Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/139

 

 

 

 

        

   2022        05           10                                      2022/ШЦТ/139

                                

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч Д.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Н-д холбогдох эрүүгийн 2238000000139 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д.Н-,

Шүүгдэгч Д.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хот хоорондын автобусны буудал дээр 2022 оны 02 дугаар сарын 08-ны орой 19 цагийн орчимд хохирогч Р.П-той хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

      Шүүгдэгч Д.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 08-ны орой 19 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хот хоорондын автобусны буудал дээр хохирогч Р.П-той хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний баруун талын шанаа руу гараараа цохиж, эрүүл мэндэд нь “баруун доод 8-р шүдний сулрал, завьжинд шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Хохирогч Р.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 08-нд би Мөрөнгөөс Улаанбаатар хот руу 19 цагийн автобусаар зорчигч тээвэрлээд явах гэж байсан юм. Тэгээд яг 19 цаг болох гэж байхад цэнхэр өнгийн юм шиг байсан үстэй дээлтэй залуу согтуу баруун гартаа жижиг лаазтай пиво барьсан нэлээн согтуу залуу автобус дотор орж ирээд зорчигч нар автобус руу оруулахгүй хаалга таглаж зогсоод манай эсмэн жолооч Д.Г-тэй хэрэлдсэн зогсож байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандаж явах цаг болсон байна чи зорчигч нарыг оруулаач гэж хэлсэн чинь намайг ална шүү гээд над руу дайраад байхаар нь би яваад очтол шууд миний баруун талын шанаа руу 2-3 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би тэр залууг дээлний бүснээс нь татаад гаргасан. Тэгэхэд тэр залуу дээлээ тайлаад газар хаяад надтай барьцалдаж аваад салахгүй бөөн юм болоод байхаар нь би аргагүйн эрхэнд цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
  • Гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед Р.П- бид хоёр Мөрөнгөөс Улаанбаатарын чиглэлд явах гээд автобусныхаа гадаа ачаагаа янзлаад байж байтал пиво барьсан согтуу хүн бид хоёрын автобусанд орж ирээд хүн оруулахгүй зогсоод байсан. Тэгээд би нөгөө хүнийг буулгах гэсэн чинь буухгүй байсан. Тэгэхээр нь би нөгөө согтуу хүнээс чи явах юм уу гэж асуусан чинь би явна гэсэн. Тэгэхээр нь би согтуу хүнд үйлчлэхгүй би гадаа хүмүүсээ суулгамаар байна гэж хэлээд гарах гэсэн автобуснаас гарч өгөхгүй надтай маргалдаад намайг автобусны суудал дээр түлхэж унагаасан. Тэгсэн гаднаас Р.П- автобусанд орж ирээд энэ юун хүн бэ гээд нөгөө согтуу хүнийг автобуснаас буулгах гэтэл Р.П-ийг нөгөө согтуу хүн цохиод авсан. Тэгээд Р.П- хүчээр нөгөө хүнийг автобуснаас татаж гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,
  • Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128 дугаартай: “1. Р.П-ийн биед баруун доод 8-р шүдний сулрал, завьжинд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3. Р.П-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 25 тал/,
  • Шүүгдэгч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Р.П-ид дургүй хүрээд барьцалдаж аваад ноцолдож байхад Р.П- намайг хавирч унагаасан. Тэгэхээр нь би босч ирээд Р.П-ийн дагз хэсэг рүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн

судлав. Үүнд:

  • Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 43 тал/,
  • Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44 тал/,
  • Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45 тал/,
  • Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 46 тал/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 тал/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ахуйн хүрээнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Н- нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Д.Н-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Р.П-, шүүгдэгч Д.Н- нарын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “...эмчилгээний зардалд 300.000 төгрөг хүлээн авсан. ...цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй болсон” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 39-40 тал/ хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.Н- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 77 тал/, прокуророос сонсгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг яллагдагч хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Эрүүгийн 2238000000139 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Н-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2238000000139 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР