| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/03952/И |
| Дугаар | 297 |
| Огноо | 2018-01-24 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 297
| 2018 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2018/00297 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:А.Ж.Д.ХТББ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч:А.А-д холбогдох
4 060 892 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ж.Д.ХТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Э.Алтантуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.А 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 20-64 УНИ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.7-д заасныг зөрчсөний улмаас Б.Дэлгэрмаагийн 00-38 УНК улсын дугаартай Субару Оутбек маркийн тээврийн хэрэгслийг мөргөж эд хөрөнгөд нь 3 906 000 төгрөгийн хохирол учруулсан нь 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн Баянгол дүүргийн замын цагдаагийн газрын ажилтнуудын зам тээврийн осол, хэргийн газар дээрх үзлэгээр тогтоосон актаар нотлогдож байна.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийг анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 181/ШШ2017/00455 дугаар шийдвэрийг үндэслэн даатгалын тохиолдлын хохирогч Б.Дэлгэрмаад Холбооны гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 02/29 дугаар тушаалаар 3 906 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 77 446 төгрөгийн хамт жолоочийн даатгалын сангаас олгосон байна.Иймээс холбоо нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “даатгалгүй жолоочийн гэм буруугаас шалтгаалан хохирогчид хохирол учирсан гэдэг нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн жолоочоос” гэж заасны дагуу даатгалын тохиолдлын буруутай этгээд А.Агаас 3 983 446 төгрөг, тэмдэгтийн хураамжид төлсөн 77 446 төгрөг нийт 4 060 892 төгрөгийг гаргуулж өгнө үү, Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т даатгалын тохиолдол гарсан талаар энэ хуулийн 13.1, 13.2-т заасан этгээдэд мэдэгдээгүй бол даатгуулагч, жолоочоос хохирлоо барагдуулна гэж зааснаар жолооч гэсэн нэр томъёо нь мөн хуульд зааснаар “авто тээврийн хэрэгсэл болон мотоциклыг жолоодож яваа хүнийг жолооч гэнэ” гэж заасан байна.Тухайн үед машины өмчлөгч нь өөр газар байсан боловч жолоодож явж байсан этгээд нь буруутай.Хариуцагчийн амьдрал ахуй нь хэцүү байсан, гэвч тийм хүнээс хохирол нэхэмжилж болохгүй гэж хуульд заагаагүй.А.Аг хуралд гэрчээр дуудаж оролцуулсан.А.А өргөдөл гаргаад өвчтэй хүүхэдтэй, амьдрал хэцүү мөнгийг төлж чадахгүй, гэрээ байгуулж нөхөн төлбөр авахгүй гэсэн тул бид Санхүүгийн зохицуулах хороонд Дэлгэрмаад мөнгө олгох боломжгүй гэсэн хүсэлт хүргүүлэхэд Санхүүгийн зохицуулах хорооны хэд хэдэн удаагийн албан тоотоор мөнгийг өгсөн.Тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “жолоочийн даатгалын сангийн санхүүжилтийг төвлөрүүлэх, данс байршуулах, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журам” болоод “Жолоочийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох заавар”-т өөрчлөлт орж өмнө нь нөхөн төлбөрийг олгохдоо хохирогч болон буруутай этгээд хоёроос хоёулангаас нь өргөдөл шаарддаг байсан бол журамд өөрчлөлт орж гагцхүү жолоочийн өргөдлийг үнэлж олгоно гэж заасан учир өгөхөөс өөр аргагүй байсан.Шүүх хохирогчийн гомдлыг барагдуулах ёстой гэж үзсэн тул 3 906 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 77 445 төгрөгийн хамт хохирогчид олгохоор шийдвэрлэсэн, тэмдэгтийн хураамж төлсөн баримт хэрэгт байгаа гэв.
Хариуцагч А.А шүүхэд гаргасан тайлбартаа:Би хүү, охины хамт амьдардаг бөгөөд хүү Г.Билгүүн оюутан, охин Г.Номун бөөрний архаг дутагдал оноштой бөөр оруулах аппартанд 7 хоногт 3 удаа ордог, өвчний сүүлийн буюу 5 дугаар шатанд байгаа тул би охиноо асардаг, эрхэлсэн ажилгүй, охины группын 140 000 төгрөг, асаргааны 60 000 төгрөг, эм тарианы 60 000 төгрөгөөс өөр орлогогүй, хүнд амьдралтай байна.Энэ байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хуульд зааснаар тээврийн хэрэгсэл эзэмшигч нь хохирлыг хариуцах ёстой, машин нь Уртын Тавилан гэдэг хоршооны нэр дээр бүртгэлтэй байсан, энэ нь Ард даатгал компанийн баримтаас харагдаж байх тул нэхэмжлэгч байгууллага Уртын Тавилан хоршоонд холбогдуулж нэхэмжлэлээ гаргах ёстой.Нэхэмжилж байгаа хохирлын үнийн дүн маргаантай, зөрчлийг шалгах үед үнэлгээ өндөр байна гэж А.А өргөдөл өгч байсан боловч зөрчил шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй тул хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон байдаг.Хариуцагчийн замын цагдаагийн газарт гаргаж байсан хүсэлтийг хэрэгт өгсөн байгаа.Үнэлгээ өндөр гарсан нь Дэлгэрмаа, түүний нөхөр Баттулга нарын буруутай үйл ажиллагаатай холбоотой, Дэлгэрмаа эхлээд хүзүү гэмтсэн гэж А.Атай харьцаж, шүүх цагдаагаар явмааргүй байна, хохирол төлчих, үнэлгээг нь өндөр хийлгэчихээд мөнгийг нь хувааж авна гэсэн асуудал ярьсан байсан тул А.А үнэлгээг хийлгэе гэхэд Дэлгэрмаа өөрөө үнэлүүлсэн байсан.Нэхэмжлэгч байгууллага Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх явцад энэ асуудлыг анхаарах хэрэгтэй байсан.Мөн манай нөхөр таньдаг хүнээрээ даатгалаас мөнгө гаргуулна гээд 500 000 төгрөг авсан байсан.А.Агийн амьдрал хүнд, хүүхэд нь бөөрний дутагдалд орсон, наашаа ирэх боломжгүй байгаа бөгөөд өөрөө хэд хэдэн сэлбэг худалдааны цэгүүдээр явж судлахад үнэлгээг өндөр хийсэн баримтаас тодорхой харагдаж байгаа.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна, мөн Дэлгэрмаад 3 983 446 төгрөг олгосон баримт алга.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрдүүлбэр хангагдаагүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ж.Д.ХТББайгууллага нь хариуцагч А.Ад холбогдуулан 3 906 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 77 445 төгрөгийн хамт 3 983 445 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.
А.А нь 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Өгөөжийн баруун талын уулзвар дээр Тоёота Приус маркийн 20-64 УНМ улсын дугаартай авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасныг зөрчиж Б.Дэлгэрмаагийн жолоодож явсан Субару Оутбет маркийн 00-38 УНК улсын дугаартай авто машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан байна.
Энэхүү үйл баримт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/00455 дугаар шийдвэрээр тогтоогдсон байх бөгөөд энэхүү шийдвэрээр А.Ж.Д.ХТББ-аас 3 906 000 төгрөгийг гаргуулан Б.Дэлгэрмаад олгож шийдвэрлэсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэрт тусгагдсан зам тээврийн осол гарсан үйл баримтад талууд маргахгүй байх бөгөөд А.Ж.Д.ХТББ-аас дээрх шийдвэрийн дагуу Б.Дэлгэрмаад хохирлын 3 906 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн 77 446 төгрөгийн хамт олгосон болох нь нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирлын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн нөхөн төлбөр олгох тухай 02/29 дугаартай тушаал болон төлбөрийн даалгаврын 299 351 дугаартай баримтуудаар нотлогдож байна.
Жолоочийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т “жолоочийн даатгалын тохиолдол /цаашид “даатгалын тохиолдол” гэх/” гэж жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг” хэлнэ гэж заасан байна.
Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “даатгалгүй жолоочийн гэм буруугаас шалтгаалан хохирогчид хохирол учирсан гэдэг нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн жолоочоос” хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч байгууллага нь А.А-гаас шаардах эрхтэй байна.
А.А нь Ард даатгал компанитай жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 1 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд уг гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т “гэрээний хүчинтэй хугацаанд даатгуулагч болон тээврийн хэрэгслийн өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд энэхүү гэрээг дуусгавар болгож, гэрээний үлдэх хугацаатай тэнцэх хэмжээний даатгалын хураамжийг хувь тэнцүүлэн даатгуулагчид буцааж авна” гэж заасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зам тээврийн осол гарах үед А.Агийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь Гуртын Тавилан ЗГХН-ийн өмчлөлд байсан тул А.А хариуцагч биш гэж тайлбарлаж байна.
Гэтэл А.А нь 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Гуртын Тавилан ЗГХН-аас 3 000 000 төгрөгийг, сарын 7 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлж, уг зээлийн барьцаанд 20-64 УНМ улсын дугаартай, Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг тавьсан болох нь А.Агийн Гуртын Тавилан ЗГХН-тай хийсэн гэрээгээр нотлогдож байх бөгөөд А.А өөрийн өмчлөлийн 20-64 УНМ улсын дугаартай, Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн эзэмшлийн гэрчилгээг Гуртын Тавилан ЗГХН-ийн нэр дээр шилжүүлсэн байна.
Дээрх лизингийн зээл болон барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3-т “гэрээний хугацаанд уг тээврийн хэрэгслээр зээлдэгч бусдад хохирол учруулсан бол хариуцлагыг өөрөө хүлээнэ” гэж заасан байхад А.Аг хариуцагч биш гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч байгууллагын энэхүү шаардлага нь тухайн байгууллагад учруулсан гэм хорын хохирол биш бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан үндэслэлд хамаарахгүй байх ба зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг хохирогчид төлсөн байгууллага нь Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуульд зааснаар уг төлбөрийг буруутай этгээдээс шаардаж байна.
Иймд А.Агаас 3 983 445 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжид 78 685 төгрөг төлөхөөс 77 446 төгрөг төлж, 1239 төгрөг дутуу төлсөн байгааг нөхөн гаргаж улсын орлогод оруулж, А.Агаас 78 685 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Жолоочийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т зааснаар А.А-аас 3 983 445 /гурван сая есэн зуун наян гурван мянга дөрвөн зуун дөчин таван/ төгрөгийг гаргуулан А.Ж.Д.ХТББ-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 446 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагаас 1239 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод, А.Агаас 78 685 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН