| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2017/0419/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/387 |
| Огноо | 2017-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2017/ШЦТ/387
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан,
-улсын яллагч Г.Энхмаа,
-шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Б.Сувдмаа,
-шүүгдэгч Ж.Л түүний өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З, Ж.Л нарт холбогдох эрүүгийн 1734001990084 тоот хэргийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Төв аймгийн Эрдэнэсант сумын Угалзат 4 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, У овгийн Б.З, гэв.
Монгол Улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, холбооны операторчин мэргэжилтэй, малчин, Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг 3-15 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Ж.Л гэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/
Шүүгдэгч Б.З, Ж.Л нар нь Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг "Онгорзын хоолой" гэх газарт 2017 оны 08 дугаар сарын 14-ны өглөө малын бэлчээрээс муудалцаж, харилцан зодолдсоны улмаас харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Б.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд: “.. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өглөө 08 цагийн үед манай хонь бэлчээрт гараад зүүн урд тал руу бэлчиж байсан юм. Тэгтэл намайг гэртээ байж байтал зээрд халзан морьтой эрэгтэй хүн манай хонийг бөөгнүүлээд туугаад ирж байсан. ...өөдөөс нь очтол мориноосоо бууж ирээд намайг заамдаад өвөлжөө рүү яах гэж хонь бэлчээгээд байгаа юм бэ гээд намайг заамдаж аваад хоолой боогоод мотоциклиос буулгасан. Тэгэхээр нь би чи намайг тавьчих хоёулаа зүгээр эвээр яръя гэсэн чинь намайг тавьсан. ...нөгөө залуу руу харсан чинь газраас чулуу аваад миний эрүүн тус газарт чулуугаар цохьсон. ...Миний доод уруул сэт цохигдсон, дээд үүдэн шүд соёотойгоо хугарсан, аман дотор язралттай, тархи хөдөлсөн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,
Шүүгдэгч Ж.Л-гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд: "...намайг 2 гараараа заамдаад газар унагаагаад гараад багалзуурдаад байхаар 2 гараараа цааш түлхсэн. ...З ми баруун хавирга болон нүүр рүү баруун гараараа нэг, нэг удаа цохьсон" гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
Мөн Эрүүгийн 1734001990084 дугаартай хэргээс:
Гэрч Б.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: "...Л З-д зодуулсан гээд хамар хацар нь хөхөрсөн, хоолойг нь боосон гээд хоолой нь улайсан хэвлий рүү нь өшиглөсөн гээд зодуулсан байдалтай байсан. ...З ирээд хэгжүүрхээд тэгээд Лхагвыг боож аваад хоорондоо маргалдаж зодолдсон гэж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/
Гэрч Д.Борын мөрдөн байцаалтад өгсөн "...З дээр очиход манай хүү Зын амнаас цус гарсан уруул нь сэтэрсэн харагдсан тэгээд ахиад харахад шүд нь байхгүй болсон байсан. ...Л гэж залуу чулуу барьчихсан зогсож байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
Гэрч Г.Мядагмаагийн мөрдөн байцаалтад өгсөн "...З-ыг заамдаж аваад З тэр хүнтэй газар унаад дээр доороо ороод байтал манайхаас хадам аав Бор, Ганхуяг, Гансүх нар машинтай З дээр очиж салгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/
Ж.Лхагвын үйлдлийн улмаас Б.Зын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 491 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1.Б.Зын биед урууланд шарх, дээд эрүүнд баруун 1-р шүдний сулрал, эмтэрэл, 2-р шүдний хөндлөн хугарал, уруул, баруун сарвуу, цээжинд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, зүүн чихэнд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.
2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шинэ гэмтэл байна.
З.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-ийн 36-37-р хуудас/
Б.Зын үйлдлийн улмаас Ж.Лхагвын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг нотолсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 сарын 15-ны өдрийн 10454 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1 .Ж.Л-гийн биед хамарт цус хуралт, хоолойн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
З.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 41-р хуудас/ зэргийг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ж.Л, Б.З нар нь Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг "Онгорзын хоолой" гэх газарт 2017 оны 08 дугаар сарын 14-ний өглөө малын бэлчээрээс муудалцаж, харилцан зодолдсоны улмаас харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.З-ын "...би мотоциклиос буугаад мөн Лхагвыг
зөрүүлээд заамдаад авсан. Бие биенээ заамдалцаж зууралдаж ноцолдсон тэгэхэд
би Лхагвын хамар, нүүрийг цохисон байх, ноцолдож байхдаа л цохигдсон..." гэх
мэдүүлэг, шүүгдэгч Ж.Лхагвын "...газраас чулуу аваад зүүн гартаа барьж байгаад
Зын нүүр рүү нь 1 удаа цохиж авахад Зын амнаас нь цус гарч
байсан..." гэх мэдүүлэг, хохирогч Б.Зын бие учирсан гэмтлийг тогтоосон Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 491 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Ж.Лгийн бие махбодид учирсан гэмтлийг тогтоосон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 сарын 15-ны өдрийн 10454 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар өөрсдийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Ж.Л, Б.З нарыг хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ж.Л, Б.З нарт ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Л, Б.З нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг тус тус харгалзав.
Торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгч Ж.Л, Б.З нарын торгох ялыг 2018 оны 2 сарын 16-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогч Ж.Л нь шүүгдэгч Б.Заас нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Зыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Харин хохирогч Б.З нь мөрдөн байцаалтын шатанд 3800000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан шүүхийн хэлэлцүүлэгт нэмэмжлэлийн шаардлагаа багасгаж шүд хийлгэх төлбөр 743500 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Ж.Лас гаргуулан хохирогч Б.Зд олгох нь зүйтэй байна.
Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “ Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн байгалийн 1 ширхэг хад чулууг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Б.З, Х овгийн Ж.Л нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-ыг 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000 /дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр, шүүгдэгч Ж.Л-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр тус тус торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.З, Ж.Л нарт оногдуулсан торгох ялыг 2018 оны 2 сарын 16-ны дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.З, Ж.Л нар нь торгох ялыг энэ тогтоолын 3 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар солихыг тус тус сануулсугай.
5. Шүүгдэгч Б.З, Ж.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, Б.З нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Лас 743500 төгрөг гаргуулан хохирогч Б.Зд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн байгалийн хад чулуу 1 ширхэгийг устгахыг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол Б.З, Ж.Л нарт авсан хувийн баталагаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ