Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2014/0440/З/ |
Дугаар | 118 |
Огноо | 2017-03-18 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 118
“Д Б Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч “Д Б Х” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Ч.Ж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Ц.С, Х.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 938 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 89 дүгээр магадлалтай, “Д Б Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.С, Х.Н нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 938 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д Б Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.С, Х.Н нарын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 00038... дугаар татварын актыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 89 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 938 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Д Б Х” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчдын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 00038... дугаар актаар тогтоосон 675,098.9 мянган төгрөгийн төлбөрөөс 54,140.7 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг хасч, 141,629.7 мянган төгрөгийн торгууль, 62,128.2 мянган төгрөгийн алдангийг өршөөж, нийт 257,898.6 мянган төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангажээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо:
Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Магадлалын хянавал хэсэгт “...анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн байна” гэж дүгнэжээ.
Гэтэл “Д Б Х” ХХК нь Хэнтий аймгийн Норовлин, Бэрх, Батноров, Баян-Адрага, Хэрлэн сумдын нөхөрлөлүүдтэй байгуулсан хамтран ажиллах гэрээнүүд, тэднээс жонш худалдаж авсан кассын баримтууд, 2012 онд худалдаж авсан хайлуур жоншны бүгд 74 ширхэг гарал үүслийн бичгүүдийг шүүхэд гаргаж өгсөн байтал давж заалдах шатны шүүх зөвхөн Хэрлэн сумын нөхөрлөлүүдээс худалдан авсан 2,445 тонн жоншид холбогдох хэсгийг хасч шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
Эндээс харахад, давж заалдах шатны шүүх нь тус компанийг өөрийн лицензтэй талбайгаас өөрөө олборлолт явуулаагүйг нь хүлээн зөвшөөрсөн байна. Тэгэхээр “Д Б Х” ХХК нь жоншийг өөрийн талбайгаас олборлоогүй нь нотлох баримтаар нэгэнт нотлогдсоныг давж заалдах шатны шүүх ч үгүйсгээгүй, харин ч хүлээн зөвшөөрсөн, тиймээс зарчмын хувьд нөхөрлөлүүдээс чухам хэдэн тонн жонш худалдан авч цааш нь борлуулсан гэдэг нь аж ахуй нэгжийн орлогын албан татвар ногдуулахад л ач холбогдолтой болохоос бус, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах үндэслэл болохгүй билээ. 00038... тоот акт нь зөвхөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж тавьсан акт юм.
Иймээс ч анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийг нарийвчлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн ашигт малтмалын талбайгаас ашигт малтмал олборлоогүй, бусдаас ашигт малтмал худалдан авч, цааш дамжуулан худалдсан буюу экспортолсон бол “Д Б Х” ХХК нь тухайн тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болохгүй” гэж зөв дүгнэсэн байдаг.
Татварын улсын байцаагчид ч давж заалдах гомдолдоо энэ талаар маргаагүй болохыг шүүх анхаарч үзнэ үү. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хянавал:
Татварын ерөнхий газрын 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 00038... дүгээр актаар “2012 онд жонш борлуулсаны орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу тооцсон 4 720 989 300 төгрөгийн зөрчил”-д Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-т заасныг үндэслэн 472 098 900 төгрөгийн нөхөн татвар, 141 629 700 төгрөгийн торгууль, 62 128 200 төгрөгийн алданги, нийт 675 856 800 төгрөгийн төлбөр ногдуулсаныг, нэхэмжлэгч “Д Б Х” ХХК-иас “гэрээний үнэ баримтлаагүй, давхар татварын хэлэлцээрийн дагуу уг орлогод Монгол Улсад татвар ногдуулахгүй, уурхайн эдэлбэрээс олборлож худалдаагүй тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг хүлээхгүй, тусгай зөвшөөрөлтэй этгээдээс олборлосон жоншийг нь тогтоосон цэгт худалдаж аваад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортолсон, жоншны жишиг үнийг тогтоосон хуулиас давсан Засгийн газрын тогтоол, Татварын ерөнхий газрын шийдвэр, журмуудыг баримтлан акт тогтоосон” гэх үндэслэлүүдээр маргажээ.
Хариуцагч нь “бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдээс худалдаж авсан жонш болон уурхайн талбайгаас олборлосон жоншноос 2012 онд 21320 тн хайлуур жоншийг экспортод гарган 5 574 491 300 төгрөгөөр борлуулж, 853 502 00 төгрөгийн орлогод ашигт малтмалын нөөц ашигласны татвар ногдуулан төлсөн, 4 720 989 300 төгрөгийн орлогод уг татварыг төлөөгүй” гэж маргасан байна.
Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийн “...“өөрийн эзэмшлийн талбайгаас жонш олборлосон” гэдгийг шууд батлах боломжгүй, хариуцагчийн “нийт 21000 тн жоншийг бүгдийг нь нөхөрлөлүүдээс авах боломжгүй, авснаа нотолсон санхүүгийн анхан шатны баримт байхгүй” гэх тайлбарыг мөн үгүйсгэх боломжгүй, нэхэмжлэгч нь санхүүгийн баримтаа гаргаж өгсөн гэж, хариуцагч өгөөгүй гэж маргадаг, нэхэмжлэгчийн “санхүүгийн баримтыг тухайн үедээ гаргаж өгсөн боловч алга болсон, олдохгүй байгаа” гэх тайлбарыг зөвтгөх боломжгүй ч өөрийн эзэмшлийн уурхайн эдэлбэрээс жонш олборлоогүй гэх тайлбарт анхаарах нь зүйтэй” гэж нотлох баримтыг эргэлзээтэй үнэлж, хэрэгт авагдсан “хайгуулын талбай чөлөөлүүлэх” тухай “Д Б Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний талаар гаргасан Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 225 дугаар шийдвэр, Хэнтий аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн “уурхайн эдэлбэрт ашиглалтын үйл ажиллагаа 2008 оны 10 дугаар сараас 2014 оны 8 дугаар сарын хооронд явуулаагүй”, Ашигт малтмал, газрын тосны газрын “МҮ-0142... тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд 2010-2015 онуудад уулын ажлын тайлан ирүүлээгүй” гэсэн тодорхойлолтууд, ...нөхөрлөлүүдээс 2012 онд худалдаж авсан хайлуур жоншны гарал үүслийн бичиг зэрэг баримтад тулгуурлан, нэхэмжлэгчийг “21320 тн жоншийг өөрийн эзэмшдэг ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий уурхайн эдэлбэрээс олборлоогүй байна” гэж дүгнэжээ.
Харин давж заалдах шатны шүүх, “...“нийт 21320 тн хайлуур жоншийг өөрийн талбайгаас олборлоогүй буюу өөр бусад этгээдээс худалдан авсныг нотлох баримтуудыг ирүүлэх”-ийг шүүхээс шаардсан боловч нэхэмжлэгч гаргаж өгөөгүй, уг нотлох баримт өөрт байхгүй бол хаана ямар эх сурвалжаас шүүх цуглуулж болох талаар зааж маргаагүй, тиймээс шүүх дээрх байдлаар нэгэнт нотлох баримт цуглуулах ажиллагааг хийсэн байгаа тул нэмж нотлох баримт цуглуулахаар буцаах үндэслэлгүй, цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт өгч, шийдвэрлэх шаардлагатай” гэж дүгнэж, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болгож үнэлсэн дээр дурдагдсан баримтуудыг “нийт 21320 тн жоншийг өөрийн тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлолт хийгээгүйг, бусдаас худалдаж авсныг нотлох баримт биш” гэж үзэхдээ уг үндэслэлээ тайлбарлаагүй, зөвхөн 2445 тн жоншийг бичил уурхай эрхлэгч нөхөрлөлүүдээс худалдаж авсан гэдгийг ямар баримтаар тогтоосон болох, үүний борлуулалтын үнэлгээг яаж тооцсон нь тодорхойгүй байна.
Гэтэл, нэхэмжлэгчээс “нэр бүхий нөхөрлөлүүдээс 22 мянга орчим тонн жонш худалдаж авсан гарал үүслийн бичгийн жагсаалт гэх 2 хуудас баримт, гарал үүслийн бичиг 74 ширхэг”-ийг шүүхэд гаргаж өгсөн байх ба давж заалдах шатны шүүх гарал үүслийн бичигт үндэслэн нэхэмжлэгчийн уурхайн эдэлбэрээс олборлосон жоншны хэмжээг тогтоож буй нөхцөлд уг нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах ёстой.
Дээрх байдлаас үзвэл, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан боловч анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй, ийм тохиолдолд шийдвэрийг өөрчлөх боломжгүй байтал давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцэхгүй болсон байна.
Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар “магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээлгэх”-ээр гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 938 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 89 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ