| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0182/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/179 |
| Огноо | 2019-10-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал,
Улсын яллагч Д.Сүрэнхор,
Хохирогч П.Ч*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир
Шинжээч Л.Б*******
Шүүгдэгч Ч.А******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Б******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Ч******* А*******д холбогдох 163/2019/0182/Э индекстэй, эрүүгийн 1915003790209 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б******* аймгийн Хангал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, аав, ээж, хүүхдийн хамтаар Б******* аймгийн Хангал сумын ...... оршин, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б******* овогт Ч******* А******* /РД: ФЖ94050112/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.А******* нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б******* аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчихийлэл үйлдэж аав Г.Б*******, ээж П.Ч******* нарыг хутгалж эрүүл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А******* өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Ч******* өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр хүү маань согтуу гэртээ орж ирээд толгой, шийр идэж байсан. Охин нь аавынхаа хоолыг нь идүүлэхгүй ноолоод байхаар нь хутганд орчих байх гээд автал уйлсан юм. Гэтэл А******* охиныг нь зодчихлоо гэж ойлгоод уурлаж толгой идэж байсан хутгаараа бидэнд гэмтэл учруулсан. Өмнө нь ийм асуудал гаргаж байгаагүй. Хүү маань ээж, аавынхаа үгнээс гардаггүй хүүхэд. Өвчин хүндрэхээрээ ихэвчлэн нойргүйддэг. Энэ үед нь тайвшруулах эм өгөөд л унтуулдаг байсан. Өмнө ийм үйлдэл гаргаж байгаагүй. Өмнө нь ширүүн догшин ч харьцаж байгаагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Л.Б******* өгсөн мэдүүлэгтээ: Магадлуулагч А******* нь төрөлхийн оюун ухааны хөнгөн хомсдолтой, зан төрхийн өөрчлөлтэй гэх сэтгэцийн өвчтэй. Ийм өвчтэй хүний хувьд хэрэг хариуцах чадвартай. Өөрийнх нь болон тухайн үед хамт байсан гэрч нарын мэдүүлэгт магадлуулагчийг тухайн өдөр архи уусан гэдэг. Тухайн үед А*******гийн согтолтын зэргийг тогтоогүй учраас хэр зэргийн согтолттой байсан гэдгийг мэдэх боломжгүй. Гэхдээ оюун ухааны хөнгөн хомсдолтой хүний хувьд эмгэг согтолтод орох магадлалтай. Магадлуулагч А******* нь хэрэг хариуцах чадвартай. Согтолтын зэргийг хөнгөн, дунд, хүнд гэж ангилдаг. Шүүгдэгч хэрвээ хүнд зэргийн согтолтод орсон бол эмгэг согтолтод орох магадлалтай. Гэтэл А******* нь өөрийнхөө гаргасан үйлдлийг санаж, ярьдаг тул хүнд согтолтод бол ороогүй. Үүнээс дүгнэж хэрэг хариуцах чадвартай гэж үзсэн. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг орон нутагт нь авах шаардлагатай гэж үзсэн учир нь зан төрхийн өөрчлөлттэй тул нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй юм. Иймд орон нутагтаа эмчийн байнгын хяналтад байж, сэтгэцийн эмгэг өөрчлөлтөө эмчлүүлүүлж байх шаардлагатай гэж үзсэн.
1915002430161 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Г.Б*******ийн өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед хүү Ч.А******* гэртээ согтууруулах ундаа хэрэглэчихсэн орж ирсэн. Тэгээд чанасан толгой шийр идэж байсан бөгөөд гэнэт ээжийгээ хутгалж эхэлсэн. Тэгэхээр нь би хутгыг нь булааж авах гэж байгаад баруун гар руугаа хутгалуулсан. Би гэрээс эхнэрийгээ дагуулж гараад М*******д очиж түргэн дуудсан юм. Удалгүй эмнэлэг болон цагдаа ирсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-18-19 тал/,
Гэрч Д.М******* өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 16-ны орой 23 цаг өнгөрч байхад Б******* аймгийн Хангал сумын Хялганат тосгоны “Цулхар” хэсэгт манай хашаан дотор П.Ч*******, Г.Б******* нар цусаа гоожуулчихсан “манай хүүхэд Ч.А******* хутгалчихлаа хаалгаа онгойлгоорой” гээд намайг дуудаад “Ч.А******* охиныг алчихна очиж аваарай” гэж ярьж байсан. Би гэрт нь очоод чимээ сонсоход чимээ гарахгүй байсан. Удалгүй цагдаа ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,
Гэрч Ө.Б өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед Б******* аймгийн Хангал сумын Хялганат тосгоны эрүүл мэндийн төвийн хүлээн авах утаснаас 2 хүн хутгалуулж цус алдаад байна гэж дуудлага өгсөн. Дуудлагаар очоод П.Ч*******, Г.Б******* нарын биед үзлэг хийхэд П.Ч******* биеийн байдал хүндэвтэр, баруун талын далны доод хэсэг болон суганы ар хэсэг, доод уруул зүсэгдсэн шархтай шархнаас цус алдаж байсан. Г.Б*******ийн биед үзлэг хийхэд баруун гарын шуу хэсгийн дунд хурууны нэгд баруунаас зүүн талруу нэвт зүсэгдсэн шархтай шархнаас цус алдаж байсан. Тэдгээрт цус алдалтыг тогтоох арга хэмжээ авч Б******* аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Эрүүл мэндийн төврүү тээвэрлэсэн. Эмнэлэг дээр очоод дээрх 2 хүний шарханд цэгцлэлт хийж П.Ч******* баруун талын далны доод шархыг шалгаж үзэхэд 3 см орчим өргөн, 2 см гүн шарх байсан. Үүнд дөрвөн оёдол тавьсан. Баруун талын суганы шарх нь 3 см өргөн, 2 см гүн байсан ба 3 оёдол тавьсан. Доод уруулын 4 см өргөн, 0,5 см гүн шарханд 3 оёдол тавьж ариун боолт хийж амин үзүүлэлтийг үзэж шаардлагатай цус тогтоох, шингэн өгөх, өвчин намдаах, даралт буулгах эмчилгээнүүдийг хийж Орхон аймгийн бүсийн оношлогоо эмчилгээний төвд оншилгоо шинжилгээ хийлгэх шаардлагатай учир хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-23-25 тал/,
Б******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 240 дугаартай:
1.Магадлуулагч П.Ч******* биед доод уруул, баруун дал, суганд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-32 тал/,
Б******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 241 дугаартай:
1.Магадлуулагч Г.Б*******ийн биед баруун шуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-36 тал/,
Шүүгдэгч Ч.А*******гийн яллагдагчаар өгсөн: “....Би аав, ээж хоёрыгоо хатгасан нь үнэн. Би голын тэнд танихгүй хоёр хүнтэй тааралдаад архи уусан байсан. Тэгээд нэг нь гэрт хүргэж өгсөн, түүнээс цааш би юу ч санахгүй байгаа. Тэгээд Б*******ы цагдаа дээр ирээд аав, ээж хоёрыгоо хатгасан гэж мэдсэн. Энэ үнэн ...” гэх мэдүүлэг /хх-60-61 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, түүнийг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 1-2 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 55-57, тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 66-68 тал/ зэрэг хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.А******* нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б******* аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “охиноо зодлоо” гэх шалтгаанаар аав Г.Б*******, ээж П.Ч******* нарыг хутгалж эрүүл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон байна.
Гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч П.Ч*******, Г.Б*******, гэрч Д.М, Ө.Б нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч А******* нь гэр бүлийн гишүүдтэй догшин ширүүн харьцах, тэднийг цохиж зодох зэргээр гэр бүлийн хүчирхийллийг давтамжтай, байнгын шинжтэй үйлддэг болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй байна.
Харин шүүгдэгч Ч.А*******гийн хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж хоёр хүний бие, эрх чөлөөнд халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.А******* нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч П.Ч*******, Г.Б******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Ч.А******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Ч.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн болон хөрөнгө орлогын байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт Ч******* А*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ч.А*******д оногдуулсан 500000 төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 50000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, биелүүлэх хугацааг 10 /арав/ сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.А*******д сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.А*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД