөөлөгчид өөрсдөө 74.1 гэж заасныг 74.1.1-д зааснаар бидэнд хариуцлага хүлээлгэж байгаа юм шиг байна, бидний зөрчлийг ингэж тодорхойлсон юм шиг байна гэж тааварлаж 1.1 гэдэг ойлголтыг гаргаж ирсэн. Гэтэл 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан 14 зөрчил бий. Эдгээр зөрчлүүдээс аль зөрчлийг Эм Си Пи Эл ХХК үйлдсэнийг тодорхойлоогүй. Зөрчлийг тодорхойлоогүй. Зөрчлийг тодорхойлолгүйгээр акт тавьсан. Миний гаргаж байгаа 1 үндэслэл нь энэ юм. 74.1 гэж бичсэн болохоос 74.1-ийн хэдэд заасан ямар зөрчил гаргасныг бичээгүй. 74.1 бол хариуцлага хүлээлгэх процессыг заасан зохицуулалт юм. 74.1-д доорх нэр бүхий зөрчлүүдээс аль нэгийг гаргасан тохиолдолд 74.1-д заасан хариуцлагыг хүлээлгэнэ гэсэн зохицуулалт юм.

Хоёрдугаарт, Татварын алба болон татварын улсын байцаагч хариуцлага ногдуулах зөрчлүүдээс хариуцлага тооцно гэсэн. Гэтэл гаалийн улсын байцаагч татвар ногдуулсан гэсэн үндэслэл байгаа. Үүнд дүгнэлт хийж өгнө үү.

Гуравдугаарт, би анхан шатны шүүх дээр хэлж байсан. Торгууль, алданги тавиад байгаа үндэслэлийн хувьд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан юм биш үү. 2012 оны 12 дугаар сарын асуудал шүү дээ. Тэгэхээр захиргааны журмаар хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Мөн сэлбэг хэрэгсэл, шатах, тослох материал, үйлчилгээний зардал зэргийг ялгаж салгасангүй. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа. Урьд урьдны шүүх хуралдааны тэмдэглэлүүдэд ч байгаа. Жишээлбэл, нэхэмжлэгч Эм Си Пи Эл ХХК Ван ли интернейшнл компаниас 1 дугуй авлаа гэхэд уг дугуйгаа 100 юанийн ажлын хөлстэй тавиулдаг. Иймэрхүү маягаар ажлын хөлс байсан гэдгийг хариуцагч тайлбартаа хэлсэн. Ажил үйлчилгээний зардал, оношилгооны зардлыг хасаж тооцох ёстой байсан. Миний хувьд анхнаасаа акт гарах процесс алдаатай байсан гэж үзэж байна. Мөн акт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн. Удирдамж нь хүртэл зөрчсөн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хийсэн бол Гаалийн ерөнхий газар Татварын ерөнхий газартай хамтарч шалгалт хийж, татварын улсын байцаагч 74 дүгээр зүйлийг баримталж хариуцлага ногдуулах ёстой байсан.

Улсын байцаагчийн актад тодорхойлоогүй зөрчлийг 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 473 дугаар шийдвэрт 74.1.1 гэж тодорхойлсон. Үүнийг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Бат давж заалдах гомдолдооНогдуулсан 2,3 тэрбум төгрөгөөс сэлбэг болон засвар үйлчилгээний зардлыг салгаж тогтоо, засварын ажил үйлчилгээ бол татвар ногдохгүй зүйл гэсэн байгаа. 2,3 тэрбум төгрөгийн актыг ногдуулсан анхан шатны баримтууд 4956 хуудастай хятад хэл дээр бичигдсэн баримтууд байдаг. Тухайн тээврийн хэрэгсэл засварт ороход тээврийн хэрэгслийн машины дугаар, чиргүүлийн дугаартай, ямар ажил үйлчилгээ, засвар хийгдсэн талаар жагсаасан үнийн дүнтэй нэхэмжлэлүүд байдаг. Эдгээр нэхэмжлэлүүд нь уг актыг тавьсан анхан шатны баримтууд юм. Мөн өглөг, авлагын журнал гээд бүх санхүүгийн баримтад тусгагдсан байгаа. Зардлыг салгахад 4956 хуудас баримтыг орчуулах шаардлагатай болсон. Би Нэхэмжлэгч талаар орчуулуулж өгнө үү гэж анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан. Ингээд анхан шатны шүүх нэхэмжлэгч талд Эдгээр баримтыг орчуулж өг гэсэн албан бичиг явуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал орчуулж өгөөгүй. Орчуулж байна гэж хэдэн сараар шүүх хуралдааныг хойшлуулсан. Их баримт байгаа учраас хугацаа их зарцуулна. Тиймээс шүүх хуралдаан хойшлуулж өгнө үү гээд шүүх хуралдааныг нэлээд олон удаа хойшлуулсан. Ингээд хэдэн сар өнгөрсний эцэст шүүх Энэ чинь арай хэтэрлээ гээд Үүнийг бүтнээр нь орчуулж өгч чадахгүй байна. Харин түүвэрлэж орчуулъя гэсэн. Үүнийг анхан шатны шүүх зөвшөөрсөн. Тэгээд ямар байдлаар түүвэрлэх вэ 1 сараас 2 баримтыг түүвэрлэх маягаар орчуулахаар болсон. Ингээд 3 жилийн хугацааны 31 хуудас баримтыг орчуулсан байдаг. Хавтас хэргийн 139-169 дүгээр талд орчуулсан анхан шатны баримтууд бий. Ард талд нь хятад хэл дээрх баримт нь байгаа. Ингээд орчуулахад 1 ч ширхэг ажил үйлчилгээ, засвар үйлчилгээний зардал гэсэн зүйл байдаггүй. Дан сэлбэг байдаг. 4956 хуудас баримтаас санамсаргүй тохиолдлоор 31 хуудас баримтыг авч орчуулахад 1 ч ширхэг засвар үйлчилгээний зардал гараагүй. Энэ нь засвар үйлчилгээний зардал байхгүй гэдгийг нотолж байна. Засвар үйлчилгээний зардал гэж амаараа тайлбарлаад шүүх хуралдаанд яриад байгаа болохоос баримтаар нотлогдохгүй байгаа. Гэтэл үүнийг салгаж актаа дахин тогтоо гэж байгаа нь ямар ч баримтад тулгуурлаагүй шийдвэр болсон. Баримт нь байхад баримтад огт байхгүй зүйлийг салга гэсэн. Тийм учраас би шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргасан гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад зөв дүгнэлт хийж, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэжээ.

Гаалийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжаар Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ш.Бат, Б.Ундармаа нар Эм Си Пи Эл ХХК-ийн 2010-2012 онд улсын хилээр нэвтрүүлсэн барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэхэд шалгалт хийгээд, гаальд дутуу мэдүүлсэн барааны үнийн дүн 2,366,579,722.69 төгрөгийн зөрчилд 366,819,857.0 төгрөгийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, 110,045,957.0 төгрөгийн торгууль, нийт 476,865,814.0 төгрөгийг гаалийн улсын байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 90/13 дугаар актаар төлүүлэхээр акт тавьсан байна.

Нэхэмжлэгч Эм Си Пи Эл ХХК-иас уг актыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ компанийн автомашинуудын ашиглалтын явцад хийгдэх засвар үйлчилгээг үйлдвэрээс тавигдах стандарт шаардлага хангасан, баталгаат засварын газраар хийлгэх шаардлага тавигддаг учир тус шаардлагыг хангасан БНХАУ-ын Ванли компанид шилжүүлсэн мөнгө нь автомашины хэвийн үйл ажиллагааг хангах, ашиглалтын үед гарсан тослох материал, сэлбэг, багаж хэрэгслийн зардал буюу улс хоорондын тээврийн үйлчилгээний бараа тул гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараа гэж, хариуцагч Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ, 55.2-т Гаалийн хилээр нэвтрүүлэх барааг дараахь хэлбэрээр мэдүүлж болно: бичгээр, мэдээллийн сүлжээгээр... гэх мэт, 73 дугаар зүйлийн 73.1-д Гаалийн бүрдүүлэлтийн горимыг мэдүүлэгч сонгоно гэж зааснаар Эм Си Пи Эл ХХК нь хилийн чанадаас худалдан авсан автомашины эд анги, түүнтэй холбогдон гарсан засвар, үйлчилгээний зардлыг гаалийн байгууллагад мэдүүлэх боломжтой байсан. Иймд дутуу мэдүүлсэн барааны үнэд Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т зааснаар Энэ хуулийн 293.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсний дагуу Татварын ерөнхий хуулийн 74.1-д заасныг үндэслэн нөхөн татвар төлүүлж, төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан нь үндэслэлтэй гэж тус тус маргажээ.

Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлд барааг гаалийн байгууллагад хэрхэн мэдүүлэх талаар зааж, 55 дугаар зүйлийн 55.2-т гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад бичгээр, мэдээллийн сүлжээгээр, амаар.... мэдүүлж болохоор хуульчилсан.

Мөн Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д бараа гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг гэж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дугаар зүйлийн 3.1.2-т гаалийн татвар гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ногдуулах, хураах, төлөх албан татварыг гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч компанийн БНХАУ-ын нутаг дэвсгэрт хийгдсэн засвар үйлчилгээ нь бараа биш байх тул гаалийн татвар ногдох зүйлд хамаарах эсэхийг шийдвэрлэхэд сэлбэг хэрэгслийн үнэ, засвар үйлчилгээний үнийг ялгаж тогтоосон баримт, түүнчлэн тус компанийн түр болон бүр горимоор орж ирсэн хэдэн автомашинд тус бүр хэдэн төгрөгийн сэлбэг хэрэгсэл тавигдсан болохыг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

Нөгөөтэйгүүр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д худалдах, хэрэглэх буюу ашиглах зориулалтаар гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт импортолсон бүх төрлийн бараа-г, 7.1.4-д Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ-г нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээнд хамааруулснаас үзэхэд нэхэмжлэгч компанийн улс хоорондын ачаа тээвэрлэдэг том оврын автомашинуудад хилийн чанадад хийгдсэн засвар үйлчилгээний зардлыг бараа гэж үзэж, Гаалийн тухай хуульд заасныг баримтлан гаальд мэдүүлээгүй үндэслэлээр акт тогтоох үндэслэлгүй.

Иймд, Эм Си Пи Эл ХХК-ийн хилийн чанадаас худалдан авсан боловч гаалийн байгууллагад мэдүүлээгүй автомашины эд анги, сэлбэг хэрэгсэл, үүнтэй холбогдон гарсан засвар, үйлчилгээний зардлыг тус тусад нь тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх шаардлагатай юм. Энэ болон бусад асуудлыг тухайлбал, хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, захиргааны байгууллага албан тушаалтнаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байна.

Иймээс, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, түүнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэг, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэлхэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН