Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Маанийн Мөнхтөр |
Хэргийн индекс | 102/2017/03778/И |
Дугаар | 102/ШШ2018/00292 |
Огноо | 2018-01-24 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2018/00292
2018 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2018/00292 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... дүүрэг, … дугаар хороо, ... ... дүгээр гудамж, .. тоотод оршин суух, Цэцэд овогт Б.Б /РД: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ..., .... .... давхарт оршин байх, М.Х.Т ХХК /РД: .../-д холбогдох,
Олгоогүй үлдсэн цалин 1,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарын бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цын шүүх хуралдаад гаргасан тайлбарт: Б.Б миний бие нь М.Х.Т ХХК-д 2017 оны зун Гүнж жуулчны баазад туслах ажилтнаар ажилд орсон. Ажил маань улирлын чанартай учраас 2017 оны 10 дугаар сарын 1-н хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулж, сард 500,000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон. 2017 оны 5 дугаар сарын 18-наас ажилдаа орж, мөн оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажилласан. Гэтэл тус компани нь 70 гаруй хоног ажиллаж байхад 5 дугаар сард ажилласан 10 хоногийн цалин гэж 140,000 төгрөг л өгсөн. Цалингүй ажиллуулаад байсан учир би арга буюу 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ажлаа орхиж хотод ирсэн. Иймд хариуцагч М.Х.Т ХХК-иас 2017 оны 6 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх 2 сарын цалин 1,000,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч М.Х.Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч 5 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдаг. Б.Б ажиллаж байх хугацаанд ажлыг хангалтгүй хийдэг байсан. Ажлын байранд заасан тодорхой ажлуудыг хангалтгүй биелүүлсэн. 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ямар ч шалтгаангүйгээр ажил олгогчид мэдэгдэхгүйгээр өөрийн ажлаа хаяад явсан. Ажил хаяж явсан шалтгаан нь тодорхойгүй. Явахдаа баазын бүх ажилчдыг уруу татан авч явах гэж уриалсан байдаг. Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар шалтгаангүйгээр мэдэгдэхгүй 3 хоног ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж цалин хөлс олгохгүй гэж заасан байгаа. Тиймээс цалин өгөх үндэслэл байхгүй. Талуудын хөдөлмөрийн гэрээний дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг харилцан тохиролцоод төлөхгүй гэсэн шийдэлд хүрч цалингаа бүтнээр нь авъя гэсэн шийдэлд хүрсэн байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлнэ гээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн олгогдоогүй цалин 1,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч М.Х.Т ХХК-д холбогдуулан олгоогүй үлдсэн цалин 1,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч М.Х.Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
Нэхэмжлэгч Б.Б нь М.Х.Т ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн Гүнж жуулчны баазад туслах ажилтнаар 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2017 оны 6, 7 дугаар сарын цалин олгоогүй гэх шалтгаанаар 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ажлаа орхиж явсан, хариуцагч М.Х.Т ХХК нь Хөдөлмөрийн гэрээний 4.4-т заасныг үндэслэн Б.Быг шалгаангүйгээр 3 хоног ажлаа тасалсан гэх үндэслэлээр 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлаас халсан тушаал зэргээр тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна., 131.1.3-т ажлаас халах., мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно., 40.1.4-т ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан. гэжээ. Зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4-т шалтгаангүй болон мэдэгдэлгүй 3 хоног ажил таслах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар дуусгавар болгож цалинг 100 хувь суутгана гэжээ.
Нэхэмжлэгч ажлаас халсан тушаалын талаар болон ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин хөдөлмөрийн гэрээний 1.4-т сарын цалин 500,000 төгрөг гэж заасан дагуу 2017 оны 6, 7 дугаар сарын цалинд 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Б нь 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн М.Х.Т ХХК-ийн Гүнж жуулчны баазад туслах ажилтанаар ажилласан, энэ талаар зохигчид маргаагүй бөгөөд 5 дугаар сарын цалин 140,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр олгосон, харин мөн оны 6, 7 дугаар сарын цалин 1,000,000 төгрөгийг огт олгоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно., зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.4-т сарын цалин 500,000 төгрөг гэж тус тус зааснаар хариуцагч нь ажилтанд цалинг олгох үүрэгтэй байх тул хариуцагчаас олговол зохих цалинд 1,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй гэж зохигчид тохирсон талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээ өөрөө нотолж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар хариуцагч М.Х.Т ХХК-иас 1,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бад олгож, нэхэмжлэлээс нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 28,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР