Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Одончимэг, Улсын яллагч Ц.Гэрэлбаатар, Шүүгдэгч Ч.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч******* Булганаатарт холбогдох эрүүгийн 1715001040039 дугаартай, 132/2017/0146/Э индэкстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын * дугаар багт оршин суух, 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Г******* овогт Ч******* Б*******

Холбогдогсон хэргийн талаар: Шүүгдэгч Ч.Б******* нар нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багын “Уньтын Бэлчир” гэх газраас Ц.О*******н 1 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б*******ын өгсөн: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,

1715001040039 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд: Хохирогч Ц.О*******н өгсөн: Манайх 2017 оны 8 удгаар сарын 08-ны өдөр адуугаа “Уньтын бэлчир” гэх газарлуу бэлчээгээд 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр авч ирээд бүртгэхэд хар хээр зүсмийн нэг гүү маань алга болсон байсан. Тэгээд ойр орчимоор хайгаад олоогүй.

Удалгүй Хамар гэх газарт айлын өвөлжөөнд адууны гэдэс байна гэх сураг сонсоод очиж үзэхэд нэг их тодохой зүйл олж мэдээгүй. Тэгээд би алдсан гүүгээ Хутаг-Өндөр сумын цагдаад хэлж бүртгүүлсэн. Алдсан гүү бол хар хээр зүсмийн, энэ жил 12 настай, зөв талынхаа гуя дээр Н үсгэн тамгатай, чихэндээ имгүй, хуучин засмал дэлтэй. Би алдсан гүүгээ 1000000 төгрөгөөр үнэлж байна. Учир нь 3 жил сувайрсан болохоор их тарган байгаа. Махлахад 200 кг орчим болно. Тэгэхээр 1 кг-ыг нь 5000 төгрөгөөр тооцоход 2 ойролцоогоор 1000000 төгрөг болно. Мөн гүүгээ хайсан зардалд 200000 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх 10-11 тал/, Гэрч Т.Мягмарсүрэнгийн өгсөн: Би 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод өөрийн төрсөн ах Т.Самбуугийн машинаар таксинд явж байтал манай эхнэрийн ээжийн төрсөн дүү Ч.Б******* ах 98452098 дугаарын утсаар залгаад ах нь адууны мах Эрдэнэтрүү оруулж зарах гэсэн юм” гэж ярьсан.

Би зөвшөөрөөд 22 цагт Эрдэнэтээс гараад Булган аймгийн ХутагӨндөр сумын Уньт багийн нутагт 01 цагт Б******* ахын өвөлжөөн дээр очсон. Намайг очиход Б******* ах ганцаараа байсан ба адууны махаа жижиглэсэн байсан тул ямар зүстэй адуу болохыг мэдээгүй. Ямар ч байсан хээр зүсмийн толгой, арьс, шийр байсан. Тэгээд Эрдэнэт ороход ахад нь таньдаг хүн байхгүй гэхээр нь би махны зах орж хүнээс асууж байгаад ченж Хүрлээ гэх залууд 550000 төгрөгөөр зарсан. Б******* ах өөрийнхөө адуунаас махалсан гэж байсан. Би хулгайн адуу гэдгийг мэдээгүй гэх мэдүүлэг /хх 12 тал/,

Гэрч Г.Ө******* өгсөн: Би он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Мягмарсүрэн гэх хүн 8 сард адууны мах авч ирж зарсан. Тухайн үед 2500-2800 төгрөгний ханштайгаар адууны мах авч байсан. Малчны тамгаар нь авсан ба гарал үүслийг нь жижигхэн цаасан дээр бичсэн байсан. Доод хэсэгт нь ачиж ирсэн машины дугаар болон утасны дугаарыг нь бичсэн байсныг тэмдэглэж авсан. Арьс ширийг нь авсан эсэхээ санахгүй байна. Учир нь өглөөгүүр хүн их байдаг тул санахгүй байна гэх мэдүүлэг /хх 13-14 тал/, Шүүгдэгч Ч.Б*******ын яллагдагчаар өгсөн: Би 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Унь багийн нутаг “Уньтын бэлчир” гэх газраас тус багийн иргэн Одонбаатарын адууг бэлчиж байхад 22 цагийн орчим 1 тооны хээр зүсмийн гүүг бугуйлдаж барьж авсан. Тэгээд өөрийнхөө өвөлжөөн дээр аваачиж махалсан.

Адуугаа махалж дуусахаас өмнө Орхон аймагт байдаг хүргэн М******* залгаж ах нь өөрийнхөө адууг махалсан юм, чи Эрдэнэтрүү оруулаад өгөөч зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгтэл хүргэн шөнийн 00 цагийн орчим машинтай ирж адууг ачаад Эрдэнэт оруулсан.

Тэгээд Эрдэнэт ороод ченжед махаа өгсан. Адууны махаа 550000 төгрөгөөр өгсөн ба жолооч Мягмарсүрэнд 100000 төгрөгийг хөлсөнд өгсөн. Тэгээд Эрдэнэтэд 2 хоноод гэрлүүгээ буцсан гэх мэдүүлэг /хх 25 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх 1 тал/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх 4 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 6 тал/, гарал үүслийн бичиг /хх 07 тал/, “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17/260 дугаартай дүгнэлт, урьд ял шийтгэлийг шалгасан хуудас /хх 27 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 33 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх 37-38 тал/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх прокурорын тогтоол /хх 39 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б******* нар нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багын “Уньтын Бэлчир” гэх газраас Ц.О*******н 1 тооны адууг хулгайлсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна. Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ц.Одбаатар, гэрч Т.Мягмарсүрэн, Г.Ө нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ч.Б*******ыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Ч.Б*******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Б*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Одбаатарт 600000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд хохирлыг төлж барагдуулсанаар хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлжээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ч.Б******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г******* овогт Ч******* Б*******ыг мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Ч.Б*******ыг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж түүнд оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийнэ 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Б******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Б******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ