Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2016/0447

 

“ТОЗА” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Тунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батхүү нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШШ2016/0003 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “ТОЗА” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШШ2016/0003 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “ТОЗА” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн А/216 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх давж заалдах гомдолдоо: “Замын-Үүд сумын “ТОЗА” ХХК-ийн гаргасан Сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/216 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэж, Замын-Үүд сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/216 тоот захирамжийг хүчингүй болгосон Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 115/ШШ2016/0003 шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1. “ТОЗА” ХХК-д 369 м.кв газрыг анх эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмыг зөрчсөн гэх үндэслэлд:

            Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгын газар тогтооно” гэж тусгагдсан. Гэтэл Сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 164 тоот захирамжаар “ТОЗА” ХХК-д үйлчилгээний зориулалтаар сумын 1 дүгээр багийн 12 дугаар хэсэгт 369 м.кв газрыг төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа зохион байгуулахгүйгээр хууль зөрчин олгосон шийдвэрийг гаргасан байдаг.

            Шүүхийн шийдвэрт Монгол Улсын газрын тухай хуулийн дээрх заалтыг буруу ойлгож, “ТОЗА” ХХК-ийн эзэмшихээр хүсэлт гаргасан газрын 369 м.кв хэмжээ нь дээр дурьдсан 29 дүгээр зүйлд заасан газрын хэмжээнүүдэд хүрээгүй байх гэж дурьдагдсан нь ойлгомжгүй байх бөгөөд газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалттай зөрчилдөж байна.

            Хуульд зааснаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглосон. Тэгтэл “ТОЗА” ХХК-д олгосон газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар юм.

            “ТОЗА” ХХК-д эзэмшүүлсэн 369 м.кв газарт анх Замын-Үүд дэх Гаалийн газрын агуулахын барилга байсан бөгөөд Монгол Улсын төрийн өмчийн хорооны 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 400 тоот тогтоолоор уг агуулахыг үнэ тогтоон худалдан борлуулах зөвшөөрлийг Замын-Үүд дэх Гаалийн газарт өгсөөр 500.000 /Таван зуун мянга/ төгрөгийн үнэ тогтоож, 2004 онд БНХАУ-ын иргэн Зан Кэ-д худалдан борлуулсан байдаг. Тухайн үед тус агуулахын доорх газрыг хууль тогтоомжийн дагуу Гаалийн газарт эзэмшүүлсэн эрхийг баталгаажуулсан ямарваа нэг шийдвэр гараагүй.

            Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлд заагдснаар Монгол улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар нь төрийн өмч байдаг. Мөн хууль тогтоомжоор газрыг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, худалдан борлуулах зэрэг нь хориглосон.

Замын-Үүд дэх Гаалийн газраас Хятад улсын иргэн Зан Кэ-д актлагдсан данснаас хасагдсан агуулахын барилга болох зөвхөн савыг 500.000 /Таван зуун мянга/ төгрөгөөр худалдсан байдаг.

            Үүнээс хойш 2005 онд “ТОЗА” ХХК-ийн захирал Д.Тунгалаг хятад улсын иргэнээс агуулахын барилга болох савыг худалдаж авсан. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь заалтад тусгагдсанаар түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг гэж тодорхойлжээ. Энэхүү бүрдэл нь газар эзэмшиx эрхийг дагах ёстой.

            Шүүхийн шийдвэрт: Нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших хүсэлтээ Газрын тухай хуульд заасны дагуу гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан “ТОЗА” ХХК-ийн албан бичиг, түүнд хавсаргасан баримтуудаар тогтоогдож байх тул хууль зөрчин газар эзэмших эрх олж авсан гэх нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна гэж дурьдагджээ. Үүнд: Сумын Засаг даргын зүгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд тусгагдсан бүрэн эрхийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэгч субьект болохын хувьд хууль зөрчсөн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож, нийтийн эрх ашгийг эрхэмлэж, Төрийн үйл ажиллагааны тэгш байдлын зарчмыг хэрэгжүүлэн ажилласан.

          2. Газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэлд:

          Монгол Улсын Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасан байх ба “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа дууссан байхад гэрээний биелэлтийг дүгнэлгүйгээр “гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч компаний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хариуцагчийн үйлдэл хууль бус байна гэж дурьджээ.

          “ТОЗА” ХХК нь нэгэнт газрын хэмжээг хэтрүүлсэн зөрчил гаргасан, анх олгохдоо дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулах журмыг зөрчсөн, 2008 онд сумын Засаг даргад гаргасан хүсэлтдээ тус агуулахын барилгыг шинэчлэн авто машин угаалгын томоохон газар болгон ашиглах талаар дурьдсан байдаг. Гэвч 2008 оноос хойш 6 жилийн хугацаанд тодорхой үйл ажиллагаа явуулаагүй байсан. Ингээд 2015 онд барилга байгууламж барихдаа дур зоргоор аашлан газрын хэмжээг хэтрүүлж нийтийн эзэмшил газарт халдсан.

           Нэхэмжлэгч “ТОЗА” ХХК-иас 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Газрын даамалтай байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний хугацааг сунгуулах хүсэлтийг гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-д зааснаар Газрын даамалд гаргаагүй бөгөөд Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан шалгалтын явцад тухайн газрын зөрчилтэй байдал илэрсэн. Энэхүү “ТОЗА” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдэлд холбогдох мэдэгдлийг өгч, удаа дараа зөрчлийг арилгах талаар биечлэн мэдэгдсэн бөгөөд үүнийг засах хангалттай цаг хугацааг өгсөн хэдий ч өөрсдийн буруутай үйл ажиллагаагаа зогсоогоогүй. Иймд 2015 оны гэрээг дүгнээгүй 09 сард Сумын Засаг даргын 2015 оны А/216 тоот захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

            “ТОЗА” ХХК-иас дур мэдэн газрын хэмжээг хэтрүүлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсоор байтал газар эзэмшүүлэх гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр нотлох баримтуудыг үнэлээгүй нь учир дутагдалтай байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс газар дээр нь ирж хэмжилт хийж шалгахад “ТОЗА” ХХК нь эзэмшил газраас илүү зөвшөөрөлгүй барьсан газрын хэмжээ нь 206,1 м.кв байсан нь тогтоогдсон. Тус компани нь эзэмших ёстой хэмжээгээ хууль бусаар нэмэгдүүлж, нийтийн эрх ашиг, нийтийн эзэмшлийн газарт халдаж байхад шүүхээс холбогдох нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөхгүй илүү гаргасан газрыг хэрхэх талаар шийдвэрт тусгаагүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан нь учир дутагдалтай байна. Үүнд хэн нэгэн этгээдийн дур зоргоор аашлан эзэмшвэл зохих газраасаа хэмжээ хэтрүүлэн барилга байгууламж барьсан хууль зөрчсөн үйдлийг авч үзэхгүй байгаа нь төр, нийтийн эрх ашгийг хоёрдугаар тавьж, тэгш байдал, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг алдагдууулахад хүрлээ.

3. Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл зураг төсөлгүйгээр барилга барьж барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 16 дугаар зүйлийн 16.6 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлд Үүнд:

Маргаан бүхий захиргааны акт буюу Замын -Үүд сумын Засаг даргын 2015 оны А/216 тоот захирамжид барилгын тухай хуулийн ямар нэг заалтыг үндэслэл болгоогүй байна гэж дурьджээ.

Хэдийгээр хуулийн заалтыг тусгаагүй хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчсөн нь тогтоогдсон.

Нэгдүгээрт, Газрыг анх зөрчиж олгосон.

            Хоёрдугаарт, Барилгын ажлыг эхлүүлэхдээ дур мэдэж  эхлүүлсэн нь нэгэнт тодорхой байсан. Хууль зөрчиж, эзэмших ёстой газрынхаа хэмжээг 206,1 м.кв газраар илүү гаргаж нийтийн эрх ашгийг зөрчсөн. Иймд “ТОЗА” ХХК нь дээрх зөрчлийг /удаа,дараа/ гаргасан нь эзэмших эрх цуцлах үндэслэл болсонг шүүх анхаараагүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасанг баримтлан “ТОЗА” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/216 тоот захирамжийг хүчингүй болгосонг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Сумын Засаг даргын зүгээс “ТОЗА” ХХК-ийн хууль зөрчсөн удаа дараагийн үйлдлийн улмаас  гэрээг цаашид сунгах шаардлагагүй гэж үзэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль  зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тулс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй байна”, 29.2-т “Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд О,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ” 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх “...аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэхдээ сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, улмаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх нь сумын Засаг даргад хамааралтай үүрэг ... нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших хүсэлтээ Газрын тухай хуульд заасны дагуу гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан “ТОЗА” ХХК-ийн албан бичиг, түүнд хавсаргасан баримтуудаар тогтоогдож байх тул “хууль зөрчин газар эзэмших эрх олж авсан” гэж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна” гэж зөв дүгнэсэн байна.

“ТОЗА” ХХК нь Замын Үүд сумын 1 дүгээр баг, 12 дугаар хэсэгт байрлах 369 м.кв талбай бүхий төмөр складыг 2005 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ хэлэлцээрийн[1]-ээр шилжүүлэн авсны үндсэн дээр газар эзэмших хүсэлт[2] гаргаснаар   Замын Үүд сумын Засаг даргын 2008 оны 164 дүгээр захирамжаар тус газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлж шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх боломжгүй байна.

Учир нь, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйн  хариуцлагыг тогтоосон журмын дагуу хүсэлт гаргасан, улмаар эрх бүхий этгээдийн шийдвэрээр газрыг эзэмшиж буй нэхэмжлэгчид хүлээлгэх буюу энэ үндэслэлээр түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгохсон маргаан бүхий актыг зөвтгөх  боломжгүй.

Тухайн үед тус газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар эзэмшүүлэх талаар эрх бүхий этгээдээс шийдвэр гараагүй болох нь хэрэгт авагдсан “ТОЗА” ХХК-ийн газар баталгаажуулалтын хувийн хэрэг, хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

Хэдийгээр “ТОЗА” ХХК-ийн хүсэлт гаргасан газрын байршил нь 2008 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдаагүй байх боловч хариуцагч Замын Үүд сумын Засаг дарга нь тухайн үед газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргахдаа хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах боломжгүй байсан гэж үзэх үндэсгүй.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтаас үзвэл иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг гэрээний талууд болох газар эзэмшүүлэгч, газар эзэмшигч нар жил бүр дүгнэх, харин гэрээний нөхцөл болзлыг удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд эрх бүхий этгээдээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор байна.

Хавтаст хэрэгт авагдсан Нэхэмжлэгч “ТОЗА” ХХК нь 2009 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, газрын төлбөр төлсөн жагсаалт[3], шүүхээс хийсэн маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэл[4] зэрэг баримтаас үзвэл нэхэмжлэгчийг газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэсгүйн дээр хариуцагчаас газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнээгүй атлаа түүний газар эзэмших эрхийг “...гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүх хуралдаанд “...өмнөх барилгын сууриар барилга барихаар эхлүүлсэн...” гэж тайлбарлах боловч хавтаст хэрэгт авагдсан Замын-Үүд суманд баригдаж буй барилга байгууламжуудад хяналт хийсэн ажлын хэсгийн протокол, сумын газрын албанаас хүргүүлсэн мэдэгдэх хуудас зэрэг баримтад “ТОЗА” ХХК нь газрын хэмжээгээ хэтрүүлэн барилга барьсан талаар дурдагдсан байна. Гэвч  эрх бүхий этгээдээс иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох болон дуусгавар болгохдоо Газрын тухай хуулиар тогтоосон журамд нийцүүлэн шийдвэрлэсэн тохиолдолд  хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гэж үзэхээр байх тул хариуцагчийн ““ТОЗА” ХХК нь нэгэнт газрын хэмжээг хэтрүүлсэн зөрчил гаргасан тул газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Харин шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр Газрын тухай хуульд заасантай нийцээгүй гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч “ТОЗА” ХХК-ийг зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх эрхтэй, эсхүл эзэмшил газрын хэмжээнээс илүү хэмжээгээр барилга барих эрхтэй гэсэн агуулгыг илэрхийлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 115/ШШ2016/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ   

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ