Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 020/2014/0560/З |
Дугаар | 221/МА2015/0249 |
Огноо | 2015-06-12 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2015/0249
Тт ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Тт ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Д нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Татварын ерөнхий газрын Улсынтөсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Д нарын 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 210999 тоот актыг хүчингүй болгож өгнө үү. 2009 оноос л хойш "Тт" ХХК болон түүний Захирал П.А нь татварын албатай байнгын холбоотой байж, эрүүгийн хэрэгт шалгагдсан /2009-2010 он/, татварын шалгалтад орж 15.186,5 мянган төгрөгийн Татварын улсын байцаагчийн акт тавиулан бүрэн төлж барагдуулсан /2010.10.01-ны өдрийн 210030 тоот акт/, татварын төлбөрийн үлдэгдэлд шүүхэд иргэний хариуцагчаар татагдан 120 гаруй сая төгрөгийн татварын төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гаргуулж төлж дуусгасан /2011 он/ гэх мэтээр татварын алба, байцаагчийн цаг, минут бүрийн хяналтдор сүүлийн 3-5 жил явж ирсээр, татварын төлбөрөө барагдуулсаар ирсэн. Гэтэл гэнэт ийм их хэмжээний татварын төлбөр ногдуулсан захиргааны акт гарч ирсэн нь компанийг үнэхээр хүнд байдалд оруулсан байна. Татварын алба нь энэ олон жил байнгын харьцаатай, байнгын дарамт дороо байлгасан байж гэнэт ийм их татварын төлбөр гаргаж ирснийг ойлгохгүй байгаа болно. Гэнэт гараад ирсэн.
Үнэхээр шалгалт хийгдэж акт тавигдсан бол хууль, журамд зааснаар мэдэгдэж гарын үсэг зуруулах ёстой байсан. Шалгалт хийгээгүй. Гарын үсэг зуруулж актыг танилцуулаагүй. Өмнө татварын байцаагч шалгаж акт тавьсан бөгөөд уг актад заагдсан зөрчилд давхар акт тавьсан байх магадлалтай байна... гэжээ.
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Д нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын тасгийн даргын 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн123 дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтоор тус компанийн 2007-2008 оны албан татварногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийсэн. 2009 оны 12 дугаар сарын 22-ны 22-ны өдөр маргаан бүхий акт болох 210999 тоот актаар тус компанийн 2007-2008 оны нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй, спиртийн онцгой албан татварыг хугацаанд нь төлөөгүй, архины онцгой албан татварыг хугацаанд нь төлөөгүй, нийт 225973.1 мянган төгрөгийн татварыг хугацаанд нь төлөөгүй зөрчилд хүү тооцож 70588.6 мянган төгрөгийн төлбөр тавьсан. 210008 тоот актад Тт компанийн 2007-2008 оны татварын ногдуулалт төлөлтийн байдлыг 2009 онд Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Батцэцэг, Д.Батбилэг нар шалгаж 225973.1 мянган төгрөгийн зөрчилд 70588.6 мянган төгрөгийн төлбөр хийгдээгүй байна гээд уг актад тэд зөвшөөрч гарын үсэг зурсан тул 210999 тоот актыг мэдээгүй гэх үндэслэлгүй. 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хяналт шалгалтын явцад Тт ХХК-ийн нягтлан бодогч Т.Оюунцэцэгтэй хийсэн ярилцлагын тэмдэглэл, 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн татварын акт, дүгнэлтийг гардуулсан тэмдэглэл зэргээр шалгалт хийсэн гэдэг нь тогтоогдоно. 210999 тоот актаар Тт ХХК-ийн 2007-2008 оны татварын ногдуулалт төлөлтөд, 210008, 210030 тоот актуудаар 2009 оны татварын ногдуулалт, төлөлтөд акт тавигдсан байх тул нэг зөрчилд давхардуулан акт тавиагүй... гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалтыг баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Д нарын 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 210999 тоот актыг хүчингүй болгуулах тухай Тт ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо: ...манай нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын улсын байцаагч Днарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд гаргасан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04-р сарын 09-ний өдрийн 186 дугаар шийдвэр нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль, журмаа зөрчиж гаргасан актыг хууль ёсны гэж үзсэнээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувиар энэхүү давж заалдах гомдол гаргаж байна.
2009 оноос л хойш "Тт" ХХК болон түүний Захирал П.А нь татварын албатай байнгын холбоотой байж, эрүүгийн хэрэгт шалгагдсан /2009-2010 он/, татварын шалгалтад орж 15.186,5 мянган төгрөгийн Татварын улсын байцаагчийн акт тавиулан бүрэн төлж барагдуулсан /2010.10.01-ны өдрийн 210030 тоот акт/, татварын төлбөрийн үлдэгдэлд шүүхэд иргэний хариуцагчаар татагдан 120 гаруй сая төгрөгийн татварын төлбөр төлөхөөр шүүхийн шийдвэр гаргуулж төлж дуусгасан /2011 он/ гэх мэтээр татварын алба, байцаагчийн цаг, минут бүрийн хяналт дор сүүлийн 3-5 жил явж ирсээр, татварын төлбөрөө барагдуулсаар ирсэн. Гэтэл гэнэт ийм их хэмжээний татварын төлбөр ногдуулсан захиргааны акт гарч ирсэн нькомпанийг үнэхээр хүнд байдалд оруулсан байна. Татварын алба нь энэ олон жил байнгын харьцаатай, байнгын дарамт дороо байлгасан байж гэнэт ийм их татварын төлбөр гаргаж ирснийг ойлгохгүй байгаа болно.
Энэ маргаан анх Баянгол дүүргийн татварын хэлтсээс 70.588,6 мянган төгрөгийн төлбөр төлөхийг мэдэгдсэн үеэс эхэлсэн байна. Энэ төлбөрийн талаар "Тт" ХХК Баянгол дүүргийн татварын хэлтсийн холбогдох албан тушаалтнуудаас лавлахад тэд "Анх танайд ТЕГ-ын байцаагч нар акт тавьсан байна.Манай хэлтэстэй холбоогүй асуудал. Үүнийг бид тодруулаад хариу өгье." Гэсэн хариулт өгчээ. Хариуг нь хүлээж байтал 2014 оны 02-р сарын 26-ны өдрийн 2/352 дугаар албан бичгээр "Тт" ХХК-ийн албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд ТЕГ-ын УТОХГ-ын Татварын улсын байцаагч Д нархяналт шалгалт хийж 2009 оны 12-р сарын 02-ны өдрийн 210999 тоот актаар 70.588,6 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан нь 2013 оны 06 сард өрийн программд орсон тул танай байгууллагад өрийг барагдуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна." гэсэн хариу ирүүлсэн бөгөөд хэдэн жилийн өмнө ТЕГ-ын УТОХГ-ын Татварын улсын байцаагч Д нарын 70.588.6 мянган төгрөгийн төлбөрногдуулсан 2009 оны 12-р сарын 02-ны өдрийн 210999 тоот акт гэх зүйл гарч ирсэн байна.
Гэтэл тэрхүү "акт" гэх зүйл дээр нь холбогдох этгээдүүд гарын үсэг зураагүй, "Хяналт шалгалтын акт, дүгнэлтийг гардуулсан тухай тэмдэглэл" гэх зүйл дээр ч гарын үсэг зурагдаагүй, "Актыг гардан авсан хүний нэр, гарын үсэг гэсэн хэсэгт "Т.Оюунцэцэг"-ийн гарын үсгийг хуурамчаар зурж, "2009.12.4" бичиглэл үйлдсэнбаримт байсан.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад ч хариуцагч нар хэрхэн яаж, татварын шалгалт хийсэн, шалгалт хийхийн тулд хэн хэнд хандсан, хэнийг оролцуулсан, компанийг төлөөлөх эрхтэй болон ажил хариуцаж байсан нөхдүүдтэй харьцаж байсан, ямар тооцооноос яаж энэ их тоог гаргаж ирсэн нь огт тодорхойгүй байсан харагдсаар байхад анхан шатны шүүх ийм шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломж алга байна.
Иймд татварын хяналт шалгалт хийх, татвар төлөгчтэй харьцах, татварын төлбөр ногдуулах, татварын төлбөр ногдуулсан захиргааны акт гаргах, түүнийг гардуулах, татвар төлөгч хуулиар хамгаалагдсан эрх эдлэх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах талаархи хууль тогтоомжийн бүх акт, журам, зааврыг зөрчсөн Татварын улсын байцаагч Д нарын 2009 оны 12-р сарын 02-ны өдрийн 210999 тоот актыг бүхэлд нь, мөн хууль бус захиргааны актыг үндэслэлтэй гэж үзсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04-р сарын 09-ний өдрийн 186 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Тт ХХК нь нэхэмжлэлдээ ... 4-5 жилийн хугацаанд татварын төлбөр нэхэмжлээгүй, 2010 онд акт тавьж төлбөрөө нэхэмжлэх үедээ ч энэ талаар яриагүй атлаа гэнэт урьд өмнө танилцуулж байгаагүй татварын улсын байцаагчийн 2009 оны 210999 дүгээр акт гэгчийг гарган ирж төлбөр гаргуулах мэдэгдэх хуудас өгч гүйлгээ хааж, ... хөрөнгө битүүмжилж байгаад гомдолтой байгаа тул актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нар Тт ХК-ний 2007-2008 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 210999 дүгээр акт гаргасан болох нь Татварын хяналт шалгалт хийх томилолт, 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тус компанийн нягтлан бодогч Т.Оюунцэцэг шалгалтын үед өвчтэй байсан тухай эмнэлгийн магадлагаа, Т.Оюунцэцэгтэй 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн ярилцлагын тэмдэглэлд өвчтэй байсны улмаас татварын улсын байцаагчийн шаардсан материалыг хугацаанд нь гаргаж өгч амжаагүй талаар тусгагдсан байдал, татварын улсын байцаагчийн 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 210008 дугаар актад ... 2007-2008 оны татварын ногдуулалт төлөлтийн байдлыг 2009 онд ... татварын улсын байцаагч шалгаж 225973.1 мянган төгрөгийн зөрчилд 70588.6 мянган төгрөгийн төлбөр ногдуулсныг зөвшөөрөөгүй төлбөр хийгдээгүй байна гэж тэмдэглэгдсэн, уг 210008 дугаар актыг захирал П.А, нягтлан бодогч Т.О нар зөвшөөрч гарын үсэг зурсан зэргээр тогтоогдож байна.
Татварын улсын байцаагчийн 2010 оны 210008 дугаар актаар тус компанийн 2009 оны татвар төлөлтийн байдлыг шалгаж нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татварыг 2009 онд хугацаанд нь төлөөгүй, мөн бусдын импортолсон бараанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцсон зөрчилд нийт 1988.1 мянган төгрөгийн төлбөр, татварын улсын байцаагчийн 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 210030 дугаар актаар 13400.0 мянган төгрөгийн архинд хуурамч онцгой албан татварын тэмдэг нааж татвар ногдох орлогоо нуусан зөрчилд аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн, мөн онцгой албан татварыг нөхөн ногдуулж, торгууль, алданги, нийт 15186.5 мянган төгрөгийн төлбөр тус тус ногдуулсан, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1505 дугаар захирамжаар татварын улсын байцаагчийн 2010 оны 210030 дугаар актаар тогтоосон 15186.5 мянган төгрөгийн төлбөр, 2011 оны нэмэгдсэн өртгийн болон онцгой албан татварын, мөн шууд бус орлогын албан татварын тайлангаарх өр ... нийт 106710200 төгрөгийн төлбөрийн зарим хэсгийг төлж, үлдсэн хэсгийг төлөх хугацааг тохирон татварын хэлтэстэй эвлэрлийн гэрээ байгуулсныг баталжээ.
Дээрх актуудаар тогтоосон болон татварын хэлтсийн нэхэмжилсэн төлбөртэй татварын улсын байцаагчийн 2009 оны 210999 дүгээр актаар 2007-2008 онд нэмэгдсэн өртгийн болон спирт, архины онцгой албан татварыг хугацаанд нь төлөөгүй 225973.1 мянган төгрөгийн зөрчилд ногдуулсан 70588.6 мянган төгрөгийн төлбөр нь давхцаагүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.
Нэхэмжлэгч нь 210999 дүгээр актаар тогтоосон зөрчлийг үгүйсгээгүй, тооцооллын талаар маргаагүй бөгөөд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөгч нь татвараа хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй зөрчилд хүү тооцсон татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Татварын алба уг актаар тогтоосон өрийг 4-5 жилийн хугацаанд төлүүлэх талаар арга хэмжээ аваагүй, төлүүлээгүй нь татварын өрийг хураах арга хэмжээг шат дараалан авах эрхийг татварын албанд олгосон Татварын ерөнхий хуулийн 8 дугаар бүлэгт заасныг зөрчсөн байх боловч үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй бөгөөд энэ нь татвар төлөгч татварын өрөө төлөхгүй байх үндэслэл болохгүй.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Тт ХХК-ний өмгөөлөгч Б.Эгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ