Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 239

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2018/00239

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э.А.И.С.М.К ББСБ, ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Д.Ц-д холбогдох

 

Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот орон сууцнаас албадан нүүлгэх тухай шаардлагатай,

 

Төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, уг байрны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганзул, хариуцагч Д.Ц, түүний өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.А.И.С.М.К ББСБ, ХХК ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Д.Ц нь 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр манай байгууллагаас ЗГ2014/11/01 тоот зээлийн болон БГ2014/1101 тоот барьцааны гэрээ байгуулж 20 000 ам долларын зээлийг сарын 3,0 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатай зээлж авсан.Зээлдэгч нь зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 29 метр квадрат талбайтай орон сууцыг барьцаалсан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 тоот захирамжаар баталсан эвлэрлийн гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан.Манай байгууллагын нэр дээр 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байна.Манай компанийн зүгээс үл хөдлөх хөрөнгийг суллах талаар Д.Цд удаа дараа мэдэгдсэн.Иймд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 29 метр квадрат талбайтай орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганзул шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Э.А.И.С.М.К ББСБ, ХХК ХХКомпани 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Д.Цтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 20 000 ам долларыг, сарын 3 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатай зээлдүүлсэн.Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч зээлийн төлбөрийг төлж дуусгаагүй байсан тул манайх шүүхэд хандаж 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн.Уг хэргийг шийдвэрлэхдээ 44 788 041 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор Д.Ц төлж барагдуулна гэж тохиолцсон ба уг хугацаанд Д.Ц төлж барагдуулахгүй бол барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 29 метр квадрат талбайтай байраар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж талууд эвлэрлийн гэрээ байгуулсан боловч үүнээс хойш Э.А.И.С.М.К ББСБ, ХХК ХХКомпани болон Д.Ц нар төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг 2016 оны 8 дугаар сард байгуулан Баянгол дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандаж үл хөдлөх хөрөнгө манай байгууллагын өмчлөлд шилжсэн. Үүнээс хойш Д.Ц манай байгууллага дээр ирж би байраа худалдаж авч болох уу гэсэн хүсэлт тавихад манай байгууллага зөвшөөрсөн байдаг.Худалдаж авч болох боловч урьдчилгаа төлбөр төлөөд үлдсэн мөнгөн дээрээ зээлийн гэрээ байгуулаад худалдаж авч болно гэсэн боловч энэ нөхцөл дээр талууд тохироогүй байдаг.Түүнээс хойш Д.Ц нь манай байгууллагын байрыг чөлөөлж өгөхгүй байна.Иймд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг Д.Цгийн эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:Би өөрийн хүү Д.Бат-Эрдэнийн хамт нэхэмжлэгч байгууллагаас 20 000 ам долларыг, 3 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатай зээлж авсан, барьцаанд нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 2 өрөө байрыг тавьсан.Би авсан зээлээ цаг тухайд нь төлж байтал валютын ханш өсөж зээл төлөхөд хүндрэлтэй болсон.Энэ үед нэхэмжлэгч байгууллага нь та байраа манай байгууллагын нэр дээр болгочих юм бол таны зээлийг валютаар биш төгрөгт шилжүүлнэ, мөн дахин зээл өгч болно, ингэвэл танд ашигтай гэж байгууллагын эдийн засагч Наранжаргал ятгаж намайг хуурч мэхлэх аргаа хэрэгжүүлсэн.Тэр үед нь би дахин зээл өгөх юм бол зөвшөөрнө, мөн зээлийг төгрөгт шилжүүлээрэй гээд орон сууцаа тэдний нэр дээр шилжүүлсэн.Гэтэл танд одоо зээл өгөхгүй, харин орон сууц түрээслүүлэх гэрээ хийнэ гэж намайг хуурч мэхэлсэн.Би авсан зээлээ төлөх нь үнэн, харин орон сууцыг чөлөөлж өгөхгүй. Намайг хуурч мэхэлж төөрөгдүүлж байж хийсэн учир гэрээг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргах болно.Би өөрийнхөө өмчлөлийн орон сууцанд байгаа, намайг мөнгө төлөхөөр шууд түрээсэнд чинь авч байна гээд байдаг болохоор би дахин мөнгө төлөөгүй.Нэхэмжлэгч байгууллагаас манай гэрт ирж зураг авсан, ажлын байранд ирж материал бүрдүүлсэн тул надад дахин зээл өгөх нь үнэн юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн.Үүнийг манай нөхөр, хамт ажиллаж байсан хүмүүс гэрчлэнэ, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2014 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр Э.А.И.С.М.К ББСБ, ХХК ХХКомпаниас 20 000 ам долларын зээл авсан.Энэ үед долларын ханш 1860 төгрөг байхад 20 000 ам доллар нь 36 000 000 төгрөг болох байсан, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 3 500 000 төгрөг төлөөд явж байтал долларын ханш өсөж сард 4 000 000 төгрөг, 5 000 000 төгрөг болсон, сүүлдээ би сард 5 700 000 төгрөг төлөх болтол өсөхөд төлөх чадвар муудсан, наймаа муу байсан.Би гэрээг сунгах хүсэлт тавихад Наранжаргал эдийн засагч гэрээ сунгах боломжгүй гэхээр нь би үлдсэн зээлээ хаагаад өөр банкнаас зээл авъя гэтэл манайд төгрөгийн зээл байгаа, манай төгрөгийн зээлд хамрагд, хүү бага, худалдах, худалдан авах гэрээ хийж байж дараагийн зээл гарна гэхээр нь би итгэж чадахгүй байна гээд хэсэг хугацаанд зугатаасан.Тэгээд шүүх дээр 8 сарын 1-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан, гэрээнд 44 000 000 төгрөгийг төлнө гэж бичсэн, ингээд байрныхаа нэрийг Э.А.И.С.М.К ББСБ, ХХК ХХКомпанийн нэр дээр шилжүүлсэн.Би тухайн үед ойлгоогүй, худлаа ярьж надаар гэрээ хийлгэсэн, зээл гаргаж өгнө гэж байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан, надад өөр банкнаас зээл авах боломж байсан.Би байраа чөлөөлж өгөхгүй, байгууллага хохироогүй гэв.

 

Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Би 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Э.А.И.С.М.К ББСБ, ХХК ХХКомпаниас 20 000 ам долларыг, 14 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлж авсан бөгөөд зээлийг валютаар төлүүлдэг зээл авах үеийн ханшаар биш тэр өдрийн ханшаар төлүүлж байсан учир зээл төлөхөд хүндрэлтэй байсан.Энэ үед надад танд дахин зээл олгоно, валютын зээлээ төгрөгт шилжүүлнэ, энэ бол танд ашигтай, ингэхийн тулд та эхлээд үл хөдлөх хөрөнгөө манай компанийн нэр дээр шилжүүл, тэгээд байраа манай байгууллагаас 44 000 000 төгрөгөөр худалдан авч байгаа байдлаар зээл өгье гээд яг л дахин зээл өгөх гэж байгаа юм шиг манай гэрт ирж зураг авч, ажлын байранд ирж зээлийн материал бүрдүүлсэн, би энэ үед үнэхээр л дахин зээл өгөх гэж байгаа юм байна гэж үнэмшээд үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж өгсөн.Гэтэл одоо манай өмч болсон түрээсийн мөнгө өг, гэрээ хий гээд байсан. Намайг хууран мэхэлж байж гэдгийг мэдсэн, үүнийг гэрчлэх хүмүүс байгаа.Энэ компанийн зээлийн эдийн засагч манай ажил дээр олон удаа ирж байсан.Би өөрийн үл хөдлөх хөрөнгөө 44 000 000 төгрөгт өгнө гэж байхгүй, намайг хууран мэхэлсэн гэж үзэж байгаа тул төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож дээрх үл хөдлөх хөрөнгийг миний өмчлөлд сэргээн тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Цгийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Наранжаргал Д.Цд хэлэхдээ байраа манайд шилжүүл, тэгвэл төгрөгийн зээл рүү шилжүүлнэ, танд дахин зээл олгоно, тэгж байж та 44 0000 000 төгрөгийг төлнө, та байраа манайхаас худалдаж авч байгаагаар зээл гаргаж өгөх боломж байна. Тиймээс танд туслана гэвэл та байраа манайд шилжүүлж өгөх шаардлагатай гэсний дагуу 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлбөрт тооцон барьцаа хөрөнгийг шилжүүлэх гэрээ хийгдэж үл хөдлөх хөрөнгийн нэр шилжүүлэхээр Улсын бүртгэлийн газарт очиход ийм гэрээгээр нэр шилжихгүй гэхэд нь  2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн, график гаргаад 44.000.000 төгрөгөө өгчих, хүү нь зогссон байгаа гэсэн байдаг.График гаргаад байраа эргүүлж худалдаж авна гэснийг нь Д.Ц ойлгоод гэрээ байгуулсан.Д.Цг хуурч мэхэлж хийсэн 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.Д.Цг уг байрны өмчлөгчөөр буцаан тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганзул шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулан авч нотлох баримтаар шүүхэд өгсөн.Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан хууран мэхэлсэн гээд байна.Хууран мэхэлж хийсэн хэлцэл гэх шинжүүдийг агуулаагүй байна.Хууран мэхэлсэн үйлдэл нь баримтаар нотлогдоогүй байна. Д.Ц гуайн хүсэл сонирхол 6 сараас хойш яваад байна.Өөрт байгаа хөрөнгөө төлбөртөө тооцон өгье гээд яваад байсан байна.Үнэнд үл нийцэх зүйлийг үнэн болгоод нотолсон зүйл алга.Манай талаас шүүхэд гаргаж өгсөн зээл хүүний тооцоог харахад ямар ч зөрчилгүй гэрээний дагуу зээлээ төлөөд явж байхад чинь долларын ханш өсөөд байна, төгрөгийн зээлрүү шилжүүлж өгнө гэсэн бол хууран мэхэлсэн байна гэж үзнэ.Графикийн хугацаандаа төлбөрөө төлж чадаагүй.Тухайн үедээ та зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй үлдэгдэл нь 44 788 041 төгрөг байна гэдэг нь зөв гарсан, 16 800 000 төгрөгийн үлдэгдэл байна гэдэг нотолгоог та гаргаж ирээгүй.Өөрөө ийм төгрөгийн үлдэгдэлтэй байна гэж ойлгоод байгаа юм байна.Сард 400.000-450.000 төгрөг төлнө гэж яригдаад яваад байгаа. Энэ бүх яриад байгаа зүйл чинь таны зээлийн үлдэгдэлтэй тохирохгүй байна. Тийм учраас хууран мэхэлж хийсэн гэрээ гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна.Өөрийн хүсэл зоригийг илэрхийлж хэлцэл хийсэн нь юугаар батлагдаж байна гэхээр 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээ, мөн өөрийн гараар Улсын бүртгэлийн хэлтэст бичиж өгсөн хүсэлт байна.Манайд өөрийн хүсэлтээр шилжүүлж байгаа тул гэж бичсэн байгаа, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.Шүүгч эвлэрлийг бүхэлд нь шийдвэрлээгүй байна.Тэр эвлэрлийн гэрээнд Наранжаргал та нар гарын үсэг зураад, мөн ялгаагүй 44.000.000 төгрөгийн үлдэгдлийг өөрийн хөрөнгөөр, барьцаа хөрөнгөөр хангана гэдгээ хүлээн зөвшөөрсөн.Эвлэрлийн гэрээ байгуулсныхаа дараа энэ эвлэрлийн гэрээгээ тухайн үедээ дахиж баталгаажуулаад төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр аваачиж баталгаажуулаад, өөрийн хүслээр аваачиж “Эй Ар и Си Моргаж корпорешн ББСБ” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн.Таны хүсэл зоригийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нөгөө тал хүлээж авсан.Бүртгэлийн байгууллагад ч хүсэлт гаргахдаа би өөрийн хүслээр шилжүүлж байгаа тул бүртгэлийг хийж өгнө үү гэсэн байдаг.Хууран мэхэлж хийсэн хэлцэлд тооцох үндэслэлгүй гээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.А.И.С.М.К ББСБ, ХХК ХХКомпани хариуцагч Д.Цд холбогдуулан Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг Д.Цгийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Д.Ц нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг шаардлагыг гаргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр Э.А.И.С.М.К ББСБ, ХХК ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Цгийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Тус шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 дугаартай шүүгчийн захирамжаар Э.А.И.С.М.К ББСБ, ХХК ХХКомпанийн нэхэмжилсэн 44 788 041 төгрөгийг хариуцагч Д.Ц 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шүүгчийн захирамжаар тогтоогдсон хариуцагч Д.Ц нь Э.А.И.С.М.К ББСБ, ХХК ХХКомпаниас 2014 оны 11 дүгээр сарын 4-ны өдөр 20 000 ам долларыг, сарын 3,0 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатай зээлж авсан үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Мөн талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн байна.

 

Уг гэрээгээр төлбөр төлөгч Д.Ц нь сайн дураар 20 411.00 ам долларын төлбөрт тооцон өөрийнхөө өмчлөлийн хөрөнгө болох улсын бүртгэлийн Y-2205005543 дугаартай, 000125388 тоот гэрчилгээ бүхий Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг Э.А.И.С.М.К ББСБ, ХХК ХХКомпанийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр хүсэлт гаргасныг төлбөр авагч байгууллага зөвшөөрч Э.А.И.С.М.К ББСБ, ХХК ХХКомпанийн өмчлөлд шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон байна.

 

Д.Ц 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтэд-Би зээлийнхээ төлбөрт тооцуулж Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 2 өрөө, улсын бүртгэлийн Y-2205005543 дугаартай, 000125388 тоот гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгөө Э.А.И.С.М.К ББСБ, ХХК ХХКомпанид өөрийн хүсэлтээр шилжүүлэх болсон тул холбогдох бүртгэлийг хийж өгнө үү гэжээ.

 

Э.А.И.С.М.К ББСБ, ХХК ХХКомпанид Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр олгосон байна.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 11-1074308 дугаартай баримтад-Эрхийн улсын бүртгэлийн Y-2205005543 дугаартай, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр хуулийн этгээд Эй Ар и Си Моргаж Корпорэйшн ББСБ бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байна.Өмчлөх эрхээ 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны 102/ШШ2016/04839 дугаартай захирамж болон 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр Д.Цгээс шилжүүлэн авсан байна гэжээ.

 

Хариуцагч Д.Ц өөрийнхөө өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн хүсэл зориг болон хуульд заасан журмын дагуу Э.А.И.С.М.К ББСБ, ХХК ХХКомпанид шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч байгууллага өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

 

Иймд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах орон сууцыг Д.Цгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг орон сууцыг нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэн өгөхийг хариуцагч Д.Цд үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Харин зохигч талуудын хооронд 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл болох нь баримтаар нотлогдоогүй байна.

 

Хариуцагч Д.Цгийн сөрөг шаардлагыг гэрчүүдийн мэдүүлэгээр нотлогдож байна гэж үзэх боломжгүй байна.Учир нь гэрч Б.Сандмаа нь Д.Цтэй хамт ажилладаг, гэрч Н.Даваадорж нь Д.Цгийн гэр бүлийн хүн  байх тул эдгээр гэрчүүд нь хариуцагчтай нэгдмэл сонирхолтой байх боломжтой байна.

 

Нөгөө талаар Д.Ц нь өмнө авсан зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй байхад нэхэмжлэгч байгууллагаас түүнд нэмж зээл олгох асуудал яригдах боломжгүй байна гэж үзэхээр байна.

 

Мөн нэхэмжлэгч байгууллагаас Д.Цгийн гэрт болон ажлын байранд нь очиж баримт бүрдүүлснийг дахин зээл олгох гэж байсан байна гэж үзэх боломжгүй байх бөгөөд энэ үйл баримтаар нэхэмжлэгч байгууллага нь Д.Цг хууран мэхэлсэн байна гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Э.А.И.С.М.К ББСБ, ХХК ХХКомпанийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот хаягт байрлах, 29 метр квадрат талбай бүхий, 2 өрөө орон сууцыг Д.Цгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, уг орон сууцыг нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэн өгөхийг хариуцагч Д.Цд  үүрэг болгосугай.

 

2.Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Э.А.И.С.М.К ББСБ, ХХК ХХКомпанийн Д.Цтэй 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, өмчлөх эрх сэргээлгэх тухай Д.Цгийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цсээ 70 200 төгрөгийг гаргуулж Э.А.И.С.М.К ББСБ, ХХК ХХКомпанид олгож, Д.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН