Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2020/0343

 

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, нэхэмжлэгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Н /РД:**/

Хариуцагч: БЗ, СБ, ЧДЭХАШШ ТГ,

Нэхэмжлэлийн шаардлага: “... БЗ, СБ, ЧДЭХАШШ ТГ даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/116 дугаар тушаал, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/160 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Э.Н БЗ, СБ, ЧДЭХАШШ ТГ мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Э.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Миний бие БЗ, СБ, БЗ, СБ, ЧДЭХАШШ ТГ мэдээлэл лавлагааны мэргэжилтэн ажил албан тушаалд ажиллаж байгаад 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс ээлжийн амралтаа авч Бүгд Найрамдах Солонгос Улсад оношилгоо, эмчилгээ хийлгэхээр очоод эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орох байсан боловч ороогүй, энэ тухайгаа цахим сүлжээгээр мэдэгдэн чөлөө хүссэн.

Эмчилгээгээ дуусгаж 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсад ирэхэд БЗ, СБ, ЧДЭХАШШ 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/116 дугаартай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 48 дугаар зүйлийн 48.1.3, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 42 дугаар тогтоолоор баталсан Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 9 дүгээр зүйлийн 9.2.8, 9.6, байгууллагын 2015 оны 92 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.2.7, 8.2.8 дахь заалтыг тус тус үндэслэн ажлын 41 хоног ажил тасалсан гэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Миний зүгээс эрх зөрчигдсөн гэж үзэж, Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 01/1354 албан бичгээр ажил олгогчийг маргаан бүхий актыг дахин хянан үзэж хууль, журамд нийцүүлэхийг зөвлөсөн ба ажил олгогч шийдвэрлэхгүй өдий хүрч байна.

БЗ, СБ, ЧДЭХАШШ ТГ даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/116 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Э.Н*******г БЗ, СБ, ЧДЭХАШШ ТГ мэдээлэл лавлагааны мэргэжилтэн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал.эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан байсан ба 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Намайг 2019 оны 09 сарын 13-ны өдөр Монгол Улсад ирэхэд А/116 дугаартай тушаалаар ажлаас халсан бөгөөд эрх зөрчигдсөн гэж үзэж, Төрийн албаны зөвлөлд хандахад маргаан бүхий актыг хянаж хуульд нийцүүлэхийг зөвлөж, энэ тушаалыг дахин хянаж үзэхээр шийдвэрлэсэн байсан. Гэтэл тухайн шүүхийн Тамгын газар 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/160 дугаар бүхий дахин ажлаас халсан тушаал гарсан. Үүнийг шуудангаар 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авсан ба нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж  гаргасан.

Иймд тухайн Б/160, Б/116 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгож урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хүсч байна...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хариуцагч хоёр маргаан бүхий актаа Хөдөлмөрийн дотоод журам"-ын 8.2.7, 8.2.8 үндэслэж гаргасан ба ажил тасалсанд тооцон, ээлжийн амралтаа дуусаад хугацаандаа ажилдаа ороогүй гэж зөрчилд тооцон үзсэн. Үүнийг шүүхэд тайлбарлаж байгаа боловч нотлох баримтаар хангалттай нотлохгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч хүсэлтээ гаргасан гэхдээ веб сайтаар биш хүний нөөц хариуцсан мэргэжилтэнтэй холбогдсон, найзаа гуйж хүсэлтээ бичгээр хүргүүлсэн. Хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа гэдгийгээ боломжит аргаар ажил олгогчдоо хүргэж байсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна.

Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан зарим нэг нөхцөл шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 4.2.5 дахь гэсэн заасан зарчмыг баримтлаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй. Хүсэлт очиход Тамгын газрын дарга нь цохолт хийсэн үүнтэй холбоотой хариу өгөөгүй хүсэлтийг хүлээж авсан гэж ойлгуулсан хирнээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажил тасалсан гэж үзэж шийдвэр гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар сонсох ажиллагааг хэзээ, хаана хийх талаар мэдэгдлээ хүргүүлээгүй. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш амьдрахын эрхэнд ямар нэгэн аргаар ажил, хөдөлмөр эрхлэхээс өөр аргагүй. Үүнийг ажил олгогч хязгаарлах боломж байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэж байна...” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ээлжийн амралтаа эдлээд 7 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орох байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, 41 хоног ажлаа тасалсан тул түүнд Тамгын газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/116 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн Я.Өхувийн мессенжерт чөлөөний асуудлаар захидал бичсэн байдаг. Я.Ө энэ талаар Тамгын газрын даргад дамжуулан мэдэгдсэн бөгөөд Тамгын газрын даргын зүгээс Э.Н эмнэлэгт үзүүлж эмчлүүлж байгаа бол шаардлага хангасан нотлох баримтаа аваад ир гэж хэлсэн.

Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Н нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа ирээгүй бөгөөд 7 дугаар сарын 17-ны өдөр “Япон улсад эмчилгээ хийлгэж байгаа тул 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл чөлөө олгоно уу” гэсэн байсан. Үүний дараа эмчилгээ хийлгэж байгаа тухай баримт гэж тамга тэмдэггүй Бүгд Найрамдах Солонгос Улс Ганнам дүүрэг гэсэн хаягтай 1 хуудас баримтыг гадаад улсад эмчилгээ хийлгэж байгаа тул 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл чөлөө олгоно уу” гэсэн хүсэлтийг Тамгын газарт ирүүлсэн. Эдгээр хүсэлтийн дараа 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр +010395******* дугаарын утаснаас Тамгын газрын даргатай ярьсан байдаг.

Энэ үед Тамгын газрын дарга Э.Н амралтаа эдлэхээс өмнө энэ тухайгаа ярилцаж чөлөө авах ёстой байсан, мөн ажлын ачаалал болон чиний ажлыг хийж орлон ажиллах хүнээс авхуулаад тохиролцох ёстой асуудлууд байсан тул чөлөө олгох боломжгүй тухай амаар мэдэгдсэн бөгөөд үүнээс хойш ямар нэгэн холбоогүй байсан. Мөн дээрх гаргасан хүсэлтээс Э.Н нь аль улсад эмчилгээ хийлгэж байгаа эсэх нь тодорхойгүй, эмчилгээ хийлгэж байгаа гэдэг нь эргэлзээтэй тул 41 хоног ажил тасалсан гэж үзээд Тамгын газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/116 дугаар тушаалаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.2.4-д захиргааны ажилчинд чөлөөг Тамгын газрын даргын тушаалаар олгохоор, 8.2.5 чөлөө авахад захиргаанд өөрийн биеэр болон утас, цахилгаан факсаар урьдчилан заавал мэдэгдэж, чөлөөний хугацааг нарийн тохиролцохоор, 8.2.8 Шүүгч ажилтан ээлжийн амралтаа батлагдсан хувиарийн дагуу хуулиар тогтоосон хоногоор эдэлж, хугацаандаа ажилдаа орно. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжийн амралтын хугацааг хэтрүүлсэн тохиолдолд энэ журамд заасны дагуу ажлын цагийг бүртгэж холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.

Иймээс Мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн Э.Н нь ээлжийн амралтаа хуулиар тогтоосон хоногоос хэтрүүлж, хугацаандаа ажилдаа орох үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжийн амралтын хугацааг хэтрүүлсэн гэж мөн Тагнуулын байгууллагын саналын дагуу Тамгын газрын даргын тушаалаар Төрийн болон албаны нууц хамгаалах ажилтнаар томилогдон ажилласан бөгөөд Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6-д “хуульд өөрөөр заагаагүй бол хувийн хэргээр гадаад улсад зорчих тохиолдолд байгууллагадаа урьдчилан бичгээр мэдээлэх” үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1354 дүгээр албан бичигт дээрх тушаалыг дахин хянан үзэж, хууль журамд нийцүүлэхийг зөвлөсөн тул миний бие Э.Н 2-3 удаа уулзаж, мөн түүний 96******* дугаарын утсанд удаа дараа холбогдож эмнэлгээсээ эмчилгээ хийлгэсэн, эсхүл үзүүлж харуулсан тухай тамга тэмдэгтэй шаардлага хангасан эх хувь нотлох баримтаа аваад ирээч гэж хэлж гуйж шаардсан бөгөөд тэрээр канондсон үнэн худал нь мэдэгдэхгүй 4 хуудас баримтуудыг авч ирсэн. Өөрөө Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахдаа баримтаа эх хувиар нь тэднийд өгсөн надад буцааж өгөхгүй байгаа гэх шалтгаан хэлж тухайн канондсон баримтаа эх хувиар нь өгөөгүй.

Ингээд би хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа албан үүргийнхээ дагуу 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Э.Н талаар дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлттэй ирж танилцахыг түүний 96******* дугаарт холбогдон мэдэгдэхэд “би хөдөө явлаа очиж чадахгүйнээ  сонсох ажиллагааг хийсэн гэж үзэх үгүйгээ өөрсдөө мэд тушаалаа гаргаад гэрийн хаягаар явуулаарай тушаалтай танилцаад яахаа шийднэ. Би хүүхдээ аваад 14 хоногоор хөдөө явлаа” гэсэн. Нэхэмжлэгч нь Тамгын газрын тушаалаар 2019 оны 09 дүгээр сард ажлаасаа халагдаад түүний дараа 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл “М т” ХХК-д хуулийн мэргэжилтнээр ажиллаж байгаа гэж шүүгчийн сонгон шалгаруулалт оролцох анкет дээр нь байгаа. Өөр байгууллагад ажиллаж байгаа, манай байгууллага нэхэмжлэгчийн ажиллуулаагүй тул цалин, хөлс олгох, эргүүлэн ажилд нь авах боломж байхгүй.

Тамгын газрын даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/116 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ шийтгэл холбогдох хууль болон Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.4.2-т “сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх” мөн журмын 6.1-д “... зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулна” гэх заалтыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Нэхэмжлэгч Э.Н БЗ, СБ, ЧДЭХАШШ ТГ даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/116 дугаар тушаал, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/160 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Э.Н БЗ, СБ, ЧДЭХАШШ ТГ мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

БЗ, СБ, ЧДЭХАШШ ТГ даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/116 дугаар тушаалаар Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1.3, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.2.8, 9.6, тус шүүхийн тамгын газрын даргын 2015 оны 92 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.2.7, 8.2.8 дахь заалтыг тус тус үндэслэн тус шүүхийн Тамгын газрын мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн Э Н нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажлын 18 хоног ээлжийн амралтаа эдлээд 16-ны өдөр ажилдаа орох байсан боловч, мөн оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Япон Улсад эмчлүүлж байгаа тул 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл чөлөө олгоно уу” гэсэн хүсэлтийг ирүүлсэн бөгөөд тус улсад эмчилгээ хийлгэж буйгаа нотлох баримт, эмнэлгийн магадлагааг гаргаж өгөхийг цахим хуудсаар нь болон утсаар шаардаж, чөлөө олгох боломжгүй тухай удаа дараа мэдэгдсээр байтал өнөөдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүйгээс гадна өөрийнх нь чөлөө хүссэн өргөдөлд дурдсан хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоног өнгөрч, нийт ажлын 41 хоног ажил тасалсан гэсэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.[1]

Дээрх тушаалыг эс зөвшөөрч Э.Н Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1354 дүгээр албан бичигт Тамгын газрын даргын Б/116 дугаар тушаалыг хууль журамд нийцүүлэхийг зөвлөсний үндсэн дээр БЗ, СБ, ЧДЭХАШШ ТГ даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/160 дугаар тушаалаар Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.5, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6.1, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 42 дугаар тогтоолоор баталсан Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 9 дүгээр зүйлийн 9.2.8, 9.6, тус шүүхийн тамгын газрын даргын 2015 оны 92 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.2.7, 8.2.8 дахь заалтуудыг тус тус үндэслэн тус шүүхийн Тамгын газраас мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э Н чөлөө олгох боломжгүй болохыг түүнд мэдэгдсээр байтал тэрээр гадаад улсад эмчилгээ хийлгэх нэрийн дор /эмчилгээ хийлгэх талаар нотлох баримт, эмнэлгийн магадалгааг гаргаж өгөхийг удаа дараа цахим хуудсаар нь болон утсаар нь шаардсан/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэлгүй нийт 41 хоног ажил тасалсан тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, тус шүүхийн Тамгын газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/116 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон байна.[2]

Нэхэмжлэгч Э.Н 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх жилийн ээлжийн амралтыг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажлын 15 өдөр нэмэгдэл 3 өдөр нийт 18 өдрөөр ээлжийн амралтын хугацааг тогтоож өгчээ.[3]

Э.Н чөлөө хүссэн өргөдөлдөө: “Миний бие 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ээлжийн амралттай бөгөөд ээлжийн амралтын хугацаанд гадаад /Япон/ улсад шинжилгээ өгөн эмчлүүлж байгаа боловч эмчилгээ 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл үргэлжлэх тул 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл чөлөө олгоно уу” гэж, “СБДЭХАШШ мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э Н миний бие 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ээжлийн амралттай бөгөөд ээлжийн амралтын хугацаанд гадаад улсад шинжилгээ өгч эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчилгээнд хамрагдаж байгаа боловч эмчилгээ 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэх тул 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл чөлөө олгоно уу” гэх хүсэлтийг Тамгын газрын даргадаа хандаж гаргажээ[4].

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Тамгын газрын даргын 2015 оны 92 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.2.4 дэх заалтад “Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу шүүгч, Ерөнхий шүүгч чөлөө авах хүсэлтийг тухайн шүүхийн Тамгын газарт бичгээр гаргана. ... Тамгын газрын даргаас шүүгч, захиргааны ажилчид 3 өдрөөс 1 сар хүртэлх хугацааны чөлөөг шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар олгоно”[5] гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.Н 3 өдрөөс дээш чөлөөг Тамгын газрын даргад урьдчилан мэдэгдэж авах ёстой байжээ. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.4 дэх заалтад заасны дагуу захиргааны ажилтан нь 1 сар хүртэлх хугацааны чөлөөг авах эрхтэй байхад нэхэмжлэгч нь ажлын 41 хоногийн чөлөө хүсч өргөдөл ирүүлснийг Тамгын газрын дарга шийдвэрлэх боломжгүй юм.

Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.5 дахь заалтад “Чөлөө авахад захиргаанд биеэр болон утас, цахилгаан, факсаар урьдчилан заавал мэдэгдэж, чөлөөний хугацааг нарийн тохиролцоно...” гэж заасны дагуу нэхэмжлэгч хүсэлтээ хариуцагчид ирүүлсэн боловч гадаад улсад эмчлүүлж байгааг нотолсон баримтаа ирүүлээгүй байна. Мөн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.2.7 дахь заалтад “Шүүгч ажилтан томилолт, чөлөөний хуудас, эмнэлгийн магадалгаагүйгээр болон 8.2.5–д захиргаанд мэдэгдэлгүйгээр ажилд ирээгүй, бүртгүүлээгүй бол ажил тасалсанд тооцохоор, 8.2.8 дахь заалтад “Шүүгч, ажилтан ээлжийн амралтаа батлагдсан хуваарийн дагуу хуулиар тогтоосон хоногоор эдэлж, хугацаандаа ажилдаа орно. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжийн амралтын хугацааг хэтрүүлсэн тохиолдолд энэ журамд заасны дагуу ажлын цагийг бүртгэж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн ээлжийн амралтын хугацаа нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дууссан бөгөөд түүний чөлөө хүссэн хүсэлтийг Тамгын газрын дарга шийдвэрлэж албан ёсоор чөлөө олгоогүй байхад ажилдаа ирээгүй нь ажил тасалсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч чөлөө хүссэн хүсэлтээ 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөр огноолсон. Захиргааны ажилтан нь Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу чөлөө авах хүсэлтийг урьдчилан мэдэгдэх ёстой байсан.

 Нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Солонгос Улсад эмнэлэгт эмчлүүлсэн гэх тайлбар баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Тэрээр Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчсон атлаа Япон улсад эмчлүүлж байгаа гэсэн зөрүүтэй мэдээлэл гаргасан зэргээс үзвэл түүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй, шүүхээс удаа дараа гадаад улсад эмчлүүлсэн талаарх баримтаа нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгөхийг шаардсаныг нэхэмжлэгч нь биелүүлээгүй. Түүний тайлбар баримтаар нотлогдохгүй байна.  

Нэхэмжлэгч Э.Н Шүүхийн нууцын ажилтнаар Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 107 дугаар тушаалаар томилогджээ.[6] Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6-д “хуульд өөрөөр заагаагүй бол хувийн хэргээр гадаад улсад зорчих тохиолдолд байгууллагадаа урьдчилан бичгээр мэдээлэх” гэж заасны дагуу мэдээлэх үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэсэн боловч нууцын ажилтан нь байгууллагадаа мэдээлэх үүргээ биелүүлээгүй. Энэ нь нэхэмжлэгч Бүгд Найрамдах Солонгос Улс уруу явах гэж байгаа талаар Тагнуулын Ерөнхий газрын ажилтан н.М мэдэгдсэн. Шүүхийн Тамгын газартаа мэдэгдээгүй гэх тайлбараас нотлогдож байна.

Мөн Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6.1 дахь хэсэгт “Албан хаагч удаа дараа зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг оногдуулна” гэж заасан бөгөөд Төрийн албан хаагч албан үүргээ биелүүлээгүй болон тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлүүдээс оногдуулах талаар хуульчилсан байна. Иймд БЗ, СБ, ЧДЭХАШШ ТГ дарга Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтад заасан ажлаас халах сахилгын шийтгэлийг Э.Н оногдуулсан нь дээрх хуульд нийцжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С хариуцагч Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй гэх үндэслэлийн тухайд,

 Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1354 дүгээр албан бичигт 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/116 дугаар тушаалыг дахин хянан үзэж, хууль журамд нийцүүлэхийг зөвлөсний үндсэн дээр БЗ, СБ, ЧДЭХАШШ ТГ дарга өмнөх актыг хууль, журамд нийцүүлэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/160 дугаар тушаалыг гаргаж 2019 оны  09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/116 дугаар тушаалыг хүчингүй болгож Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтад заасны дагуу Э.Н мэдэгдэх сонсох ажиллагаа хийх талаар утсаар мэдэгдсэн гэж хариуцагч байна. Тухайн үед нэхэмжлэгч сонсох ажиллагаанд оролцох боломжгүй гэх хариу өгчээ. Иймд хариуцагч мэдэгдэх сонсох ажиллагааг хуульд заасан арга хэлбэрээр явуулсан байх тул хариуцагчийг мэдэгдэх сонсох ажиллагаа явуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй юм.

Иймд БЗ, СБ, ЧДЭХАШШ ТГ даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/116 дугаар тушаал, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/160 дугаар тушаал нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Шүүхийн тамгын газрын дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 22.1.2 дахь заалтад “шүүхийн тамгын газрын ажилтныг томилох, чөлөөлөх”, 22.1.5 дахь заалтад “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн гарсан захиргааны акт байх тул нэхэмжлэгч Э.Н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Шүүхийн захиргааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгч Э.Н “...БЗ, СБ, ЧДЭХАШШ ТГ даргын 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Б/116 дугаар тушаал, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/160 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Э.Н БЗ, СБ, ЧДЭХАШШ ТГ мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                У.Б

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 6-р хуудас

[2] Хавтаст хэргийн 23-р хуудас

[3] Хавтаст хэргийн 51-р хуудас

[4] Хавтаст хэргийн 54-55-р хуудас

[5] Хавтаст хэргийн 41-р хуудас

[6] Хавтаст хэргийн 56-р хуудас