| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/02856/И |
| Дугаар | 102/ШШ2018/00186 |
| Огноо | 2018-01-12 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2018/00186
| 2018 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2018/00186 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, ... гудамж, ... байр, ... тоотод оршин суух, Хурган овогт Т.С /РД: ..../,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ..., ... дугаар байрны ...тоотод оршин суух, Хурган овогт С.Ж /РД: .../,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ..., ... дугаар байрны ... тоотод оршин суух, Ологнууд овогт Баатарын Билгүүн /РД: .../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, Барилгын ... дугаар байр, ... тоотод оршин суух, Алаг адуут овогт Н.Б/РД: .../-д холбогдох,
Орон сууц албадан чөлөөлүүлж, 12,111,500 төгрөг гаргуулах, хариуцагчийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Т.С, С.Ж, Б.Б нар Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Барилгын 3 дугаар байрны 34 тоотод байрлах 27 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нар юм. Хариуцагч Н.Бнь Сонгино Хангай ХХК-д цагаан идээ, мах нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байсан бөгөөд түүний бага насны хүүхэдтэй байдлыг харгалзан байрны өмчлөгч нарын зөвшөөрлийг авсны үндсэн дээр дээрх орон сууцанд хэрэглээний зардлаа төлөөд компанид ажиллах хугацаандаа амьдрахаар болсон. Тухайн үед тус компанийн захирлын өмнөх жолооч болох н.Гантулга 10 жил амьдарч байгаад ажлаасаа гарахдаа хүлээлгэж өгсөн тул хоосон байсан. Сонгино Хангай ХХК ажилтнаа түр байлгая гэсэн учраас гэрээ хэлцэл байгуулахгүйгээр Н.Быг амьдруулж байсан. Нэхэмжлэгч нар Н.Бод тус байрыг бэлэглээгүй, бусдад дамжуулан түрээслэх ямар ч зөвшөөрөл өгөөгүй.
Үл хөдлөх эд хөрөнгө хуульд заасан шаардлагын хүрээнд өмчлөх эрх шилждэг. Дээрх орон сууц нь 3 өмчлөгчтэй. Тийм учраас зөвхөн нэг хүний зөвшөөрлөөр бусдад шилжигдэх боломжгүй. Гурван хүний зөвшөөрлөөр бэлэглэх ёстой. Энэ талаар хариуцагч ямар ч нотлох баримт гаргаагүй. Хариуцагч Н.БСонгино Хангай ХХК-д ажиллахаа больсон учраас бид ажилтнуудаараа дамжуулан хэд хэдэн удаа орон сууцыг чөлөөлөх тухай шаардлага гаргаж байсан. Н.Бшаардлагыг биелүүлээгүй учраас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэж Н.Бын хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Барилгын 3-34 тоот орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага маань 2017 оны зун бид Н.Быг байр чөлөөлж өг гээд гэрт нь очиход нэг эмэгтэй түрээсийн гэрээний дагуу амьдарч байгаа гэх тайлбарыг хэлээд байж байсан. Тиймээс байрыг чөлөөлж өгөхгүй гээд биднийг хөөж явуулсан. Н.Бхариу тайлбар өгөхдөө түрээсийн гэрээ байгуулснаа үгүйсгэж байгаа. Иймд тус орон сууцыг гуравдагч этгээд нарт түрээслүүлж ашиг олж өөрийн хөрөнгөө хэмнэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Н.Б2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс Сонгино Хангай ХХК-д ажиллахаа больсон. Нэхэмжлэгч нар 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс орон сууцаа бусдад түрээслүүлсэн бол 12,111,500 төгрөгийг олох байсан тул энэ мөнгийг Н.Боос нэхэмжилж байна. Энэ үнэлгээг Unegvi.mn дээр тус байртай адил 2 өрөө орон сууцны дундаж үнээр тооцож гаргасан байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Хариуцагч Н.Бын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт болон сөрөг нэхэмжлэлд: Би Сонгино хангай ХХК-д 25 жил ажилласан, манай захирал надад чи миний байранд амьдар гэж Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Барилгын 3 дугаар байрны 34 тоотод байрлах 27 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгсөн. Ингээд тус байранд 4 жил амьдарсны дараа компанийн ажилчид салхинд гарах үед чамд энэ байрыг бэлэглье нэр дээр нь шилжүүлж өг гэж Сонгино хангай ХХК-ийн удирдлагууд хэлж байсан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. Байрыг би бусдад түрээсэлж байгаагүй. Тэр байранд амьдраагүй 1 жил гаран болж байна. Би хааяа нэг очиж үздэг одоо хүн амьдрахгүй байгаа. Энэ байранд 10,000,000 гаруй төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Өөрийн хашаа байшингаа зарж, тэр орон сууцад засвар хийсэн. Тухайн үед би байртай болсон юм чинь байрны лизингд орж яах вэ гээд байр лизингдээгүй.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар: Н.Бминий бие нь 1992 онд 16 настай байхдаа анх Хангай ХХК байгуулагдаж байхад ажилд орж, тасралтгүй 25 жил Мон хангай ХХК болж дэвших хүртэл ажилласан. Энэ хугацаанд байгууллагын аварга, оны шилдэг ажилтан зэрэг шагналыг удаа дараа авч байсан, 2010 онд хамгаалалтын албаны дарга, захирлын туслах, Сонгино хангай ХХК-ийн махны салбарын захирал зэрэг албан тушаалд дэвшин ажиллаж, байгууллагадаа үнэнч шударгаар ажилласан болно. 2014 оны 7 дугаар сард байгууллагын зугаалгын үер дээр орон сууцыг Н.Бод бэлэглэж байгаагаа Сэргэлэн захирал хамт олны дунд зарласан, миний бие нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Барилгын 3 дугаар байрны 34 тоотод байрлах 27 метр квадрат талбай бүхий 2 өрөө орон сууцны 7 жилийн туршид шударгаар эзэмшиж ирсэн тул өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.С, С.Ж, Б.Б нар нь хариуцагч Н.Бод холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх, 12,111,500 төгрөг гаргууах, хариуцагч Н.Б нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Т.С, С.Ж, Б.Б нар нь маргааны зүйл болох Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Барилгын 3 дугаар байрны 34 тоот орон сууцны өмчлөгч болох нь эрхийн улсын Ү-2205008241 дугаарт бүртгэлтэй, бүртгэлийн дагуу олгосон 000282385 дугаартай гэрчилгээгээр тогтоогджээ.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна. гэж хуульчилснаас үзэхэд маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Т.С, С.Ж, Б.Б нар байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Н.Бын хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч Н.Бнь ... дээрх орон сууцыг 2014 онд Сонгино хангай ХХК-ийн захирал С.С надад бэлэглэсэн, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч татгалзлаа нотолоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Мөн маргаан бүхий Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Барилгын 3 дугаар байрны 34 тоот орон сууц нь хариуцагч Н.Бын эзэмшилд байгаа болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан ... байрны түлхүүр надад байгаа, би хааяа очиж эргэж тойрч байгаа гэх тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ш.Сэрээнэндагва, С.Ж, Б.Б нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Барилгын 3 дугаар байрны 34 тоот орон сууцыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Н.Бын хууль бус эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, мөн зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;, мөн хуулийн 493 дугаар зүйлд Буцаан шаардах шаардлагад хамаарах зүйлс, мөн зүйлийн 493.6-д Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ. гэжээ.
Нэхэмжлэгч нар нь 2015 оны 12 дугаар сараас тухайн орон сууцыг чөлөөлж өгөхийг хариуцагчаас шаардаж байсан бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө тухайн үеийн зах зээлийн ханшаар /Тэнхлэг зууч ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17/86 тоот Түрээсийн үнийн мэдээлэл/ 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд бусдад түрээслүүлсэн бол орлого олох байсан бөгөөд хариуцагч нь өөрийн хөрөнгийг хэмнэх замаар үндэслэлгүйгээр 12,111,500 төгрөгөөр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч Н.Боос 12,111,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Н.Бнь Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Барилгын 3 дугаар байрны 34 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэх сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ Сонгинохангай ХХК-ийн ерөнхий захирал С.С нь 2014 оны 7 дугаар сард байгууллагын хамт олны зугаалга дээр тухайн орон сууцыг надад бэлэглэсэн гэжээ.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл маргаан бүхий Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Барилгын 3 дугаар байрны 34 тоот орон сууцны өмчлөгчөөр Т.Сэрэнээнэндагва, С.Ж, Б.Б нар 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан. 2014 оны 7 дугаар сард тухайн орон сууцыг Сонгино хангай ХХК-ийн ерөнхий захирал С.С захиран зарцуулах эрхгүй байсан нь тогтоогдож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Барилгын 3 дугаар байрны 34 тоот, эрхийн улсын Ү-2205008241 дугаарт бүртгэлтэй, 000282385 дугаар гэрчилгээтэй орон сууцыг хариуцагч Н.Бын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар хариуцагч Н.Боос 12,111,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.С, С.Ж, Б.Б нарт олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,9340 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 278,934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР